| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 179/2018/0178/Э/ |
| Дугаар | 00037 |
| Огноо | 2018-09-12 |
| Зүйл хэсэг | 11.7.1., |
| Улсын яллагч | П.И |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 00037
2018 09 12 2018/ДШМ/37
П.Гт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор: П.Итгэл,
Шүүгдэгч: П.Г,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Түмэндэмбэрэл,
Хохирогч: Р.П, П.Н,
Нарийн бичгийн дарга: П.Ундрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолтой П.Гт холбогдох 1838000000195 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Х овогт П-ийн Г, 1993 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: .................../.
Шүүгдэгч П.Г нь 2018 оны 8 дугаар сараас өөрийн төрсөн эцэг Р.П болон төрсөн дүү П.Н нарт харгис хэрцгий хандаж, догшин авирлан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч П-ийн Г-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Пийн Г-т 7/долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гт оногдуулсан 7/долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн 1838000000195 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдолгүй гэсэн болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Гийн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгч П.Г давж заалдах гомдолдоо: ... Би өөрийн төрсөн эцэг П, төрсөн дүү Нарангэрэл нарт харгис хэрцгий хандаж, догшин авирлан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч их гэмшиж байна. Би уг гэмт хэргийг үйлдэхэд миний эцэг П нь байнга архи ууж, согтуурсан үедээ бидэнд зүй бус үйлдэл гаргадаг. Төрсөн дүү нарт минь байнга харгис хэрцгий ханддагаас болоод тэднийг өмөөрч хамгаалах гэж ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Би эхнэр, бага насны хүүхэдтэйгээ амьдардаг. Гэр бүлийн амьдарлаа авч явдаг нь бий юм. Хэргийг хянаж, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, миний амьдралын байдлыг харгалзан надад шүүхээс оногдуулсан 7 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан тодорхой хугацаагаар тэнсэж өгнө үү гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
П.Г нь 2017 оны 08 дугаар сараас өөрийн төрсөн эцэг Р. П болон төрсөн дүү П.Н нарт харгис хэрцгий хандаж, догшин авирлан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Р. П, гэрч М.Даваа, П.Н, Н.Алимаа, Б.Далайцэрэн, Д.Батчулуун нарын мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 155 дугаартай шийтгэвэр, Цагдаагийн ерөнхий газрын хайлтын системийн торгуулийн хуудасны бүртгэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч П.Гт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн шалгах болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Анхан шатны шүүхээс П.Гийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.
Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Т.ГАНБАТ
Н.БАЯРХҮҮ