Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/09

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул

Улсын яллагч Э.Ууганзаяа

Шүүгдэгч Д.*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  ******* овогт *******гийн *******эд холбогдох эрүүгийн 2136002000270 дугаартай, 178/2022/0002/Э/ индекстэй хэргийг 2021 оны 12 сарын 23-ны өдөр   хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 25-ны  өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* А байрны 8 тоотод оршин суух, урьд Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж,2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь  2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******А байрны 08 тоот буюу өөрийн гэртээ эхнэр Л.*******-*******ыг гэртээ орж ирэхэд нь “ Хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ, янхан минь зайл” хэмээн уурлаж, сахлын машин авч шидсэнээс Л.*******-*******ы дух хэсэгт онож, түүний биед хөнгөн гэмтэл учруулсан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэрийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2-д заасан  гэмт хэрэгт  холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Д.******* нь   гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.  

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 713 дугаартай шинжээчийн...Л.*******-*******ы биед  духны баруун дээд хэсгийн шарх болон зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Л.*******-*******ы биед учирсан дээрхи гэмтэл нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 13-14-р хуудас/

Хохирогч овогт ийн *******-*******ы / 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, 13-р цэцэрлэгийн багш ажилтай, регистрийн дугаартай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагийн үед ажлаасаа чөлөө аваад үсчинд ороод үсээ будуулж байтал манай нөхөр дахин дахин утасдаад байхаар нь “ үсчинд байна, дуусаад залгая” гэж хэлсэн.Тэгээд үсээ будуулж дуусаад зах орж хүүхдүүддээ хувцас, ээждээ гоо сайхны бараа, Д.******* өлсөөд байна гээд залгаад байсан учир хуушуур аваад 16 цагийн үед гэртээ очсон. Гэрийн гадна ирээд Д.*******ийг гарч ирээд хуушуураа авчих гэтэл Д.******* ”наад хэрүүлтэй хуушуураар чинь яадаг юм, аваад зайл” гэсэн. Би ажлаас 2 цагийн чөлөө авчихсан байсан болохоор яараад гэрт хуушуурыг нь оруулж өгөхөд Д.******* “ хаана явж байгаад ирж байгаа юм, янхан минь зайл” гээд над руу юм шидэх шиг болсон.Тэгтэл миний толгой хэсэгт сахлын машин ирж оноод миний толгой хагарч цус гарсан. Би цусаа тогтоочихоод аавынх руугаа яваад маргааш нь цагдаад мэдэгдсэн.... гэх мэдүүлэг / хэргийн 21-22-р хуудас/

Аюулын зэргийн эрсдлийн түвшин “ дунд” гэх үнэлгээ / хэргийн 2-3-р  хуудас/ 

Шүүгдэгч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 13 цагийн үед эхнэр лүүгээ ярихад “ үсчин дээр байна” гэсэн.Би хоол идмээр байна гэхэд “ гадуур хамт хоол идье” гэхээр нь би гадуур гарахгүй хуушуур аваад ир гээд утсаа тасалсан. Удалгүй би дахиж залгаад “ямар уддаг юм бэ хаагуур яваад байгаа юм бэ” гэхэд Л.*******-******* ”зах дээр хуушуур авах гээд оочирлож байна” гэсэн.Тэгээд 30 минутын дараа Л.******* охин утасдаад ”пизда минь гарч ирээд хуушуураа ав” гэхээр нь би “ хэрүүлтэй хоол идэхгүй” гэсэн. Тэгтэл эхнэр гэрт орж ирээд “ хүний авчирсан хуушуур гараад авчихад яадаг юм” гээд бид хоёр хэрэлдсэн. Би уур хүрээд сахлаа авч байсан машиныг урдаас нь шидсэн чинь толгой хэсэгт нь оночихсон.Би өмнө нь архи уусан үедээ эхнэртэйгээ таарамжгүй харьцдаг байсан. Одоо архины эмчилгээ хийлгээд 1 жил болж байна  ... гэх мэдүүлэг / хэргийн 33-34-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Д.******* нь  Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******А байрны 8 тоотод байрлах өөрийн гэртээ 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр  эхнэр Л.*******-*******ыг  “өлсөөд байна, ирэхдээ хуушуур аваад ир” гээд эхнэрээ үсээ будуулаад , зах ороод хүүхэд болон ээждээ юм аваад, хуушуур аваад ирэх хооронд  “ямар их уддаг юм бэ, хаагуур яваад байдаг юм” гэж уурлан сахлын машин авч шидсэнээс түүний дух хэсэгт онож, Л.*******-*******ы биед духны баруун дээд хэсгийн шарх болон зулгаралт   гэх гэмтэл үүсгэсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.******* нь эхнэр Л.*******-*******ы дух хэсэгт сахлын машин шидсэнээс   эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь  хохирогч Л.*******-*******ы  мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 713  дугаартай дүгнэлт, шүүгдэгч Д.*******ийн  мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа ба шүүгдэгч Д.*******, хохирогч Л.*******-******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай  болох нь ******* овогт *******гийн *******, овогт ийн *******-******* нарын 2014 оны 05 сарын 09-ний өдөр гэр бүл болсон гэрлэлтийн дугаартай  гэрчилгээний хуулбар, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.******* нь  эхнэр Л.*******-******* луу   сахлын машин шидэж түүнийг оноход   гэмтэл  учрах боломжтой гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн байдал нь   хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол зориуд учруулсан Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ. 

Шүүгдэгч Д.******* нь эхнэр Л.*******-*******ыг хардалтын улмаас уурлаж, хэл амаар доромжилж, эрүүл мэндэд нь хохирол учруулдаг байдал нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчил гаргаж Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 59 дугаартай Шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар 14 хоногийн баривчлах шийтгэл, мөн шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дугаартай Шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар 8 хоногийн баривчлах шийтгэл тус тус оногдуулж байсан баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.******* нь тодорхой эрхэлсэн ажилгүй гэртээ байдаг, эхнэр Л.*******-*******ыг хардсаны улмаас хэл амаар доромжлох, биед нь халдах зэрэг зүй бус харилцаа үүсгэсэн нь  гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл “ гэдгийг ...  гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан  үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ ... гэж заасан ба шүүгдэгч Д.*******ийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Л.*******-*******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэж үзэж, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ...” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

             Шүүгдэгч Д.*******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.*******-******* нь...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Д.*******ийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

            Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.******* урьд  Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан нь хэргийн 48 дугаар хуудсан дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.*******ийн хувийн байдлын талаар  гэрч З.Отгонхүүгийн өгсөн...  Д.******* нь даруу төлөв, ажилч хичээнгүй,цайлган сэтгэлтэй хүн. Айлын ууган хүүхэд, дороо 2 дүүтэй. Политехник коллежийг үсчин мэргэжлээр төгссөн.2015 онд тусдаа гараад архи их уудаг, зан байдал нь их эвдэрсэн байна.Увс аймагт цэргийн алба хаасан... гэх мэдүүлэг / хэргийн 38-р хуудас/,

Гэрч Б.ийн өгсөн... Д.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, сарын тогтмол орлого байхгүй, илүү дутуу зангүй, хүнд тусархуу,даруухан,хүнлэг сэтгэлтэй хүн... гэх мэдүүлэг, Д.*******ийн  иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа,баривчлагдсан хүний хувийн хэрэг зэрэг баримт хавтаст хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Л.*******-*******той маргалддаг, биед нь халдаж зодож цохидог болох нь Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 –д зааснаар  “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх зөрчил удаа дараа үйлдэж 8,14 хоногийн хугацаагаар баривчлагдаж байсан талаар Баривчлагдсан хүний хувийн хэрэг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Д.*******  нь  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан  гэмт хэрэг үйлдсэн тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар  шүүгдэгч Д.*******эд  06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарах  ял оногдуулах,  шүүгдэгч Д.******* Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******А байрны 8 тоотод байнга оршин суух газар буюу Ховд аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хэлбэрээр ялыг эдлүүлэх,  хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн 200000 төгрөг бүхий ХААН банкны 5845452814 тоот данс битүүмжлэгдсэн болохыг  тус тус дурдаж, дүгнэлт  гаргаж байна гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлсэн тайлбартаа: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Улсын яллагчийн санал болгосон  зорчих эрхийг хязгаарлах ялыг зөвшөөрч байна гэв. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Д.*******  нь  хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан, шүүхээс шүүгдэгч Д.*******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.*******ийг  06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгчийн байнга оршин суух газар болох Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хэлбэрээр ялыг эдлүүлэх , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгч Д.*******эд тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй.

  Эрүүгийн 2136002000270 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйл үгүй,  энэ  хэрэгт  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс  гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн 200000 төгрөг бүхий ХААН банкны 5845452814 тоот данс битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 92 дугаартай тогтоолыг цуцлах,  шүүгдэгчид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******ийг байнга оршин суух Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгч Д.*******эд тайлбарласугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******эд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

6.Эрүүгийн 2136002000270 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйл үгүй,  энэ  хэрэгт  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс  гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн 200000 төгрөг бүхий ХААН банкны 5845452814 тоот данс битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 92 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.*******эд    хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС