| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00377/И |
| Дугаар | 404 |
| Огноо | 2017-06-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 404
ШИЙДВЭР
2017 оны 06 сарын 30 өдөр Дугаар 404 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2017/00377/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар: “хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, “хариуцагч Б.Ган-Олдохыг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар “Хадгаламж банк” ХХК-д банкны эрх хүлээн авагч томилогдож мөн өдрийн А-157 дугаар тушаалаар “Хадгаламж банк” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн.
Монгол банкны ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-114 дугаартай тушаалаар банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг 1 жил хүртэл, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-116 дугаарттай тушаалаар 1 жил хүртэл, 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А-172, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-15 дугаартай тушаалуудаар 6 сар хүртэл хугацаагаар тус тус сунгасан.
Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Монголбанк банкны эрх хүлээн авагчийг томилсноор Хадгаламж банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжих зохицуулалттай.
Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасны дагуу Төрийн банктай 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Актив пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г байгуулж Хадгаламж банкны зарим актив, пассив хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлэн өгч өөрийн тэнцэлд үлдсэн актив пассивыг барагдуулах ажиллагааг хуульд заасны дагуу гүйцэтгэж байгаа ба энэхүү нэхэмжлэлийг банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8-д заасныг үндэслэн гаргаж байна. Иргэн Б.Ган-Олдох нь “хадгаламж банк”-тай 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 11 дугаартай “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 6 000 000 төгрөгийг жилийн 28.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан юм...
... Зээлдэгч зээл авсан өдрөөс хойш 2013 оны 6 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 1 643 285, 94 төгрөг, зээлийн хүүнд 1 013 523,48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 36 940,58 төгрөг нийт 2 693 750,00 төгрөг төлсөн.
Иймд иргэн Б.Ган-Олдохоос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 4 356 714,06 төгрөг , зээлийн хүүгийн үлдэгдэл 4 886 602,49 төгрөг , нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 922 522,87 нийт 40 165 89,42 төгрөгийг гаргуулж “ Хадгаламж банк ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-1,2/
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.Мөнх-Од нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...тус шүүхэд хянагдаж байгаа “хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ган-Олдох нь нэхэмжлэгч байгууллагын заасан хаягт оршин суудаггүй болох нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн засаг дарга Ц.Цэрэндуламын шүүхэд ирүүлсэн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Б.Ган-Олдохыг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулахыг хүсч байна” гэжээ. Хүсэлт гаргагч нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна. /хх-44/ тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Б.Ган-Олдохоос зээл, зээлийн хүү, алданги нийт 40 165 89,42 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч Б.Ган-Олдохыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ. /хх-36/
Б.Ган-Олдох нь Хадгаламж банктай 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 11 дугаартай “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 6 000 000 төгрөгийг жилийн 28.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Б.Ган-Олдохыг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ. Б.Ган-Олдох оршин суугаа газраа өөрчилсөн, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй болох нь шүүхийн мэдэгдэх хуудас /хх-37/, түүний иргэний үнэмлэхний хуулбар /хх-19/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн засаг дарга Ц.Цэрэндуламын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолт /хх-36/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ган-Олдохыг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д зааснаар Баасанжавын Ган-Олдох /РД:СГ-81081112/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар хүсэлт гаргагч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК-ийн эрх хүлээн авагчаас 70.200 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Ган-Олдохыг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид гардуулах, гардуулах боломжгүй бол дээрх хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг шүүгчийн туслах З.Отгонбаярт даалгаж, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Одод мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА