Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2019/0277

 

Л.Цийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Л.Ц, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунбилэг, Т.Наранцэцэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0162 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Л.Цийн  нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0162 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Цээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/87 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Албан хаагчдын ажилд томилох тухай” Б/89 тушаалын 6 дугаар хавсралтын 1 дүгээр баганад Л.Ц гэж өөрчлөлт оруулахыг даалгах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д “Агентлагийн хэмжээнд агентлагийн даргын хууль тогтоомжид нийцүүлэн баталсан хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөнө” гэж заасан байх бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь хууль, тогтоомжид нийцүүлэн өөрийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг баталж, мөрдөж ажиллахаар заасан байна. Иймд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дотоод журмыг ашиглах боломжгүй юм. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмыг тус газрын даргаас өөр хэн ч хүчингүй болгохгүй бөгөөд хүчингүй болоогүй тул ашиглаж болно гэсэн ойлголт байж болохгүй.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Маргаан бүхий захиргааны акт гарсны дараа сонсох ажиллагаа явуулсан гэх үндэслэл нь маргаан бүхий актыг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй” гэсэн байна. Шүүгчийн энэ үндэслэлийг эрс хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуулийн тодорхой заалт байсаар байхад илт хууль бус үндэслэл гаргалаа гэж үзэж байна.

Шийдвэрт: “Л.Цт хэрэг зөрчлийг эрх бүхий байгууллагаас хянан шалгах явцад түүнд төрийн албан хаагчийнх нь хувьд байгууллагын дотоод журмыг зөрчсөн үйлдэлд нь сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.” гэжээ. Энэ үндэслэл агуулгын хувьд ойлгомжгүй байна.

Гэм буруу нь тогтоогдож, шийтгэл нь хүчин төгөлдөр болоогүй /хэрэг зөрчил шалгах эрх бүхий байгууллага хэргийг хянан шалгах явцад/ гэж үзсэн мөртлөө шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна гэжээ. Зөрчил эцэслэн шийдвэрлэгдэж түүнд төрийн албан хаагчийн хувьд ёс зүй зөрчсөн гэсэн дүгнэлтийг хүлээх ёсгүй. Хуулийн байгууллагаас гарах шийдвэр нь зөрчлийн хуульд зааснаар зөрчил мөн биш болохыг тогтоох, шийтгэл ногдуулах зорилготой. Энэ нь төрийн албан хаагчийн ёс зүйтэй огт хамааралгүй бөгөөд ёс зүйн асуудлыг Төрийн албаны тухай хууль түүнийг хэрэгжүүлэгч зохих байгууллагын /Төрийн албаны зөвлөл/ дүрэм журмаар шийдвэрлэнэ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга төрийн албан хаагчийн ёс зүй зөрчсөн эсэхийг зохих журам дүрмээр шийдвэрлэж албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэхэд шүүгч дүгнэлт өгөөгүй мөртлөө хуучин байгууллагын дотоод журам зөрчигдсөн гэж үзэж байна.

Өөрийн байгууллагын /УБЕГ/ дотоод журмаар асуудлыг шийдвэрлэхийг хуульд /Засгийн газрын агентлагийн эрхзүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг/ заасаар байхад татан буугдсан байгууллагын /ОӨУБЕГ/ дотоод журмыг хүчингүй болгоогүй тул хэрэглэж болно гэж шүүгч үзсэн нь алдаатай үндэслэл болж буруу шийдвэр гаргасан байна.

Шийдвэрт: "Мөн сахилгын зөрчил гаргасныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан олж мэдсэн үеэс, өөрөөр хэлбэл З.Бын хариуцагчид гомдол гаргасан үеэс эхлэн тооцож, зөрчлийг хянан шалгасан хугацааг оруулж тооцолгүйгээр маргаан бүхий актаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсныг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм" гэсэн байна.

Захиргааны байгууллага акт гаргахдаа зохих хуулийн хугацаанд гаргахаар хуульчилсан байдаг. Зөрчлийн хэрэг хялбаршуулсан журмаар 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр шийдвэрлэж шийтгэлийн хуудас олгосон байдаг. Сахилгын шийтгэл ногдуулсан акт 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гарсан байна. Энэ хооронд болон акт гарах үед зөрчил хянан шалгасан ажиллагаа явагдаагүй байсан тул зөрчил хянан шалгах хугацааг оруулж тооцох тухай асуудал яригдах боломжгүй юм. Сахилгын шийтгэл ногдуулсан акт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг зөрчиж гарсан нь тодорхой байхад сүүлд 2018 оны 9 сарын 25-ны өдрийн 59 дүгээр шийтгэврээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь актын хугацаа алдаж гаргасныг зөвтгөж болохгүй.

Сахилгын шийтгэл ногдуулсан актыг анхлан гарахдаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Б өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэлгүй ёс зүйн асуудлыг байгууллагын хэмжээнд шийдвэрлэлгүй цагдаагийн шийтгэлийн хуудсыг төрийн албан хаагчийн ёс зүй алдсан гэж хамаатуулж андууран түүнд үндэслэсэн, бүтцийн тушаалын дагуу албан хаагчдаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас чөлөөлөлгүй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагчаар томилж эрх үүргийг бий болголгүй, дотоод дүрэм, журмаа шинэчлээгүй зэрэг Захиргааны ерөнхий хуулийг бүхэлд нь зөрчиж акт шийдвэр гаргасныг шүүгч тогтоохын оронд энэ хууль бус шийдвэрийг үндэслэл муутай хамгаалж надад /хувийн байдалд маань/ холбогдох тодорхой бус үйлдлийн үр дүнд илүү анхаарч хариуцагч талыг бүрэн дүүрэн дэмжсэн шийдвэр гаргаж миний эсэргүүцсэн бүх үндэслэлийг маань үгүйсгэж байгаад гомдолтой байна. Зүй нь захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтнаас хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлдэгдэж, эрх зүйн хувьд зөрчилгүй хүчин төгөлдөр байж чадах эсэхэд онцгой анхаарах ёстой гэж үзэж байна. 

Иймд миний энэ гомдлыг хянан шийдвэрлэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0162 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан   шатны   шүүхийн   шийдвэрийг   нэхэмжлэгчийн   гомдлын   хүрээнд

хянахад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Л.Цээс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ “маргаан бүхий тушаалд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмыг баримталсан нь үндэслэлгүй, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил нь төрийн албан хаагчийн ёс зүйтэй хамааралгүй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг зохих дүрэм, журмын дагуу шалгаж шийдвэрлээгүй, сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгээгүй” гэж тайлбарлан маргажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгаж, 2 дахь заалтаар Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Оюуны өмчийн газраас чиг үүргийг салгаж шинээр байгуулсан байх боловч нэхэмжлэгч Л.Цийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/849 дүгээр тушаалаар батлагдсан “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж, маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/87 дугаар тушаалд баримталсныг буруутгах боломжгүй.

Учир нь тухайн тохиолдолд дээрх журмыг хүчингүй болгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй, хүчин төгөлдөр байх бөгөөд уг журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын захиргаа, албан хаагчдын хооронд үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулж, албан хаагчдын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж байсан байна.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Л.Ц нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр буюу ажлын өдөр эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр өөрийн хэлтсийн албан хаагчдын хамт зугаалга зохион байгуулж, амарч байх үедээ согтуугаар тус хэлтсийн улсын байцаагч З.Быг алгадаж, хэл амаар доромжилсон зөрчил гаргасан байх бөгөөд энэхүү үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

            Нэхэмжлэгч Л.Цт хэдийгээр уг зөрчилтэй холбогдуулж Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 54649 дүгээр шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулсан байх боловч энэ нь түүнийг төрийн албан хаагчийн сахилга, ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй гэж үзэх, улмаар түүнийг Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болох учиргүй юм.

            Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг буюу Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж заасныг зөрчсөн нь түүнд энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болсон байх бөгөөд маргаан бүхий тушаал нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

            Хэдийгээр хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч Л.Цийн гаргасан зөрчилтөй холбоотой Ёс зүйн хорооны дүгнэлт гаргуулж, салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэр гаргах ажиллагааг хэрэгжүүлээгүй буруутай байх боловч Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор тус зөвлөлийн Оюуны өмч, улсын бүтгэлийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс татан буулгасан болон нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүд нь дээрх байдлаар хангалттай тогтоогдсон зэрэг нөхцөл байдлуудаас үзвэл энэхүү алдаа нь маргаан бүхий актыг үгүйсгэх, буюу сахилга, ёс зүйн зөрчлүүдийг зөвтгөх, улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хангалттай үндэслэл болохгүй юм.

            Мөн хариуцагчаас маргаан бүхий тушаалыг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гаргасан хэрнээ 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр сонсох ажиллагааг явуулж тэмдэглэл үйлдсэн байх боловч сонсох ажиллагааны зорилго нь захиргааны байгууллагын шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээд түүний эсрэг тайлбар, нотлох баримтаа гаргах боломж олгох бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчээс сонсох ажиллагааны үед маргаан бүхий актад заасан зөрчлийг үгүйсгэх тайлбар, нотлох баримтыг гаргаж өгөөгүй, хэрэв маргаан бүхий тушаал гарахаас өмнө сонсох ажиллагааг явуулсан бол нэхэмжлэгчээс нотлох баримт гаргаж өгөх боломжтой байсан, улмаар маргаан бүхий акт гарахааргүй, эсхүл өөр үр дагавартай байх байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Төрийн  албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж зааснаас үзвэл 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр З.Баас Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар уламжлан тус газрын Ёс зүйн хороонд гомдол гаргасан өдрийг Л.Цийн сахилгын зөрчлийг эрх бүхий этгээд илрүүлсэн өдөр гэж үзэх боломжгүй.

            Өөрөөр хэлбэл, сахилгын зөрчлийг илрүүлсэн гэдэгт зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн дагуу холбогдох шалгалтыг хийж, улмаар зөрчил мөн болохыг тогтоосныг ойлгох бөгөөд хариуцагчийн гаргасан “Төрийн албаны зөвлөлийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс татан буулгасантай холбоотойгоор З.Бын гомдлыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэхээр болсон тул Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д /...Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно.../ зааснаар гомдлыг шийдвэрлэх хугацааг сунгаж, уг хугацаанд зөрчлийг шалган тодруулж, улмаар илрүүлснээс хойш 1 сарын хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан” гэх тайлбар үндэслэлтэй байх тул хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь Л.Цт сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзлээ.

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0162 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Цийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                      Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН