Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 394

 

2017 оны 06 сарын 29 өдөр      Дугаар 156/ШШ2017/00394                 Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00386/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: “Хадгаламж банк ХХК”-дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн 14-07 тоотод оршин суух, Боржигон овогт Дамдингийн Баярсайхан /РД:ЛД78041736/-д холбогдох

            “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 10 932 437 /арван сая есөн зуун гучин хоёр мянга дөрвөн зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

     Нэхэмжлэгч “Хадгаламж банк ХХК”-дахь эрх хүлээн авагч Ч.Аварзэд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Баярсайхан нь Хадгаламж банктай 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ЦЗ-60 дугаартай “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 7 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлэн авсан. Зээлийн гэрээний 2.1.2-д зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн Хадгаламж банк дахь 27040005721 тоот төгрөгийн дансанд олгохоор тохиролцсон ба Хадгаламж банкнаас 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус дансанд 7 000 000 төгрөгийг шилжүүлж мемориалын баримтад Д.Баярсайхан гарын үсэг зурсан. Тухайн үед Д.Баярсайхан нь Хадгаламж банкнаас 7 000 000 төгрөгийн зээл олгох хүсэлт гаргахдаа буюу цалингийн зээлийн өргөдлийн маягтад өөрийгөө “Мах-Экспорт” ХХК-д ачигч, галч ажил эрхэлдэг гэж бичин уг мэдээллийн үнэн зөв болохыг баталж гарын үсэг зурж байсан. Мөн тус байгууллагын дарга Б.Чулуунтогтох, Ерөнхий нягтлан бодогч Д.Эрдэнэнавч нарын Д.Баярсайхан нь тус компанид 737 000 төгрөгийн үндсэн цалинтай ачигч, галч ажилтай бөгөөд 7 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай олгоход түүнийг цалинтай адилтгах орлогоороо төлж барагдуулах чадвартайг тодорхойлсон гарын үсэг компанийн тэмдэг бүхий тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг ирүүлсэн. Гэвч “Мах-Экспорт” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Эрдэнэнавч гэгч нь түүний банкинд гаргаж өгсөн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг хуурамчаар үйлдэж өгснийг Д.Баярсайхан ашиглаж банкнаас зээл авсан байсан. Хадгаламж банкны эрх хүлээн авагч Төрийн банкны хооронд 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 187/2014БЭХА/365 дугаартай гэрээг байгуулж гэрээгээр Төрийн банк нь Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн тэнцэл дэх гэрээний хавсралтад заасан активыг /чанаргүй зээлүүдийг/ өөрийн орон нутаг дахь салбаруудаар дамжуулан төлүүлэх ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Иймд Төрийн банкны Хэнтий аймаг дахь салбараас тус гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаснаар Хэнтий аймгийн цагдаагийн газраас 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эрүүгийн 201323000348 дугаартай хэргийг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад “Мах-Экспорт” ХХК-ийн Д.Баярсайхан нь тус компанид ажилладаг гэх тодорхойлолтод зурсан захирал Б.Чулуунтогтохын гарын үсэг болон нийгмийн даатгалын дэвтэрт дарсан дардсууд нь хуурамчаар үйлдэгдсэн болох нь криминалистикийн шинжилгээгээр тогтоогдсон. Д.Баярсайхан нь мөрдөн байцаалтын явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө Д.Эрдэнэнавчийн хуурамчаар хийж өгсөн материалуудыг аван Хадгаламж банкинд өөрийн биеэр ирж гарын үсгээ зуран зээлийн 7 000 000 төгрөгийг авсан талаар мэдүүлсэн байдаг. Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5/177 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор Дагва овогтой Эрдэнэнавчид холбогдох эрүүгийн 201323000348 дугаартай хэргийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байсан тул нэхэмжлэгчээс энэхүү нэхэмжлэлийг урьд нь иргэний журмаар гаргах боломжгүй байсан ба прокурорын тогтоолоор дээрх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул иргэний журмаар нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч нь зээл авсан өдрөөс хойш 2013 оны 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 1 530 457.28 төгрөг, зээлийн хүүнд 628 352.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 27 689.87 төгрөг, нийт 2 186 500.00 төгрөг төлсөн. Зээлдэгчийн үндсэн зээлийн гэрээний үлдэгдэл 5 469 542 төгрөг, зээлийн хүү 4 598 652 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 864 241  төгрөг, нийт 10 932 437 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-4х/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Баярсайханы оршин суух хаяг нь тодорхой бус, оршин суух хаягаасаа нүүсэн гэх тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэв. 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

“Хадгаламж банк ХХК”-дахь эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од нь Боржигон овогт Дамдингийн Баярсайханыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна. 

Хариуцагч Д.Баярсайхан нь Хадгаламж банкнаас 7 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан болох нь 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЦЗ-60 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 15-19х/ зэрэг баримтаар тогтоогдож байна. 

Мөн хариуцагч Боржигон овогт Дамдингийн Баярсайхан нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн 14-07 тоот хаягт оршин суудаггүй болох нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Засаг дарга Г.Бадамцэцэгийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 37-38х/ 

Иймд Боржигон овогт Дамдингийн Баярсайханг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                       

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар “Хадгаламж банк ХХК”-дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Дамдингийн Баярсайхан /РД:ЛД78041736/-ыг эрэн сурвалжилсугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн  155.4-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Баярсайханг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь олж тогтоох, шүүхэд авчрах ажиллагааг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

3. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Баярсайхантай холбоотой иргэний хавтаст хэрэгт байгаа баримтыг хуулбарлаж, шүүхийн шийдвэрийн хамт Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүргэхийг шүүгчийн туслах О.Дүүриймаад үүрэг болгосугай. 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай. 

   5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР