Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/102

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч Н.Э, Д.С, 

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                                        

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овгийн Н-ийн Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овгийн Д-ийн С нарт холбогдох 2128001740095 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Биеийн байцаалт: 

   Монгол Улсын иргэн, ...................

   Монгол Улсын иргэн, .....................

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Марал” хүнсний дэлгүүрээс худалдан авалт хийхдээ хохирогч Д.Б-ийн лангуун дээр мартаж орхисон “Samsung 10 S” загварын гар утсыг бусдын эзэмшлийнх болохыг мэдсээр байж хууль бусаар авч, нөхөр Д.Ст өгч захиран зарцуулах боломжийг бүрдүүлж, хохирогч Д.Биндэрмаад 400,000 төгрөгийн хохирол учруулсан буюу гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Д.С нь “Samsung 10S” загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж авч, өөрийн эзэмшлийн Юнителийн ............ дугаарын сим картыг хийн 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн захиран зарцуулж, хохирогч Д.Б-д 400,000 төгрөгийн хохирол учруулсан буюу мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Э, Д.С нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “Марал” дэлгүүрээс худалдан авалт хийхдээ лангуун дээр байсан гар утсыг авч эд зүйлтэйгээ хамт тор руугаа хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. “Samsung 10S” загварын хар өнгийн гар утас байсан гэв.

Шүүгдэгч Д.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гар утас кодгүй байсан. Би 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ................ дугаартай сим картыг “Samsung 10S” загварын гар утсанд хийж хэрэглэж байсан нь үнэн. Эхнэр ийм утас оллоо гэж надад өгсөн. Элэгний хавдартай бөгөөд байнгын эмчийн хяналтад байдаг юм. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 15 цаг өнгөрч байх үед “Марал” дэлгүүрт орж үйлчлүүлж тус дэлгүүрээс авсан эд зүйлийнхээ тооцоог касс нь дээр  бэлэн мөнгөөр хийж гарахдаа өөрийн эзэмшлийн “Samsung 10S” загварын гар утсаа касс нь дээр үлдээгээд гарсан байсан. Саруул од талх нарын боовны цех ороод “Марал” дэлгүүрийн ард талд байх өөрийн оёдлын цех дээрээ ирж гар утсаа “Марал” дэлгүүрийн касс нь дээр гаргаж авч байснаа санаад өөрийн гар утсаа авах гээд очиход миний гар утас алга болсон байсан. Касс нь дээр сууж байсан Ч гэх охиноос би өөрийн гар утсаа асуухад Ч гэх охин, би саналаа таныг манай дэлгүүрээс худалдаж авсан эд зүйлийнхээ тооцоог хийж байхад кассын ширээн дээр хар өнгөтэй гар утас харагдаж байсан гэж хэлсэн. Тэгээд уг дэлгүүрийн  хяналтын камерыг шүүлгэж үзэхэд намайг дэлгүүрээс гарсны дараа цэнхэр өмдтэй, цагаан фудволктой эмэгтэй хүн худалдаж авсан зүйлийнхээ тооцоог хийгээд гарахдаа касс нь дээр тавиатай байсан миний гар утсыг авч байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан. Миний гар утсыг авсан эмэгтэй “Марал” дэлгүүрт авсан зүйлийнхээ тооцоог хийхдээ виза карт ашигласан байсан. Би гар утсаа 2021 оны 01 дүгээр сард Даланзадгад суманд байдаг “Нарлаг” гар утас худалдааны дэлгүүрээс 450,000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Хар өнгийн гэртэй, дэлгэцэндээ шилэн наалттай, хар өнгийн кейстэй, уг кейсийн ар талд сөхдөг гогцоотой “Samsung 10S” загварын гар утас байсан... Би өөрийн гар утсаа олж авмаар байна.” /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/

Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Өдрийг нь санахгүй байна 07 дугаар сард камер шүүе гэж хүн орж ирэхээр нь би 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн камерын бичлэг тавьж өгөөд өөрөө ажилтай байсан болохоор гараад явсан. Ямар хүн юу авсан талаар би мэдэхгүй байна. Бичлэг үзээгүй.” /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/

Гэрч Э.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 07 дугаар сарын 10-ны 16 цагийн үед манай байнгын үйлчлүүлэгч эгч дэлгүүрт орж ирээд эгч нь сая утсаа орхиж гарсан байна уу гэхээр нь би тэр өдрийн орой нь камер шүүж үзсэн чинь цагаан фудволктой доогуураа юу өмссөн талаар санахгүй байна нэг хөдөөгийн гэмээр эгч касс нь дээр ирж гурил, будаа бас хүнсний бүтээгдэхүүн аваад нийт 80,000 төгрөгийн бараа аваад явсан. Тэр эгчийг касс нь дээр бараагаа бичүүлж байхад гар утас дараагийн хүний барааны хажууд байсан чинь нөгөө эгчийг бараагаа бичүүлээд дууссан чинь арын хүн нь хажуудаа байсан гар утсыг нөгөө эгч рүү түлхсэн чинь нөгөө эгч гар утсыг бараатайгаа хамт аваад тооцоогоо хийчхээд дэлгүүрээс гарч явсан бичлэг байсан.” /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/

Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний өмнө нэг эмэгтэй байсан. Тухайн эмэгтэй касс нь дээр авсан эд зүйлээ бичүүлээд зогсож байхаар нь би кассан дээр очоод авсан юмаа бичүүлэх гэсэн чинь миний өмнө нэг хар өнгийн гар утас байсан. Тэгээд би гар утсаа орхичхож гэж хэлээд гар утсыг нь өөр рүү нь дөхүүлж өгсөн. Би тооцоогоо хийж дуусаад гараад явсан. Намайг гар утас өгөхөд тэр эмэгтэй гар утсыг аваагүй. Намайг гарсны дараа авсан байх. Би торонд нь юм хийгээгүй хувцас болон бусад зүйлийг нь ажиглаагүй. 40 орчим насны хүн байсан байх.” /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр би хүүхдийн мөнгө буухаар нь өдөр 12 цагийн үед “Марал” дэлгүүрээс хүнсний бараа авах гэж ороод хүнсний зүйлээ цуглуулаад лангуун дээр бичүүлж байсан чинь миний ард зогсож байсан надаас арай ахмад ах, эгч 2 надад тусалж миний авсан эд зүйлийг торонд хийж өгсөн. Би дэлгүүрээс гараад дүүтэйгээ хамт гадуур явж байгаад орой 17 цагийн үед гэртээ очоод тортой авсан юмаа гаргасан чинь дотроос нь гар утас гараад ирсэн. Би нөгөө гар утсыг аваад “Марал” дэлгүүр дээр очиход “Марал” дэлгүүр 18 цагаас хаасан байсан. Би буцаж гэртээ хариад маргааш нь буюу 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ууланд гэрийнхэнтэйгээ яваад “Марал” дэлгүүр очиж чадаагүй. Дараа нь нөхөр Д.С-т нөгөө гар утсыг өгөөд бариулсан.” /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/ 

Шүүгдэгч Д.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн үед манай эхнэр Э гэртээ ирээд дэлгүүрээс авсан эд зүйлээ гаргасан чинь торон дотроос нь гар утас гарч ирсэн. Гар утсыг нь гаргаж үзэхэд унтарчихсан байсан. Асаагаад үзтэл пин код нэхээд байсан. Пин кодыг нь мэдэхгүй болохоор асааж чадаагүй. Тэгээд “Марал” дэлгүүр дээр буцааж авч очиж өгөх гэхээр нь би дэлгүүр хаасан байх маргааш авч очиж өг гэж хэлсэн. Маргааш нь Э ах, дүү нартайгаа хамт ууланд явсан. Тухайн үед би гар утасгүй байсан болохоор гар утсанд симээ хийж ашигласан.” /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 233 дугаартай үнэлгээнд: “Samsung S10” гар утас, 1 ширхэг, нэгжийн үнэ 400,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 400,000 төгрөг /хуучин/, нийт дүн: 400,000 төгрөг.” /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дугаар хуудас/

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дугаар хуудас/

Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас/

Юнител ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 05-01/4011 тоот албан бичиг /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 78-80, 83-85, 88-94 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн прокуророос шүүгдэгч Д.С-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг доорх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.С-ыг цагаатгах нь зүйтэй гэж үзэв.

Прокуророос шүүгдэгч Д.С-ыг “Samsung 10S” загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж авч, өөрийн эзэмшлийн Юнителийн ............... дугаарын сим картыг хийн 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн захиран зарцуулж, хохирогч Д.Биндэрмаад 400,000 төгрөгийн хохирол учруулсан буюу мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох бөгөөд ингэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт санаа буюу гэм буруугийн хэлбэр, байдлаас гадна учруулсан хохирол, хор уршгийн хэмжээгээр тодорхойлогддог билээ.

Шүүгдэгч Д.С нь шүүгдэгч Н.Э-ын гэмт хэрэг үйлдэж олж ирсэн “Samsung 10S” загварын гар утсанд өөрийн эзэмшлийн Юнителийн ..................... дугаарын сим картыг хийж ашигласан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа хэдий боловч түүний энэхүү үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн хангахгүй байна. Учир нь “Мөнгө угаах” гэмт хэргийн шинж болох гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан нөхцөл байдал байгаа боловч ингэхдээ тухай эд хөрөнгийн хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан, гэмт хэрэг үйлдсэн Н.Э-ыг хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, эсхүл гар утасны бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалсан“ санаатай үйлдэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл мөнгө угаах гэмт хэргийн гол шинж нь гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулж, хэлбэр дүрс, шинж чанарыг нь хувиргаж эдийн засгийн эргэлтэд оруулж “бохир” мөнгийг “цэвэр” буюу хууль ёсны орлого мэт харагдуулах оролдлого, үйлдлийг ойлгох бөгөөд Д.С-ын үйлдэлд дээрх нөхцөл байдал байхгүй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж зохицуулсан ба, шүүгдэгч Н.Э-ын “гар утас олсон” гэж хэлж өгсний дагуу тухайн гар утсанд өөрийн эзэмшлийн сим картыг хийж ашигласан шүүгдэгч Д.С-ын үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нөгөө талаас гар утсанд өөрийн эзэмшлийн сим картыг хийж ашигласан үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учруулаагүй байна.

Иймд шүүгдэгч Д.С-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд нийгэмд аюултай байх, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байх гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, гэмт хэрэгт тооцогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Марал” хүнсний дэлгүүрээс худалдан авалт хийхдээ хохирогч Д.Б-ийн лангуун дээр мартаж орхисон “Samsung 10S” загварын гар утсыг бусдын эзэмшлийнх болохыг мэдсээр байж хууль бусаар авч, хохирогч Д.Б-д 400,000 төгрөгийн хохирол учруулсан буюу гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 15 цаг өнгөрч байх үед “Марал” дэлгүүрт орж үйлчлүүлж тус дэлгүүрээс авсан эд зүйлийнхээ тооцоог касс нь дээр  бэлэн мөнгөөр хийж гарахдаа өөрийн эзэмшлийн “Samsung 10S” загварын гар утсаа касс нь дээр үлдээгээд гарсан байсан. Саруул од талх нарын боовны цех ороод “Марал” дэлгүүрийн ард талд байх өөрийн оёдлын цех дээрээ ирж гар утсаа “Марал” дэлгүүрийн касс нь дээр гаргаж авч байснаа санаад өөрийн гар утсаа авах гээд очиход миний гар утас алга болсон байсан. Касс нь дээр сууж байсан Ч гэх охиноос би өөрийн гар утсаа асуухад Ч гэх охин, би саналаа таныг манай дэлгүүрээс худалдаж авсан эд зүйлийнхээ тооцоог хийж байхад кассын ширээн дээр хар өнгөтэй гар утас харагдаж байсан гэж хэлсэн. Тэгээд уг дэлгүүрийн  хяналтын камерыг шүүлгэж үзэхэд намайг дэлгүүрээс гарсны дараа цэнхэр өмдтэй, цагаан фудволктой эмэгтэй хүн худалдаж авсан зүйлийнхээ тооцоог хийгээд гарахдаа касс нь дээр тавиатай байсан миний гар утсыг авч байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан.” /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

гэрч Ц.Т-ийн “...Өдрийг нь санахгүй байна 07 дугаар сард камер шүүе гэж хүн орж ирэхээр нь би 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн камерын бичлэг тавьж өгөөд өөрөө ажилтай байсан болохоор гараад явсан. Ямар хүн юу авсан талаар би мэдэхгүй байна. Бичлэг үзээгүй.” /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

гэрч Э.У-ийн “...2021 оны 07 дугаар сарын 10-ны 16 цагийн үед манай байнгын үйлчлүүлэгч эгч дэлгүүрт орж ирээд эгч нь сая утсаа орхиж гарсан байна уу гэхээр нь би тэр өдрийн орой нь камер шүүж үзсэн чинь цагаан фудволктой доогуураа юу өмссөн талаар санахгүй байна нэг хөдөөгийн гэмээр эгч касс нь дээр ирж гурил, будаа бас хүнсний бүтээгдэхүүн аваад нийт 80,000 төгрөгийн бараа аваад явсан. Тэр эгчийг касс нь дээр бараагаа бичүүлж байхад гар утас дараагийн хүний барааны хажууд байсан чинь нөгөө эгчийг бараагаа бичүүлээд дууссан чинь арын хүн нь хажуудаа байсан гар утсыг нөгөө эгч рүү түлхсэн чинь нөгөө эгч гар утсыг бараатайгаа хамт аваад тооцоогоо хийчхээд дэлгүүрээс гарч явсан бичлэг байсан.” /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

 гэрч Т.М-ын “...Миний өмнө нэг эмэгтэй байсан. Тухайн эмэгтэй касс нь дээр авсан эд зүйлээ бичүүлээд зогсож байхаар нь би касс нь дээр очоод авсан юмаа бичүүлэх гэсэн чинь миний өмнө нэг хар өнгийн гар утас байсан. Тэгээд би гар утсаа орхичхож гэж хэлээд гар утсыг нь өөр рүү нь дөхүүлж өгсөн. Би тооцоогоо хийж дуусаад гараад явсан. Намайг гар утас өгөхөд тэр эмэгтэй гар утсыг аваагүй. Намайг гарсны дараа авсан байх. Би торонд нь юм хийгээгүй хувцас болон бусад зүйлийг нь ажиглаагүй. 40 орчим насны хүн байсан байх.” /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 233 дугаартай үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.

Ийнхүү шүүгдэгч Н.Э нь дээрх бусдын өмчид халдсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд ...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд  байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж,  бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь энэхүү хуульд заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгох бөгөөд мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан ба шүүгдэгч Н.Э-ын бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн улмаас бага хэмжээний хохирол болох 300,000 төгрөгөөс дээш 400,000 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэрэгт тооцогдохоор байх тул энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзлээ.

Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрөөгүй байдаг ба харин хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, улмаар шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар авсан, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг онцлогтой.

Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Н.Э нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Шинжээчийн үнэлгээ нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж үнэлгээг гаргасан байх тул шүүх шинжээчийн үнэлгээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Э-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Б-д 400,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 233 дугаартай үнэлгээ болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Samsung S10” загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Биндэрмаад буцаан олгохоор шийдвэрлэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Н.Э-т холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахаар заасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Э-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч Н.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.  

Шүүх шүүгдэгч Н.Э-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч Н.Э нь шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Э, цагаатгагдсан Д.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Samsung S10” загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б-д буцаан олгохоор шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, цагаатгагдсан Д.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Ө овгийн Н-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

4. Шүүгдэгч Н.Э нь шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

6. Шүүгдэгч Н.Э, цагаатгагдсан Д.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Samsung S10” загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б-д буцаан олгосугай.  

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, цагаатгагдсан Д.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ