Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/103

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Хохирогч И.Г,

Шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,   

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Н.ийн А-д холбогдох 2128000000094 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

  Биеийн байцаалт: 

  Монгол Улсын иргэн, ..................

  Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Н.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5 дугаар баг, .................... тоотод И.Г-тай маргалдаж, түүний толгойн тус газарт цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.А-ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ............................ тоотод найзтайгаа пиво ууж байсан. Эмэгтэй хүн туслаарай гэх шиг болоод туслах гэж гарсан. Хохирогч намайг үгээр идээд байсан. Тухайн үед пиво уусан байсан учраас өөрийгөө барьж чадахгүй нүүрийг нь 2, 3 алгадсан, 2, 3 өшиглөсөн, гадаа байсан мод барьж орж ирээд модоор нэг удаа цохисон. Ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Толгойд гэмтэл учруулсан. Шүүгдэгч 5,000,000 төгрөг өгч эмчилгээ хийлгэсэн. Нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Найзынхаа гэрт 2 пиво уучхаад харих гээд гудамжид явж байхад нэг эгч өмнө тааралдсан. Эгчээ та утсаа өгөөч би эхнэр рүүгээ утсаар ярьж ирж ав гэж хэлэх гэсэн юм гэхэд шүүгдэгч гарч ирсэн. Гэр үү яаж орсон үйлдлээ санахгүй байна. Нэг мэдэхэд гурвуулаа пиво уугаад сууж байна. Та хаана сурч байсан бэ гэхэд 1 дүгээр сургуульд сурч байсан гэж хэлэхээр нь манай дүү О таних уу гэж асуусан. Энэ үеэс маргаан үүссэн гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...Би Даланзадгад сумын .... дүгээр баг ..................... тоотод хувиараа нэг найзын хамтаар барилга барьж байгаа бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 07-ны өглөө ажил дээрээ очоод ажлаа хийж байгаад өдрийн цайгаар гэртээ очиж хувцсаа сольчхоод Зүүнсайханд байдаг найз Г.ын гэрт очихоор явсан. Явах замдаа дэлгүүр орж 2,5 литрийн Нийслэл пиво 1 ширхэг, 2,5 литрийн Боргио пиво 1 ширхэг зэргийг аваад Г.ын гэрт очоод Ганболд бид хоёр нөгөө 2 пивоо хувааж уусан. Би Г-ын гэрт өдөр 14 цагийн үед очиж пиво уугаад 15 цаг өнгөрч байхад бид хоёрын ууж байсан 2 пиво дууссан. Би гэртээ харилаа гээд Г.ын гэрээс гараад доошоо гудамж сүлжээд алхсан. Алхаж байхдаа эхнэрээ дуудах гэхэд миний утас байхгүй байсан учраас гудамжинд явж байсан нэг эгчийг та утсаараа яриулаач би эхнэрээ дуудах гэсэн юм гэсэн чинь тэр эгч надад нэгж байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би араас нь эгчээ нэг яриулчхаач гэж хэлээд гуйгаад явж байсан чинь задгай хашаанаас 1 залуу гарч ирээд та эмэгтэй хүнийг яагаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр  нь би утсыг нь гуйгаад явж байна гэж хэлсэн. Тэр хооронд юу ярьсан юу хэлснээ санахгүй байна нэг мэдсэн чинь нэг айлд ороод сууж байсан. Тэр айлд 3 эрэгтэй хүн байсан. Би тэр хүмүүстэй юм яриад пиво уугаад сууж байсан. Тэгж байгаад би тэнд байсан залуучуудаас та нар хаана сурч байсан бэ гэсэн чинь би 1 дүгээр арван жилд сурч байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь манай дүү О таних уу гэхэд ямар О гэж хэлсэн. Тэгэхээр нь би хар О гэсэн чинь би чамайг танихгүй О, С нарыг л таних юм байна гэж нэг залуу нь хэлсэн. Тэгээд тэр залуу танай дүү чинь намайг их дээрэлхэж байсан гэж хэлээд гэрээс гараад явсан. Тэгсэн гартаа банз барьж орж ирээд миний тархин дундуур цохиод авсан. Тэгснээ миний нүүр хэсэг рүү нэлээд хэд гараараа цохиж аваад дараагаар нь өшиглөөд байсан. Тэгэхээр нь одоо болъё дүү нараа гэж гуйж байгаад гэрээс нь гараад зугтаасан. Тэгсэн чинь нэг нь араас гүйж ирээд миний фудволкноос бариад авахаар нь фудволкоо тайлж орхиод зугтаасан. Би гүйж яваад Ивээл худалдааны төвийн хойно явж байхад Золоо гээд нэг таньдаг залуу таарсан. Тэр залуугаас утсыг нь гуйгаад эхнэрээ дуудсан, удаагүй манай эхнэр ирж авсан, ийм зүйл болсон. Би бусдад зодуулаад толгой орой хэсэгтээ оёдол тавиулсан, зүүн нүд хөхөрсөн, үүдэн нэг шүд унасан зэрэг гэмтлүүд авсан. Одоо биеийн байдал гайгүй байна. Толгой өвдөж байгаа... Надад учруулсан хохирлоо барагдуулчихвал гомдол байхгүй. Эмчилгээнд гарсан зардлуудаа нэхэмжилнэ. Би Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад ирсэн. Би Улаанбаатар хотод очоод Монгэм гэх хувийн уламжлалтын эмнэлэгт очиж үзүүлж 7 хоног эмчилгээ хийлгээд ирсэн. Би явахдаа хувийн унаагаар явсан бөгөөд явах зардал байхгүй байсан учраас намайг зодож гэмтээсэн А-ээс эмчилгээний зардал өг гэхэд надад 5,000,000 төгрөг өгч явуулсан. Би энэ хүний өгсөн мөнгөөр өөрийгөө эмчлүүлээд ирсэн. Надад энэ хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан гэж үзэж байна. Энэ А гэдэг хүн надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан учир энэ хүнд хөнгөн ял оноож өгөхийг хүсэж байна. Өөр санал хүсэлт, гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 12-13, 16 дугаар хуудас/

Гэрч Ж.От мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний нөхрийг И.Г гэдэг. Бид хоёр 16 жил хамт амьдарч байгаа юм. Манай нөхөр Г өглөө ажилдаа гарсан, би бас гадуур ажилтай гарсан. Өдөр манай нөхөр 14 цагийн үед гэртээ ирж цайгаа уучхаад явж байна гэж хэлсэн. Би 16 цагийн үед гэртээ байж байхад нэг танихгүй дугаараас дуудлага ирэхээр нь авсан чинь манай нөхөр Г байсан. Тэгээд би хүнээр зодуулчихлаа ирээд авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь чамайг хэн зоддог юм бэ, худлаа яриад бай гэсэн чинь утсаараа яриулж байгаа хүн нь танай хүн зодуулсан байна та ирээд авчихаа гэж хэлсэн. Би хаана байгаа юм бэ гэсэн чинь Зүүнсайханы Ивээл худалдааны төвийн хойд талд байна гэж хэлсэн. Би яваад очиход манай нөхөр дээгүүрээ шалдан, гуталгүй, нүүр, гэдэс нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь машиндаа суулгаад яасан юм бэ гэсэн чинь хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь хэн чамайг ингэж зодсон юм бэ гэсэн чинь танихгүй 3 хүнд Зүүнсайханд зодуулсан гэж хэлсэн. Би нөхрөөсөө өмсөж явсан фудволкоо яасан юм бэ гэсэн чинь би зодуулсан айлаас гараад явж байхад араас нэг залуу нь ирээд бариад авахаар нь тайлж хаяад зугтаасан. Миний фудволк зодуулсан айлын хашааны гадаа байгаа гэж хэлсэн. Би нөхрөө аваад ажлын газар дээр ирж хувцсыг нь сольж аваад чи хаана ямар хүнд зодуулсан юм бэ тэр хүмүүстэй чинь уулзъя гээд явсан. Тэгээд нөхрөөрөө нөгөө айлыг заалгаж аваад эргэж гэртээ ирээд өөрийн оюутан хүү, бэр хоёроо аваад бид нар Зүүнсайхан руу явж нэлээд хайсан боловч нөхөр нөгөө айлыг олж чадахгүй байсан. Хэсэг явж байгаад ............................ тоотод байх задгай айлыг зааж өгсөн. Тухайн айлд ороход нэг залуу, нэг хүүхэн, нэг хүүхдийн хамтаар байсан. Би тэр айлын залуугаас та яагаад манай хүнийг зодож байгаа юм бэ гэсэн чинь би хүнд гар хүрээгүй харин би салгасан гэж хэлсэн, тийм биз дээ ахаа гээд нөгөө залуу манай нөхөр рүү хэлэхэд манай нөхөр энэ залуу намайг зодоогүй, намайг зодсон залуучууд алга байна гэж хэлээд тэнд байж байхад мотоциклтой 2 залуу яваад ирсэн. Тэгсэн манай нөхөр намайг зодсон 2 залуу энэ хоёр мөн байна гэж хэлсэн. Би тэр хоёр залууд хандаад та хоёр манай нөхрийг ямар учраас зодсон юм бэ гэсэн чинь хажуугаас манай нөхөр нөгөө хоёр залууд хандаад та хоёр наад мотоцикл дээрээсээ буучих эр хүмүүс байна ярилцъя гэж хэлсэн чинь араар нь сууж явсан цэнхэр дээлтэй залуу нь мотоциклоосоо буусан чинь мотоцикл унаж ирсэн бор дээлтэй залуу нь чи гудамжаар хүүхэн хөөгөөд явж байхад чинь дуудаж аваа биз дээ гэж хэлсэн. Тэгээд та нар цагдаагаа дуудаж ирээд учраа ол гэж хэлээд байхаар нь би цагдаад дуудлага өгсөн юм. Тэгээд цагдаа нар ирээд нөгөө хоёр залууг аваад явсан. Манай нөхрийг эмнэлэгт үзүүлчхээд хүрээд ир гэж хэлсэн. Манай нөхрийн толгойд оёдол тавьсан, хэдэн оёдол тавьсан талаар мэдэхгүй байна. Зүүн хацар нь тэр чигээрээ хөхөрч хавдсан байсан.” /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/

Гэрч Г.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би амраад гэртээ байсан юм. Тухайн өдөр манай эхнэр, хүүхэд ээжийнхээ гэрт очиж боорцог хийнэ гээд явсан байсан юм. Тухайн өдөр 12 цаг өнгөрч байхад А дүүгийнхээ хамт хүрээд ирсэн. Манайд ирэхдээ 2 ширхэг 2,5 литрийн пивотой ирсэн. Удаагүй дүү нь яваад өгсөн. Бид хоёр юм яриад пиво уугаад суусан. Тэгээд 2 пиво ууж дуусгаад Ялгуун дэлгүүр рүү алхаад 1 том пиво авч ирсэн. Тэрийгээ уучхаад дахин Ялгуун дэлгүүр орж дахин нэг пиво авч ирээд уугаад сууж байхад А-ийн дүү От хүрээд ирсэн. Бид гурав сууж байхад гэрийн гадаа нэг эмэгтэй хүн хашхирсан чинь А гэрээс гарсан. Удаагүй нэг танихгүй хүн дагуулаад ороод ирсэн. Тэр хүн 40 орчим насны хүн байсан ба тэр хүн гэрт орж ирэхээр нь би пиво аягалж өгсөн чинь уучихсан. Тэр үед А нөгөө хүнд хандаад та битгий эмэгтэй хүн зовоогоод байгаарай гэж хэлсэн чинь нөгөө ах тэр чинь миний нууц амраг байгаа юм та нар яах гээд байгаа юм бэ, та нар миний дүүг таних уу манай дүү аймгийн атаман О гэж хүн байгаа та нарыг байхгүй болгоно шүү ална шүү, та нар шиг банди нар амжихгүй шүү гээд байсан. Тэгсэн чинь А уурлаад чи муу юу гээд байгаа юм бэ гээд нүүр рүү нь 2-3 удаа цохиод авсан. Тэгэхээр нь От бид хоёр А-ийг болиулаад гэрээс гаргасан чинь нөгөө ах та нар муусайн амжихгүй шүү би та нарыг дүүдээ хэлээд алуулна гээд байсан. Тэгчхээд пиво аягалаад өг гээд нэхээд байсан. Тэгсэн От пиво аягалж өгсөн нөгөө пивийг уучхаад дахиад хийгээд өг гээд нэхэж байх үед А гаднаас банз бариад ороод ирэхээр нь банзаараа цохичих вий гэж бодоод нөгөө ахын хажууд очоод сууж байхад А банзаараа нөгөө ахын толгой руу цохих үед нь гараараа хаасан От бас хаасан. Тэгсэн тэр банз толгой хэсэгт нь зөөлөн оносон байх. Тэр үед От, А-ийг цааш нь татаад модыг нь булаагаад гэрээс гаргаад шидсэн. Тэгж байхад нөгөө ах нэлээд томорч байгаад манайхаас гараад явсан. Тэгсэн А араас нь хөөсөн чинь нөгөө ах гүйгээд яваад өгсөн. А гүйцээгүй эргээд ирсэн. Отын хамтаар манайхаас яваад өгсөн. Удаагүй манай эхнэр хүрч ирээд намайг гэртээ янз бүрийн хүн цуглуулж пиво уулаа гээд нэг хэсэг загнасан. Тэгж байхад нөгөө ах эхнэрийнхээ хамтаар хүрээд ирсэн байсан. Тэгсэн удаагүй А, От хоёр хүрээд ирсэн. Нөгөө ах манайхаас гутлаа нэхээд байсан. Манайд ирэхдээ таавчигтай ирчхээд сүүлд нь ирээд гутал нэхээд байсан. Тэгж байхад цагдаа ирээд А, От нарыг аваад явсан, ийм зүйл болсон... Манай түлээнд байдаг 1 метр орчим урт 10 арай хүрэхгүй см өргөнтэй нимгэн хуучин өгөр банз байсан юм. Би хугалаад гал түлдэг байсан банзны нэг үлдэгдэл нь байсан юм. Би тэр орой банзыг хог руу аваачаад хийсэн байсан, удаагүй хог ачаад явсан тэр банз хогон дунд ачигдаад явсан байх, хаана байгааг нь мэдэхгүй байна.” /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/

Гэрч Ч.От мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр А ах бид хоёр хөдөө адуундаа явах гэж байсан юм. Тэгсэн манай ах ............................ тоотод байх найз Пүрэвдоржийн гэрт оччихоод явъя гэж хэлсэн. Би Пүрэвдоржийн гэрт хүргэж өгөх гээд явж байхад ах дэлгүүр оръё гэхээр нь Баянхангай дэлгүүр орсон чинь ах 2,5 литрийн Сэнгүүр нэртэй пиво 2 ширхгийг авсан. Би ахыг 2 пивотой нь хамт ............................ тоотод байдаг Пүрэвдоржийн гэрт хүргэж өгсөн. Тэгчхээд би өөрөө хүүхэдтэй уулзах гээд яваад өгсөн. Би хүүхэдтэй уулзаж хэсэг байж байгаад орой 18 цаг өнгөрч байхад Пүрэвдоржийн гэрт хүрээд очсон чинь А ах, Пүрэвдорж нар дахиад пиво авсан бололтой пиво уугаад нэлээд халамцуу сууж байсан. Би очоод гэртээ харих уу гэсэн чинь энэ ууж байгаа пивоо дуусгаад явъя гэж хэлсэн. Би пиво дуусахыг нь хүлээгээд сууж байхад Пүрэвдорж надад пиво хийж өгөхөөр нь бага зэрэг уусан. Тэнд байж байхад гадаа нэг эмэгтэй хүн хашхирах чимээ гарсан чинь ах гараад явсан. Удалгүй нэг согтуу хүнтэй хамт ороод ирсэн. Нөгөө ахад пиво хийж өгсөн. Тэгсэн чинь А ах нөгөө хүнийг та яах гэж эмэгтэй хүн дээрэлхэж байдаг юм бэ гэсэн чинь тэр чинь миний нууц амраг байгаа юм гэж хэлсэн. А ах та эмэгтэй хүнийг дарамталж болохгүй шүү гэсэн чинь нөгөө ах чи миний дүүг таних уу, манай дүүг хар О гэдэг чамайг хэлж алуулна, та нар шиг банди нар амжихгүй шүү, манай дүү ямар хүн байдгийг мэдэхгүй байна даа гэх мэт зүйл ярьсан чинь А ах нөгөө ахын нүүр рүү 3-4 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би агааг хориод гэрээс гаргасан. Тэгсэн чинь нөгөө ах намайг пиво хийгээд өг гэхээр нь би нэг пиво хийгээд өгсөн чинь нөгөө пивоо ууж байхдаа та нар шиг банди нар манай дүүг мэдэхгүй байна даа манай дүүг хар О гэдэг юм гээд байсан. Тэгж байхад манай ах гаднаас нэг мод бариад орж ирээд нөгөө ахыг цохих гээд далайхаар нь би дундуур нь орсон чинь миний гаран дээгүүр даваад нөгөө ахын толгой дундуур нь цохиод авсан. Би нөгөө модыг нь аваад ахыг хорьж байхад нөгөө ах агсраад байхаар нь та одоо яв гээд явуулсан. Тэгсэн пиво ч дууссан. Би ахыг аваад дээшээ гэр рүүгээ явж байсан чинь ах би сая хүн зодчихсон юм чинь очиж уулзаж уучлалт гуйсан дээр гээд байхаар нь буцаад нөгөө айлд очсон чинь нөгөө ах эхнэртэйгээ ирчихсэн байгаа бололтой байсан. Тэгсэн нөгөө ах бид хоёрыг харчхаад одоо манай дүү ирж та нарыг ална гээд байсан. Тэгж байхад цагдаа хүрч ирээд бид хоёрыг аваад явсан. Бид хоёрыг эрүүлжүүлсэн.” /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Г гэдэг ахыг Улаанбаатар хот явж эмчлүүлнэ гэхээр нь 5,000,000 төгрөг өгч явуулсан. Г ах эмчилгээгээ хийлгээд ирсэн. Одоо ямар нэгэн хохирол нэхэмжлэх асуудал байхгүй гэж надад хэлсэн. Би хийсэн хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж байна. Дахин архи согтууруулах ундаа хэрэглэхгүй. Дахин гэмт хэрэгт орохгүй. Би бага насны 2 хүүхэдтэй учир хөнгөн ял шийтгэл оноож өгөхийг хүсэж байна.” /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 404 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...И.Г-ын биед зүүн дээд 2-р шүдний булгарал, дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, зулайд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. И.Г-ын биед учирсан зүүн дээд 2-р шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% алдагдуулна. И.Г-ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дүгээр хуудас/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 06-09 дүгээр хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 43-45, 54-66 дугаар хуудас/,

Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/948 дугаартай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Н.А-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар:   

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.А-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5 дугаар баг, ............................ тоотод И.Г-тай маргалдаж, түүний толгойн тус газарт банзаар цохих, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодон эрүүл мэндэд нь зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, зулгаралт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч И.Г, гэрч Г.П, Ч.От нарын мэдүүлэг, шинжээчийн 104 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй талаар дүгнэлтийг тус тус гаргасан бол шүүгдэгч Н.А нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаар тайлбар гаргав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.А-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:    

Шүүгдэгч Н.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5 дугаар баг, ............................ тоотод И.Г-тай маргалдаж, түүний толгойн тус газарт банзаар цохих, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч И.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай дүү О таних уу гэхэд ямар О гэж хэлсэн. Тэгэхээр нь би хар О гэсэн чинь би чамайг танихгүй О, С нарыг л таних юм байна гэж нэг залуу нь хэлсэн. Тэгээд тэр залуу танай дүү чинь намайг их дээрэлхэж байсан гэж хэлээд гэрээс гараад явсан. Тэгсэн гартаа банз барьж орж ирээд миний тархин дундуур цохиод авсан. Тэгснээ миний нүүр хэсэг рүү нэлээд хэд гараараа цохиж аваад дараагаар нь өшиглөөд байсан. Тэгэхээр нь одоо болъё дүү нараа гэж гуйж байгаад гэрээс нь гараад зугтаасан. Тэгсэн чинь нэг нь араас гүйж ирээд миний фудволкноос бариад авахаар нь фудволкоо тайлж орхиод зугтаасан...” /хавтаст хэргийн 12-13, 16 дугаар хуудас/,

Гэрч Ж.Оы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би яваад очиход манай нөхөр дээгүүрээ шалдан, гуталгүй, нүүр, гэдэс нь цус болчихсон байсан. ... Хэсэг явж байгаад ............................ тоотод байх задгай айлыг зааж өгсөн. Тухайн айлд ороход нэг залуу, нэг хүүхэн, нэг хүүхдийн хамтаар байсан. Би тэр айлын залуугаас та яагаад манай хүнийг зодож байгаа юм бэ гэсэн чинь би хүнд гар хүрээгүй харин би салгасан биз дээ ахаа гээд нөгөө залуу манай нөхөр рүү хэлэхэд манай нөхөр энэ залуу намайг зодоогүй, намайг зодсон залуучууд алга байна гэж хэлээд тэнд байж байхад мотоциклтой 2 залуу яваад ирсэн. Тэгсэн манай нөхөр намайг зодсон 2 залуу энэ хоёр мөн байна гэж хэлсэн...” /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч Г.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тэр танихгүй хүн манай дүү аймгийн атаман О гэж хүн байгаа та нарыг байхгүй болгоно шүү ална шүү, та нар шиг банди нар амжихгүй шүү гээд байсан. Тэгсэн чинь А уурлаад чи муу юу гээд байгаа юм бэ гээд нүүр рүү нь 2-3 удаа цохиод авсан. Тэгэхээр нь От бид хоёр А-ийг болиулаад гэрээс гаргасан чинь нөгөө ах та нар муусайн амжихгүй шүү би та нарыг дүүдээ хэлээд алуулна гээд байсан. Тэгчхээд пиво аягалаад өг гээд нэхээд байсан. Тэгсэн От пиво аягалж өгсөн нөгөө пивийг уучхаад дахиад хийгээд өг гээд нэхэж байх үед А гаднаас банз бариад ороод ирэхээр нь банзаараа цохичих вий гэж бодоод нөгөө ахын хажууд очоод сууж байхад А банзаараа нөгөө ахын толгой руу цохих үед нь гараараа хаасан От бас хаасан. Тэгсэн тэр банз толгой хэсэгт нь зөөлөн оносон байх. ...А араас нь хөөсөн чинь нөгөө ах гүйгээд яваад өгсөн. А гүйцээгүй эргээд ирсэн...” /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Ч.От-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нөгөө ах чи миний дүүг таних уу, манай дүүг хар О гэдэг чамайг хэлж алуулна, та нар шиг банди нар амжихгүй шүү, манай дүү ямар хүн байдгийг мэдэхгүй байна даа гэх мэт зүйл ярьсан чинь А ах нөгөө ахын нүүр рүү 3-4 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би агааг хориод гэрээс гаргасан. ...Тэгж байхад манай ах гаднаас нэг мод бариад орж ирээд нөгөө ахыг цохих гээд далайхаар нь би дундуур нь орсон чинь миний гаран дээгүүр даваад нөгөө ахын толгой дундуур нь цохиод авсан. Би нөгөө модыг нь аваад ахыг хорьж байхад нөгөө ах агсраад байхаар нь та одоо яв гээд явуулсан...” /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 404 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Н.А нь хохирогч И.Г-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.А нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрх чөлөөнд халдаж, бие махбодод хохирол, хор уршиг учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлтүүдийг гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.          

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Н.А нь хохирогч И.Г-ын эрүүл мэндэд биед зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, зулайд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд “Н.А-ээс эмчилгээний зардалд 5,000,000 төгрөгийг төлж гомдолгүй болгосон” талаар хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Эрүүгийн хариуцлагын талаар.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн 1058 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд улсын яллагчийн санал болгосон ялыг шүүгдэгч төлөх боломжтой талаар дүгнэлтийг тус тус гаргасан, шүүгдэгч торгох ял оногдуулж өгөхийг хүссэн тайлбар гаргав.

Шүүгдэгч Н.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 5,000,000 төгрөгийг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Н.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.А нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсний дараа 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэж шүүхээс гэм буруутайд тооцогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нөхцөл байдал бий болсон гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихоор заажээ. Энэхүү ял биелүүлээгүй гэх нэр томьёо, ухагдахууныг нарийвчлан зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2 дахь хэсгийн 170.2.2 дахь заалтад 5 үндэслэл зааж, уг үндэслэлүүд тогтоогдсон тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөнд тооцож, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солихоор заасан байх ба энэхүү хуульд заасан ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялыг биелүүлээгүй гэх үндэслэлийг хамааруулан ойлгохоор заасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2 дахь хэсгийн 170.2.2 дахь заалтад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөнд тооцож, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солихоор заасан. Шүүгдэгч Н.А нь дээрх дүйцүүлэн сольсон 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг бүрэн эдлээгүй байхад 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хохирогч И.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэж шүүхээс гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн нь зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөнд тооцогдохын зэрэгцээ уг ялыг хорих ялаар солих хуульд заасан үндэслэл тогтоогдсон гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Ад оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялыг 3 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, уг ялаас баривчлагдсан 2 хоногийг хасаж, 2 жил 11 сар 28 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн ялаас Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/948 дугаартай албан бичгээр ирүүлсэн ялын тооцоогоор эдэлсэн 1 сар 5 хоногийн ялыг хасахад 2 жил 10 сар 23 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй болох нь тогтоогдсон тул уг ялыг 2 жил 10 сар 23 хоногийн хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон 30 /гуч/ хоногийн хорих ялыг дээрх сольсон 2 жил 10 сар 23 хоногийн хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Н.А-ийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сар 23 /хорин гурав/ хоногийн хорих ялаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад оногдуулсан 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сар 23 /хорин гурав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Н.ийн А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.А-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сар 28 /хорин найм/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас эдэлсэн 1 /нэг/ сар 5 /тав/ хоногийн ялыг хасаж, үлдэх 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 23 /хорин гурав/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 23 /хорин гурав/ хоногийн хорих ялаар сольсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.А-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон 30 /гуч/ хоногийн хорих ялыг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 23 /хорин гурав/ хоногийн хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Н.А-ийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сар 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д оногдуулсан 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сар 23 /хорин гурав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ВОЛОДЯ