Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 1819

 

Д.Энх-Эрдэнийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/01366 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Энх-Эрдэнэ,

Хариуцагч Д.Болормаад холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Булган,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч Т.Булган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Сэрүүн” ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд 2013 онд Д.Болормааг нягтлан бодогчоор уг компанидаа ажилд авсан. Ингээд ажилтан Д.Болормаагийн амьдралыг дээшлүүлэх, компанид тогтвортой ажиллуулах зорилгоор өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрчний гудамж, 29а байр, 45 тоот орон сууцанд үнэ төлбөргүйгээр амьдруулсан. Д.Болормаа нь 2016 оны 7 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд үүнээс хойш орон сууцыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч байрыг чөлөөлж өгөхгүй байх тул Д.Болормаагийн хууль бус эзэмшлээс миний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрчний гудамж, 29а байр, 45 тоот орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Болормаа нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрчний гудамж, 29а байр, 45 тоот орон сууцыг Д.Энх-Эрдэнээс худалдан авахаар урьдчилгаанд нь 36 800 000 төгрөгийг төлж, үлдсэн төлбөрийг төлөхөөр банкны зээлэнд хамрагдахаар болсон боловч зээл бүтээгүй юм. Ингээд урьдчилгаанд төлсөн мөнгөө буцааж авъя гэсэн боловч одоогоор буцааж төлөх мөнгө байхгүй гээд өгөөгүй, сүүлдээ байр чөлөөлж өгөхийг шаардсан. 36 800 000 төгрөгийг буцааж өгвөл байрыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Болормаагийн хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрчний гудамж, 29/А дугаар байр, 45 тоот орон сууцыг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Энх-эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 137 950 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 370 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Болормаагаас улсын тэмдэгтийн хураамжид 507 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Энх-Эрдэнэд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь хэргийн бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Хариуцагчийн зүгээс гаргасан үндэслэл бүхий хүсэлт болон сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваагүй, зохигчдын гаргасан тайлбарт хууль зүйн хувьд үнэлэлт, дүгнэлт өгөөгүйн улмаас хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг илэрхий хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь талуудын хооронд маргаан бүхий байрыг худалдахаар тохиролцож байсан болохыг хэлсэн байхад шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй.

Хариуцагч талаас 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байрны урьдчилгаанд төлсөн 36 800 000 төгрөгийг Д.Энх-Эрдэнээс гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл талуудын хооронд маргаан бүхий байрыг худалдахаар тохиролцож урьдчилгаа төлбөр төлөгдсөн байхад худалдах, худалдах авах хэлцлийг талууд цуцалсан эсхүл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа эсэх талаар хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлэээн аваагүйн улмаас сөрөг нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх, үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй хариу тайлбар татгалзлаа нотлох боломжийг олгоогүй хэргийн оролцогчид хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн мэтээр хариуцагчийн тайлбарыг илтэд мушгин гуйвуулж тайлбарлан бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дахь хэсэгт тодорхойлж заасан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь шүүхэд хандахын өмнө урьдчилан хариуцагчид хандах ёстой. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасныг зөрчсөн гэж үзнэ. Тиймээс тухайн нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэх ёстой байтал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулгыг илтэд өөрөөр тайлбарласныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг зохигчдын маргааны үйл баримтад хамааралтай талаас нь дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

             Нэхэмжлэгч Д.Энх-Эрдэнэ нь хариуцагч Д.Болормаад холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Хэрэгт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж 29/А байрны 45 тоот, өмчлөх эрхийн Ү-2206012846 дугаар бүртгэлтэй 56.35 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгч нь Д.Энх-Эрдэнэ болох Үл хөдлөх эд хөрөнгө өмлчөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 2/ баримтаар авагдсан, нэхэмжлэгч нь дээрх орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдсон.

            Дээрх орон сууцыг хариуцагч Д.Болормаа нь 2013 оноос хойш эзэмшиж байгаагаа хүлээн зөвшөөрч, худалдаж авахаар тохирсон байсан, “...урьдчилгаанд төлсөн 36 800 000 төгрөгийг буцааж өгвөл байрыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй.” гэж тайлбарласан.

Хариуцагч орон сууцыг нэхэмжлэгчээс худалдаж авахаар урьдчилгаа төлбөр төлсөн, Д.Энх-Эрдэнийн зөвшөөрлөөр уг байранд орсон гэх 36 800 000 төгрөгийг  буцаан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн тул түүний эзэмшлийг хууль ёсны гэж дүгнэх боломжгүй байна. 

            Иймд нэхэмжлэгч Д.Энх-Эрдэнэ нь өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс шаардсаныг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэж холбогдох нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/01366 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЗОЛЗАЯА

 

                        ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ