Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 68

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Б.Золбоо өөрөө өөрийгөө өмгөөлж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Гэрэл овогт Батцогтын Золбоод холбогдуулж яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн эрүүгийн 201625012105 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн Гэрэл овогт Батцогтын Золбоо, 1992 оны 04 дүгээр сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй ам бүл 5, аав ээж эгч дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 18-р хороо 13-р хороолол 75/а/ байр 45 тоот оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай, УУ 92041578 дугаарын регистртэй,

Шүүгдэгч Батцогт овогтой Золбоо нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Давхарбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож биед нь хөнгөн зэргийн  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Золбоо шүүхийн хэлэлцүүлэгт: “Хэрэг бүртгэлтийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, Хохирогч Давхарбаярт хохирол төлбөрийг төлж, сайн дураар эвлэрсэн тул хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв,

Хохирогч  Б.Давхарбаяр хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: “...2016 оны  05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 2-р хэсэг 859 тоотод гэртээ байж байгаад жорлон орох гээд гарсан юм. Тэгтэл манай хажуу талын хашаанд нэг эрэгтэй хүн том том дугараад байсан юм. Тэгэхээр нь би яасан бол гээд хашаан дээгүүр хараад дуудсан. Хажуу талын айлын эгчийг тэгтэл үл таних нэг залуу гарч ирээд  чи муу яагаад хашаан дээгүүр гөлийгөөд байгаан гээд  намайг хэл амаар доромжилсон. Намайг тухайн залуу чаддаг юм бол хашаанд ороод ир гэсэн тэгэхээр нь би хажуу айлын хашаа руу яваад орсон. Намайг тухайн залуу хэл амаар доромжилж, хэрүүл эхэлсэн. Намайг чи шоронд орж үзсэн юмуу? Бандиа гээд банди гэж юу байдгыг мэдэх үү? гээд доромжлоод байсан. Тэгтэл хажуу талын эгч гарч ирээд бүх юм зүгээр гэж хэлэхээр нь би хашаанаас нь гарах гэтэл намайг гаргахгүй татаж чангаагаад явуулахгүй байсан. Чаддаг юм бол чи байж бай эзнийг нь дуудчихсан гээд хоргоогоод гаргахгүй байсан. Тухайн залуутай маргалдаад зогсож байхад гаднаас үл таних эрэгтэй орж ирээд шууд намайг зодож эхэлсэн. Чи хэн юм бэ? гээд би арай гэж гэртээ зугтааж орсон. Гэртээ байж байхад тухайн залуу манай хашааг давж гэрт орж ирээд намайг хашаанаас чирч гаргаж байгаад зодсон...” гэсэн мэдүүлэг.

Гэрч Б.Энхцэцэг хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: “...2016 оны 05 дугаар сарын 17-нд би гэртэй байж байхад 18 цагийн орчимд манай хажуу айлын Давхарбаяр согтуу хашаан дээгүүр чи хэн бэ? Юун хүмүүс бэ? гээд өнгийгөөд байсан. Сүүлдээ манай хаалгаар орж ирээд юун нохой хуцуулаад байгаан гэхээр нь би Золбоогийн найз байгаа юмаа. Эдгээр хүмүүс нохой сургах гэж байгаан гэхэд би тэгээд хашаагаа задлаад нохойгоо оруулчихъя гэхээр нь болохгүй ээ. Энэ манай эзэмшлийн хашаа бишээ гэхэд өөдөөс  Давхарбаяр би 3 өрөө байртай, газартай хүн гээд манай хашаанд нохой сургах гэж ирсэн хүн рүү дайраад байхаар нь би хашаанаас гарсан юм. Тэгээд би хашаан дээгүүрээ 4 өрөө байртай хүн гээд  орилоод байсан. Дараа дахин манай хашаанд орж ирээд энэ хашааны эзнийг дууд гээд би Золбоотой яриулсан. Золбоотой утсаар ярихдаа Давхарбаяр би алтны компани захирал хүн байна гээд байсан. Тэгэхээр нь одоо чи гараа согтуу байна гээд хашаанаасаа гаргасан. Золбоо хашаанд ирэхэд та одоо яаж байгаан манай эгчийг дээрэлхээд байгаа юм уу? гээд Золбоо Давхарбаярыг хоёр удаа нүүр рүү нь цохьсон. Тэгээд Давхарбаяр чулуу барьж орж ирээд цохино гэхээр нь Эрхэс гэдэг хүүхэд чулууг нь аваад шидсэн. Тэгээд би гэртээ орсон. Цааш болсон асуудлыг мэдэхгүй байна. Орой 23 цагийн орчимд Давхарбаяр цагдаа дуудсан юм...” гэсэн мэдүүлэг.

           Шүүх эмнэлгийн 2016 оны 04 дугаар сарын 22-ны өдрийн №6920 тоот дүгнэлтэд

1. Б.Давхарбаярын биед зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, шанаад цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ.

2. Дээрхи гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4. “Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт  үл нөлөөлнө” гэсэн дүгнэлт.

Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн шүүгдэгч Б.Золбоо нь хохирогч Б.Давхарбаяртай сайн дураар эвлэрсэн эвлэрлийн баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Золбоо нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт ирсэн иргэн Б.Давхарбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас  маргалдан зодолдож  биед нь хөнгөн зэргийн  гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Б.Золбоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Золбоог бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Золбоо, хохирогч Б.Давхарбаяртай сайн дураар эвлэрч, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул Б.Золбоог бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Золбоо нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Б.Золбоо нь хохирогч Б.Давхарбаяртай сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Б.Золбоог эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэрэл овогт Батцогтын Золбоог бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирогчтой сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

2. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Золбоо нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

3. Энэ өдрөөс Б.Золбоод авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Золбоод бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР