Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 399

 

2017 оны 06 сарын 30 өдөр    Дугаар 156/ШШ2017/00399 Хэнтий аймаг

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2017/00262/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сум, 1 дүгээр баг, Хийдийн 12-9 тоот оршин суух, Чойживын Лхагвасүрэн /РД: СП67041607/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Б-53-24 тоот оршин суух, Хатагин овогт Амгалангийн Золжаргал /РД: СЗ91040604/-д холбогдох,  "зээлийн гэрээний үүргийн биелэлт 721 350 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэн, хариуцагч А.Золжаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Болор-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болор-Уянга нар оролцов.  

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 

“...Миний бие Ч.Лхагвасүрэн нь Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ажилладаг бөгөөд 2015 оны 9 дүгээр сард хамт ажилладаг ажлын охин А.Золжаргалд түүний хүсэлтээр 700,000 төгрөгийг зээлүүлсэн. Уг зээлийг анх тохиролцохдоо хүүтэй зээлнэ гэж надаас мобайл банкаар шилжүүлэн авсан юм. Гэтэл Золжаргал нь уг зээлсэн мөнгөө одоо хүртэл өгөхгүй, тэр мөнгийг би таниас зээлээд хамт амьдарч байсан залуудаа өгсөн тэрнээс ав гэх мэтээр зохисгүй үйлдэл олныг гаргаж мөнгийг маань өгөхгүй байна. Би аргаа бараад шүүх дэх эвлэрүүлэн зуучлах байгууллагад хандсан боловч А.Золжаргал гэгч нь огт өгөхгүй, би өгч чадахгүй гэхээр нь түүний найз Болор-Эрдэнийн гэр рүү очсон. Би Болор-Эрдэнээс мөнгө нэхэхэд Болор-Эрдэнэ би таниас мөнгө зээлж аваагүй. Та яагаад надаас нэхэж байгаа юм бэ? гэж байсан. Тэгэхээр нь би нээрээ би Болор-Эрдэнэд биш Золжаргалд зээлсэн. Тийм учраас Золжаргалаас мөнгөө авъя гэж бодож шүүхэд хандсан. 

Иймд миний А.Золжаргалд зээлүүлсэн 700 000 төгрөгөөс 2016 оны 11 сард 30 000, 12 сард 50 000, бүгд 80 000 төгрөгийг буцааж авсан тул одоо 620 000 төгрөг,  эвлэрүүлэн зуучлах төвд хандаж хүсэлт гаргасны хөлс 21 350 төгрөг, шүүхэд төлсөн тэмдэгтийн хураамжийн 21 350 төгрөг бүгд 662 700 төгрөгийг А.Золжаргалаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч А.Золжаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2015 онд авто тээврийн осолд ороод эмнэлэгт хэвтэж байхад Г.Болор-Эрдэнийн цалингийн зээл төлөгдөөгүй 2 сар болж байна. Яаралтай мөнгө хэрэгтэй байна гээд надаас мөнгө нэхээд байсан. Тэгээд надад танай ажлын Лхагваа эгч чинь мөнгө зээлдэг биз дээ чи асуугаад өгөөч гээд байсан. Тэгэхээр нь би Лхагваа эгч дээр очоод Г.Болор-Эрдэнийн цалингийн зээл дутаад байгаа юм. Таньд мөнгө зээлэх боломж байна уу гэж асууж байна гэж хэлсэн. Лхагваа эгч мөнгө зээлэх боломжтой гэхээр нь Г.Болор-Эрдэнэд боломжтой гэж байна.  Чи өөрөө ирж уулз гэж би хэлсэн. 2017 оны 09 сарын 24-ний өдөр Г.Болор-Эрдэнэ ажил тарах үеэр орж ирээд Лхагвасүрэн эгчтэй уулзсан. Тэгээд тухайн өдрөө Г.Болор-Эрдэнийн данс руу 200 000 төгрөгийг хийсэн байсан. Тэгээд маргааш нь миний данс руу 500 000 төгрөгийг хийсэн... Тэгэхээр нь би 30 минутын дотор Г.Болор-Эрдэнийн данс руу шилжүүлсэн байгаа. Энэ мөнгийг төлөх ямар ч боломж байхгүй. Би зээлж авсан бол эцэг эхдээ хэлээд ч гэсэн төлүүлэх байсан. Нэгэнт би хэрэглээгүй, аваагүй учраас энэ мөнгийг төлөхгүй” гэв. 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 

“Би цалингийн зээлээ төлөөгүй бараг 2 сар болж байсан байх. Тэгээд банкнаас хүмүүс ирж дарамтлаад хэцүү байсан. Тэгээд Би Золжаргалыг ажлынхаа Лхагвасүрэн эгчээс мөнгө зээлээд өгөөч гэж гуйсан юм. Тэгээд Золжаргал Лхагвасүрэн эгч зээлье гэж байна гэж хэлж байсан. Дансны гүйлгээ надад ирдэггүй болохоор миний дансанд яг хэдэн төгрөг орсон, хэзээ орсон талаар мэдэхгүй байна. Би Золжаргалын ажил дээр очиж Лхагвасүрэн гэдэг хүнтэй уулзаж мөнгө аваагүй. Золжаргал авч өгсөн. Золжаргал худлаа ярьж байна. Би юу яриад байгааг нь мэдэхгүй” гэв. 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан /хх 3, 4, 5, 12, 13, 14, 16/ бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэн нь хариуцагч А.Золжаргалаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 620 000 төгрөгийг шүүхэд төлсөн тэмдэгтийн хураамжийн хамт шаардаж байна.  

Хариуцагч А.Золжаргал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх ба зээлийг аваагүй, хэрэглээгүй, Г.Болор-Эрдэнэ зээлсэн гэж маргаж байна.

Ч.Лхагвасүрэн нь хамт ажиллаж байсан А.Золжаргалын хүсэлтээр 2015 оны 09 дүгээр сард түүнд 700 000 төгрөгийг зээлүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх ба мөнгийг бэлэн бусаар буюу өөрийн ХААНБ-ны 5935189894 дугаартай данснаас 2015 оны 09 сарын 24 өдөр 200 000 төгрөгийг А.Золжаргалын хэлсэн 5937053123 дугаарын дансруу, 2015 оны 09 сарын 25 өдөр 700 000 төгрөгийг 5935266190 дугаартай хариуцагч А.Золжаргалын дансруу тус тус шилжүүлсэн нь /хх 5/ нэхэмжлэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар  давхар тогтоогдож байна. 

Ч.Лхагвасүрэн, А.Золжаргал нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан 700 000 төгрөгийн зээлийн аман гэрээ байгуулагдсан байна, мөнгийг зээлдэгч А.Золжаргалд шижүүлэх үүргээ биелүүлсэн зээлдүүлэгч Ч.Лхагвасүрэн мөнгийг буцаан өгөх гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгчээс шаардах эрхтэй гэж үзнэ. Иймд хариуцагч А.Золжаргалаас /700 000₮-80 000₮/ 620 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн 21 350  төгрөг /хх 34/, бүгд 641 350 гаргуулан нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэнд олгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

700 000 төгрөгийг Г.Болор-Эрдэнэ зээлсэн гэх татгалзлаа хариуцагч А.Золжаргал шүүхэд нотлож чадаагүй бөгөөд дээрх мөнгөөр Г.Болор-Эрдэнийн банкинд төлөх ёстой байсан зээлийн төлбөрийг төлж барагдуулсан гэх үйл баримт нь хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан /хх 12, 25-26/ бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа, зохигчид энэ талаар маргаагүй хэдий ч энэ нь Ч.Лхагвасүрэн, Г.Болор-Эрдэнэ нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийг Г.Болор-Эрдэнэ хариуцан төлөх үүрэгтэй гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар “нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг” хариуцагч гэж хэлэх ба нэхэмжлэгч  Ч.Лхагвасүрэн нэхэмжлэлдээ А.Золжаргалыг хариуцагч гэж дурдсан, хуулийн 29.5-д заасны дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг шүүх үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Энэхүү шийдвэр нь 700 000 төгрөгийг гэрээний болон гэрээний бус үүргийн дагуу бусдаас шаардах хариуцагч А.Золжаргалын эрхэнд саад болохгүй болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч А.Золжаргалаас 641 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэнд олгосугай. 

 

2. Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 21 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

 

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ               Э.АРИУНАА