| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2021/0380/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/698 |
| Огноо | 2021-12-03 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ж.Баянжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/698
2021 12 03 2021/ШЦТ/698
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,
улсын яллагч Ж.Баянжаргал,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн 2111 00274 0553 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1997 оны 04 дугаар сарын 06-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Шонхор тас” харуул хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай,
-2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 438 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 2 жил хорих ялаас шийтгэсэн,
-2018 оны 08 дугаар сарын 01-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 631 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, 43, дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан жилийн хорих ял, тус шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
-2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 418 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн. 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр оногдуулсан ялыг хорих ялаар сольж биелэгдсэн,
******* регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мишээл” караокены гадна Ж.Даваанямын нүүрэн тус газар цохиж унагасны улмаас арагш савж унан биед нь “зүүн чамархайн чулуулаг яс, суурь яс, лямбда заадас, дагз, хөхлөг сэртэнгийн заадас дайрсан хугарал, дагзны зүүн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа. Тархины баруун дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа. Тархины 2 тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал. Баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт” бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би эхнэр, хүүхэдтэйгээ дөрвүүлээ амьдарч байгаа. Тухайн үед энэ хэрэгт холбогдсоноос хойш ажилгүй болсон бөгөөд одоогийн байдлаар “ЮУ-БИ КАБ”-д дуудлагын жолооч хийж байгаа. Манай эхнэр хоёр бага насны хүүхдээ хараад гэртээ байдаг. Тухайн өдөр муудалцсанаас хойш би хохирогчийн утасных нь дугаарыг нь аваад гэрт нь очиж эхнэртэй нь уулзаж, тайлбарлаж хэлээд уучлалт гуйж хохирол төлбөр төлсөн. Би өөрийнхөө түргэн уураас болоод болчимгүй зүйл хийчихсэн. Надад ганц удаа боломж олгооч. Би болчимгүй үйлдэл хийчихлээ. Миний буруу. Маш их гэмшиж байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ж.Даваанямын “...2021 оны 02 дугаар сарын 24-ний 21 цагийн үед ажлын газрын найз Ганбилэг, Мөнх-Эрдэнэ нартай Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хөтөл дээр байдаг Мишээл караоке орсон. 0.75 литрийн Экс нэртэй нэг шил архи аваад хувааж уусан. Архи уугаад сууж байснаас хойш ямар нэгэн зүйл санахгүй байна. 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан өөр ямар нэг зүйл санахгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч Ц.Даваасүрэнгийн “....шөнө 12 цагийн үед Ганбилэг, Мөнх-Эрдэнэ мөн найз нь гэх залуу хамт караокены хүний машинтай авчраад гэр лүү өргөж оруулсан. Манай нөхөр бөөлжөөд байсан би тухайн үед согтуудаа тэгж байгаа байх гэж бодоод унтуулсан. Өглөө манай нөхөр босож чадахгүй, босохоороо буцаж унаад цусаар бөөлжөөд байсан. Толгой өвдөөд байна гэсэн. Тэгээд нэлээн унтаж байтал манай нөхрийг зодсон хүн гээд нэг залуу утсаар яриад танайд яваад очъё гээд ирсэн. Тэр залуу гэрт ирээд тархи барьдаг хүн аваад ирлээ бариулах уу гэсэн. Тэгэхээр нь би гэмтэл явж зураг авхуулъя гэхэд манай нөхөр босож чадахгүй байсан болохоор 103 дуудлага өгч эмнэлэг дээр авчирсан. Эмч үзээд хэвтэж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Тухайн зодсон гэх залуу гэмтэл дээр очоод цагдаа энэ тэр болбол арагшаа унасан гэж хэлээрэй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,
Гэрч О.Ганбилэгийн “....2021-02-24-ний өдрийн 22 цагийн үед ажлаа тараад найзуудаараа буюу Давааням, Мөнх-Эрдэнэ, Батцэрэн бид дөрвүүлээ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байх Мишээл нэртэй караокед орж хүн тус бүр 2 шил пиво уугаад 0.5 л архи уугаад талдаа олж байсан. Тэгээд Батцэрэн, Мөнх-Эрдэнэ бид 3 бие засахаар гараад тэндээ тамхи татаад зогсож байтал Мишээл караокены арын хаалганы үүдэнд нэг залуу шээгээд зогсож байсан. Манай найз Давааням гарч ирээд нэг зүйл хэлэх шиг болсон тэр хүн уурлаад эргэж хараад нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгсэн Давааням ухаан алдаад газарт унасан. Тэгээд бид 3 өргөж оруулаад түргэн дуудсан чинь 20 минутын дараа ирээд архиндаа ухаан алдсан байна тэрнээс биш зүгээр байна гэж хэлээд явсан. Тэгээд бид нар гэрт нь хүргэж өгсөн. Би гэр лүү яваад, Даваанямын гэрт Мөнх-Эрдэнэ, Батцэрэн 2 хамт хоносон. Мишээл караокены үүдэнд цохисон залууг бид нар танихгүй. Караокены эзэн эгч нарын асуудал цагдаа сэргийлэх болбол яах юм бэ гээд цохисон залуу болон тэр залуутай хамт явсан найз нарынх нь дугаарыг бичиж авсан. Өнөөдөр эхнэр нь над руу яриад Даваанямын бие муудаад байна хүрээд ирээч гэхээр нь очсон чинь түргэн ирсэн байсан ба цохисон залуу ирсэн байсан. Цохисон залууг нь араас чинь эмнэлэг рүү очно гэж байснаа очоогүй алга болсон. Даваанямын эхнэрт цохисон залуугийн дугаар болон тухайн үеийн хяналтын камерын бичлэг нь байгаа гэсэн. Караокены эзэн эгч нь Даваанямыг таньдаг тул фейсбүүк хаяг руу нь бичлэг, утасны дугаарыг явуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Ёндон-Цээяний “...2021 оны 02 дугаар сарын 24-ны өдөр манай найз Алтанбаганын төрсөн өдөр болоод Баянхошууны Хөтөл дээр байдаг Мишээл караоке орсон. Тухайн үед 5-6 хүн байсан санагдаж байна гэр бүлийн найзуудаараа Алтанбаганын төрсөн өдрийг тэмдэглэх гээд бид нар караоке ороод нэг шил архи захиалаад бүгд нэг нэг пиво дөнгөж уугаад удалгүй ******* ах тэр караоке хашаандаа ил 00-той байсан болохоор бие засахаар ганцаараа гараад явсан. Бид нар өрөөндөө бөөнөөрөө сууж байтал ******* гарч яваад удалгүй 2-3минут болоод орж ирээд “гаараад ир гадаа зодоон болох гээд байна” гэхээр нь би нар бөөнөөрөө гараад очиход караокены хашаан дотор нэг залуу ухаан алдаад уначихсан байсан. Тэгсэн чинь тэр залуутай хамт яваа гээд хоёр хүн цагдаа дуудна гээд уурлаад байсан. Тухайн газар ухаан алдаад уначихсан байсан хүнийг би хөлөөс нь өргөөд цээжнээс нь хамт явсан найз нь өргөөд караокед оруулсан. Тухайн үед тэр залуу хурхираад унтаж байсан. Дотор оруулж сандал дээр хэвтүүлээд түргэн дуудсан. Намайг явахад түргэн тусламж ирээгүй байсан. ******* яагаад тэр хүнтэй хэрүүл маргаан болсныг тухайн үед мэдээгүй. ******* надад нэг бичлэг үзүүлсэн бөгөөд манай найз шээгээд зогсож байхад нь тэр залуу араас нь ирээд түлхээд авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1943 дугаартай “...Ж.Даваанямын биед зүүн чамархайн чулуулаг яс, лямбда заадас, дагз, хөхлөг сэртэнгийн заадас дайрсан хугарал, Дагзны зүүн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа. Тархины баруун дух, зулайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа. Тархины 2 тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-27 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Мишээл караокены хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-8 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35х дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31х/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх бусад баримт зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мишээл” караокены гадна Ж.Даваанямын нүүрэн тус газар цохиж унагасны улмаас арагш савж унан биед нь “зүүн чамархайн чулуулаг яс, суурь яс, лямбда заадас, дагз, хөхлөг сэртэнгийн заадас дайрсан хугарал, дагзны зүүн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа. Тархины баруун дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа. Тархины 2 тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал. Баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт” бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ж.Даваанямын мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч Ц.Даваасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/, гэрч О.Ганбилэгийн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч Ёндон-Цээяний мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар хуудас/, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1943 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-27 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Мишээл караокены хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-8 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан хорих ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийн хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзав.
Иймд шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.2, 3.2 дугаар зүйлд заасан цаг хугацааны болон өршөөлд хамааруулахгүй байх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан шаардлагыг тус тус хангаж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирогч Ж.Давааням нь “...Би *******-оос 800.000 төгрөгийг авсан тул надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй. Хохирогч Ж.Давааням нь цаашид гарах эмчилгээний зардлаа гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан батлан гаргасан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хассугай.
5. Хохирогч Ж.Давааням нь цаашид гарах эмчилгээний зардлаа гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ