Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 183/2017/00122/И |
Дугаар | 1818 |
Огноо | 2017-08-14 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 1818
“Платин капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/01213 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Платин капитал ББСБ” ХХК,
Хариуцагч Б.Бямбажав, Л.Гантуяа, Л.Ганхуяг нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 151 029 363 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
33 135 770 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсүрэн,
Хариуцагч Л.Гантуяа, Л.Ганхуяг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Ганхуяг, Л.Гантуяа, Б.Бямбажав нар Платин капитал ББСБ-аас 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр сарын 3.5 хувийн хүүтэй, 16 сарын буюу 487 хоногийн хугацаатай 100 000 000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээлж зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Ингэхдээ Хан-Уул дүүргийн Нүхтийн ам 27-6-3 тоот 372.3 м.кв, Ү-22060242 тоот үл хөдлөх эп хөрөнгийг барьцаалсан. Тухайн зээлийн гэрээний хавсралтад эргэн төлөлтийг маш тодорхой тохиролцсон бөгөөд сар бүр зээлийн хүүг төлөөд, 30 хоногт 3 500 000 төгрөг, 31 хоногт 3 616 617 төгрөг, хугацааны эцэст үндсэн зээл 100 000 000 төгрөгөө төлж дуусах байсан.
Гэтэл зээлдэгч нарын зүгээс эхний хэдэн сар тогтмол төлж байгаад төлөх явц удааширч зээлийн хугацаа дуусахад үндсэн зээл огт төлөгдөөгүй. Нийт зээлийн хүүд 37 403 970 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 431 800 төгрөг гээд 40 835 770 төгрөгийг төлсөн. 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөр хүүг бодоод үндсэн зээл 100 000 000 төгрөг, зээлийн хүү 45 546 030 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 483 000 төгрөг, нийт 151 029 360 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нар шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, Э.Бямба-Очир нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээ байгуулан Платин капитал ББСБ-аас 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэг жилийн хугацаатай 3.5 хувийн хүүтэй, 100 000 000 төгрөг зээлж авсан ба энэ хугацаанд 40 835 770 төгрөгийг төлсөн. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-т ББСБ нь 100 000 000 төгрөгийн зээлийг 365 хоногт 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар олгоно хэмээн зааж, хүүг 2.1.4-т зээлийн гэрээнд заасан хувиар ББСБ-д төлж байгаа төлбөрийг хэлнэ хэмээн заасан тул илүү шаардаж буй мөнгийг зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр дууссан тул энэ үеэс эхлэн ББСБ нь гэрээний 6.1-д заасны дагуу зээлдэгч нараас нэмэгдүүлсэн хүү шаардах эрх үүснэ. Дээррх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, Э.Бямба-Очир нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээ байгуулан Платин капитал ББСБ-аас 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэг жилийн хугацаатай 3.5 хувийн хүүтэй, 100 000 000 төгрөг зээлж авсан ба энэ хугацаанд 40 835 770 төгрөгийг төлсөн. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-т ББСБ нь 100 000 000 төгрөгийн зээлийг 365 хоногт 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар олгоно хэмээн зааж, хүүг 2.1.4-т “зээлийн гэрээнд заасан хувиар ББСБ-д төлж байгаа төлбөрийг хэлнэ” гэжээ. Тэгэхээр ББСБ буюу зээдүүлэгч нь 365 хоонгт 3.5 хувийн хүүтэй 100 000 000 төгрөг зээлдүүлж байхад зээлдэгч нь хүүг сараар тооцож, мөнгө тушаасан нь бусдыг үндэслэлгүйгээр хөрөнгөжихөд хүргэж байх тул илүү төлсөн мөнгөө буцаан шаардаж, сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Талуудын хороонд байгуулсан гэрээ 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр дууссан бөгөөд энэ үеэс хэлэн ББСБ нь гэрээний 6.1-д заасны дагуу зээлдэгч нараас нэмэгдүүлсэн хүү шаардах эрх үүсэх ба өнөөдрийг хүртэл төлөх үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй гэсэн тул 700 000 төгрөг болж байгаа ба нийт 4 200 000 төгрөг болж байна. Задаргаа нь 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хүү 3 500 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хүү 3 500 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 700 000 төгрөг байна. Иймд 33 135 770 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсүрэн шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд зээлийн гэрээний хугацааг буруу хэлсэн. 1 сарын хүүг жилийн хүү болгон бичсэн байсан. Мөн хариуцагч үндсэн маргааныг буюу 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээг хүлээн зөвшөөрдөг. Харин сөрөг нэхэмжлэлд дурдсанаар 12 сарын хүүг нэг сарын гэж худал мушгиж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, гэрээний эргэн төлөх хуваарьт зээлийн хэмжээ 100 000 000 төгрөг, сарын 3.5 хувийн хүүтэй, зээлийн хугацаа 16 сар гэж тодорхой зааж, 16 сард төлөх хуваарийг задалж маш тодорхой бичсэн. Хариуцагч нь гэрээний 3.1 дэх заалтыг баримталж, мушгиж байгаа бололтой. Энэ заалтыг хариуцагчийн тайлбарлаж байгаа шиг үзэх боломжгүй бөгөөд гэрээг тайлбарлахдаа Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2, 198.4 дэх хэсэгт заасныг анхаарах ёстой. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бямбажав, Л.Ганхуяг, Л.Гантуяа нараас 146 430 556 төгрөг гаргуулж, Платин капитал ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 598 807 төгрөг болон хариуцагч нарын 33 135 770 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бямбажав, Л.Ганхуяг, Л.Гантуяа нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам 27/6-3 тоот хаягт байрлах, өмчлөх эрхийн Ү-2206024201 дугаартай, 372.3 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Бямбажав, Л.Ганхуяг, Л.Гантуяа нараас 890 102 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Платин капитал ББСБ ХХК-д олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 903 147 төгрөг, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324 000 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээгүйгээс хамаарч 146 000 000 төгрөг төлөхөөр болж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-т ...ББСБ нь 100 сая төгрөгийн зээлийг 365 хоногт 3.5 хувийн хүүтэй 12 сарын
хугацаатайгаар олгоно” хэмээн заасан тул 33 135 770 төгрөг хасагдах ёстой
байсан. Иймд хэргийг бүхэлд нь хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч “Платин капитал ББСБ” ХХК нь хариуцагч Б.Бямбажав, Л.Гантуяа, Л.Ганхуяг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 151 029 363 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс 33 135 770 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлээ 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ, уг гэрээний хугацааг сунгасан 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт гэрээний үүргээ хариуцагч нар нь гэрээгээр тохиролцсон хугацаанд зохих ёсоор биелүүлээгүйгээс үндсэн зээл 100 000 000 төгрөг, хүү 45 546 030 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 483 000 төгрөг, нийт 151 029 360 төгрөгийн төлбөр хуримтлагдсаныг гаргуулж, барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэж тайлбарласан байна.
Талууд 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ000000029 тоот зээлийн гэрээ байгуулсан, /хх 11-13/ уг зээлийн гэрээгээр 100 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлэхээр тохиролцож мөнгөн хөрөнгийг хариуцагч нарт шилжүүлж өгсөн. 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр сунгасан /хх 80-81/ үйл баримтын талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.
Харин хариуцагч нар нь 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 3.1-т “...100 000 000 төгрөгийн зээлийг 365 хоногт 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай олгоно” гэж зээлийн хүүг тодорхойлсныг сарын хүү гэж үзэхгүй, жилд 3,5 хувийн хүү төлөхөөр тохиролцсон, иймд илүү хувиар бодож хүүгийн төлбөр нэхэмжилснийг төлөх үндэслэлгүй, мөн гэрээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дууссан тул үүнээс хойшхи хугацааны нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж марган, уг үндэслэлээр илүү төлсөн хүүгийн төлбөрт 33 135 770 төгрөг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч тал “зээлийн хүүг жилийн 3.5 хувь” гэж зээлийн гэрээний заалтыг тайлбарлан маргасан ч зээлийн хүүг сарын 3,5 хувь гэж тохиролцсон болох нь харуулах үндсэн болон нэмэлт зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, гэрээг сунгуулахаар зээлдэгчийн гаргасан хүсэлт, зээлдэгчтэй хийсэн уулзалтын тэмдэглэл /хх 21/ гэх нотлох баримтаас гадна 40 835 770 төгрөгийн зээлийн хүүг хуваарийн дагуу төлсөн байдал зэргийг зохигчийн тайлбар, хэргийн бусад нөхцөл байдлыг харьцуулан дүгнэвэл талууд зээлийн хүүг сарын 3,5 хувиар харилцан тохиролцсон байх тул гэрээний хүү жилийн 3.5 хувь байсан гэх хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Түүнчлэн хэргийн баримтаар зээлдэгч үндсэн зээл 100 000 000 төгрөгийг буцаан төлөөгүй нь тогтоогдсон ба үүнээс зээлийн үүргийг гүйцэтгээгүй хугацаанд тооцогдох нийт 81 783 326 төгрөгийн хүүгийн төлбөрөөс төлөгдсөн 40 835 770 төгрөгийг хасвал 40 947 556 төгрөгийн хүүгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа нь тогтоогджээ.
Иймд зээлдүүлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасны дагуу үндсэн зээл, зээлийн гэрээний хугацаанд болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг 146 430 556 төгрөгөөр хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв бөгөөд шүүх гэрээний заалтыг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасанд нийцүүлэн зөв тайлбарласан, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.
Хариуцагч нар нь зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам 27/6-3 тоот 372.3 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх олгосон барьцааны гэрээ байгуулж, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн нь /хх 14-20/ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт нийцсэн ба зээлдэгч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэж дүгнэлт хийснийг шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болно.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/01213 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
А.ОТГОНЦЭЦЭГ