Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2023/0373

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М т т” ХХК-ийн  

                              нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэгч шүүгч Э.Лхагвасүрэн     

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Чулуунбаатар

Нэхэмжлэгч: “М т т” ХХК

Хариуцагч: Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Ц, Б.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан татварын улсын байцаагч нарын 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА20210000034 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 6 дугаартай;

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Ч

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э

Хариуцагч Ч.Ц

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль                  

Хэргийн индекс: 119/2021/0023/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэгч нь Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан татварын улсын байцаагч нарын 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн НА20210000034 дугаар нөхөн ногдуулалтын актын төлбөрийн хэмжээг багасгуулах”-аар маргасан байна.

 2.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 6 дугаар шийдвэрээр:

“Татварын ерөнхий хууль /2020 он/-ийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, Татварын ерөнхий хууль /2008 он/ 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Зөрчлийн тухай хууль /2017 он/ 11.19 дүгээр зүйлийн 1.2, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан “М т т” ХХК-ийн гаргасан Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Э, Ч.Ц нарын 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн НА-20210000034 дугаар нөхөн ногдуулалтын актын төлбөрийн хэмжээг багасгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ч-аас давж заалдах гомдолдоо: “...Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 6 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах байдлаар гомдол гаргаж байна.

Уг шүүхийн шийдвэрт үндэслэх хэсэгтээ 3.2-т Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас төрийн сангаар дамжуулан мөнгийг шилжүүлэхдээ иргэний данс руу шилжүүлж хувь хүний орлогын албан татварт 10 хувь суутган тооцож иргэн компанийн данс руу шилжүүлж бид дахин нэмэгдсэн өртгийн албан татвар тооцуулснаар нийт 20 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар тооцуулсан нь компанийн хувьд алдагдалтай ашиггүй ажиллах, нэмэгдсэн өртгийн албан татварын өрөнд орох нөхцөл байдал үүссэн.

Бид цаашид үйл ажиллагаагаа хэвийн авч явах тендерт оролцоход өр төлбөргүй байх зэрэг шаардлагын үүднээс “Х д о” ХХК-аас 527.272.272.28 төгрөгийн 12 падаан авсан нь татварын шалгалтаар хүчинтэй бус баримт болж таарсан.

Энэхүү ажил үйлчилгээнд татвар ногдуулалт хийхдээ нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх ажил, үйлчилгээ гэж мэдэж байсан мөртлөө ямар нэг зөвлөмж, зааварчилгаа өгч нэмэгдсэн өртийн албан татварын хасалт хийлгүйгээр татвар ногдуулж тооцсон асуудал нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай  хууль дүрмийг хэрэгжүүлэхгүй байна гэх үндэслэлтэй. 3.3-т Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газарт хандсаны дагуу 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 05/1772 тоот албан бичгийг ирүүлсэн.

Тус хариу албан бичигт Сангийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 46 тоот тушаалаар баталсан заалтын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх боломжтой гэж үзсэн.

Үүний дагуу татварын маргаан таслах зөвлөлд хандаж гомдол гаргасан. Тухайн үед бидэнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч төрийн байгууллага, олон улсын төсөл хөтөлбөрийн төслийн ажилтнууд, татварын байцаагч нар ойлголт өгөөгүйгээс болж энэхүү асуудалд хүрсэн.

Иймд татварын улсын байцаагч нарын 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн НА-20210000034 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн манай компанийн нэхэмжлэлийн шаардлагын гол утгыг дурдсан хэрнээ хариуцагч нарын тайлбарт ямар учраас 2019-2020 онуудад Орхон аймагт НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийгдэж буй хөрсний бохирдлыг бууруулах эко ариун цэврийн байгууламж барих 290 айлын төслийн ажлын төсөл хөтөлбөр нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11-д заасан заалт, Сангийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 46 тоот тушаалаар баталсан журмын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй байгаа талаар тодорхой тайлбар, нотлох баримтуудыг гаргуулсангүй.

Татварын улсын байцаагч Б.Э, Ч.Ц нарт энэхүү төсөл хөтөлбөрийн ажил, үйлчилгээ нь төр, иргэн, аж ахуй нэгж гэсэн гурван хуулийн этгээдийн дунд үүссэн 2 дахин нэмэгдсэн өртгийн албан татварын бичилт хийгдсэн. Анх эко 00-ийн гэрээний үнэ 1.997.400 /нэг сая есөн зуун ерэн долоон мянга дөрвөн зуун төгрөг/-өөр хийгдсэн ажлаас давхар суутгагдсан байхад өөрөөр хэлбэл нэг санхүүжилттэй нэг ажлаас татвар авсан мөртлөө хоёр өөр субъектээс суутгасан гэж тайлбарлаж байгаа нь татварын улсын байцаагчийн тавьсан актыг хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Энэхүү төсөл хөтөлбөрийн ажлыг хийж дуусган, хүлээлгэн өгөхөд цалингийн зардал, бараа материал түүхий эдийг худалдан авах зардлын баримтуудыг шаардлага хангахгүй баримт гэж хасч тайланд тусгуулаагүйгээр тооцсон.

Мөн жилийн эцсийн тайлан баланс өгч байхад татварын ахлах байцаагч н.Дэлгэрмаа хаалт хийж тайлангаа хүлээж авахгүй байсан бөгөөд хяналт шалгалт оруулсны дараа хүлээн авсан гэсэн хариу өгсөн нь аж ахуй нэгжүүдийг мухардалд оруулж татварын акт тавьж байсан энэ талаар анхан шатны хуралдаан дээр дурдсан боловч авч хэлэлцээгүй.

Манай байгууллага нь татварын тухай хууль дүрмүүдийг зөрчөөгүй бөгөөд харин ч эсрэгээрээ Орхон аймгийн татварын улсын байцаагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13-р зүйлийн 13.11, Сангийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 46 тоот тушаалаар баталсан заалтын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх боломжтой байсан атал эрх зүйн байдлыг дордуулан нөхөн ногдуулалтын акт гаргасан.

Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хууль /2021/-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-т заасны дагуу тус нөхөн ногдуулалтын зарим хэсгийг өршөөлд хамрагдах үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.

Иймд асуудлыг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-т "гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа" гэж …Монгол Улсын Засгийн газраас гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай байгуулсан гэрээний дагуу хариу төлбөргүйгээр хүлээн авсан барааг.

Үүнд буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас мөнгөөр өгсөн санхүүжилтээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээ мөн хамаарна”, 13 дугаар зүйлийн 13.1.3-т “гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа”-г албан татвараас чөлөөлнө” гэж тус тус заасан.

            Улсын Дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор өмнө нь энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ:

“…гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа, хөрөнгө оруулалтын ажил мөн эсэхийг тодруулахын тулд санхүүжилт нь аль байгууллагаас гарсан болон үүнд холбогдох гэрээ, төсөл хэрэгжүүлэгч, туслан гүйцэтгэгчийн талаарх баримтыг хэрэгт цуглуулах шаардлагатай. …нэхэмжлэлийн гол үндэслэлд холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй учраас хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй…” гэж дүгнэсэн,

            -Сангийн яамны 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 03/504 дүгээр албан бичгээс үзэхэд Орхон аймагт хэрэгжсэн хөрсний бохирдлыг бууруулах эко ариун цэврийн байгууламж барих 290 айлын төсөл нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Япон Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн болох нь тогтоогджээ.

2.Нэхэмжлэгч “М т т” ХХК-ийн тухайд дээрх төслийн гүйцэтгэгчээр ажиллаж, иргэдтэй байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний дагуу эко 00-ыг  тус бүр нь 1.997.400 төгрөгөөр хийхээр харилцан тохиролцсоны дагуу хийж гүйцэтгэсэн, харин энэхүү ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотой нийтдээ 527.272.727,28 төгрөгийн бараа, материалыг “Х О” ХХК-иас НӨАТ-тай худалдаж авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй 12 падаан авсан болох нь татварын хяналт шалгалтаар тогтоогдсон, өөрөөр хэлбэл тэдгээр падаан нь хий бичилттэй гэх хариуцагчийн тайлбар зөв ч энэ нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.

            Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу нэгэнт тус татвараас чөлөөлөгдөхөөр байх тул Сангийн сайдын 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/30 дугаар тушаалаар хүчингүй болсон ч тухайн үед үйлчилж байсан 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 46 дугаар тушаалаар баталсан журмын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалтад ороогүй нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, цаашлаад торгууль, алданги тооцох үр дагаварт хүргэхгүй.

3.Хэдийгээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11-д “Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авсан бараа, буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас өгсөн санхүүжилт /мөнгөн хөрөнгө/-ээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээг албан татвараас чөлөөлөхөд мөрдөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу дээрх журмууд үйлчилж байгаа ч нэхэмжлэгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй 12 падаанд тусгагдсан 527.272.727,28 төгрөгийн бараа, материал нь уг жагсаалтад орсон тохиолдолд татвараас чөлөөлөгдөх боломжтой байсан болох нь:

            -Татварын ерөнхий газрын татвар төлөгчдөд үйлчлэх газрын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 05/1772 дугаар албан бичигт “…танай хэрэгжүүлж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Японы Засгийн газрын ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар хийгдэж буй хөрсний бохирдлыг бууруулах эко ариун цэврийн байгууламж барих төсөл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11-д заасны дагуу Сангийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 46 дугаар тушаалаар баталсан журмын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалтад орсон тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх боломжтой…”,

-Орхон аймгийн татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5 дугаар тогтоолд магадлагч татварын улсын байцаагч Ж.Б “…эко ариун цэврийн байгууламж барих 290 айлын төслийн ажлын гүйцэтгэгчээр “М т т” ХХК-ийн ажилласан энэхүү төсөл нь Сангийн сайдын дээрх журмын дагуу НӨАТ-аас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, жагсаалтад орсон бол НӨАТ-аас чөлөөлөгдөх боломжтой байсан…” гэснээр тус тус батлагдаж байна.

4.Бодит байдалд 2019 онд Орхон аймагт хэрэгжүүлсэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “эко ариун цэврийн байгууламж барих” 290 айлын төслийн ажлын гүйцэтгэгчээр “М т т” ХХК ажилласан, иймд энэхүү төслийн санхүүжилтээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ буюу НӨАТ-ын хий бичилттэй падаанд тусгагдсан худалдан авалтууд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр байхад “…Сангийн сайдын 2016 оны 46 дугаар тушаалаар баталсан журмын жагсаалтад ороогүй…” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй.

Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, актаар тогтоосон төлбөрөөс зөвхөн дээрх зөрчилд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргасан, Ажил гүйцэтгэх гэрээний 3.1-т “эко 00-ын нэг бүрийн үнэ болох 1.997.400 төгрөгт НӨАТ болон бусад бүх төлбөр багатсан” гэж тусгасан ч энэ нь нэгэнт чөлөөлөгдөх бараа, бүтээгдэхүүний хувьд НӨАТ ногдуулах хуульд заасан үндэслэл болохгүй. 

5.Аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 596 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Стандартын шаардлага хангасан эко ариун цэврийн байгууламж байгуулсан гэр хорооллын иргэдэд урамшуулал олгох журам”-ын 1.1-д Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй ойрын хугацаанд инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй айл өрхийн ариун цэврийн байгууламжийг стандартын шаардлага хангасан байгальд ээлтэй буюу хөрсөнд нэвчдэггүй технологиор шинэчлэхэд энэхүү журмын зорилго орших болохыг, 1.3.3-т “Гүйцэтгэгч” гэж стандартын шаардлага хангасан эко ариун цэврийн байгууламжийг зураг төсвийн дагуу гүйцэтгэхээр сонгогдон гэрээ байгуулсан хуулийн этгээдийг ойлгохоор, мөн Сангийн сайдын баталсан 2016 оны 46 дугаар журмын 3.1-т “Хөнгөлөлтэй зээл болон буцалтгүй тусламжийн барааг албан татвараас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг улирал бүрийн эхний сарын 05-ны дотор Төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллагаас санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараах бичиг баримтын хамт ирүүлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нь уг төслийг хэрэгжүүлэгчийн хувьд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх хүсэлтийг гаргах, ийнхүү гаргахдаа журмын 3.1.3-т заасны дагуу төсөл хэрэгжүүлэх туслан гүйцэтгэгч болох нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ болон нэхэмжлэгчээс холбогдох хүсэлтийг гаргуулан хавсаргахаар байна. 

Гэвч энэ тохиолдолд журамд заасны дагуу албан татвараас чөлөөлүүлэх хүсэлтийг гаргаагүй, Сангийн яамнаас албан татвараас чөлөөлөх жагсаалтад оруулаагүй зэрэг нь бодит факт боловч Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.30-т заасны дагуу татвар төлөгчид үйлчлэх татварын улсын байцаагчийн хувьд, 75 дугаар зүйлийн 75.1.1-д заасны дагуу татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах, 75.2-т заасны дагуу татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх, тайлагнах үйл ажиллагаатай холбогдуулан түүнийг хууль тогтоомжийн дагуу мэдээллээр хангаж, туслалцаа үзүүлэх чиг үүргийн хүрээнд, мөн 76 дугаар зүйлийн 76.1.3-т заасны дагуу “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх” зарчмын хүрээнд нэгэнт НӨАТ-аас чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээнд журамд заасан зохицуулалтыг үндэслэн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь буруу.

6.Түүнчлэн дээрх хуулийн 76 дугаар зүйлийн 76.5-д зааснаар татварын алба, татварын улсын байцаагч нь “Хуульд зааснаас бусад тохиолдолд аливаа этгээд татвар ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөхтэй холбогдсон асуудлаар бусдын өмнө үүрэг хүлээхийг хориглосон”-оос бус харин хуулиар чөлөөлөгдсөн бараа, ажил үйлчилгээний тухайд “…хяналт шалгалт хийж байх үед Сангийн яамнаас тодруулж асуухад жагсаалтад байхгүй байна гэсэн хариу өгсөн. Сангийн яамнаас гаргасан журмыг зөрчөөд хөнгөлөлт үзүүлэх эрх хэмжээ надад байхгүй…” гэх хариуцагчийн тайлбар нь дээр дурдсанчлан хуулиар хүлээсэн чиг үүрэг болон татварын албаны үйл ажиллагаанд баримтлах зарчимд үл нийцнэ.

Иймд “Х д о” ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татварын 12 ширхэг хий бичилттэй падаанаар нийт 527.272.727.28 төгрөгийн бараа, материал худалдан авсан мэтээр уг татварыг төлөхөөс зайлсхийсэн зөрчилд актаар ногдуулсан 52.727.272,73 төгрөгийн нөхөн татвар, 15.818.181,82 төгрөгийн торгууль, 4.060.000,00 төгрөгийн алданги, нийт 72.605.454,55 төгрөгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс НӨАТ-ын хий бичилттэй падааныг хуульд нийцсэн гэдэг агуулгаар бус гагцхүү нэмэгдсэн өртгийн албан татвараас хуулиар чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээ болох нь баримтаар хангалттай тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 6 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9, 13 дугаар зүйлийн 13.1.3, Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3-т заасныг баримтлан “М т т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн “Татварын ногдуулалт төлөлтийг шалгасан тухай” НА20210000034 дугаар нөхөн ногдуулалтын актаар тогтоосон нийт 142.680.045,52 төгрөгөөс 72.605.454,55 төгрөгийг хүчингүй болгож, төлбөрийн хэмжээг энэхүү дүнгээр багасган, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ч давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           Т.ЭНХМАА

 

 

   ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН