Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/101

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,       

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Б-ийн Н-д холбогдох 2128001640096 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

Биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ................  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 05 цагаас 09 цагийн хооронд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг, “GB town” хорооллын 2-43 тоотод байх гэртээ өөрийн хүү болох 3 сартай, эрэгтэй Б.О-ыг хөхүүлж байхдаа унтаж, улмаар хөхөөрөө дарж амьсгалын дутагдалд оруулан болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Н-г яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 07 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед эхнэр Н, талийгаач О, Д, Ү, хүүхэд нь болох 2 сартай З, Б, Б нарын хамт ууланд байх гэр бааз дээр очиж хоночхоод маргааш нь буюу 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 11 цагийн үед цаашаа Баянзаг руу явсан. Б, Б 2 ажилтай гээд аймаг руу түрүүлээд явсан. Бид нар Баянзагт оччихоод шөнө 00 цагийн үед бид нар аймагт ирээд манай гэрийн гадаа ирж зогссон. Д, Ү түүний охин З, манай эхнэр Н манай талийгаач хүү О нар манай гэр рүү орсон. Би найзтайгаа уулзаад ирье гээд машинаа унаад явсан. Найзындаа байж байгаад унтчихсан байсан чинь өглөө 08 цаг 40 минутын үед манай эхнэр Н над руу залгаад талийгаачийг сонин болчихлоо гэж хэлээд уйлаад байхаар нь би найзынхаа гэрээс гараад гэртээ ирсэн чинь Н, Ү болон түргэний 2 эмч нар манай гэрт ирсэн байсан. Би гэртээ орсон чинь Н надад талийгаачийг өнгөрчихлөө гэж хэлсэн. Эмч надад зүрх нь зогссон байна гэж хэлээд цагдаа руу дуудлага өгсөн. Өвчин байгаагүй, эрүүл хүүхэд байсан.” /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/

Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Н-г танина. 2019 оноос хойш Н-тэй найзалж байна. Бид нар гэр бүлийн найзууд. Н цэвэрч нямбай, архи дарс хэтрүүлэн хэрэглэдэггүй, тааруулж хэрэглэдэг. Нээлттэй хүн биш. Удаан хугацаанд найзалж нөхөрлөж байж дотор сэтгэлээ уудалдаг. Ойртож дотносоод ирэхээр их сайхан ааштай төлөв даруу хүн. Сүүлийн хэдэн сар бид нар их ойр дотно байсан. Н-гийн гэр байшинд байдаг. Манайх гэрт хашаа байшинд байдаг байсан. Тэд нар манай хашаа байшинд ирж салхилдаг байсан. Н, Б хоёр 2020 онд гэр бүл болсон байх. Н хүүхдэдээ анхаарал сайн байсан.” /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/

Гэрч Т.Ү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгаас манай нөхөр Д-гийн 2 ах, гэр бүлтэйгээ хамт 3 машинтай уулын аманд байдаг гэр буудалд хоносон. Маргааш өдөр нь тэндээ цай ундаа уучхаад 12 цагийн үед Булган сум руу хөдөлсөн. Булганы рашаан дээр очиж сууж байгаад рашаанаас нь авсан. Тэндээсээ 2 машин нь Баянзаг руу явсан. Би ахынх нь гэр бүл 1 машинтай үлдсэн. Баянзагаа үзчихээд хойшоо тал дээр нөгөө нэг машинаа 2 цаг гаруй хүлээсэн. Хүлээлгэж байсан машин буцаад аймаг руу яваад бид хэд Мацаг элс билүү нэг элстэй газар руу явах гээд очиж чадаагүй тэндээ буудалж хоол хийж идчихээд аймаг руу явсан. Аймагт ороход шөнийн 1 цаг өнгөрч байсан. Аймагт орж ирээд манай нөхрийн ах болох Бийд хоноцгоох болоод орсон. Манай нөхөр, нөхрийн ах болох Б нар хамт найзындаа очно гээд гараад явсан. Би хүү З /2 сартай/, Н, талийгаач хүүтэйгээ бид 4 гэрт үлдсэн. Би хүүдээ том өрөөнд ор засаж унтуулсан. Талийгаачийг тэрэгтэй нь оруулж ирээд унтуулж байгаад Н унтахдаа талийгаачийг жижиг өрөөнд хажуудаа авч унтсан. Би өглөөгүүр босоод нойл орох замдаа тэр хоёрын өрөөгөөр шагайж харсан. Тэгэхэд хоёулаа унтаж байсан. Би яг цагаа бол санахгүй байна. Тэр үед Н хүүхдээ хөхүүлээгүй хоёулаа дээшээ хараад унтаж байсан. Би бие засчхаад хүүгийнхээ хажуугаар буцаад ороод унтаж байхад жижиг өрөөнөөс Н хүүгийнхээ нэрийг дуудаад хашхираад байхаар нь би сэрээд гүйгээд очсон. Жижиг өрөө рүү ороход Н хүүгээ тэврээд уйлчихсан байж байсан. Би хүүг нь Н-гээс аваад орон дээр тавихад огт ухаан байхгүй, хөдөлгөөнгүй болчихсон байсан. Н эмч дуудсан. Эмч ирээд огт амьсгалахгүй байна гэж хэлсэн. Ийм л зүйл болсон. Н-гийн хүү нь зүгээр байдгаараа л байсан. Уйлсан зовуурилсан зүйл байгаагүй. Орой тал дээрээс наашаа ирэх замдаа унтаад өгсөн байсан. Гэртээ ирэхдээ хүртэл унтаж байсан. Унтаагаар нь оронд нь оруулсан... Өмнөх өдөр нь халуун наранд 2 хүүхдийг машинд л унтуулаад байсан. Халуун наранд цохиулсан юм болов уу гэж бодож байна. Өөр бас ээж нь өглөө хөхүүлсэн гэж байсан. Н өглөө талийгаачийг тэврээд уйлж байхдаа би хөхөөрөө дараад бүтээчхээгүй байгаа гээд байсан. Ер нь бол талийгаач хүчилтөрөгчийн дутагдалтай агаарт сайн гарга гэдэг байсан тул бид нар салхинд гарсан юм.” /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/

Гэрч Н.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгаас Ёлын ам руу 3 машинтай 9 том хүн, 2 нярайтай, манай гэр бүл, Бий гэр бүл, бас дахиад нэг Б гэж хүний гэр бүл явсан. Ёлын ам дээр очоод гэр түрээслээд тэндээ 1 хоноод маргааш өглөө нь цай ундаа уучхаад 11 цагийн үед Булган сум руу хөдөлсөн. Булган суманд очиход 14 цаг болж байсан. Хүнсний дэлгүүр орж зайрмаг, ундаа, чихэр жимс авсан. Булган сумын урд байдаг цөөрөм дээр очиж 1 цаг гаруй байж байгаад Баянзаг руу хөдлөөд явах замд 1 машин нь замдаа төөрөөд 2 машин нь Баянзаг дээр очсон. Баянзаг дээр байж байгаад 1-2 цагийн орчимд хугацаанд байж байгаад наашаа хөдлөөд нөгөө төөрсөн машинтай гэр бүлээ хүлээж тал дээр хэсэг зогссон. Тэгээд 1-2 цагийн ирсэн. Тэдний гэр бүл аймаг явах ажилтай болчихлоо гээд буцаад яваад өгсөн. Манай гэр бүл талийгаачийн аав Бий гэр бүлийнхэн бид хэд үлдээд Молцог элс орно гээд явсан. Молцог элсээ олоогүй. Баянзагаас нэлээн урагшаа нэг газар буудаллаад хоол унд хийж идээд аймаг руу 21 цагийн үед хөдөлсөн. Тэгээд явсаар байгаад 02 цагийн үед байх аймаг дээр орж ирсэн. Ба ахынд очоод аялалд авч явсан юмаа буулгачхаад Бээ ахын гэрт бид нар очиж хонохоор болоод Бээ ахын байрны гадаа буюу “GB town” гадаа ирсэн. Би хөнжил гудсаа тэврээд Бий эхнэр Н, өөрийн эхнэр Ү нарын хамт гэр рүү нь орсон. Б ах гадаа машиндаа сууж байсан. Би хөнжил гудсаа оруулчхаад эхнэр, хүүхдэдээ ор засаж өгчхөөд эхнэртээ найзындаа оччихоод ирье гэж хэлээд буцаад гарсан. Араас манай эхнэр залгаад чи хойно Ба ахынд буулгасан юмнаас 2 пиво бид хоёрт авч ирээд өг гэж хэлсэн. Би за гэж хэлчхээд гарахад гадаа Бээ ах байхгүй машин нь бас байхгүй байсан. Би Ба ахынд очсон чинь Бээ ах Ба ахынд оччихсон тамхи татаад сууж байсан. Ба ах ганц бие гэртээ ганцаараа байдаг Бээ ахын найз байгаа юм. Би тэндээс 2 лаазтай пиво аваад Бээ ахынд очоод Б-ээ ахын эхнэр болон өөрийнхөө эхнэрт пивийг нь өгчхөөд буцаж гараад ... тоотод байдаг найзынх руугаа усаар яриад очсон. Тэнд очоод найзтайгаа хамт Дота-2 гэж компьютер тоглоом тоглоод тэндээ хоносон. Би хааяа шөнийн цагаар найзтайгаа компьютер тоглодог юм. Тэр өдөр бас тэгж тоглохоор найзындаа очсон. Өглөө унтаж байхад утас дуугараад сэрсэн чинь Ба ахын дугаараас баахан дуудлага ирсэн байсан. Утсаа авсан чинь Ба ах байсан. Бээгийн хүү О өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Би шууд Бээ ахынд очсон. Тэгсэн чинь Бээ ах ирчихсэн уйлаад сууж байсан, Н бас уйлчихсан байж байсан. Өөр Н-гийн аав, Бээ ахын ээж нь ирчихсэн байж байсан. Бас цагдаагаас хүмүүс ирчихсэн байж байсан. Талийгаач хүү өмнөх өдөр нь хэвийн байсан. Инээгээд уйлаад өвдөж бариад байгаа зүйл ажиглагдаагүй, зүгээр л байдгаараа байсан... Б Н-тэй хамт амьдраад 1 жил гаран л болж байгаа байх гэж бодож байна. Миний анзаарснаар бол харилцаа нь давгүй л байдаг. Миний хувьд ойролцоо насны хүүхэдтэй учраас ер нь байнга л бие биеийнхээрээ орж гараад явдаг. Ингэж байх хугацаанд миний дэргэд энэ хоёр хэрүүл маргаан хийж байгаагүй.” /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/

Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай найз залуу надад зугаалганд явъя гэж хэлсэн. Би явахаар болоод 2021 оны 07 дугаар сарын 14-ний орой 18 цагаас ажлаа тараад манай найз залуу намайг гэрээс ирж авсан. Оройхон Ёлын ам руу манай найз залуугийн 2 үеэл нь гэр бүлийн хамт хөдөлсөн. Бид нар Ёлын амд нэлээн шөнө очсон. Хоолоо идчихээд унтацгаасан. Өглөө нь босож цайгаа уучхаад Булган сумын Баянзаг үзнэ гээд явцгаасан. Булган сумын Цөөрөм дээр очиж 1 цаг орчим байцгаасан. Тэндээсээ Баянзаг руу хөдөлсөн. Манай найз залуу бид хоёр замдаа замаа олоогүй төөрөөд буцаж Булган сумд ирээд постоос нь зам асуугаад замаа заалгаад Баянзаг дээр очсон. Бид хоёр замаа олоогүй нөгөө 2 машиныг баахан хүлээлгэсэн учир хүмүүс бухимдаад байгаа юм шиг санагдаад байхаар нь аймгийн төв буцаж явъя гэж найз залуудаа хэлээд манай найз залуу бид хоёр Баянзагаас аймгийн төв рүү явсан. Тэгээд ч би хөдөө гадаа хономооргүй байсан. Аймгийн төвд нэлээн орой орж ирсэн. Цаг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Аймагт орж ирээд найз залуугийнхаа гэрт нь очоод гэрийнх нь гадаа майхнаа бариад бид хоёр хоносон.” /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 07 дугаар сарын 16-ны шөнө 01 цагийн үед гэртээ ирээд талийгаачийг хажуудаа тэргэн дээр нь тавьж унтсан. Талийгаач байнга 05 цагийн үед сэрж хөхөө хөхдөг байсан. Тэр өглөө 05 цагийн үед сэрэхгүй байхаар нь талийгаачийг өлсөж байгаа байх гэж бодоод тэрэгнээс нь аваад хажуудаа тавьж хөхөө хөхүүлээд хажуудаа авч унтсан. ...1997 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн бага насаа Даланзадгад сумын 9 дүгээр цэцэрлэгт хүмүүжиж өнгөрөөсөн. 2004 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр 10 жилийн сургуульд элсэн орж 2014 онд төгсөөд 2014 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуульд элсэн орж 2018 онд Орос хэлний багш мэргэжлээр төгссөн. 2016 онд М.Б хамтран амьдарч нэг хүүтэй болоод 2018 онд салсан. Одоо манай хүү надтай хамт амьдардаг. М.Б бид 2 гэрлэлтээ батлуулаагүй байсан. 2019 оны 11 дүгээр сард Б гэх талийгаачийн аавтай танилцаж бид 2021 онд талийгаачийг төрүүлсэн. 2019 оны 05 дугаар сард Оюу толгойн “SSM” ХХК-д үйлчилгээний ажилтнаар ажиллаж байгаад 2020 онд хүүхэд асрах чөлөө авсан ба одоог хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байна.” /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Талийгаач Б.О-ийн цогцост гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаач Б.О-ийн биед үхэлд хүргэх архаг, хууч өвчин, өмнө нь авсан гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаач нь механик амьсгал бүтэлт буюу дарагдлын улмаас амьсгалын дутагдалд орж нас баржээ.” /хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-09 дүгээр хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 76-81, 84-87 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Б.Н-гээс өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.  

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Н-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: 

Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 05 цагаас 09 цагийн хооронд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг, “GB town” хорооллын 2-43 тоотод байх гэртээ өөрийн хүү болох 3 сартай, эрэгтэй Б.О-ыг хөхүүлж байхдаа унтаж, улмаар хөхөөрөө дарж амьсгалын дутагдалд оруулан болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-ий “...Найзындаа байж байгаад унтчихсан байсан чинь өглөө 08 цаг 40 минутын үед манай эхнэр Н над руу залгаад талийгаачийг сонин болчихлоо гэж хэлээд уйлаад байхаар нь би найзынхаа гэрээс гараад гэртээ ирсэн чинь Н, Ү болон түргэний 2 эмч нар манай гэрт ирсэн байсан. Би гэртээ орсон чинь Н надад талийгаачийг өнгөрчихлөө гэж хэлсэн. Эмч надад зүрх нь зогссон байна гэж хэлээд цагдаа руу дуудлага өгсөн. Өвчин байгаагүй, эрүүл хүүхэд байсан.” /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

гэрч Т.Ү-ы “...Талийгаачийг тэрэгтэй нь оруулж ирээд унтуулж байгаад Н унтахдаа талийгаачийг жижиг өрөөнд хажуудаа авч унтсан. Би өглөөгүүр босоод нойл орох замдаа тэр хоёрын өрөөгөөр шагайж харсан. Тэгэхэд хоёулаа унтаж байсан. Би яг цагаа бол санахгүй байна. Тэр үед Н хүүхдээ хөхүүлээгүй хоёулаа дээшээ хараад унтаж байсан. Би бие засчхаад хүүгийнхээ хажуугаар буцаад ороод унтаж байхад жижиг өрөөнөөс Н хүүгийнхээ нэрийг дуудаад хашхираад байхаар нь би сэрээд гүйгээд очсон. Жижиг өрөө рүү ороход Н хүүгээ тэврээд уйлчихсан байж байсан. Би хүүг нь Н-гээс аваад орон дээр тавихад огт ухаан байхгүй, хөдөлгөөнгүй болчихсон байсан. Н эмч дуудсан. Эмч ирээд огт амьсгалахгүй байна гэж хэлсэн. Ийм л зүйл болсон. Н-гийн хүү нь зүгээр байдгаараа л байсан. Уйлсан зовуурилсан зүйл байгаагүй. Орой тал дээрээс наашаа ирэх замдаа унтаад өгсөн байсан. Гэртээ ирэхдээ хүртэл унтаж байсан. Унтаагаар нь оронд нь оруулсан... Өмнөх өдөр нь халуун наранд 2 хүүхдийг машинд л унтуулаад байсан. Халуун наранд цохиулсан юм болов уу гэж бодож байна. Өөр бас ээж нь өглөө хөхүүлсэн гэж байсан. Н өглөө талийгаачийг тэврээд уйлж байхдаа би хөхөөрөө дараад бүтээчхээгүй байгаа гээд байсан. Ер нь бол талийгаач хүчилтөрөгчийн дутагдалтай агаарт сайн гарга гэдэг байсан тул бид нар салхинд гарсан юм.” /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

гэрч Н.Д-гийн “...Утсаа авсан чинь Ба ах байсан. Бээгийн хүү О өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Би шууд Бээ ахынд очсон. Тэгсэн чинь Бээ ах ирчихсэн уйлаад сууж байсан, Н бас уйлчихсан байж байсан. Өөр Н-гийн аав, Бээ ахын ээж нь ирчихсэн байж байсан. Бас цагдаагаас хүмүүс ирчихсэн байж байсан. Талийгаач хүү өмнөх өдөр нь хэвийн байсан. Инээгээд уйлаад өвдөж бариад байгаа зүйл ажиглагдаагүй, зүгээр л байдгаараа байсан...” /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/, гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан атал хохирогчийн амь насыг болгоомжгүйгээр хохироож, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б нь мөрдөн байцаалтын болон шүүхийн  шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Н-гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ. 

Шүүх шүүгдэгч Б.Н-г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Нг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Э.Б хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын үзлэг, цогцост үзлэг хийсэн тэмдэглэлийг дуу-дүрсний аргаар бэхжүүлсэн талаарх 2 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч А овгийн Б-ийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Н-г оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.              

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Э.Б хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын үзлэг, цогцост үзлэг хийсэн тэмдэглэлийг дуу-дүрсний аргаар бэхжүүлсэн талаарх 2 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсүгэй.  

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ