Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/91

 

Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

            Шүүгдэгч: М.С,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Г.О,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Нармандах,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Ө аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн М-ийн Ст холбогдох 2028002330004 дугаартай нэг хавтаст хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэ

Шүүгдэгч М.С нь 2020 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 05 цагийн үед Ө аймгийн Д сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хөдөө тал дээр 09-20 ӨМЭ улсын дугаартай Тоёота креста маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөний улмаас автомашины урд зогсож байсан Г.Оыг мөргөж зам тээврийн осол гарган хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Сийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би хэргээ хүлээж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн. Өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирогчийн эмчилгээний зардалд 3.100.000 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих автомашинд дайруулж нуруу гэмтэж аймгийн эмнэлэгт хүргэгдэж очиж тухайн өдөртөө Улаанбаатар хот руу хүргэгдэж Гэмтэл согог судлалын төвд хагалгаанд орсон. 2 хөл мэдээгүй болж эмнэлгээс тэргэнцэртэй гарсан. Ө аймагт Ар-Үр эмнэлэгт нэг удаа хэвтэж эмчлүүлсэн. Байнга хөл, ууц нуруу чинэрч өвдөж байгаа. Мөнгөгүй мөн ковид өвчний улмаас эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Одоогийн байдлаар зүүн хөл мэдээ алдалттай алхаж чадахгүй өвчин намдаах эм байнга хэрэглэж байна. Удаан сууж, хол явж чадахгүй байна. Одоо 3.708.390 төгрөг нэхэмжилж байгаа. Эмчилгээний зардалд 3.100.000 төгрөгийг авсан.

Хохирогч иргэний нэхэмжлэгч Г.Оы мэдүүлэгт: Тухайн өдөр цагийг нь сайн мэдэхгүй байна. 20-21 цагийн үед Ө аймгийн төв Дын сумын гудманд С эгч өөрийн жижиг цагаан өнгийн машинтай явж байхаар нь би машинд нь суухад С эгч Баяндалай руу хүн хүргэнэ гэж хэлээд байсан. Машин дотор орж суух гэтэл гурван танихгүй хүн сууж байсан. Би машинд суугаад тэр шөнөдөө бид нар Баяндалай руу явцгаасан. С эгч машин барьж байсан хажууд нь Ө ах сууж байсан. Би зүүн хойд талд нь суусан. Миний хажуу талд Болдсүх нар сууж байсан. Бид машинаараа явж байгаад хаана зогссон талаар би сайн санахгүй байна. Архи уух гэж зогссон байх. Тэгтэл жолооч С эгч архи уугаагүй бид гурав нэрийг нь мэдэхгүй архи хувааж уусан юм. Бид нар Баяндалайн наана ирж машинаас буугаад машины гадна бүжиглээд байж байгаад удалгүй машиндаа унтацгаасан. Маргааш өглөө нь бид нар 07 цагт босоод дахин архи ууж эхэлцгээсэн. Би ууж байгаад машины ард талд нь ороод унтаад өгсөн бөгөөд нэг сэрсэн чинь би аймаг руу орж байсан. Ө ах Баяндалайд байх дэлгүүрээс дахин архи аваад бид нар тус архиа ууж эхэлцгээсэн. Бид нар Баяндалайн хажууд архиа хувааж уусан. Тухайн үед нар жаргаж харанхуй болж байсан бөгөөд Ө ах болон С эгч нар хоорондоо маргалдаад архи ууна уухгүй гэж маргалдсан. Тухайн үед С эгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай Ө ах бид хоёрыг машинаас гарцгаа гэж хөөсөн. Бид хоёр машинаас нь гараад машины урд талд нь машины гэрэлд бүжиглээд зогсож байтал С эгч машинаа гэнэт хөдөлгөөд машин нь миний араас ууц нуруу хэсэг рүү мөргөөд унахад машины хамар нь миний нурууны дээд талд нь мэдрэгдэж байсан. Ө ах тухайн үед хүн аллаа гэж орилоход С эгч машинаа ухраасан. Би тухайн үед ухаан алдаад унасан бөгөөд Ө ах С эгчийг чи хүн аллаа шүү дээ гэж загнасан байдалтай хэлээд байсан. С эгч машины гадаа над дээр хөнжил нөмрүүлээд өөрөө машин дотроо унтаад өгсөн байсан. Тухайн үед Ө ах намайг газар хэвтэж байхад миний хажуу талд ирж хэвтэснээ миний өмдийг тайлаад бас өөрийнхөө өмдийг тайлаад миний бэлэг эрхтэнг хуруу гараараа 4-5 минут оролдоод байхаар нь би хөдөлж чадахгүй болилдоо гэж хэлтэл миний хажуу талд унтаад өгсөн. Тэгээд би орой нь унтаагүй маргааш өглөө нь Ө ах С эгч нар машиндаа намайг өргөж хийх гэж байсан боловч миний бие маш хүчтэй өвдөөд байсан тул намайг өргөж машиндаа хийж чадаагүй бөгөөд С эгч машинаа унаад Ө ах бид хоёрыг орхиод Баяндалай ороод нэг танихгүй эмэгтэйтэй хамт ирсэн. /хх-ийн 30-31-р хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Оы мэдүүлэгт: ...Би машины арын суудалд унтаж байгаад сэрсэн чинь гадаа хараханхуй болчихсон байсан. Тэгээд би боссон чинь Ө ах машины урд суудал дээр жолоочийн хажууд нэг шил архи бариад аягалж байсан. Тэгээд аягалсан архиа С эгчид шахаж байгаад 2-3 удаа архи уулгасан. Тэгээд С эгч жолоочийн суудал дээр суучихаад чиний тэр хүүхнүүд гээд загинаад байсан. Тэгсэн чинь Ө ах урд суудлаас буугаад арын суудал дээр миний хажууд архиа бариад ирж суусан. Тэгээд архиа аягалаад миний хажууд суусан чинь С эгч та 2 машинаас гар гэж Ө ах бид хоёрыг хөөхөөр нь бид хоёр машинаас гараад би машины өмнө талд очоод бүжиглээд зогссон. Ө ах хаана байсныг хараагүй. Тэгээд би машиных нь өмнө 2-3 алхамын зайд цаашаа хараад машины гэрэлд бүжиглэж байсан чинь намайг араас машинаараа ирээд мөргөчихсөн. ...С намайг дайрсан өдөр архи уусан. Би унтаж байгаад сэрсэн болохоор хэр архи уусныг мэдэхгүй байна. /хх-ийн 32-40-р хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Оы мэдүүлэгт: Миний нурууны хагалгаанд орсон зардлыг төлсөн. 3 сая 600 мянган төгрөг өгсөн. Өөрөөр надад дахиж мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Би “Ар үр” гэж сувилалын газарт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. 10 хоног хэвтэхэд надаас 200.000 төгрөгийн зардал гарсан. Энэ талаар баримт нь бол одоогоор байхгүй байна. Эмчээс нь баримтыг нь авч болно. Тэргэнцэр бас авч хэрэглэсэн байгаа. Түүнийг 170.000 төгрөгөөр авсан. Энэ бүгдийг нэхэмжилж байна. /хх-ийн 43-р хуудас/,

Гэрч Г.Б мэдүүлэгт: 2020 оны 08-р сарын 31-ны өдөр С гэж эмэгтэй над руу залгаад дүү чинь эмнэлэгт хэвтсэн байна, хүрээд ир гэхээр нь би яасан юм бэ гэж асуусан чинь машинаас чирэгдсэн гэж хэлсэн. Би нөхөр Эрдэнэбаярын хамт Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авахад ирсэн чинь манай дүү О орон дээр дусал залгуулчихсан С үүдэнд нь байсан байх. Тэгээд би Сээс яасан гэж асуусан чинь бие засах гэж байгаад чирэгдсэн гэж хэлсэн. Би дүү Ооос асуух гэсэн чинь амнаас нь дуу гарахгүй бие нь салгалж чичирч байсан. Яасан гэж асуусан чинь үг дуугарахгүй байсан. Намайг солих хувцастай очоорой гэж хэлсэн болохоор би өөрийнхөө өмд фудволкийг авч очоод дээгүүр цамцыг нь сольсон. Тэгээд хувцсыг нь сольж байхад чирсэн гэж харагдахаар юм байгаагүй. Өмд нь бүтэн тоос шороо болоогүй байсан. О дээгүүрээ улаан өнгийн цамцтай байсан байх \юу байсныг нь санахгүй байна\. Тэрийг нь тайлаад өөрийнхөө фудволкыг өмсгөсөн. Тэгээд сольсон хувцасыг нь боогоод өөрийнх нь орон дээр тавьсан. Хот руу хөнжил гудастай нь хамт авч явсан юм шиг байна. Хотод очоод ламд үзүүлсэн чинь бүх юмыг нь хая гэхээр нь хөнжил гудсыг нь хувцастай нь нийлүүлж хаясан. /хх-ийн 44-р хуудас/,

Гэрч Ц.Т мэдүүлэгт: 2020 оны 08 сарын 28-ны орой С болон Отой уулзсан байх гэж бодож байна. Би найз Өбаттай хамт архи уугаад явж байсан. Нэг сэргэсэн чинь Баяндалай сумын төв дээр О С Өбаттай хамт Сийн машинд, С жолоогоо бариад явж байсан. Би Гурвантэс явах унаан дээрээ очсон чинь машин нь эвдэрсэн машинаа засаад явна. Өдөр засаад дуусах гэж байхаар нь би дэлгүүр орчихоод буцаад явах унаан дээрээ очсон чинь явах унаа маань өнөөдөр машинаа засаж амжихгүй юм шиг байна гэхээр нь би тэр 3-ыг аймаг буцаад яв гэсэн чинь Өбат чи энд таних хүнгүй яаж байх юм. Бид нар хамт байна гээд бид 4 Баяндалай сумын баруун талд очиж архи ууж хөгжим тавьж бүжиглэж байгаад О бид 2 машины баруүн талд унтаж байгаад сэрсэн чинь С, Өбат 2 босчихсон машин дотроо байж байсан. Би явах унааруугаа залгахад унаа засагдсан одоо явна гэхээр нь би Баяндалай сумын дэлгүүр ороод 2 шил архи ус ундаа авсан. Тэгээд нэг шил архийг нь Ө бид 2 хувааж уусан. Миний явах унаа ирэхэд би нэг шил архиа аваад Гурвантэс сум орсон. Гурвантэс сум ороод Өбат, О 2 руу залгахад гар утас нь холбогдохгүй байсан. Би Гурвантэс сумаас зайдуу 20-иод км-т ажил дээрээ байж байгаад сүлжээтэй газар очоод утсаа үзсэн чинь Өбатаас олон дуудлага ирсэн байхаар нь би Өбат руу залгасан. Өбат өөдөөс баларсан гэхээр нь би яасан гэсэн чинь Оыг С мөргөчихсөн гэсэн. Би яагаад гэсэн чинь С жолоон дээрээ байсан. Би бас хаана байснаа мэдэхгүй байна гэж хэлсэн. Эмнэлэг дээр аваачиж зураг авхуулсан, нурууны яс хугарсан гэнэ. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай гээд Улаанбаатар хот явуулсан гэж хэлсэн. Сийг хот руу хамт яваагүй гэж хэлсэн. Яаж байна хэл авч байгаарай гээд утсаа тасалсан. Тэгээд нэлээн хэд хоногийн дараа би Гурвантэс сум ороод О руу залгасан чинь О энд болсон явдал чамтай хамаагүй. Нэг хөл мэдээ орохгүй байгаа гэж хэлсэн. Тэрнээс хойш Отой холбогдоогүй байгаа. /хх-ийн 45-46-р хуудас/,

Гэрч Д.З мэдүүлэгт: Би яг хэдийд гэдгийг нь санахгүй байна. 2020 оны 08 дугаар сарын сүүлээр ирж хоносон. С.Өбат нь ганцаараа манайд 1 шил архи барьчихсан нэлээн согтуу 20-21 цагийн үед орж ирсэн. Тэгээд архиа задлаад ганцаараа уугаад байсан. Тэгж байгаад С.Өбат ах надад ах нь танайд хоночихоод явж болох уу гэсэн. Тэгэхээр нь би нөхөр рүүгээ залгаад Өбат ах ирчихсэн согтуу байна. Танайд хоночихоод явъя гээд байна гэж асуусан. Тэгсэн манай нөхөр согтуу байгаа юм бол хонуулчихгүй юу даа гэж хэлсэн. Тэгээд манайд хоночихоод маргааш өглөө нь намайг орондоо байж байхад гараад явсан. С.Өбатыг ирэхэд манай хажуу айлын дүү нарын хүүхдүүд байж байгаад гэр рүүгээ явсан. Тэр өдөр би гэртээ ганцаараа байсан юм. Би яг хэдний өдөр ирж хоносон талаар санахгүй байгаа. Тэгээд надаас мэдүүлэг авсан байцаагч 30-ны өдөр юм уу 31-ний өдөр юм уу гээд заавал өдөр тодорхойлуулах гээд асуугаад байхаар нь би 30-ны өдөр байхаа тэгвэл гээд хэлчихсэн юм. Би яг үнэндээ хэдний өдөр ирж хоносон талаар мэдэхгүй байгаа. Хүүхдийн хичээл эхлэх лав дөхчихсөн байсан. 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр бол биш. Учир нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүүхдүүд гэртээ хоносон. Маргааш өглөө нь би хүүхдүүдээ хичээл сургуульд нь хүргэж өгсөн юм. Тэгэхээр бол 31-ний өдөр биш байсан. С.Өбатыг ирж хонодог өдөг манай өөрийн хүүхдүүд гэртээ хоноогүй эмээ өвөөгийндөө очиж хонохоор явсан байсан. /хх-ийн 55-56-р хуудас/,

Гэрч С.Ө-батын мэдүүлэгт: Би Стэй уулзах үед С ганцаараа явж байх шиг байсан. Би тухайн үед нэлээн согтуу байсан. Би тухайн үед Ттэй хамт архи ууж байгаад Т Баяндалай сум явах ажилтай гээд миний утсаар С рүү залгаад дуудсан. Тэгээд С машинтайгаа ирээд Сийн машинд Т хамт орж суугаад нэг сэрсэн чинь Баяндалай суманд сэрсэн. Тэгээд бид нар Баяндалай суманд нэг танихгүй айлын гадаа ирээд Т Гурвантэс сум явах машинд нь хүргэж өгсөн чинь явах машин нь эвдэрсэн гээд Т аваад Баяндалай сумаас идэж уух юм аваад Баяндалай сумын хажууд тал дээр хоносон. Гэхдээ тэнд хэд хоносноо санахгүй байна. Би их согтсон байсан. Тэгээд бид нар Ттэй Отой хамт машины нэг талд би Стэй хамт машины нөгөө талд унтсан. Тэгээд хэд хоносон гэдгээ мэдэхгүй байж байгаад гэгээтэйд Баяндалай сум ороод Т явах машинд нь хүргэж өгөөд Сийн машинд суугаад нэг сэрэхэд аймагт ирж байна гэсэн. Тэгээд би Дамар М гэж айлд очих гээд Замбала гэдэг дэлгүүрийн хажууд буугаад нэг дэлгүүр ороод архи аваад Мгийн гэрт очсон. Тэгсэн чинь М гэртээ байхгүй эхнэр нь 2 хүүхэдтэйгээ байхаар нь би гэрт нь орж нэг шил архиа ууж хоночихоод өглөө нь гэр рүүгээ явсан. Тэгээд үдээс хойш С над руу залгаад би Ог шүргээд чирчихсэн байна. Би одоо эмнэлэгт үзүүлээд явж байна. Ог аав ээж ах эгч нь аваад эмнэлгийн машинаар хот руу явуулчихлаа гэж хэлэхээр нь юу болсон юм гэсэн чинь шүргэсэн гэж хэлсэн. О зүгээр үү гэхэд гайгүй гэсэн. Өөр мэдсэн зүйл байхгүй. /хх-ийн 57-59-р хуудас/,

Гэрч С.Өбатын мэдүүлэгт: 2020 оны 08 дугаар сарын сүүлчээр байсан. /яг хэдний өдөр байсныг санахгүй байна/ Би найз Ттэй худалдааны төвд тааралдаад нэг шил архи аваад Дулааны цахилгаан станцын өмнө тал дээр сууж байгаад хувааж уусан. Бид хоёр хамтдаа явж төв рүү очиход Т надад Сийн машинаар нь Баяндалай руу хүргүүлчих юмсан завтай болов уу гэж асуухаар нь би чи өөрөө ярихгүй юу гээд утсаараа яриулсан. С машинтайгаа ирж бид хоёрыг машиндаа суулгаж явсан. Тухайн үед С ганцаараа ирж байсан. Би машинд нь сууснаас хойш архиндаа согтоод тасарчихсан. Түүнээс хойш хаагуур явсан хэнтэй уулзсанаа бол огт санахгүй байгаа. Нэг сэргэсэн чинь Баяндалай дээр ирчихлээ гэж байсан. Би машинаас буугаад бие зассан чинь Баяндалай сумын төв дээр зүүн зах хавьд нь нэг айлын хашааны гадаа зогсож байсан. Эргэж харахад манай машины арын суудалд О сууж байсан. Тухайн үед би Отой мэндэлсэн юм. Тухайн үед оройхон болсон байсан санагдаж байна. Би тэр хашаа руу ороход нэг Ланд круйзер 80 маркийн автомашиныг хэдэн танихгүй залуу засаад зогсож байсан. Тэд нартай хамт Т байж байхаар нь юу болсон гэсэн чинь миний Гурвантэс рүү явах машин энэ байна эвдэрчихсэн оролдож байна гэж хэлсэн. Т бие гайгүй юу гэхээр нь би архи байгаа юм уу гэж асуусан чинь байхгүй авчихъя гээд С, О, Т бид нар дэлгүүр ороод 2-3 шил архи, хоол хүнс аваад Баяндалай сумаас баруун зах руу тал дээр гарч архиа хувааж ууцгаасан. Түүнээс хойш би архи уугаад согтож тасраад сэргэхээрээ дахиж дэлгүүр орж архи авч уугаад байсан санагдаж байгаа. Миний санаж байгаагаар сум руу дэлгүүрээс 2-3 удаа орж байсан санагдаж байгаа юм. Нэг сэргэхэд өглөө болчихсон байсан С бид хоёр машиных нь арын суудал дээр унтаж байсан. Шөнө уг нь С бид хоёр гадаа унтсан, О, Т нар машины хажууд нөгөө талд нь гадаа унтсан байсан юм. Миний бодлоор шөнө даараад С бид хоёр машинд орж унтсан юм шиг байгаа юм. Тэгээд өглөө нь нар гарсан хойно Т хамт явна гэсэн хүн утсаар ярьлаа машин нь бэлэн болчихлоо гээд бид нар сумын төв рүү орж дэлгүүрээс 2 шил архи аваад нэг шил архийг Т бид 2 хувааж уучихаад Т үлдсэн 1 шил архийг нь аваад явсан юм. Тэнд уусан архинаас О ууж байх шиг байсан, С бол архи уугаагүй. Бид нар Т Баяндалай сумаас баруун тийш засмал замаар дагаж яваад нэлээн зайтай зогсож байгаад 1 шил архийг нь задалж би талыг нь уучихаад тэд нарыг цааш нь явуулчихаад С, О бид 3 аймаг руу явсан би Баяндалай сумаас гарч явснаа санаж байгаа. Архиндаа согтоод нэг сэргээд хаана явна гэсэн чинь аймаг руу орж байна гэсэн. Би тэгвэл дамар Мгийнд буучихъя гэж хэлсэн. Тэгсэн чинь намайг Төгөлийн гэр хороололд байдаг Замбала гэдэг нэртэй дэлгүүрийн ойролцоо буулгасан. Би нэг хүнсний дэлгүүрт ороод архи, тамхи аваад явган яваад Мгийнд очсон. Тэгэхэд бол цаг нэлээн орой болчихсон нар жаргасан байсан. Гэхдээ гадаа гэгээтэй байсан. Би Мгийн гэрт очсон чинь М ажилд явсан гээд эхнэр нь 2 хүүхэдтэйгээ байсан. Хоол идэх үү гэхээр нь би хоол идэхгүй хүйтэн юм өгчих гэсэн чинь хүйтэн ус өгсөн. Тэгэхээр нь архиа усаар даруулж уусан. Мгийн эхнэр З намайг та гэр рүүгээ явах чадах уу явж чадахаар байна уу гэхээр нь би муухан байна гэсэн чинь ор засч өгөхөөр нь би тэнд унтсан. Маргааш өглөө нь сэрээд би гэр рүүгээ харьсан. Тэгээд гэртээ байж байтал үдээс хойш нь 15-16 цагийн үед байх гэж бодож байна С над руу утсаар яриад нэг асуудалтай болсон гэхээр нь юу болов гэсэн чинь О миний машинд чирэгдээд дээгүүр нь дугуй гарчихсан юм шиг байна. Одоо эмнэлэгт байна гэж хэлсэн. Тэгээд гайгүй юм уу гэсэн чинь гайгүй гайгүй гэсэн. Ттэй яриад дуулгачихгүй юу гэж хэлсэн. Би Т рүү залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Би нэлээн олон удаа залгасан. Тэгээд ярьж чадаагүй байж байтал 2-3 хоногийн дараа Т над руу өөрөө залгаж ярьсан. Утасных нь сүлжээ тасалдаад байх шиг болсон учраас сайн ярьж чадаагүй, миний ярьсныг бүгдийг сонссон уу, хальт сонссон уу мэдэхгүй байна. Юу болсон бэ гэж асуухаар нь би мөргөсөн юм уу, шүргэсэн юм уу, чирэгдсэн юм уу мэдэхгүй тиймэрхүү л юм болсон байна гэж л хэлсэн. /хх-ийн 61-62-р хуудас/,

Гэрч О.Х мэдүүлэгт: 2020 оны 08 сарын 31-ний өдөр нэг эмэгтэй Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн тасагт орж ирээд нуруу нь гэмтсэн босох чадваргүй өвчтөн байна. Би ганцаараа байгаа учраас өргөж оруулах боломжгүй байна гэхээр нь би яаралтай тусламжийн тасгийн өрөөнд байсан түрдэг дамнуурга буюу насилк өгөөд эмнэлгийн жолоочийг хажуудаа байхаар нь хамт өргөөд оруулж өгөөч гэж гуйсан чинь эмнэлгийн жолооч хамт гараад өвчтөнг түрж оруулж ирсэн. Тэгээд өвчтөн нуруу өвдөөд баруун билүү зүүн хөлөө мэдээгүй болчихлоо гэж байсан. Тэгэхээр нь би амин үзүүлэлтийг нь үзэхэд хэвийн байсан. Тэгээд гэмтлийн эмч дуудаж өвчтөнг үзүүлсэн. Тэгээд цагдаад мэдэгдэх гэсэн чинь цагдаад битгий мэдэгд гээд байсан. Тэгээд ар гэрт нь мэдэгдэх гэсэн чинь дуудах хүн байхгүй гэж өвчтөн хэлсэн. Тэгээд рентген болон компьютерт харсны дараа нуруу нь хугарсан гэж мэдээд нэг эгчийгээ дуудаж ирүүлсэн. /хх-ийн 64-р хуудас/,

Гэрч У.М мэдүүлэгт: 2020 оны 08 сарын 31-ний өдөр би өдрийн цагаар ажиллаж байсан чинь 10 цагийн орчимд хүлээн авах тасагт гэмтсэн хүн үзүүлнэ гэж жижүүр сувилагч дуудсаны дагуу ирэхэд 30 гаруй насны эмэгтэй машинд чирэгдэж гэмтсэн гэсэн асуумжтай байсан. Үзлэгээр зовиур нь бүсэлхий нуруугаар өвдөнө, 2 хөл бадайрна гэсэн зовиуртай байсан. Үзэхэд амин үзүүлэлт тогтвортой, 2 хөлийн өнгөц болон гүний мэдэрхүй сул, бүсэлхий нуруугаар тэмтэрч үзэхэд бүсэлхий нуруугаар хавдсан, зулгарсан шархтай, эмзэглэлтэй байсан. Үзлэг хийж дуусаад бүсэлхий нурууны рентгэн шинжилгээнд оруулахаар шийдвэрлэсэн. Рентген шинжилгээнд оруулахад бүсэлхий нурууны 3-р нугалам шахагдсан хугаралтай гэж гарсан. Тэгээд өвчтөнг яаралтай журмаар Улаанбаатар хотруу шилжүүлсэн. /хх-ийн 66-р хуудас/,

Гэрч Б.Б мэдүүлэгт: ...Ттэй хамт 2 хүүхэн, 1 залуу нар нэг цайвар өнгийн жижиг машинтай манайд ирсэн. Тэдгээр хүмүүс богд согтуу байсан...Тэдгээр хүмүүс их согтуу манайд ирсэн. Эрүүл хүн байгаагүй. /хх-77-78/,

2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10341 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Оы биед бүсэлхий нурууны 3-р нурууны бяцарсан хугарал, нугасны дарагдал, няцрал, 2-р нугалмын арын холбоосын салалсан хугарал, нуруунд зулгарлат гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 87-89-р хуудас/,

2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Оы биед зүүн тавхайн метатарсалын 5-р шивнүүр ясны суурийн гадна хэсгээс жижиг хэмжээний яс сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-95-96/,

Автотээврийн үндэсний төвийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20/12 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр шалгахад урт тэнхлэгний хажуу гулсалтын хазаалтын хэмжээ дугуйн тоормосны хүчнүүдийн зөрүүний идэвхжилийн хэмжилт, дугуйн хээний гүний хэмжээсүүд стандартын шаардлага хангаж байна. Автотээврийн хэрэгслийн ерөнхий байдал иж бүрдлийн хувьд, зүүн гар талын урд крыло хонхойсон, урд салхины шил зүүн дээд буландаа бага зэрэг хагарсан баруун талын хойд гэрэл хагарсан зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Уг автотээврийн хэрэгслийн жолооны механизм, тоормосны систем, явах эд анги зэрэг нь бүрэн ажиллагаатай байна. Уг автотээврийн хэрэгслийн дугуйнууд нь хагарсан эвдрэл гэмтэлгүй байна. Дугуйнд хаграл гэмтэл учирсан эсэхийг тодорхойлох боломжгүй. Уг автотээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Урд болон хойд тэнхлэг дээрхи дугуйнууд эвдрэл гэмтэл байхгүй болно гэжээ. /хх-98-101/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-13/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-18/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-19/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-21/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-24-/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-25-26/,

Шүүгдэгч М.Сийн жолоочийн үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн  гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-115/,

Ө аймгийн Д сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-116/,

Бүрэн дунд болосвролын үнэмлэхийн хуулбар /хх-117/,

Ө аймгийн Д сумын Ерөнхий 1 дүгээр боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-118/,

Өвчний түүх /хх-120-131/,

Хохирлын баримт /хх-134-148/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тухай хуудас /хх-162/,

Хохирлын баримт /хх-164-170/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.С нь 2020 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 05 цагийн үед Ө аймгийн Д сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хөдөө тал дээр 09-20 ӨМЭ улсын дугаартай Тоёота креста маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөний улмаас автомашины урд зогсож байсан Г.Оыг мөргөж зам тээврийн осол гарган хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Сийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Оы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь: 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10341 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Оы биед бүсэлхий нурууны 3-р нурууны бяцарсан хугарал, нугасны дарагдал, няцрал, 2-р нугалмын арын холбоосын салалсан хугарал, нуруунд зулгарлат гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна /хх-ийн 87-89-р хуудас/, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Оы биед зүүн тавхайн метатарсалын 5-р шивнүүр ясны суурийн гадна хэсгээс жижиг хэмжээний яс сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна /хх-95-96/ гэснээр  тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч М.Сийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Од хүнд хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

Хохирогч Г.О нь шүүхийн хэлэлцүүлэгт Одоо 3.708.390 төгрөг нэхэмжилж байгаа. Эмчилгээний зардалд 3.100.000 төгрөгийг авсан...” гэх тайлбарыг гаргав.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалсан ба шүүгдэгч М.С нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Оы нэхэмжилсэн 3.708.390 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 3.708.390 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Г.Од олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч М.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 3.100.000 төгрөгийг хохирогч Г.Од төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана гэжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Оы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байдал, хохирогчийн эрүүл мэндийн байдал, шүүгдэгч М.С нь эмчилгээтэй холбоотой зардлыг төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан хохирогч Г.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд шүүгдэгч М.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргав.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Улсын Их хурлын чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т заасан гэмт хэрэгт хамаарахгүй байх ба шүүгдэгч М.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өөрийн холбогдсон гэмт хэргийг ойлгосон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол хор уршгийн төлбөрт 3.100.000 төгрөгийг төлсөн, цаашид эмчилгээтэй холбоотой гарах төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байна гэж шүүх үзэв.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн ...хамаарна.” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Шүүгдэгч М.С нь 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн байх ба дээрх цаг хугацаа нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Түүнчлэн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд хууль хэрэглэх журмыг зохицуулж, мөн зүйлийн 12.8 дахь хэсэгт “энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Шүүх 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 170 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тул дээрх хууль хэрэглэх журмыг баримтлан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Ө аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн М-ийн Ст холбогдох эрүүгийн 2028002330004 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч М.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц   хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн даавуун цамц 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, 1273238 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч М.Ст буцаан олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Од гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 3.100.000 төгрөг төлсөн, бусдад 3.708.390 төгрөгийн төлбөртэй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Б овгийн М-ийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ст холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Шүүгдэгч М.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн даавуун цамц 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Ө аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж, 1273238 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч М.Ст буцаан олгосугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сээс 3.708.390 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.О /Ө аймгийн Гурвантэс сумын 1 дүгээр баг, Шугшаагийн 5-2 тоотод оршин суух, регистрийн дугаар:КГ82011000/-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шүүгдэгч М.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Од гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 3.100.000 төгрөг төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Т.ДЭЛГЭРМАА