Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/84

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: Г.Ё,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Г-ийн Ёд холбогдох 21280000 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Шүүгдэгч Г.Ё нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, GB town байрны гадаа 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн орой Э.Бтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, биед халдан тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт хамрын таславчийн муруйлт, цээж зүүн шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Ёг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Ё шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 06-р сарын 11-ний 12 цаг 30 минутын үед би А руу хаана байна гэж чат бичсэн чинь яах гэж байгаа юм гэж чат бичсэн. Тэгээд би юм асууя гэсэн чинь GB town байрны хажууд байна. Ганцаараа хүрээд ирээрэй гэж бичихээр нь би за гэж хариу бичээд Утай уулзаж байсан чинь А над руу чатаар залгаад хаана явж байна гэхээр нь би динозавртай “Цоглог” дэлгүүрийн хажууд ирчихлээ гэсэн чинь биш ээ би GB town байрны гадаа байна гэхээр нь би том Цогжавхлан юм уу гэсэн чинь тийм гэж хэлсэн. Тэгээд намайг очиж байх замд А чат бичээд хурдлаарай, ээж дуудаад байна гэж хэлсэн. Би ганцаараа GB town байрны гадаа машины зогсоол дээр нь очоод зогссон чинь А 2 танихгүй залуутай GB town байрны тоглоомын талбайгаас алхаад ирж байсан. Тэгээд Ё гэж залуу нь намайг машиндаа сууж байхад А-тайтай уулзах гээд байгаа залуу нь чи юм уу гэж хэлээд машины жолооч талын цонхоор гараа оруулж миний баруун талын хацар руу 2-3 удаа цохьсон. Тэгээд миний хаалгыг нээгээд Ё намайг заамдаж байгаад миний өмсөж байсан фудволкыг урж, миний нүүр рүү хэдэн удааг нь санахгүй байна нэлээн хэдэн удаа цохиод дараа нь С гэж залуу нь Ёг боль гэж хэлээд татаж авсан. Тэгээд намайг машины жолооч талын суудал дээр сууж байхад Ё миний машины жолоочийн хажуу талын хаалгаар орж ирээд нэг хөлөө суудал дээр тавиад нөгөө хөлөө машины хаалган дээр тавьж байгаад намайг нүүр рүү бие рүү гараараа олон удаа цохьсон. Би хэдэн удаа цохьсон талаар мэдэхгүй байна. Нүүрээ хамгаалж байхдаа Сгээс найз Ёгоо авчих гэж хэлсэн чинь С Ёг нөгөө хаалгаар ирж аваад цаашаа явахаар нь би машиныхаа хаалгануудыг хааж байхад Ё эргэж ирээд миний машины жолооч талын хаалганы шил, хаалга, толь руу өшиглөсөн. Тэгээд би машинаа асаагаад Уын гэрт очоод зодуулчихлаа гэж хэлсэн чинь цагдаад мэдэгдсэн нь дээр гэж хэлсэн. Би буугаад машинаа харсан чинь миний машины баруун талын жолооч талын хаалга өшиглөснөөс болж хонхойсон байсан. Тэгээд цагдаа дээр ирээд цагдаад дуудлага өгсөн. Одоогоор 200.000 төгрөг зарцуулсан баримт нь байгаа. Цаашдаа шинжилгээ өгнө гээд зардал нэлээд гарах байх тэр бүх зардлаа нийлүүлээд хүлээлгэж өгнө. Эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. /хх-ийн 10-11-р хуудас/

Гэрч Ө.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 06 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед байх Ё А 2 манайд ирж манайд хонохоор болсон. Тэгээд бид 3 зурагт үзэж байгаад би унтлагын өрөөндөө байж байгаад 00 цагийн үед өрөөнөөсөө гараад ирсэн чинь Ё найз охин Атайгаа маргалдаад байж байсан. Тэгээд Ё А руу нэг залуу чат бичээд байхаар нь нь дуудчихлаа хамт гарч уулзъя гэхээр нь за гэж хэлээд бид 3 зурагт үзсэн. Тэгээд 01 цаг өнгөрч байхад Ё нөгөө залуу ирчихлээ хамт гаръя гэхээр нь А Ё бид 3 манай байрнаас гарсан чинь манай байрны хажууд нөгөө залуу машинтайгаа ирж байхаар нь бид 3 тосч очиж уулзсан. Нөгөө залуутай Ё уулзахад нөгөө залуу машин дотроо байсан. Тэгээд Ё очоод чи яагаад ийм орой А руу залгадаг юм гэсэн чинь ээж нь аваад ир гэж хэлсэн гэсэн чинь Ё уурлаад нөгөө залуугийн жолооч талын машины хаалгыг нээгээд буугаад ир гэж хэлээд хэдэн удаа цохиод авсан. Би Агийн ард байсан болохоор хэдэн удаа цохисныг хараагүй. Тэгээд би Ёг хориод нөгөө залуугаас архи үнэртэхээр нь чи согтуу машин бариад айл гэр яагаад үймүүлээд байгаа юм гэж хэлсэн чинь Ё би уулзъя гэж хэлээд жолоочийн эсрэг талын хаалгаар нөгөө залуугийн машинд суусан. Тэгээд ахиад маргалдаж байгаад Ё нөгөө залууг гараараа хэдэн удаа цохиж байгаа харагдсан. Би хэдэн удаа гэдгийг нь хараагүй. Тэгээд Ёг машинаас буулгаад жолоочийн талын хаалган дээр Ё бид 2 ирсэн чинь Ё хаалгыг нь өшиглөсөн. Хаалгыг нь өшиглөөд хаалга нь цөмөрчихөөр нь би хүний машин эвдлээ гэж хэлсэн чинь нөгөө залуу машинаа бариад хөдлөөд явсан. Тэгээд бид 3 гэртээ орсон. /хх-ийн 19-20-р хуудас/

Гэрч Э.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 06 дугаар сарын 11-ний орой 00 цагийн үед байх цагийг нь сайн санахгүй байна. Би Б руу залгаад хүрээд ир гэж хэлсэн чинь Б хүрээд ирсэн. Тэгээд бид 2 манай байрны гадаа машин дотор уулзаад 30-аад минут болж байсан чинь Б дүүгээ хүргэж өгчихөөд ирье, удахгүй ирнэ, гаднаа хүлээж бай гэхээр нь би байрныхаа гадаа хүлээж байсан чинь Б 30-аад минутын дараа хүрээд ирсэн. Тэгээд Б машинаасаа бууж ирээд нүүр нүдгүй зодуулчихлаа гэж хэлээд урагдсан фудволкоороо нүүрээ арчаад байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуусан чинь GB town байрны гадаа машин дотор байхад 2 залуу ирээд зодчихлоо би машинаасаа буух гэсэн чинь машины хамгаалах бүс тайлагдаагүй зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид 2 цагдаа руу миний машинтай явсан. Би машиндаа суугаад үлдсэн. Б цагдаа руу ороод удалгүй гарч ирээд маргааш дахиж ирж уулзана гээд бид 2 манай байрны гадаа очоод Б машинаа унаад гэр рүүгээ явлаа гэсэн. Би гэр рүүгээ орсон. /хх-ийн 22-р хуудас/

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр GB town хотхоны байранд найз залуу Ё түүний найз С хоёртой хамт байсан чинь шөнө 01 цаг өнгөрч байсан байх миний утсанд Боос чат ирсэн. Б над руу юу хийж байна хаана байгаа юм гэж чат бичихээр нь манай найз залуу Ё гэртээ байна яасан гэсэн чинь уулзах уу гэж хариу ирсэн. Тэгэхээр нь Ё хариуд нь яасан яах гэж байгаа юм гэж бичсэн чинь найзуудтайгаа уулзчихаад явж байна хүрээд очъё гэхээр нь Ё тэгвэл хүрээд ир гээд GB town хотхон гэж хаягаа хэлсэн. Би тухайн үед чатыг нь хажуунаас нь хараад сууж байсан. Тэгээд 01 цаг 30 минутын үед байх Б ирчихлээ гэж чат бичихээр нь би найз залуу Ё болон түүний найз С нарын хамт GB town хотхоны гадаа гарч очоод Бтой уулзсан. Бид гурвыг очиход Б машиндаа тамхи татаад сууж байсан. Тэгээд Ё Б дээр жолоочийн талаас нь очоод машинаасаа гараад ир гэсэн чинь буугаагүй. Тэгэхээр нь Ё яах гэж ирсэн юм гэсэн чинь Б дүүтэйгээ уулзах гэж ирлээ гэсэн чинь Ё Ад чам шиг ах байхгүй гэж хэлээд жолооч талын хаалгыг нээгээд Быг нүүр рүү нь гараараа олон удаа цохьсон. Тэгсэн чинь найз С нь Ёг очоод салгасан. Тэгээд Ё Сгээс салаад ахиад хөлөөрөө Бын хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. Өшиглөх үед Ё гэрийн тавчиктай байсан. Тэгээд гараараа ахиад нүүр рүү нь олон удаа цохьсон. С очоод ахиад Ёг салгахад Б хаалгаа хаасан чинь Ё жолоочийн эсрэг хаалгаар очоод нүүр рүү нь гараараа хэдэн удаа цохьсон. Би салгах гэсэн боловч гарт нь цохиулах гээд байхаар нь ард нь очоод татаад зогссон чинь надруу Ё уурлаад энэ хэн юм гэж хэлээд уурласан. Тэгээд Ё машинаас нь буугаад жолоочийн талын хаалгаар очоод Быг зодох гэсэн чинь С Ёг тэврээд ойртуулаагүй. Тэгсэн чинь Ё жолоочийн талын хаалга руу нэг удаа өшиглөсөн чинь хаалга нь цөмөрчихсөн. Ё Бод ахиж манай найз охин руу чат бичээд үзээрэй гэсэн чинь Б машинаа унаад явсан. Тэгээд намайг гэртээ орсон чинь над руу Б чат бичсэн байсан. Чатандаа Отгоогийн талаар асуух гэж ирсэн гэж чат бичсэн байсан. Тэгээд би Отгоо руу залгаад Бтой харьцаж байгаа юу гэсэн чинь харьцахгүй байгаа над руу чат бичдэг. Би тоодоггүй харьцахыг хүсэхгүй байна гэж хэлсэн. /хх-ийн 24-25-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 335 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.Бын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын таславчийн муруйлт, цээж, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Э.Бын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Э.Бын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 28-р хуудас/

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 701 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Автомашины эвдрэл хохирлын үнэлгээ 180.000 төгрөг /хх-ийн 37-р хуудас/

Шүүгдэгч Г.Ё мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 06-р сарын 11-ний орой 00 цагийн үед намайг найз охин Атай хамт найз Сын гэрт байхад найз охин Агийн гар утсанд Боос юу хийж байна, завтай байна уу, уулзъя гэсэн чат ирэхээр нь би Агийн өмнөөс гар утсаар нь завтай байна GB town байрны гадаа хүрээд ир гэж чат бичсэн чинь 30 минутын дараа Б ирчихлээ гэж чат бичихээр нь би найз охин А болон найз Сын хамт гараад Бтой уулзаж маргалдсан. Тэгээд Быг нүүр рүү нь 2-3 удаа гараараа цохьсон. Дараа нь жолоочийн нөгөө талын хаалгаар очиж нүүр рүү нь ахиж 2 удаа гараараа цохьсон. Тэгээд хөлөөрөө жолооч талын хаалга руу нэг удаа өшиглөж хаалгыг нь хонхойлгосон. Би Бод учруулсан хохирол болох 680.000 төгрөгийн хохирлоо бүрэн барагдуулсан. Мөн цаашид гарах эмчилгээний зардалд хэрэглэх 1.320.000 төгрөгийг Бод өгсөн. /хх-ийн 45-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р хуудас/

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн гавал тархины тодосгогч бодисгүй компьютерт томограффикийн шинжилгээ /хх-ийн 47-р хуудас/

Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 48-р хуудас/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 49-р хуудас/

Хохирол төлбөрийн баримтууд /хх-ийн 52-р хуудас/

Хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 56-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ё нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, GB town байрны гадаа 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн орой Э.Бтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, биед халдан тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт хамрын таславчийн муруйлт, цээж зүүн шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Ёгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 335 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.Бын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын таславчийн муруйлт, цээж, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Э.Бын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Э.Бын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 28-р хуудас/ гэснээр  тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Ёгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөн түүний эд хөрөнгөд 180.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 701 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Автомашины эвдрэл хохирлын үнэлгээ 180.000 төгрөг /хх-ийн 37-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтдээ: “...Эмчилгээний зардал болон бусад хохирол болох 2.000.000 төгрөгийг хүлээн авсан болно. Хохирлын талаар маргаангүй...” /хх-ийн 66-р хуудас/ гэснээр шүүгдэгч Г.Ёг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Ёгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.Ёгийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 46-р хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаанд. Г.Ё нь Өмнөговь аймгийн Ноён сум, 1 дүгээр баг Сайран гэх хаягт оршин суух хаягийн бүртгэлтэй байна. /хх-ийн 48-р хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 49-р хуудас/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Ёд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Ё нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ё нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Ё нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид 2.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ёд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Г-ийн Ёг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ёд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.Ё нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ё нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Ё нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Бод 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ёд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА