Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 416

 

2017 оны 07 сарын 05 өдөр    Дугаар 156/ШШ2017/00416         Хэнтий аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00321/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би

           Нэхэмжлэгч: “Вишн Фанд” ББСБ-ын Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй 

            Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 9-5 тоотод оршин суух, Найман овогт Шаравын Энхжаргал /РД:СЛ88091107/-д холбогдох

           “зээл, зээлийн хүүгийн 270 000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                                                                      

                                                                                                    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Вишн Фанд” ББСБ-ын Хэнтий аймаг дахь салбарын захирал П.Амарбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Шаравын Энхжаргал нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “ВишнФанд” ББСБ-н Хэнтий аймаг дахь салбараас 10606367 тоот зээлийн гэрээ байгуулан 800 000 /найман зуун мянган/ төгрөгийн зээлийг хэрэглээний зориулалтаар 12 сарын хугацаатай сарын 3,5%-н хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлийн үндсэн төлбөр болон хүүг хэсэгчлэн төлөх байсан боловч сар бүр байнга хоцроодог бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 20-ноос хойш зээлийн төлбөр хийгээгүй. 2017 оны 05 дугаар сарын 16-ны байдлаар нийт 270 000 /хоёр зуун далан мянган/ төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй  байна. Нэг өдрийн хүү 280 төгрөг болно. Сүүлийн 3 сар төлөлт хийгээгүй утас руу нь залгахаар утсаа авдаггүй. Хугацаа хэтэрсэн хоног 68-аас дээш гарсан ба Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн ангилалд шилжсэн. Санаатайгаар эргэн төлөлтөө хийхгүй манай байгууллагад хүндрэл учруулж байна. Иймд манай байгууллага иргэн Ш.Энхжаргалаас зээл, зээлийн хүүгийн төлбөр болох 270 000 /хоёр зуун далан мянган/ төгрөгийг төлж барагдуулахыг шаардаж шүүхэд нэхэмжилж байна гэжээ. (хх-ийн 1 тал ) 

Хариуцагч Ш.Энхжаргал нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Вишн Фанд” ББСБ-аас нэхэмжилсэн 270 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.  /хх-ийн 14х/

Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               

                                                                                                      

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Вишн Фанд” ББСБ нь хариуцагч Ш.Энхжаргалд холбогдуулан            “зээл, зээлийн хүүгийн 270 000 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч Ш.Энхжаргал нь Жи Мобайл ХХК-наас 800 000 төгрөгийн зээл авсан болох нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ-10606367 дугаартай зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 3-5/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 14х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Вишн Фанд” ББСБ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.Энхжаргал нь хүлээн зөвшөөрч 270 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Ийнхүү нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. “Вишн Фанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Энхжаргалд холбогдох            “зээл, зээлийн хүүгийн 270 000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Вишн Фанд” ББСБ-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 8 750 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ш.Энхжаргалаас 4 375  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР