| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2021/0078/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/86 |
| Огноо | 2021-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/86
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал
Шүүгдэгч: А.С,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт А-ийн Сод холбогдох 20280 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч А.С нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагийн үед Ө аймгийн Д сум 1 дүгээр баг, Гурвансайханы 6-32 тоотод эхнэр Б.Соёл-Эрдэнийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.Сыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.С шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би С гэх хүнтэй 2006 оноос хойш гэр бүл болж амьдарч байна. Гэрлэлтийн баталгаатай, дундаасаа 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. С архи уухаараа л агсан тавиад байдаг. Сүүлийн үед миний биед гэмтэл учруулж зодох болсон. 2019 оны 11 сарын сүүлчээр /хэдний өдөр байсныг санахгүй байна/ би зөв хооллолтын клубт явдаг байсан. Тухайн үедээ манай клубынхэн өрөөгөө тохижуулах гэж байсан юм. Тэгээд орой яваад тэндээсээ найзтайгаа уулзаад гэрт нь очиж байж байгаад шөнө гэртээ очсон чинь С миний өмсч байсан гутлаар миний ар нуруу, далны хэсэгт мөн зүүн гар руу цохиж хөхрүүлсэн. Тэгээд маргааш нь би цагдаад хэлнэ гэсэн чинь С уучлалт гуйгаад би дахиж тэгэхгүй өчигдөр чи утсаа аваад хаана яваагаа хэлчихгүй яасан юм гэж хэлж байсан. Тэгээд гуйгаад байхаар нь би тухайн үед нь цагдаад мэдэгдээгүй өнгөрсөн. Түүний дараа 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр би ажил дээрээ ээлжтэй хоноод 17-ны өглөө 10 цаг өнгөрөөгөөд ажлаа тараад гэртээ ирсэн чинь нөхөр босоогүй, орондоо хэвтэж байсан. Тэгэхээр нь би нөхрийгөө чи чинь залуу хүн байж гэр орноо цэвэрлэчихгүй яасан юм. Аяга хоол, цай хийчихгүй яасан юм гэж хэлсэн чинь л С босоод би ер нь яах ёстой юм гэж хэлээд хүүхдийн түшүүртэй пивор сандлаар миний зүүн гарын мөр рүү цохьсон. Тэгээд дараа нь миний үүрдэг цүнхийг аваад миний толгой руу савчихсан чинь миний цүнхэн дотор байсан шилтэй үнэртэй ус миний толгойд чихний дээд талд оноод хавтгасан. Миний толгой манараад эвгүй болчихоор нь битгий намайг зодоод бай гэж хэлээд чи намайг битгий зодоод бай гэсэн чинь гараараа миний мөр рүү цохьсон. Тэгээд зодохоо болихоор нь би цай чанаж байсан чинь цагдаа нар ирсэн. ...Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 20-р хуудас/
Ө аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 381 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.С-ийн биед тархины доргилт, зүүн чихний дэлбээ, чамархай, баруун бугалга, зүүн мөр, бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.41 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 47-48-р хуудас/
Шүүгдэгч А.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би Стэй 2006 оноос хойш гэр бүл болж хамт амьдарсан, 3 хүүхэдтэй. 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр би гэртээ байж байтал манай найз Очироо гэдэг залуу намайг дуудахаар нь очсон чинь нэг шил архи гаргаж хувааж уусан. Тэгээд би гэртээ хариад байж байтал 10 цаг өнгөрч байх үед манай эхнэр ажлаа тарж гэртээ ирсэн. Тэгээд намайг архи уугаад байна гэх мэтээр загнаад уурлаад байхаар нь би хэрэлдэж байгаад эхнэр над руу гар утсаа шидэхээр нь эхнэрийн гар цүнхийг шидээд зүүн мөр, чихний хавьд нь цохьсон. Тэгээд би дахиад гараараа хацар руу нь нэг удаа алгадаад, хэрэлдээд байж байтал цагдаа ирж намайг авч явж эрүүлжүүлсэн. /хх-ийн 54-р хуудас/
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05-06-р хуудас/
Ө аймгийн Баяндалай сумын Бүрэн дунд сургуулийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 34 дугаартай тодорхойлолт /хх-ийн 61-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85-р хуудас/
Ө аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 87-88-р хуудас/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 93-р хуудас/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 96-р хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 154-155-р хуудас/
Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 161-163-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.С нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагийн үед Ө аймгийн Д сум 1 дүгээр баг, Гурвансайханы 6-32 тоотод эхнэр Б.Соёл-Эрдэнийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Сын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Ө аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 381 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.С-ийн биед тархины доргилт, зүүн чихний дэлбээ, чамархай, баруун бугалга, зүүн мөр, бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.41 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 47-48-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Хохирогч Б.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэснээр шүүгдэгч А.Сыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Улсын Их хурлын чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т заасан гэмт хэрэгт хамаарахгүй, шүүгдэгч А.Сын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах нөхцөл шаардлагыг хангасан байна. Иймд шүүгдэгч А.Сод холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох саналыг гаргав.
Шүүгдэгч А.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өөрийн холбогдсон гэмт хэргийг ойлгосон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байна гэж шүүх үзэв.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн ...хамаарна.” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.
Шүүгдэгч А.С нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байх ба дээрх цаг хугацаа нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан өршөөн хэлтрүүлэхгүй байхаар зохицуулсан 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дугаар зүйлүүдэд тусгагдсан гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд хамаарахгүй байна.
Түүнчлэн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд хууль хэрэглэх журмыг зохицуулж, мөн зүйлийн 12.8 дахь хэсэгт “энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.
Шүүх 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 142 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тул дээрх хууль хэрэглэх журмыг баримтлан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Ө аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Сод холбогдох эрүүгийн 2028001750065 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.С нь шүүхийн шатанд 6 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.С хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Сод холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, нэн даруй суллаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т овгийн А-ийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, нэн даруй сулласугай.
4. Шүүгдэгч А.С нь шүүхийн шатанд 6 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Б.С гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА