Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 811

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Д” ХХК

Хариуцагч: СЯ, НХААГ,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: “К” ХХК

Гуравдагч этгээд: “М” ХХК, “Х” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: СЯны 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/5351 тоот гомдол хянасан тухай захиргааны актыг хүчингүй болгуулах,

Гуравдагч этгээдийн “К” ХХК-ийн бие даасан шаардлага: Сангийн яамны 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/6215 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, “Хог тээврийн тусгай зориулалтын автомашин /10ш/” тендерийн ялагч “К” ХХК-тай гэрээ байгуулахыг НХААГт даалгуулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, хариуцагч СЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч НХААГын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гуравдагч этгээд “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, О.Н, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...НХААГаас 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хог тээврийн  тусгай  зориулалтын  машин 10  ширхэгийг нийлүүлэх тендер зарласан. Тус тендерт манай “Д” ХХК оролцож хуульд заасан болон тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан чадавхийн ерөнхий шаардлагыг бүхэлд нь хангаж, улмаар үнэлгээний хороо үнэлгээ хийж хамгийн бага үнийн санал ирүүлсэн буюу хамгийн сайн тендерээр шалгаруулж дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтийг үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр НХААГаас гэрээ байгуулах шийдвэрийг хууль ёсны дагуу гаргасан. Тус шийдвэрийг СЯнаас 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гомдол хянасан тухай шийдвэрээр хүчингүй болгосон. Үүнийг эс зөвшөөрч манай байгууллагаас нэхэмжлэл гаргасан. Тус шийдвэрээр манай гэрээ байгуулах эрхийг дараах 2 үндэслэлээр хүчингүй болгосон. Үүнд:

1.   Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 12.1, ё-10-т зааснаар “ижил төрлийн үйлчилгээ, засвар үйлчилгээ хийж байсныг нотлох баримт ирүүлээгүй” гэж үзсэн. Гэхдээ манай зүгээс үүнтэй холбоотой баримтуудыг ирүүлсэн гэж үзэж байгаа. “О” ХХК-ийн тодорхойлолт болон манай байгууллагын засвар  үйлчилгээний  байршил хүргүүлэх тухай мэдэгдлийг тендерийн материалдаа хавсаргасан байгаа. Дээрх тодорхойлолтод “2013 оноос хойш манай компани нь тусгай  зориулалтын  автомашин болон цамхаг караны засвар үйлчилгээг “Д” ХХК-иар хийж гүйцэтгүүлж байна” гэсэн байдаг. Уг тодорхойлолтоос үзэхэд манай байгууллага нь 2013 оноос хойш тусгай зориулалтын автомашины засвар үйлчилгээг хийж байсан нь харагдаж байгаа юм. Мөн манай зүгээс засвар үйлчилгээний байршил хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн байдаг. Тэгэхээр эдгээр баримтуудыг ирүүлээгүй гэж үзэж байгаа нь СЯ тендерийн материалыг хангалттай сайн хянаж үзээгүй байгаа юм.

2.   Өгөгдлийн хүснэгтийн 13.4-т зааснаар “холбогдох үйлчилгээний жагсаалт болон  хуваарийг  маягтын дагуу бөглөж ирээгүй” гэсэн байдаг. Тус маягтыг авч үзвэл жагсааж бичих ёстой байсан. Хэдийгээр манайх жагсааж бичиж ирүүлээгүй ч гэсэн шаардлагатай бүх баримтыг тендерийн материалд хавсаргасан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл манай компани нь тус тендерт шалгараад автомашиныг нийлүүлсэн  бол  нийлүүлсэн өдрөөс 24 сарын хугацаанд баталгаа гаргаж, холбогдох засвар үйлчилгээ, шаардлагатай сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэгчээс нийлүүлсэн баталгаа гаргасан. Тус баталгаа нь үйлдвэрлэгчийн баталгаа юм. Манай компани нь тендерт шалгарсан бол сургалт зохион байгуулах ажлыг ажлын 5 хоногийн дотор хийнэ гэдгээ албан бичгээр мэдэгдсэн байгаа юм. СЯ нь шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах журмыг зөрчсөн гэж байгаа юм. Захиргааны байгууллага нь шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, 4.2.6 дахь заалтад заасан тусгай зарчмуудыг баримтлах ёстой. Үүнийг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дахь хэсэгт заасан мэдэгдэх сонсгох ажиллагааг хийж гүйцэтгэх ёстой. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргахаас өмнө нөхцөл байдлыг манайд мэдэгдээд нотлох баримтыг цуглуулж, бидний оролцоог хангах ёстой байсан. Хэрэв мэдэгдэх сонсох ажиллагааг хийсэн байсан бол манай зүгээс маягтын дагуу жагсаалтыг бөглөх боломжтой  байсан. Учир нь тендерийн агуулга болон үнэд өөрчлөлт оруулахгүйгээр нэмэлт материал оруулах боломжтой байдаг. Тендерийн хуульд заасан ерөнхий шаардлагыг хангасан бол үнэлгээ хийдэг. Үнэлгээнд баримтлах гол шалгуур нь  хамгийн  бага үнийн санал ирүүлсэн байх явдал юм.  Гуравдагч этгээдээр оролцож байгаа бүх компаниудаас манайх хамгийн бага үнийн санал ирүүлсэн байсныг харгалзан үзэж тендерийн үнэлгээний хороо болон НХААГ нь хуульд нийцсэн шийдвэр гаргасан байсан. Иймд СЯны 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн гомдол хянасан тухай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...”, “...Гуравдагч этгээд “К” ХХК-ийн гаргасан бие даасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тайлбар хэлье. 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр тендер зарлагдсан. Тендер зарлах үед тендерийн баримт бичгийг боловсруулсан байдаг. Өөрөөр хэлбэл хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө тендерийн баримт бичгийг боловсруулсан байсан. Хэрэв тендерийн баримт бичгийг хуулийн дагуу боловсруулаагүй гэж үзсэн бол захиалагчийн зүгээс тусдаа гомдол гаргах эрхтэй байсан.  Талуудын гаргасан тайлбартай холбогдуулан нэмэлт тайлбар хэлье. Манай гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгосон СЯны шийдвэр нь хүчингүй болсноор түүнээс хойш үүсэх бүх үр дагавар мөн адил хүчингүй болно. Учир нь Тендер сонгон шалгаруулалт нь ганцхан үе шаттай явагдаад дуусдаггүй. Тендерт шалгарагч компанитай холбогдуулан ямар нэгэн маргаан үүсээгүй, гэрээ байгуулагдсан тохиолдолд тухайн тендерийг дууссан гэж үзнэ. Захиалагчийн тавьсан ерөнхий шаардлагыг давуулан биелүүлсэн нь хамгийн сайн тендер болдоггүй. Харин шаардлага хангасан компаниудаас хамгийн бага үнэ санал болгосон компанийг сонгодог. Иймээс “Х” ХХК-ийн хэлсэн тайлбар нь үндэслэлгүй байна. НХААГ хуульд нийцүүлэн манай компанийг ялагчаар шалгаруулсан юм...” гэв.

Хариуцагч СЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Д” ХХК нь тендерийн үнэлгээний хорооны эхний шийдвэрээр тухайн тендерт шалгарсан байдаг. Гуравдагч этгээдүүдээс гомдол гарсны дагуу тухайн шийдвэрийг бүхэлд нь хянаж  үзээд  шийдвэр гаргасан байдаг. Шийдвэрийг хянаж үзэх явцад “Д” ХХК нь 2 шаардлагыг хангаагүй байсан. Үнэлгээний хорооны мэдэгдлийг үндэслэн шалгаруулах боломжгүй гэж үзэж, дахин үнэлгээ хийх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрт дараах асуудлыг тодорхойлсон. “Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 12.1 Д 13.4 дэх хэсэгт заасан шаардлагуудыг хангаагүй” гэдгийг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл ижил төрлийн үйлчилгээ явуулж байсан туршлага байхгүй, гүйцэтгэлийн хуваарийг маягтын дагуу ирүүлээгүй, байсан тул татгалзах үндэслэлтэй үзэж, дахин үнэлгээ хийхийг захиалагч байгууллагад мэдэгдсэн. “Д” ХХК нь манай шийдвэрийг хүлээж аваад, дахин үнэлгээ хийгдээд, дахин үнэлгээний шийдвэр буюу мэдэгдлийг хүлээж авсан байдаг.  Нэхэмжлэгчийн хувьд тухайн мэдэгдэлтэй маргаж манайд гомдол гаргаагүй. Тэгэхээр 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр гарсан захиргааны актыг биелэгдсэн  гэж үзэж болох юм. Хэрэв дээрх шийдвэрийг эс хүлээн  зөвшөөрч байгаа бол СЯанд гомдол гаргах эрхтэй байсан. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь зөвхөн эхний актыг хүчингүй болгуулахаар гаргасан байдаг.  Үүнийг  хүчингүй болгосноор ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсэхгүй. Учир нь 2 дахь шийдвэр гарсан байгаа. Маргахгүй байгаа үйлдлийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож болно. Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд 2 дахь шийдвэртээ маргах боломжтой байсан ч тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, энэхүү хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байдаг тул шийдвэр гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн дагуу явагдахгүй. Тендерт оролцогч компаниудын гомдлыг хянан шийдвэрлэхээр сонсох ажиллагаа явуулах ёсгүй. Учир нь бидэнд тодруулга  авах  ямар ч эрх байхгүй. Хэрэв сонсох ажиллагаа хийсэн бол нэхэмжлэгч нь өөрийгөө өмгөөлсөн байдлаар оролцох байсан. Өөрөөр хэлбэл зөвхөн “Д” ХХК-иас тодруулга аваад бусад компаниудаас авахгүй байх боломжгүй юм.   Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...”, “...Гуравдагч этгээдийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тайлбар хэлье. Эхний шийдвэрт 3 компани гомдол гаргасан. Эдгээр гомдлуудыг  Монгол  Улсын Сангийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн гомдол хянан шийдвэрлэх журмын дагуу хянан шийдвэрлэсэн. 2 дахь шийдвэрт 2 байгууллагаас гомдол гаргасан бөгөөд тухайн гомдлыг мөн адил шийдвэрлэсэн...” гэв.

Хариуцагч НХААГын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ төсөл 2019 оны 3 дугаар сард Нийслэлийн Засаг даргын 384 дүгээр захирамжаар НХААГт эрх шилжиж ирсэн. Эрх шилжиж ирсний дараа хуулийн дагуу үнэлгээний хороог байгуулж, захиалагчийн шийдвэр гарсны дараа тендерийн баримт бичгийг боловсруулж, нээлттэй тендер шалгаруулалтыг 30 ба түүнээс дээш хоногоор тендер шалгаруулалт зарладаг. 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тендер шалгаруулалт эхэлж 17 оролцогч тендерийн материалаа ирүүлсэн. Үнэлгээний хороо нь ирсэн материалуудыг шалгаж үзээд “Д” ХХК болон “Х” ХХК-иудыг шаардлага хангасан гэж үзсэн байдаг юм. Шаардлага хангасан 2 компаниас хамгийн бага үнийн санал ирүүлсэн нь “Д” ХХК гэж үзэж 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр тендерийн ялагчаар шалгаруулж, энэ тухай бусад компаниудад мэдэгдсэн байдаг юм. Мэдэгдэл хүргүүлснээс хойш бусад компаниудад гомдол гаргах 6 хоногийн хугацаа байдаг.  Үүний дагуу бусад компаниуд СЯанд гомдол гаргаж, СЯны зүгээс энэ тухай мэдэгдлийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр  манайд ирүүлсний дагуу тендер шалгаруулах ажиллагааг түдгэлзүүлсэн. СЯ гомдлыг хянаж үзээд үнэлгээг дахин хийх шийдвэрийг 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр үнэлгээний хороонд мэдэгдсэн байдаг юм. Гомдол гарсантай холбоотойгоор тендерийн хүчинтэй хугацаа нь захиалагчаас үл хамаарах нөхцөл байдлын улмаас хугацаандаа  амжихгүй  гэж   үзэж   Монгол   Улсын   Сангийн   яамнаас   тендерийн хугацааг нэг удаа сунгасан байдаг юм. Хэрэв тендерийн хугацааг сунгасан тохиолдолд бүх оролцогчдод мэдэгдэж сунгах эсэх талаар зөвшөөрөл авах ёстой байдаг учир бүх оролцогчдод мэдэгдэхэд 8 оролцогч сунгахыг зөвшөөрч баталгааны  хугацаагаа  сунган ирүүлсэн. Харин үлдсэн 9 оролцогч нь зөвшөөрөөгүй учир тендер шалгаруулалтаас хасагдаад явсан. Гомдол хянан шийдвэрлэх тухай журмын дагуу 2 дахь хурлаа хийгээд үзүүлэлтүүдийг шалгаж үзээд “Х” ХХК болон “К” ХХК-иудыг шаардлага хангасан гэж үзээд тухайн 2 байгууллагыг харьцуулан үзэж хамгийн бага үнийн  санал  ирүүлсэн  “К” ХХК-ийг  шалгаруулсан. Энэ тухайгаа бусад компаниудад мэдэгдсэнээр тэдгээр компаниудад гомдол гаргах эрх үүсэж байгаа тул 6 хоногийг хүлээнэ. Тухайн 6 хоногийг хүлээж байх хооронд 2 компаниас гомдол гаргасан байдаг. СЯ гомдлыг хянаж үзээд  2019 оны  9 дүгээр сарын 13-ны өдөр дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн байдаг. Энэ мэт процесс ажиллагаа хуулийн дагуу явагдсаар байгаад тендерийн хүчинтэй хугацаа дууссан...” гэв.

Гуравдагч этгээд “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Эхний шийдвэрт гомдол гаргасан нь хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэж болно. 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Д” ХХК-ийг тендерт шалгаруулсан шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдүүдийн зүгээс гомдол гаргаж,  СЯ гомдлыг хянаж үзээд дахин үнэлгээ явуулж 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр манай компанийг тендерт шалгаруулсан байдаг юм.  Энэ шийдвэрт нэхэмжлэгч нь гомдол  гаргаагүй  тул, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрт гомдол гаргах эрхгүй юм. Тендерийн үнэлгээний хороо “Д” ХХК-ийг ялагчаар шалгаруулсныг СЯ хянаж үзээд нотлох баримт ирүүлээгүй гэж үзсэнийг манай зүгээс үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл засвар үйлчилгээ явуулдаг нь үнэн гэсэн тайлбарыг хэлж байгаа  боловч энэ тухайгаа хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгаа юм. Хэрэв засвар үйлчилгээ хийдэг байсан бол энэ тухай гэрээнүүдээ ирүүлэх ёстой. Иймээс засвар үйлчилгээ явуулдаг нь нотлогдоогүй гэж үзэж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Тендерийн шаардлагад заасан жагсаалтыг  маягтаар ирүүлээгүй байгаа нь шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байгаа юм. Тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан гомдлыг СЯ хянаж байх явцдаа нэмэлт нотлох баримт гаргуулах  үндэслэл байхгүй. Учир нь тендерийн үнэлгээний хороо нь ямар баримтыг үндэслэн шалгаруулсан гэдэгт СЯ хяналт тавьж ажилладаг.  СЯ нь тендерт ирүүлсэн баримт бичиг үндэслэн шийдвэр гаргадаг тул нэмэлтээр нотлох баримт, тайлбар авах, мэдэгдэх, сонсох  ажиллагаа хийх  хууль зүйн үндэслэл байхгүй юм.  Бие даасан нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлая. 2019 оны 7 дугаар сарын 18-ны өөр “Д” ХХК-ийг  тендерийн  ялагчаар шалгаруулсан шийдвэрийг эс зөвшөөрч манай зүгээс СЯанд гомдол гаргасан. СЯ манай гаргасан гомдлыг хянаад үндэслэлтэй байна гэж үзэж үнэлгээ  хийлгэх  шийдвэр  гаргасны дагуу дахин үнэлгээ хийгээд манайхыг ялагчаар шалгаруулсан. Манайхыг ялагчаар шалгаруулсан шийдвэрийг эс зөвшөөрч 2 компани СЯанд гомдол гаргасан байдаг. СЯ гомдлыг хүлээн хянаж үзээд дахин шийдвэр гаргасан байдаг. Манай зүгээс үүнийг эс зөвшөөрч байгаа юм. НХААГаас тендерийг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр зарласан. Өөрөөр хэлбэл тендерийн баримт бичиг нь хуучин хуулиар боловсруулагдсан юм. 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, тус нэмэлт өөрчлөлтийг 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Өмнөх хуульд тендерийн хүчинтэй хугацаа 45 хоног байсныг 30 хоног болгон өөрчилсөн. Төрийн  болон  орон  нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд  тендер хүчинтэй байна” гэж заасан. Тендерийн баримт бичиг эрх зүйн акт мөн  боловч  хуулиас  илүү  үйлчлэлтэй байх боломжгүй. Энэ мэт нөхцөл байдлыг СЯ харгалзаж үзээгүй тул бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Д” ХХК-ийг ялагчаар шалгаруулсан шийдвэрт “Х” ХХК, “М” ХХК, “К” ХХК-иуд нь гомдол гаргасан. Тухайн үед гомдол гаргахдаа манай зүгээс энэ   тендерийг бүхэлд нь шалгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байсан. СЯ нь манай хүсэлтийн дагуу шалгаж  үзээд, дахин  үнэлгээ хийх шийдвэр гаргасан юм. Мөн тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч “Х” ХХК болон “Ц” ХХК-иуд дахин гомдол гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл СЯ тендерийг бүхэл нь хянаж үзээд шийдвэр гаргасан байхад өмнө нь гаргаж байсан үндэслэлээр дахин гомдол гаргаж, СЯ гомдлыг хүлээн авч дахин хянаж үзээд 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичгийг гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон ШӨХТГ энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл СЯ тендер оролцогчдын гомдлыг хянаад дүгнэлтээ гаргасан атлаа яг адилхан үндэслэлээр дахин гомдол гаргаж байхад 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дахин дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй байгаа юм. “Ц” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн тендерийн үнэлгээний хорооны шийдвэрт огт гомдол гаргаагүй. Гэтэл “Ц” ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн тендерийн үнэлгээний хорооны гаргасан шийдвэрт гомдол гаргасан байсан бөгөөд гомдлыг хүлээн авч шийдвэрлээд байгаа юм. Тэгэхээр “Ц” ХХК-ийн хувьд өмнөх шийдвэрт гомдол гаргаагүй байсан тул дараагийн шийдвэрт гомдол гаргах эрхгүй юм. Харин “Х” ХХК-ийн хувьд өмнө нь гаргасан гомдолтойгоо давхардуулан гомдол гаргасан бөгөөд тухайн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм. Манай зүгээс НХААГтай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Шүүхэд маргаантай байгаа асуудалтай холбогдуулан нотлох баримт гаргуулахаар очиход нэгэнт шүүхэд маргаантай байгаа учраас шүүхийн шийдвэр гараагүй тохиолдолд гэрээ байгуулахгүй гэсэн утга бүхий тайлбар өгснийг манай зүгээс захиргааны акт гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэв шүүхээс манай нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж шийдвэрлэсэн тохиолдолд гэрээ байгуулахыг даалгаж өгөхийг хүсэж байна. “Х” ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч гуравдагч этгээдээр оролцож байгаа. Тэгэхээр тэдний хувьд дээрх актуудад холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй тул тэдний гаргасан тайлбар нь нэхэмжлэлийг дэмжээгүй гэж ойлгож байна. “Д” ХХК-ийн тендерийн материалыг үзэж байхад тухайн компанийн гүйцэтгэх захирлаар н.Тэмүүлэн гэдэг хүн томилогдсон байдаг. Гэтэл ижил төстэй ажил үйлчилгээ хийж гүйцэтгэсэн туршлагатай холбоотой гэрээнүүдийг н.Л гэх хүн байгуулсан байгаа юм. Тэгэхээр дээрх нөхцөл байдлууд нь эргэлзээтэй байгаа юм...”, “...Гуравдагч этгээд “М” ХХК нь бие даасан шаардлага гаргах эрхгүй, бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендөр хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 15 хоногоор сунгаж болно” гэж заасны дагуу хугацааг сунгах боломжтой байгаа юм...” гэв.

 

Гуравдагч этгээд “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:                “...Нэхэмжлэгч нь тендерийн материал явуулахдаа шаардлага хангаагүй гэдгийг СЯ тогтоосны дагуу дахин үнэлгээ хийгээд манай компанийг ялагчаар тодруулсан. Үүний дараа “Х” ХХК нь өмнө гаргасан гомдлоо дахин гаргасан байгаа юм. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон ШӨХТГ энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу татгалзах ёстой байсан. Нэгэнт бүхэлд нь хяначихсан байгаа шийдвэрийг дахин хүлээн аваад хянаж байгаа нь үндэслэлгүй байна. “Х” ХХК нь нэг гомдлоо дахин дахин гаргадаг. “Ц” ХХК нь өмнөх шийдвэрт гомдол гаргаагүй тул дараагийн шийдвэрт гомдол гаргах эрхгүй юм. “М” ХХК нь тендер шалгаруулалтад шаардлага хангасан материал ирүүлээгүй байдаг. Энэ тендерт нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэхэд дууссан байх ёстой. Гэтэл хэдэн аж ахуйн нэгжүүдийн гомдлоос шалтгаалан ард иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдахад хүрч байна. Тэгэхээр энэ хэргийг богино хугацаанд үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...” гэв.

 

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Р шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:        “...Манай компани нь НХААГаас зарласан тендерт хуульд заасан журмын дагуу оролцсон. НХААГаас манай компанийг тендерийн материал дутуу ирүүлсэн үндэслэлээр татгалзсан. Эхний шийдвэрээр “Д” ХХК, 2 дахь шийдвэрээр “К” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон боловч тендерийн бусад оролцогчид СЯанд гомдол гаргасны дагуу СЯ эдгээр гомдлыг хянан шалгаад дээрх 2 компанийг шалгаруулсан шийдвэрийг тус тус хүчингүй болгосон. Үүнтэй холбогдуулан дээрх 2 компани нь СЯны шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэсэн байгаа юм. 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 02/1000, 2019 оны 8 дугаар сарын 26- ны өдрийн 02/1379 актуудын дагуу гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байгаа юм. Манай зүгээс энэ тендерийн шаардлагад нийцсэн нэг ч материал ирээгүй гэж үзэж байна. “Д” ХХК нь засвар үйлчилгээ явуулдаг эсэх талаар баримтыг ирүүлээгүй, мөн маягтын дагуу жагсаалтыг ирүүлээгүй байсан. “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг тайлбарлаж байхдаа маягтын дагуу ирүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Иймээс СЯнаас гаргасан хүчингүй болгосон шийдвэр нь үндэслэлтэй болж байна. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан хугацаа өнгөрсөн тул энэ тендерийг цааш үргэлжлүүлэх хугацаа дууссан юм. Энэ тендерт нэг ч шаардлага хангасан материал ирээгүй учраас НХААГаас дахин тендер зарлах ажиллагаа хийгдэх ёстой байтал “Д” ХХК болон “К” ХХК-иудын шаардлагын улмаас энэ ажиллагаа бүрэн зогссон. Иймээс манай зүгээс дахин тендер шалгаруулах ажиллагаа явуулахыг НХААГт даалгахыг шаардлагыг хуулийн дагуу гаргаж байна. Манай гаргасан гомдол нь нэгэнт шийдвэрлэсэн асуудалд дахин гомдол гаргаж байгаа асуудал биш юм. Эхний гаргасан гомдол нь “Д” ХХК-нд холбогдуулан гарсан. Хоёр дахь гомдол нь “К” ХХК-д холбогдуулан гарсан. Иймээс дахин тендер зарлах ажиллагааг НХААГт даалгаж өгнө үү...” гэв.

 

Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай зүгээс СЯнаас гаргасан 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн болон 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн гомдол хянасан тухай захиргааны актуудыг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байхдаа маягтын дагуу ирүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсэгт “...харьцуулах хамгийн бага үнэтэйг нь сонгоно” гэж заасан байдаг болохоор оролцогч компаниуд нь муу бараа бүтээгдэхүүнийг бага үнэтэйгээр санал болгож, захиалагч байгууллагад хохирол учирдаг байсан тул энэ асуудлыг шийдвэрлэхээр 2019 оны оны 3 дугаар сард хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нэмэлт өөрчлөлтөөр хамгийн сайн үнэлэгдсэн тендерүүдийг хооронд нь харьцуулах нь зөв гэж үзсэн. Манай компани нь Бүгд Найрамдах Солонгос улсын “Х” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг албан ёсоор оруулж ирэх эрхтэй. Энэ утгаараа баталгаатай автомашинуудыг санал болгодог болохоор бусад компаниудаас илүү өндөр үнийг санал болгодог. Иймд захиргааны актуудыг үндэслэлтэй байна гэж үзэж байна...”, “...Манай зүгээс “К” ХХК- ийн гаргасан бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн компани нь тендерийн материалын шаардлагыг хангаж байсан бол эхний үнэлгээгээр гарч ирэх байсан. Энэ тендер нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зарлагдсан бөгөөд хуучин хуулийн дагуу явагдаад дуусах ёстой байсан. Гэтэл 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөх хуулийн 30 хоног гэсэн заалтыг 5 дугаар сараас эхлэн мөрдөх нь буруу юм. 2 дахь удаагийн шалгаруулалтаар манай компани болон “К’ ХХК-иудыг шаардлага хангасан гэж үзсэн. Тус тендер нь 2 тэрбум төгрөгийн төсөвтэй. Харин манайх 1 тэрбум 800 сая төгрөгийн үнийн санал өгсөн. Тэгэхээр 2 удаагийн шалгаруулалтын дүнд манайхыг шаардлага хангасан гэж үзсэн атлаа үнийн дүнгийн асуудлаар манайхыг сонгохгүй байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь манайх тухайн тендерийн үнийн дүнд багтсан үнийг санал болгосон юм. Нэг асуудлаар олон гомдол гаргасан гэдэг тал дээр гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай санал нэг байна...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “СЯны 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/5351 тоот гомдол хянасан тухай захиргааны актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, гуравдагч этгээд “К” ХХК нь “Сангийн яамны 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/6215 дугаар албан бичгийг хүчингүй болгуулж, “Хог тээврийн тусгай зориулалтын автомашин /10ш/” тендерийн ялагч “К” ХХК-тай гэрээ байгуулахыг НХААГт даалгуулах”, гуравдагч этгээд “М” ХХК нь “НХААГын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “Д” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 02/1000 болон 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “К” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай 02/1379 дүгээр шийдвэрүүдийг хүчингүй болгож, нээлттэй тендер шалгаруулалтыг дахин явуулахыг НХААГт даалгах”-ыг хүссэн бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

 

2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр НХААГаас зарласан НХААГ-19/060 дугаартай “Хог тээврийн тусгай зориулалтын автомашин /10ш/ нийлүүлэх нээлттэй тендер шалгаруулалтад “Д” ХХК шалгарч, түүнтэй 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосон боловч уг тендер шалгаруулалтад “К” ХХК, “М” ХХК, “Х” ХХК-иудаас гомдол гаргасны дагуу Сангийн яамнаас гэрээ байгуулах эрхийг түдгэлзүүлж, тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг хянаад, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/5351 дүгээр албан бичгээр “Д” ХХК-ийг шалгаруулсан тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгджээ.

 

Сангийн яамны дээрх бичгийн дагуу Тендерийн үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, “К” ХХК-ийг шалгаруулж, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 02/1379 дүгээр албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон боловч уг тендерт шалгаруулалтад дахин “Х” ХХК, “Ц” ХХК-иудаас гомдол гаргаж, Сангийн яамнаас тендер шалгаруулалтын үйл ажиллагааг түр түдгэлзүүлж, тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг хянаад, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/6215 дугаар албан бичгээр “К” ХХК-ийг шалгаруулсан захиалагч НХААГын шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуулийн дагуу дахин хийхийг мэдэгджээ.

Нэхэмжлэгчээс “...тендерийн оролцогчоос тендерийн материалд байгаа нотлох баримтын тодруулга авалгүйгээр шийдвэрлэсэн буруу...” гэж, хариуцагчаас “...Д” ХХК-ийн тендерийн материалыг хянан үзэхэд ижил төрлийн бүтээгдэхүүнд засвар үйлчилгээ хийж байсан туршлагыг нотлох баримт ирүүлээгүй тул тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1 (ё)-д заасан шаардлагыг хангаагүй, ТОӨЗ 13.4-д заасан шаардлагыг зөрчсөн, дахин шалгаруулалтад орсон...” гэж маргажээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ШӨХТГ зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно.” 55.3-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ШӨХТГ гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана:”, 55.3.1.ЭНЭ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх;, 55.3.2.тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах;, 55.3.3.зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах.” гэж тус тус заажээ.

Хариуцагч Сангийн яамны НХААГ-19/060 дугаартай тендерт “Д” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон НХААГын шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин явуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.3-т заасан эрхийн хүрээнд шийдвэрлэжээ.

Учир нь НХААГ-19/060 дугаартай Хог тээврийн тусгай зориулалтын автомашин /10ш/ худалдан авах ажлын тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1(ё)-д “тендерт оролцогч дараах нэмэлт материалыг өөрийн тендерт хавсралтаар ирүүлнэ... 10. Ижил төрлийн бүтээгдэхүүнд үйлчилгээ, засвар хийж байсан туршлагатай байх”, 13.4-т “Холбогдох үйлчилгээний жагсаалт ба гүйцэтгэлийн хуваарийг маягтын дагуу баталгаажуулан ирүүлнэ” гэж заасныг нэхэмжлэгч зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Тендерийн баримт бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэснээр тухайн зүйлд заасан шаардлага, бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан тохиолдолд шаардлагад нийцсэн тендер гэж үзэх учиртай болох бөгөөд нэхэмжлэгч энэ шаардлагыг хангасан гэх байдал тогтоогдохгүй байна. Нөгөөтэйгүүр тендерт оролцогч нь захиалагчаас боловсруулж гаргасан тендерийн баримт бичигт заасан бүхий л нөхцөл, шаардлагын дагуу тендерийн материалыг бүрдүүлж өгөх үүрэгтэй.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан “Д” ХХК-ийн тендерийн материалыг үзвэл “О” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны 19/153 дугаартай “тодорхойлолт гаргах тухай” албан бичигт “...тусгай зориулалтын автомашин болон цамхагт краны түрээсийн үйлчилгээ үзүүлэх хамтын ажиллагааны гэрээтэй ... бөгөөд түрээсэлж буй машин механизмыг “Д” ХХК нь 2015 оноос хойш засвар үйлчилгээ хийлгэж байгаа нь үнэн болно” гэсэн энэ тодорхойлолтоор “Д” ХХК нь ижил төрлийн бүтээгдэхүүнд үйлчилгээ, засвар хийж байсан туршлага нотлогдохгүй, хавсаргаж ирүүлсэн зураг нь тухайн компанийн засварын газар мөн эсэх нь тодорхойгүй байх тул ижил төрлийн бүтээгдэхүүнд үйлчилгээ, засвар хийж байсан туршлагыг нотлох баримтуудыг ирүүлээгүй гэж үзэхээр байна.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Тендер нээх үед энэ хуулийн 26.3-26.5-д зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахыг хориглох”-оор заасан тул Сангийн яам нь гомдлын дагуу тендерийн материалыг хянах чиг үүрэгтэй бөгөөд тендерийн баримт бичигтэй холбоотойгоор тендерт оролцогчдоос тайлбар, тодруулга авах эрхгүй болно.

Түүнчлэн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 13.4-т “Холбогдох үйлчилгээний жагсаалт ба гүйцэтгэлийн хуваарийг маягтын дагуу баталгаажуулан ирүүлнэ” гэж заасан байх боловч “Д” ХХК нь тендерийн баримт бичигтээ дээрх жагсаалт, хуваарийг хавсаргаагүй байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх баримтыг хавсаргаагүй гэдгээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан болно.

Хоёр.Гуравдагч этгээд “К” ХХК-ийн “Сангийн яамны 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/6215 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, “Хог тээврийн тусгай зориулалтын автомашин /10ш/” тендерийн ялагч “К” ХХК-тай гэрээ байгуулахыг НХААГт даалгуулах”-ыг хүссэн бие даасан шаардлагын тухайд:

Гуравдагч этгээдээс “...гомдол гаргах эрхгүй этгээд “Ц” ХХК, “Х” ХХК-иудын гомдлыг хүлээн авч Сангийн яам гомдлыг хянасан нь хууль бус, тендер нээснээс хойш сонгон шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгахаар хуульд өөрчлөлт орсон. Уг хууль нь хүчин төгөлдөр болсон...гэж, хариуцагч СЯнаас “ТОӨЗ 20.1-т заасан шаардлагыг хангаагүй” гэж, хариуцагчаас “...маргаан бүхий тендер сонгон шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон тул хүчингүй болгосноор гуравдагч этгээдийн эрх ашиг сэргэх боломжгүй...” гэж маргажээ.

НХААГ-19/060 дугаартай Хог тээврийн тусгай зориулалтын автомашин /10ш/ худалдан авах ажлын тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 20.1-т “Тендер нээснээс хойш 45 хоногийн туршид хүчинтэй байна” гэж заажээ.

“К” ХХК-ийн тендерийн материалд тендерийн хүчинтэй байх хугацааг 30 хоног гэж ирүүлсэн байх бөгөөд энэ үндэслэлээ 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, тус нэмэлт өөрчлөлтийг 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Өмнөх хуульд тендерийн хүчинтэй хугацаа 45 хоног байсныг 30 хоног болгон өөрчилсөн. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж заасан гэж тайлбарлажээ.

2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ   худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, тус хуулийн 4 дүгээр зүйлд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсгийн “45” гэснийг “30” гэж... өөрчилсүгэй.”, мөн хуулийн 6 дугаар зүйлд “Энэ хуулийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж хуульчилжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл НХААГаас 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр НХААГ-19/060 дугаартай “Хог тээврийн тусгай зориулалтын автомашин /10ш/ нийлүүлэх нээлттэй тендер шалгаруулалтыг зарласан байх бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль дагаж мөрдөгдөж эхлэхээс өмнө нэгэнт тендер сонгон шалгаруулалт зарлагдсан тул дээрх нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу тендерийн хүчинтэй хугацааг 30 хоног гэж тооцох боломжгүй юм.

Иймд Сангийн яамны 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/6215 дугаар албан бичгийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул “Хог тээврийн тусгай зориулалтын автомашин /10ш/” тендерийн ялагч “К” ХХК-тай гэрээ байгуулахыг НХААГт даалгуулах”-ыг хүссэн бие даасан шаардлагыг хангах хууль зүйн боломжгүй байна.

Мөн уг тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. Гуравдагч этгээд “М” ХХК-ийн гаргасан “НХААГын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “Д” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 02/1000 болон 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “К” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай 02/1379 дүгээр шийдвэрүүдийг хүчингүй болгож, нээлттэй тендер шалгаруулалтыг дахин явуулахыг НХААГт даалгах”-ыг хүссэн бие даасан шаардлагын тухайд: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “...шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж заажээ. Хуулийн дээрх заалтаас үзвэл тендерт оролцогч нь гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 5 өдрийн дотор гаргахаар байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу Сангийн яаманд хандан гомдлоо гаргасны дараа гомдлын хариуг эс зөвшөөрвөл тус шүүхэд хандан бие даасан шаардлага гаргах байжээ.

Ийнхүү хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлж, бие даасан шаардлагаа шүүхэд хандан гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т заасан “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж үзэхээр байх тул шүүх гуравдагч этгээд “М” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1, 55.3.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан “СЯны 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/5351 тоот гомдол хянасан тухай захиргааны актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.   Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд “К” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд “М” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

4.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд “К” ХХК-иудаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гуравдагч этгээд “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                             Д.ЧАНЦАЛНЯМ