Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 400

 

ШИЙДВЭР

2017-6-30 № 400 Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00310/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт оршин суух, Боржигон овогт Балдангомбын Сэмбэ /РД: СЭ53110503/-ийн хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Сэмбэ, нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Сэмбэ нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би 1972 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Тээврийг удирдах газар буюу 10 дугаар баазад сэлбэгийн нярав диспетчерээр ажиллаж байгаад хүүхэд гаргаж 1 жил хүүхдээ асраад 1984 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн биеийн тамир спортын хороонд үйлчлэгчээр ажиллаж байсан. Би улсад ажиллаж байх хугацааны бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлж, сүүлд нөхөж аван тэтгэврээ тогтоолгосон боловч хөдөлмөрийн дэвтрийг зөрчилтэй гэж үзэн тэтгэврийг минь зогсоосон.    

Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэв. 

 

Шүүх хэрэгт цугларсан /хх 7-9, 15-16, 22, 25 / бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Сэмбэ нь 1972 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Тээврийг удирдах газар буюу 10 дугаар баазад сэлбэгийн нярав диспетчерээр, 1984 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн биеийн тамир спортын хороонд үйлчлэгчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Б.Сэмбэ нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно. 

Хүсэлт гаргагч Б.Сэмбэ нь 1972 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Тээврийг удирдах газар буюу 10 дугаар баазад сэлбэгийн нярав диспетчерээр, 1984 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн биеийн тамир спортын хороонд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Үүнд: нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр /хх 7-8/, Хэнтий аймгийн Биеийн тамир спортын хорооноос гаргасан Б.Сэмбийн цалингийн тодорхойлолт /хх 15/, 1970 оноос 1996 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн 10 дугаар баазад жолоочоор ажиллаж байсан гэрч Н.Бадарчийн мэдүүлэг /хх 22/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 24/, 1986 оноос одоог хүртэл Хэнтий аймгийн биеийн тамир спортын газарт ахлах мэргэжилтэн, бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа гэрч П.Ганболдын мэдүүлэг /хх 25/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 27-29/ зэрэг болно.

 

Б.Сэмбийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 1972 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Тээврийг удирдах газар буюу 10 дугаар баазад сэлбэгийн нярав диспетчерээр, 1984 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн биеийн тамир спортын хороонд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Балдангомбын Сэмбэ /РД: СЭ53110503/ нь 1972 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Тээврийг удирдах газар буюу 10 дугаар баазад сэлбэгийн нярав диспетчерээр, 1984 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн биеийн тамир спортын хороонд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн   60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Сэмбийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг Б.Сэмбэд мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Э.АРИУНАА