Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/100

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Т,

Шүүгдэгч Э.Т,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,    

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Э-ийн Т-д холбогдох 2128000000090 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ...............................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Э.Т нь согтуурсан үедээ 2021 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын 1 дүгээр баг Сангийн далай гэх газарт байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч С.Т-г үснээс нь зулгааж, нүүрэн тус газарт нь өшиглөн зодож, эрүүл мэндэд нь тархины доргилт, хамар ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Т-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өөрийн мэдрэлгүй байсан. Цохисон үйлдлээ санахгүй байгаа. Өглөө босоход эхнэр, хүүхэд байхгүй байсан. Араас нь утсаар залгаж мэдсэн. Дундговь аймгийн айл нүүж явсан. Тухайн айлд архи уусан, юу болсон талаар санахгүй байгаа. Архины эмчилгээ хийлгэсэн. Маш их гэмшиж байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Т гэх хүнтэй 2007 онд гэр бүл болж хамтран амьдарч байна. Дундаасаа 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. Гэрлэлтийн баталгаа хийлгээгүй. Манайх Даланзадгад сумын .......... тоотод байдаг, Цогт-Овоо сумын замын шанд багийн нутагт манай нөхрийн төрсөн ах Э овогтой Ч-ынх гэх айл байдаг тэд нар гэр бүлээрээ Архангай аймаг руу явахаар болоод нөхөр бид хоёрыг гэр мал харж байгаач гэхээр нь нөхөр бид хоёр 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хөдөө гэрт нь очсон. 07 дугаар сарын 14-ний өдөр манай нөхөр Т айлд очиж архи уучхаад шөнө 00 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тэгээд унтахгүй намайг загнаад элдвээр хэлж үглээд байсан. Тэгэхэд нь би тоохгүй орондоо ороод унтаж байтал гэнэт миний үснээс зулгааж дээш нь татаж байгаад нүүр рүү өшиглөсөн. Тэгээд дахиж зодоогүй би ч нүүрээ дарж сууж байгаад гарч машиндаа суугаад хоёр хүүхдээ дуудаж суулгаад шууд аймаг руу явсан. Наашаа нэлээн яваад цаг харахад 04 цаг өнгөрч байсан. Тэгээд шууд аймгийн төвд ирээд түргэний эмчид үзүүлчхээд гэртээ очиж хэвтсэн. Тухайн үед миний нүүр, толгой их өвдөж байсан. Тухайн үед Т их согтуу байсан болохоор согтуурхаад агсам тавьж байгаад зодсон, зодох ямар нэг шалтгаан байгаагүй, хоорондоо муудалцаагүй байсан юм. Урьд өмнө нь Т архи уучихаараа агсам тавиад хэл амаар л их доромжилдог болохоос зодож цохиж байгаагүй... Эмч үзээд миний хамрын яс, хугарсан, цөмөрсөн байна гэсэн өөр гэмтэлгүй... Гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээг нь авхуулмаар байна, нэхэмжлэх зүйл байхгүй... Хамрандаа гэмтэлтэй амьсгалахад хэцүү байгаа. Хотод очиж эмчилгээ хийлгэ гэж хэлсэн, энд эмчилгээ хийлгэх боломжгүй гэж хэлсэн. Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэднэ. Ажлын шугамаар сургалтад хамрагдаж байсан. Манайд тийм хэл ам хэрүүл тэмцэл, эд хөрөнгө бусад зүйлээс болж маргалдаж байгаагүй, өмнө Цагдаагийн байгууллагаар гомдол мэдээлэл өгч шалгагдаж байгаагүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нөхөр Э.Т нь үглэж байгаад гараад явчихдаг байсан. Миний бие эрх чөлөөнд халдаж байгаагүй. Одоогоор эмчилгээ энэ тэр хийлгээгүй байна. Хотод очиж эмчилгээ хийлгэ гэж хэлсэн, хэдэн төгрөгийн зардал гарахыг би сайн мэдэхгүй байна. Эмчилгээ хийлгэчихвэл гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 11, 13 дугаар хуудас/

Шүүгдэгч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2007 онд Тү-тэй гэр бүл болоод дундаасаа 3 хүүхэдтэй амьдарч байна. Би монгол хэлээр ойлгож уншиж чадна, бичихдээ жаахан муу. Өмнөговь аймаг Цогт-Овоо сум Сангийн далай гэдэг газар гэрт эхнэр хоёр хүүхдийн хамт байж байгаад 2021 оны 07 дугаар сарын 14-нд 12 цагийн үед найз Н-ыг би эхнэр хүүхдүүдтэйгээ хамт Цогт-Овоо суманд хүргэж замын унаанд суулгаад 15 цагийн үед эхнэр, хүүхэдтэйгээ гэр рүүгээ машинтай буцсан. Замд нэг хүн гар өргөөд зогсож байсан. Би зогсоод юу болсон талаар асуухад машин эвдэрсэн гээд би тэр машиныг янзалж өгсөн. Тэр хүн надад нэг шил 0,75 литр Хар Чингис гаргаж ирээд тэр айлын гэрт задалсан. Тэрийг бид хоёр хувааж уусан. Би их согтсон. Түүнээс хойш юу болсон талаар юу ч мэдэхгүй байна. Өглөө сэрээд эхнэр рүүгээ яриад юу болсон талаар мэдсэн. Тэгсэн миний хөл өвчтэй байсан. Эхнэрийн хэлснээр бол би унтаж байгаад үглээд загнаад, тийчилж байгаад нүүр тус газар руу цохисон юм шиг байгаа юм.” /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/ 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 372 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...С.Т-гийн биед тархины доргилт, хамар ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дугаар хуудас/

Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Э.Т-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.Т нь согтуурсан үедээ 2021 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын 1 дүгээр баг Сангийн далай гэх газарт байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч С.Т-г үснээс нь зулгааж, нүүрэн тус газарт нь өшиглөн зодож, эрүүл мэндэд нь тархины доргилт, хамар ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Энэ гэмт хэрэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүндрүүлэх шинжтэй гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Мөн шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн гэмт хэрэг байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Т-гийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн шинжлэн судлагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 372 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Т-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч хохирогч С.Т-гийн үснээс зулгааж шүүр рүү нь өшиглөснөөр түний эрүүл мэндэд хөнгөн хохирол учрах нөхцөлийг бүрдүүлсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх аргаар үйлдэгдсэн төгссөн гэмт хэрэг юм. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Т-гийн биед хөнгөн хохирол учирсан. Хохирогч мөнгөн дүнгээр хохирлоо тодорхойлоогүй учраас цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна гэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч Э.Т нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаар тайлбар гаргав.  

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Т-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:  

Шүүгдэгч Э.Т нь согтуурсан үедээ 2021 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын 1 дүгээр баг Сангийн далай гэх газарт байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч С.Т-г үснээс нь зулгааж, нүүрэн тус газарт нь өшиглөн зодож, эрүүл мэндэд нь тархины доргилт, хамар ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч С.Т-гийн “...07 дугаар сарын 14-ний өдөр манай нөхөр Т айлд очиж архи уучхаад шөнө 00 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тэгээд унтахгүй намайг загнаад элдвээр хэлж үглээд байсан. Тэгэхэд нь би тоохгүй орондоо ороод унтаж байтал гэнэт миний үснээс зулгааж дээш нь татаж байгаад нүүр рүү өшиглөсөн. Тэгээд дахиж зодоогүй би ч нүүрээ дарж сууж байгаад гарч машиндаа суугаад хоёр хүүхдээ дуудаж суулгаад шууд аймаг руу явсан.” /хавтаст хэргийн 11, 13 дугаар хуудас/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 372 дугаартай С.Т-гийн биед тархины доргилт, хамар ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.     

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Э.Т нь хохирогч С.Т-гийн биед халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

Мөн шүүгдэгч Э.Т нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсч үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Т-ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заасан байна.

Шүүгдэгч Э.Т, хохирогч С.Т нар нь гэрлэлтийн баталгаагүй боловч тэд 2007 оноос хойш хамт амьдарч дундаасаа 2 хүүхэдтэй болох нь тэдний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх ба, дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Э.Т-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.    

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Э.Т-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Т-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн зүгээс хамар ясны хугаралтай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэх тайлбарыг гаргасан боловч энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй болно.

Иймд хохирогч С.Т нь цаашид дээрх гэмтэлтэй холбоотойгоор эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжилж болохыг дурдаж, уг эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар. 

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Э.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Хохирогч С.Т нь гэр бүлдээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг, шүүгдэгч хаврын цагт мал малладаг зэрэг байдлыг нь харгалзан шүүгдэгч Э.Т-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжилсэн зүйл байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна гэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч Э.Т нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаар тайлбар гаргав.

Шүүгдэгч Э.Т-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс Э.Т-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийллийг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь хөдөө мал маллаж амьдардаг боловч тогтсон өрхийн орлогогүй зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Э-ийн Тулгыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Т нь хамар ясны хугаралтай холбоотойгоор эмчилгээ хийлгэсэн тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ