Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 405

 

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

2017 оны 6 сарын 30 өдөр             Дугаар 156/ШШ2017/00405                          Хэнтий аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00290/И

Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би,

Хэнтий аймгийн Хэрлэн сум, 7 дугаар баг, Номгонд оршин суух, Мягмардоржийн Идэрчулуунд холбогдох, 

Зээл 11 647 408 төгрөг гаргуулах тухай,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 24 өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 01 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.Идэрчулуун болон батлан даагч, хамтран үүрэг гүйцэтгэгч Т.Бямбасүрэн нар нь 2015 оны 02 дугаар сарын 13 өдөр тус сангаас 1 400 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 0.25 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулан харилцан тохиролцож зээл авсан. М.Идэрчулуун, Т.Бямбасүрэн нар нь 2018 оны 02 дугаар сарын 13 өдөр үндсэн зээл 14 000 000 төгрөг, зээлийн хүү 1 260 000 төгрөгийг төлж дуусгах байсан боловч үндсэн зээл 10 672 000 төгрөг, хүү 826 000 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байна. 

Иймд М.Идэрчулуунаас үндсэн зээл 10 672 000 төгрөг, зээлийн хүү 826 000 төгрөг, алданги 149 408 төгрөг, нийт 11 647 408 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ./хх-1/

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор Д.Энхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын хүсэлтээр М.Идэрчулуунд холбогдох иргэний хэрэгт төрийг төлөөлөн оролцож байна. 

Хариуцагч М.Идэрчулуун нь “сум хөгжүүлэх сан”-аас авсан зээл, зээлийн хүү болох 11 647 408 төгрөгийг зээлийн гэрээгээр хүлээсэн графикт хугацаандаа төлөөгүй төрийг хохироож байгаа бөгөөд хариуцагч нь тус зээлийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг шуурхай шийдвэрлэж төрийг хохиролгүй болгож өгнө үү /хх-21/” гэжээ.

Хариуцагч М.Идэрчулуун нь шүүхэд гаргасан тайлбартаа:

“Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие тус сангаас 2015 оны 02 дугаар сарын 13 өдөр тус сангаас 14 000 000 төгрөгийг сарын 0.25 хувийн хүүтэй зээл авсан нь бөгөөд одоогоор 10 672 000 төгрөгийн үндсэн зээл, 826 000 төгрөгийн зээлийн хүү, алданги 149 408 төгрөг, нийт 11 647 408 төгрөг дутуу байгаа нь үнэн юм.  Нэхэмжлэлийн шаардлага нийт 11 647 408 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасныг танилцаж ойлголоо” гэжээ. 

                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан нь хариуцагч М.Идэрчулуунд холбогдуулж 11 647 408 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч М.Идэрчулуун нь нэхэмжлэлийн шаардлага 11 647 408 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу хариуцагч  М.Идэрчулуунаас 11 647 408 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 201 308 төгрөгийн 50 хувь болох 100 654 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч М.Идэрчулуунд холбогдох, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, “зээл 11 647 408 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч М.Идэрчулуунаас улсын тэмдэгтийн хураамж  201 308 төгрөгийн 50 хувь болох 100 654  төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн   75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч М.Идэрчулуун нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                          Э.АРИУНАА