| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00680/И |
| Дугаар | 419 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 419
2017 оны 07 сарын 05 өдөр Дугаар 156/ШШ2017/00419 Хэнтий аймаг
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00680/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ерөнхий шүүгч Э.Ариунаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Энхтайваны өргөн чөлөө 16-а, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа “мал хамгаалах сан”-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт байрлах “Энх-бум” хоршоонд холбогдох
"Зээлийн төлбөр 44 100 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа “мал хамгаалах сан”-гийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганзориг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Мал хамгаалах сан” нь “Энх-бум” хоршоотой 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “ММХ/27 тоот зээлийн гэрээ байгуулан 35 000 000 төгрөгийг 4 жилийн хугацаатайгаар, жилийн 6 хувийн хүүтэй эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлээр олгосон.
“Энх-бум” хоршоо нь 35 000 000 төгрөгөөс 2012 онд үндсэн зээл 8 750 000 төгрөг, хүү-2 100 000 төгрөг, нийт 10 850 000 төгрөгийг “Мал хамгаалах сан”-гийн төрийн сангийн 900019044 тоот дансанд төлсөн. Зээлдэгчээс үлдэгдэл зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр дууссан.
Иймд хариуцагч “Энх-бум” хоршооноос:
1. Үндсэн зээлийн төлбөр 26 250 000 төгрөг, хүү 4 725 000 төгрөг, зээлийн гэрээний 7.1.1-т заасны дагуу алданги тооцоход 13 125 000 төгрөг, нийт 44 100 000 төгрөгийг гаргуулах
2. Хариуцагч нь ММХ/27 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд орон сууц гэрчилгээний дугаар 000129388, УБД Ү-1808000064, газар гэрчилгээний дугаар-000112199, УБД-Г-1808000076 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан байх тул уг хөрөнгийг худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү” гэжээ. /хх-1,2/
Хариуцагч “Энх-бум” хоршооны дарга З.Оюунцэцэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 1 дүгээр багийн иргэн З.Оюунцэцэг би ХААН банкны мал хамгаалах сангаас авсан 35 000 000 төгрөгийн зээлийг хугацаанд нь төлөөгүй тул хэргийн хариуцагчаар татагдсан. Би мал хамгаалах сантай төлбөрийн талаар тохиролцох хүсэлтэй байна” гэжээ.
Зохигчдын байгуулсан 2017 оны 07 сарын 04 өдрийн № 01 дугаартай эвлэрлийн гэрээнд:
“Мал хамгаалах сан”-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ би нэхэмжлэлийн шаардлага болох 44 100 000 төгрөгийн 10 000 000 төгрөгөөс татгалзаж 34 100 000 төгрөгийг дараах графикийн дагуу хариуцагч “Энх-бум” хоршоонос гаргуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа...
Үүнд:
1.2017 оны 8 сарын 01-нд 10 000 000 төгрөг,
2.2017 оны 12 дугаар сарын 01-нд 5 000 000 төгрөг,
3.2018 оны 06 дугаар сарын 01-нд 10 000 000 төгрөг,
4. 2018 оны 09 дүгээр сарын 01-нд 9 100 000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцлоо” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа “мал хамгаалах сан” нь хариуцагч “Энх-бум” хоршооноос “зээлийн гэрээний үүргийн биелэлт 44 100 000 төгрөг”-ийг шаардсан байна.
Нэхэмжлэгч “Мал хамгаалах сан”-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлага 44 100 000 төгрөгөөс 10 000 000 төгрөг нэхэмжилсэн хэсгээс татгалзаж, хариуцагч “Энх-бум” хоршооны захирал З.Оюунцэцэг нь 31 000 000 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцжээ.
Үүнд:
1. 2017 оны 8 сарын 01-нд 10 000 000 төгрөг,
2. 2017 оны 12 дугаар сарын 01-нд 5 000 000 төгрөг,
3. 2018 оны 06 дугаар сарын 01-нд 10 000 000 төгрөг,
4. 2018 оны 09 дүгээр сарын 01-нд 9 100 000 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрч, зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргасны дараа, товлосон шүүх хуралдаанаас өмнө буюу шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигчид эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа “мал хамгаалах сан”-гийн нэхэмжлэлтэй, “Энх-бум” хоршоонд холбогдох, зээлийн гэрээний үүргийн биелэлт 44 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч “Энх-бум” хоршоо нь 31 000 000 төгрөгийг
1. 2017 оны 8 сарын 01-нд 10 000 000 төгрөг,
2. 2017 оны 12 дугаар сарын 01-нд 5 000 000 төгрөг,
3. 2018 оны 06 дугаар сарын 01-нд 10 000 000 төгрөг,
4. 2018 оны 09 дүгээр сарын 01-нд 9 100 000 төгрөгийг тус тус төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хүсэлт гаргагч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа “мал хамгаалах сан”-гийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу хариуцагч “Энх-бум” хоршооноос 31 000 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 323 450 төгрөгийн 50 хувь болох 161 725 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. “Энх-бум” хоршоо нь эхний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд энэ захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн тогтоолд давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА