Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 401

 

ШИЙДВЭР

 

2017-6-30 № 401   Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2017/00292/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 9-21 тоотод оршин суух, Хан-уул богдын шавь овогт Доржготовын Батмөнх /РД: СЮ74100209/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 0419 дүгээр ангид ял эдэлж буй Цэрэнгийн Бямбажавд /РД: СЮ85090111 /-д холбогдох

"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батмөнх, хариуцагч Ц.Бямбажав, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзул нар оролцов.  

      

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Д.Батмөнх нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие Бямбажавтай 1999 оны 10 дугаар сард анх гэр бүл болж байсан. 2001 онд хүү Золжаргал төрсөн. Бямбажав нь 2005 онд гэмт хэргийн улмаас 16 жилийн хорих ял шийтгүүлж ял эдлэх болсон. Миний бие одоо хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Бямбажав бид хоёр олон жил тусдаа амьдарч байгаа учраас гэрлэлтээ цуцлуулъя гэсэн юм. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй. Манай хүүхэд одоо 12 дугаар ангид орно. Цаашид хамт амьдрах боломжгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв. 

 

Хариуцагч Ц.Бямбажав нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Бид 1999 онд гэр бүл болж байсан 2001 онд миний хүү төрсөн. Би ажил хийж амьдарч байгаад 2005 онд гэмт хэрэгт холбогдож ял эдлэх болсон. Намайг хоригдсоноос хойш Батмөнх нэг ч удаа ирээгүй. Би хүүг маань дагуулаад нэг удаа ч гэсэн хүрээд ирэх болов уу гэж их хардаг байсан” гэв.

Шүүх хэрэгт цугларсан /хх 7,9,15/ бичмэл нотлох баримтуудыг болон шинжлэн судлаж үнэлээд

 

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Батмөнх нь хариуцагч Ц.Бямбажавд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

 

 Зохигчид нь 1999 оны 10 дугаар сарын 15 өдөр гэр бүл болж түүнийг 2001 оны 5 дугаар сарын 24 өдөр бүртгүүлж /хх 7/ тэдний дундаас 2001 оны 04 дүгээр сарын 28 өдөр хүү Б.Золжаргал, төрсөн болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 132 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа /хх 7/,  Өрхийн эмчийн эрүүл мэндийн тодорхойлолт /хх 4, 14, 15/, Хэрлэн сумын 3 дугаар багийн засаг дарга М.Чинбатын тодорхойлолт /хх 6/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Хариуцагч Ц.Бямбажав нь 2005 онд гэмт хэрэгт холбогдон 16 жилийн хорих ялаар шийтгүүлэн ял эдлэж байгаа, зохигчид цаашид хамтран амьдрах боломжгүй зэрэг нь тэдний шүүх хуралдаан дээр гаргаж буй тайлбараар тогтоогдож байна.

2001 оны 04 дүгээр сарын 28 өдөр төрсөн Б.Золжаргалыг эхийнх нь асрамжид үлдээх талаар гэрлэгчид маргахгүй байх ба нэхэмжлэгч Д.Батмөнх нь хариуцагч Ц.Бямбажаваас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн  63.1.5-д заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн  нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, үүнээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож 62 672 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, 20 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.  

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Хан-уул богдын шавь овогт Доржготовын Батмөнх, Цэрэнгийн Бямбажав нарын гэрлэлтийг цуцалсугай. 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2001  оны 04 дүгээр сарын 28 өдөр төрсөн хүү Б.Золжаргалыг эх Д.Батмөнхийн асрамжинд үлдээсүгэй. 

3. Нэхэмжлэгч Д.Батмөнх нь хариуцагч Ц.Бямбажаваас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бямбажаваас 20.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Батмөнхөд олгож, 62 672 төгрөгийг гаруулж улсын төсвийн орлогод оруулсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуулийн дагуу тоолоход саад болохгүй болохыг зохигчдод мэдэгдсүгэй. 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасны дагуу гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах З.Отгонбаярт даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Э.АРИУНАА