Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/105

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч О.Д, А.Б,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,    

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн О-ы Д, Б овгийн А-ийн Б нарт холбогдох 2128000000099 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

   Биеийн байцаалт: 

   Монгол Улсын иргэн, ....................

   Монгол Улсын иргэн, ..............................

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч О.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Б-тэй бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Өмнөговь аймаг, Гурвантэс сум, 4 дүгээр багт байрлах “Торх” зоогийн газрын гадна, мөн Өмнөговь аймаг, Гурвантэс сум, 4 дүгээр багт, .......................... тоот хашаан дотор дүү Я-ыг хүчиндсэн гэх шалтгаанаар Н.Б-ийг цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Д-той бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Өмнөговь аймаг, Гурвантэс сум, 4 дүгээр багт байрлах “Торх” зоогийн газрын гадна, мөн Өмнөговь аймаг, Гурвантэс сум, 4 дүгээр багт, .......................... тоот хашаан дотор дүү Я-ыг хүчиндсэн гэх шалтгаанаар Н.Бийг цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.Д, А.Б нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 08 дугаар 24-нөөс 25-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Бийг зодож гэмтээсэн. Манай дүү Я-ыг хүчиндсэн гэх шалтгаанаар дүүгээ өмөөрч зодсон. “Торх” зоогийн газрын гаднаас .......................... тоот  Ба-ын гэр рүү очсон. Гадаа нь дахиж зодож байхад цагдаа нар ирсэн  гэв.

Шүүгдэгч А.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 08 дугаар 24-нөөс 25-нд шилжих шөнө дүү О.Дийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Торх” зоогийн газрын гадна Н.Бийн биед гэмтэл учруулж цохиж зодсон. Хамт байсан гэх Ба-ын гэр рүү явж гадаа нь очиж дахиж зодсон. Тэр үед цагдаа ирсэн гэв. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Гурвантэс сумын 4 дүгээр багийн төвд байрлах “Торх” зоогийн газрын урд талд зогсож байхад суудлын машинтай хүмүүс ирээд Д машин дотроос гарч ирээд надтай ирж уулзсан. Д надтай уулзаж байснаа хоёулаа ийшээ явж уулзах уу гэж асуухаар нь би тэгье гээд дагаад явсан. Д бид хоёр “Торх” зоогийн газрын булангаар тойроход Д нэг хүн рүү залгаад байсан, нэг мотоцикл дуугараад удалгүй Б гээд Д-ийн ах нь ирсэн. Тэр хоёр намайг нийлээд зодоод байсан, нэг нь төмсөг рүү өшиглөсөн, төмсөгнөөс базаад нүүр ам руу өшиглөөд байх шиг байсан. Тэрнээс цааш юу болсныг санахгүй байгаа. Нэг мэдэхэд эмнэлэг дээр сэрсэн... Миний биеийн толгой, төмсөг, ууц, нуруу, гуя, хөл, цээжид зулгаралт үүссэн байсан. Бусдаар хэвийн. Миний биед үүссэн гэмтэл шарх эдгэрсэн. Хүндэрсэн зүйл байхгүй... Надаас 2,800,000 төгрөгийн зардал гарсан. Эмчид үзүүлэх эм тарианы мөнгө ингэж гарсан. Д, Б нар эмчилгээний зардал гэж 5,000,000 төгрөг өгсөн. Интернет банкаар шилжүүлсэн. Б гэсэн дансаар авсан гэж хэлсэн.” /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/

Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Гурвантэс сумын 4 дүгээр багийн .................... тоотод гэртээ унтаж байхад хажуу талын хашаанд хүмүүс маргалдаад орилолдоод байхаар нь хүмүүс хоорондоо маргалдаад зодоон хийж байж магадгүй гэж бодоод цагдаа дуудсан. Тэрнээс зодоон хийж байсан эсэх талаар надад харсан зүйл байхгүй. Би хувьдаа урьдчилсан цагдаа дуудсан. Хүмүүс маргалдаад байхад шөнийн 2 цаг болж байсан байх.” /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/

Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Гурвантэс сумын 4 дүгээр багийн төвд буюу Б ахын гэрт Д, Б ах, бид гурав пиво уусан. Ууж байсан пиво дууссан учраас бид гурав “Торх” орж архи авах гээд очиход хаалттай байсан. Торхны гадна “Приус-20” загварын шаргал өнгийн машин зогсчихсон машины хажууд Б, Д, Ш, С, М нар зогсож байсан. Манай машинаас Д ах буугаад Б-тэй машиных нь дэргэд уулзсан. Б болохоор машиндаа суучихсан утсаа оролдож байсан. Тэр хоёр юм ярилцаж байгаад Б нь машинаасаа буугаад Торхны урд талд байдаг нойлын хойгуур ороод харагдахаа байсан. Тэр хоёрыг нойлын цаагуур ороод алга болохоор нь би нойл орж бие засахдаа тэр хоёрыг харахад зүгээр юм яриад зогсож байсан. Би буцаад машиндаа суусан. Машиндаа суугаад 5-10 минутын дараа тэр хоёр чанга чанга дуугараад байхаар нь тэр хоёрыг маргалдаж байна гэж бодоод очсон чинь Б ах нэмэгдээд ирчихсэн, Б газар ойчсон, Д татаж босгож байсан. Би очоод Д-ийг боль гэсэн чинь чи цаашаа байж бай гэхээр нь би орхиод машиндаа очиж суусан. Нойлын тэнд байсан Б-ийн найзууд нойлын цаана зодоон болж байгааг мэдсэн боловч миний араас дагаад машиныхаа хажууд очоод хоорондоо юм яриад зогсоцгоож байсан. Би машиндаа ирж сууснаас хойш, машин дотроосоо буугаагүй. Б-ийн найзууд машиныхаа гадаа зогсож байсан. Намайг машиндаа сууж байхад Д ирээд Ба-ын гэрт очъё гэхээр нь машинаараа Ба гэдэг айлын гэр рүү Д ах бид хоёр машинтайгаа, Б ах Бийг аваад мотоциклоор явсан. Ба гэдэг айлын гадаа очоод Б, Д нар Б-ийг дагуулаад тэр айлд орох гээд очиход Ба гэдэг айлд хүн байхгүй байж таарсан байх, тэд нар хоорондоо ярихдаа хүн байхгүй байна гэж ярилцсан. Би машин дотроо суугаад хүлээгээд сууж байсан. Б-ийн найзууд торхны гадаа үлдсэн. Тэр хоёрыг удаад байхаар нь хашаа руу яваад ороход Б-ийг нөгөө 2 чи яг үнэнээ хэл, хэдэн сарын хэдэн юу болсон гээд байсан.” /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 08 дугаар сарын 25-ны орой 00 цагийн үед Б, Ш, С, Д нарын хамт Гурвантэс сумын 4 дүгээр багийн төвд байх “Торх” нэртэй зоогийн газрын гадаа зогсож байхад Э, Д нар машинтай ирсэн. Д машинаасаа бууж ирээд Б-тэй уулзсан. Тэр хоёр хоорондоо юм ярилцаж байгаад тэр хоёр хашааны цаана гарсан. Би машиныхаа хажууд зогсоод харж байхад хашааны буланд очоод Д, Б-ийг нэг цохиод авах шиг болсон. Тэгээд тэр хоёр далд ороод юу болсон эсэхийг хараагүй. Нүднээс далд орчихсон. Удалгүй нэг мотоциклтой хүн ирсэн. Хашааны цаана Б чанга хашхираад байсан. Тэгж байтал хашааны цаана байсан хүмүүсийг нэг нь Б-тэй хамт явсан хүмүүс хүрээд ир гэхээр нь очсон чинь энийг гэрт хүргэж өгч болохгүй шүү гээд Б гэдэг залуу хэлсэн. Тэгснээ Б-ийг дагуулаад явган явсан. Бид хэд Б-ийн хувцсыг аваад машинд нь хувцсыг нь оруулсан. Тэнд зогсож байтал цагдаа нар ирсэн.” /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/

Гэрч Т.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Гурвантэс сумын төвд найз Б, М, С, Д нартай уулзаж, Гурвантэс сумын Далангийн баруун дээд буланд 2,5 литрийн 3 том савтай пивийг дөрвүүлээ хувааж уусан. Тухайн пивоноос С/ огт амсаагүй. Бид 4 пиво ууж дуусгаад “Торх” зоогийн газрын ахаас пиво гуйж авах гээд, “Торх” зоогийн газар руу явж очоод зогсож байхад гэрэл гараад нэг машин ирсэн. Тухайн машинаас Д бууж ирээд Б-тэй уулзаад юм ярьсан. Тэр хоёр “Торх” зоогийн газрын баруун талд байрлах нойлын цаагуур ороод уулзсан. Бид нарын нүднээс далд орсон. Хэсэг хугацааны дараа чанга чанга дуугараад байхаар нь яваад очтол, Бийг зодчихсон байх шиг байсан. Тэрнээс зодож байхад нь хараад зогсож байсан зүйл байхгүй. Бид нараас түрүүлээд Д-ийн найз очоод салгаад байсан. Бид нар буцаад машин руугаа очсон. Цаашаа юу болсныг сайн мэдэхгүй байна. Бид нар “Торх” зоогийн гадаа Бийг хүлээгээд юм ярьцгааж байхад цагдаа ирээд биднийг машиндаа суулгаад ажил руугаа авч явсан.” /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/

Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Д, Э нартай уулзсан. Бид гурав бага зэрэг пиво уусан. Би тэр пивоноос нь уугаагүй, найзууд аягалаад өгөхөөр нь уруулдаа хүргээд өгч байсан. Э, Д нар бол тухайн пивийг хувааж уусан. Манай хоёр найз пиво дууссан гээд “Торх” нэртэй зоогийн газар руу явж пиво авахаар Э машинаа жолоодоод урд талд нь Д суугаад, би хойд талын суудал дээр суугаад “Торх” зоогийн газар очсон. “Торх” зоогийн газар очиход гадаа нь нэг машинтай хэдэн залуучууд машинтай ирчихсэн байсан. Машинаас Д буугаад тэр хүмүүстэй очиж уулзсан. Би Д-ийг ямар хүмүүстэй юу ярьсан талаар огт мэдэхгүй. Нэг залуутай юм ярьж зогсож байгаад “Торх” зоогийн газрын баруун булангийн цаагуур орсон. “Торх” зоогийн газрын цаагуур юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд тэнд байсан хүмүүс машинаасаа буугаад “Торх” зоогийн газрын булангийн чиглэлтэй яваад байхаар нь би араас очсон. Намайг булан тойроод гараад ирэхэд Д нэг хүнтэй маргалдсан байж болзошгүй байдалтай, Б гээд ах нь ирчихсэн байсан. Б та нар явцгаа, би энэ залууг аваад явлаа гээд байсан. Намайг тэнд яваад очиход Б, Д нар зодоон хийгээгүй зогсож байсан. Б хажууд нь зогсож байсан. Бид гурав тэндээсээ хөдлөөд явах гэсэн чинь Д, Ба гэдэг айлд оччихоод явцгаая гэхээр нь дагаж очсон. Бид гурвыг машинтай очиход Б, Б нар хашааны хаалга руу нь орсон. Араас нь Д орсон. Хашаан дотор Б, Б, Д нар ороод юу хийсэн талаар мэдэхгүй. Би Э-тай хамт машин дотор сууж байгаад хүнтэй уулзах гээд яваад өгсөн. Би Э-тай хамт машин дотор сууж байсан. Тухайн үед нэг хүн хашхираад байхаар нь юу болов гээд машинаас буухад тэнд байсан Бийн найзууд бас очиж явсан. Би машинаас буугаад очиход Б хүнд зодуулсан байсан. Хамраас нь цус гарсан байсан.” /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/

Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 дугаар сарын 24-ний оройхон маргааш ажилдаа явах гээд унаа сурахаар гэрээсээ гараад найз М-гийн гэрт машинаа жолоодоод ганцаараа очсон. М гэртээ ганцаараа сууж байсан. М-гийн гэрт ороод сууж байхад манай сумын хэдэн таньдаг залуу М-гийн гэрийн гадаа хүрч ирээд бид нар хамт нэг тийшээ явж архи уухаар болсон. Би М-гийн гэрийн гаднаас хөдлөөд явахдаа машиныг нь жолоодож явсан. Бид нар М-гийн гэрийн гаднаас хөдлөөд Гурвантэс сумын төвийн Далангийн хажууд машинтай очиж зогсоод пиво уусан. Би найзуудынхаа уусан пивоноос огт уугаагүй, яагаад гэвэл маргааш нь би ажил руугаа явах гээд пиво огт уугаагүй. Маргааш очиход драгерь үлээлгэж оруулдаг учраас ууж очих юм бол ажлаас халах үндэслэл болдог. Надтай хамт уусан хэдэн пиво дууссан учир дахиж пиво олно гээд “Торх” зоогийн газрын гадаа очоод зогсож байтал дахиад нэг машин ирсэн. Тэр машинаас Д бууж ирээд Б-тэй уулзаад, тэр хоёр “Торх” зоогийн газрын хойгуур орсон. Бид нар наана машиныхаа хажууд хүлээж байсан. Тэр хоёр “Торх” зоогийн газрын хойгуур ороод нээх удаагүй. Гэтэл тэнд хүн дуугараад байна гээд юу болов гээд яваад очтол Б зодуулчихсан ам хамраас нь цус гарчихсан байсан. Б-тэй хамт Гурвантэс сумын 2 залуу байсан, нэрийг Б, Д гэдэг. Бид нарыг эргээд машин руугаа явсан. Б, Д нар үлдсэн. Удалгүй Д ирээд машиндаа суугаад яваад өгсөн. Бид хэд машины түлхүүр байхгүй учраас машиныхаа хажууд үлдсэн. Удалгүй цагдаа нар ирсэн.” /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/

Шүүгдэгч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн дүү О.Д нь манай дүү Я-ыг Гурвантэс сумын 2 залуу хүчиндсэн байна гэж надад хэлсэн. Тухайн үед тэр 2 хүнтэй уулзъя гэж хоорондоо ярилцаад зөвлөлдөж байгаад тарсан. 2021 оны 08 дугаар сарын 24-ний шөнө 00 цагийн үед дүү Д над руу чат бичээд нөгөө гөлөг /Б/ чинь энд байна хүрээд ир гэхээр нь би “Торх” зоогийн газрын гадаа очиход Б, Д нар “Торх” зоогийн газрын баруун хойд буланд уулзаад юм ярилцаж байсан. Намайг яваад очиход Бийг Д 1, 2 цохиод авсан бололтой Д газар явган суусан байдалтай байсан. Би явж очоод юу болсныг асуухад би тэгээгүй агаа чи тэгээгүй гэж манай дүү худлаа хэлэх үү гэж хэлээд Бийн баруун шанаа руу хэд хэд цохиод авсан чинь Б агаа би тэгээгүй гэхээр нь манай дүү худлаа ярих уу гээд зүүн шанаа руу нь 4-5 удаа цохисон, хөл, гуя руу нь 6-7 удаа өшиглөсөн, нуруу, зүүн тал, баруун гуя руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд Ба-ын гэрийн зааж өг гээд урдаа дагуулаад зам заалгаад Ба-ын гэр рүү явсан. Би араас нь дагаад явж байхад Б замдаа Далангийн хөвөөгөөр гарах гэж байгаад таварлаглаад 2-3 удаа унасан. Би замдаа бол огт зодоогүй. Бид хоёр Ба-ын гэрийн гадаа очоод хашааны хаалгыг онгойлгоод гэрийнх нь үүдэнд очиход гэрт хүн байхгүй, хаалга түгжээтэй байсан. Намайг хашааны хаалгаар ороход машинтай явсан манай дүү, Э нар хашааны хаалга дээр ирсэн байсан. Намайг хашааны хаалгаар орох үед манай дүү ганцаараа машинаасаа буугаад араас ирсэн. Хашаан дотор бид гурав уулзаад Б-ээс Ба хаана байна чи мэдэж байна уу гэж хэлээд би Бийн шанаа, шилэн хүзүү рүү нь алгадсан. Тэгээд байж байхад цагдаа нар ирсэн... Манай дүү Я-ыг хоёр залуу нийлж хүчиндсэн гэхээр нь Б гэдэг залууг зодож бие эрх чөлөөнд халдсан. Би тухайн үед уураа барьж чадалгүй ийм болчимгүй зүйл хийж, Бийн биед гэмтэл учруулсан. Энэ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Би 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Б-т 5,000,000 төгрөг дансаар өгсөн. Хуулга нь байгаа, мөнгө шилжүүлэхдээ интернет банкаар шилжүүлсэн. Дансны хуулга, дансны дугаар нь утсан дээр үлдсэн.Б/ гэсэн данс руу шилжүүлсэн. Тухайн мөнгөө эмчилгээнд зарцуулсан гэж сонссон.” /хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/

Шүүгдэгч О.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны зун Гурвантэс сумын төвд гэртээ төрсөн дүү Янжинлхамтай харилцаж байхад манай дүү намайг Ба, Б нар хүчирхийлсэн гэж хэлсэн. Тэрнээс хойш би Ба, Б нартай таарахгүй явж байгаад 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр санамсаргүй байдлаар таарч, Б-тэй уулзсан. Б-тэй уулзах үедээ би бага зэрэг уучихсан байсан. Б дээр яваад очиход Б машиндаа байсан учраас Бийг дагуулж яваад “Торх” зоогийн газрын буланд очоод юу болсон юм гэж асуухад би сайн мэдэхгүй Ба сайн мэдэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг цохиод, цамцнаас нь татаад газар унагасан. Б-тэй маргалдаж байх хугацаандаа ах Бат-Эрдэнийг чат бичиж дуудсан. Удалгүй Б хүрээд ирсэн. Бид хоёр дүүг минь яасан бэ гэж асуугаад юм дуугарахгүй байхаар нь зодсон. “Торх” зоогийн газрын гадаа зодож байгаад Ба-ын гэрийг зааж өг гээд Б ах дагуулаад явсан. Би машинаар Э-тай явсан. Би Ба-ын гэрийн гадаа очоод Бийг 2-3 алгадсан. Б ах хэд хэд алгадсан. Удалгүй цагдаа нар ирсэн... Би 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Б-т 5,000,000 төгрөг дансаар өгсөн. Б ах шилжүүлсэн. /Данс:5589036892, Б/ гэсэн данс руу шилжүүлсэн гэж хэлсэн. Тухайн мөнгөө юунд зарцуулсан болохыг мэдээгүй... Би Бийн биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” /хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас/  

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 434 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Н.Бийн биед дээд уруулын гадна болон дотор салстад шарх, баруун нүдний доод зовхинд цус хуралт, нуруу, баруун, зүүн гуя, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Н.Бийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Н.Бийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Н.Бийн биед толгой, дээд, доод урууланд шарх, баруун гуянд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Н.Бийн биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Н.Б-ийн биед толгой, дээд, доод урууланд шарх, баруун гуянд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, төмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Н.Б-ийн толгойд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар, дээд, доод уруулд шарх гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Н.Б-ийн биед учирсан төмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх төмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Энэхүү гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 175-176 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дугаар хуудас/

Эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-09 дүгээр хуудас/

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 82 дугаар хуудас/

Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 112-113, 114-115 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 140-141 дүгээр хуудас/

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 88-94, 96-105 дугаар хуудас/

Хохирогч Н.Б, шүүгдэгч О.Д, А.Б нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 190-192 дугаар хуудас/  зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Д, А.Б нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч О.Д, А.Б нарт өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв. 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: 

Шүүгдэгч О.Д, А.Б нар нь бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Өмнөговь аймаг, Гурвантэс сум, 4 дүгээр багт байрлах “Торх” зоогийн газрын гадна, мөн Өмнөговь аймаг, Гурвантэс сум, 4 дүгээр багт, .......................... тоот хашаан дотор дүү Я-ыг хүчиндсэн гэх шалтгаанаар Н.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:   

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д бид хоёр “Торх” зоогийн газрын булангаар тойроход Д нэг хүн рүү залгаад байсан, нэг мотоцикл дуугараад удалгүй Б гээд Д-ийн ах нь ирсэн. Тэр хоёр намайг нийлээд зодоод байсан, нэг нь төмсөг рүү өшиглөсөн, төмсөгнөөс базаад нүүр ам руу өшиглөөд байх шиг байсан. Тэрнээс цааш юу болсныг санахгүй байгаа. Нэг мэдэхэд эмнэлэг дээр сэрсэн... Миний биеийн толгой, төмсөг, ууц, нуруу, гуя, хөл, цээжид зулгаралт үүссэн байсан. Бусдаар хэвийн.” /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/, 

Гэрч Ч.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай машинаас Д ах буугаад Б-тэй машиных нь дэргэд уулзсан. ...Машиндаа суугаад 5-10 минутын дараа тэр хоёр чанга чанга дуугараад байхаар нь тэр хоёрыг маргалдаж байна гэж бодоод очсон чинь Б ах нэмэгдээд ирчихсэн, Б газар ойчсон, Д татаж босгож байсан. ... Намайг машиндаа сууж байхад Д ирээд Ба-ын гэрт очъё гэхээр нь машинаараа Ба гэдэг айлын гэр рүү Д ах бид хоёр машинтайгаа, Б ах Бийг аваад мотоциклоор явсан. Ба гэдэг айлын гадаа очоод Б, Д нар Бийг дагуулаад тэр айлд орох гээд очиход Ба гэдэг айлд хүн байхгүй байж таарсан байх, тэд нар хоорондоо ярихдаа хүн байхгүй байна гэж ярилцсан. Тэр хоёрыг удаад байхаар нь хашаа руу яваад ороход Бийг нөгөө 2 чи яг үнэнээ хэл, хэдэн сарын хэдэн юу болсон гээд байсан.” /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

Гэрч Б.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д машинаасаа бууж ирээд Б-тэй уулзсан. Тэр хоёр хоорондоо юм ярилцаж байгаад тэр хоёр хашааны цаана гарсан. Би машиныхаа хажууд зогсоод харж байхад хашааны буланд очоод Д, Бийг нэг цохиод авах шиг болсон. Тэгээд тэр хоёр далд ороод юу болсон эсэхийг хараагүй. Нүднээс далд орчихсон. Удалгүй нэг мотоциклтой хүн ирсэн. Хашааны цаана Б чанга хашхираад байсан. Тэгж байтал хашааны цаана байсан хүмүүсийг нэг нь Б-тэй хамт явсан хүмүүс хүрээд ир гэхээр нь очсон чинь энийг гэрт хүргэж өгч болохгүй шүү гээд Б гэдэг залуу хэлсэн...” /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,

Гэрч Т.Ш-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн машинаас Д бууж ирээд Б-тэй уулзаад юм ярьсан. Тэр хоёр “Торх” зоогийн газрын баруун талд байрлах нойлын цаагуур ороод уулзсан. Бид нарын нүднээс далд орсон. Хэсэг хугацааны дараа чанга чанга дуугараад байхаар нь яваад очтол, Бийг зодчихсон байх шиг байсан. Бид нараас түрүүлээд Дийн найз очоод салгаад байсан. Бид нар буцаад машин руугаа очсон. Цаашаа юу болсныг сайн мэдэхгүй байна. Бид нар “Торх” зоогийн гадаа Б-ийг хүлээгээд юм ярьцгааж байхад цагдаа ирээд биднийг машиндаа суулгаад ажил руугаа авч явсан.” /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,

Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг булан тойроод гараад ирэхэд Д нэг хүнтэй маргалдсан байж болзошгүй байдалтай, Б гээд ах нь ирчихсэн байсан. Б та нар явцгаа, би энэ залууг аваад явлаа гээд байсан. Намайг тэнд яваад очиход Б, Д нар зодоон хийгээгүй зогсож байсан. Б хажууд нь зогсож байсан. Бид гурав тэндээсээ хөдлөөд явах гэсэн чинь Д, Ба гэдэг айлд оччихоод явцгаая гэхээр нь дагаж очсон. Бид гурвыг машинтай очиход Б, Б нар хашааны хаалга руу нь орсон. Араас нь Д орсон. Хашаан дотор Б, Б, Д нар ороод юу хийсэн талаар мэдэхгүй. Би Э-тай хамт машин дотор сууж байгаад хүнтэй уулзах гээд яваад өгсөн. Би Э-тай хамт машин дотор сууж байсан. Тухайн үед нэг хүн хашхираад байхаар нь юу болов гээд машинаас буухад тэнд байсан Бийн найзууд бас очиж явсан. Би машинаас буугаад очиход Б хүнд зодуулсан байсан. Хамраас нь цус гарсан байсан.” /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,

Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр машинаас Д бууж ирээд Б-тэй уулзаад, тэр хоёр “Торх” зоогийн газрын хойгуур орсон. Бид нар наана машиныхаа хажууд хүлээж байсан. Тэр хоёр “Торх” зоогийн газрын хойгуур ороод нээх удаагүй. Гэтэл тэнд хүн дуугараад байна гээд юу болов гээд яваад очтол Б зодуулчихсан ам хамраас нь цус гарчихсан байсан. Б-тэй хамт Гурвантэс сумын 2 залуу байсан, нэрийг Б, Д гэдэг...” /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 434 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

Иймд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Д, А.Б нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч О.Д, А.Б нар нь хохирогч Н.Бийн биед толгой, дээд, доод урууланд шарх, баруун гуянд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, төмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байх ба хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “Д, Б нар эмчилгээний зардал гэж 5,000,000 төгрөг өгсөн, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” талаар хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

Шүүгдэгч О.Д, А.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 5,000,000 төгрөгийг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэв. 

Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөрт 5,000,000 төгрөг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.   

Шүүх шүүгдэгч О.Д, А.Б нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д, А.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.         

Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч О.Д, А.Б нар нь хохирогч Н.Б-т эмчилгээний зардалд 5,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д, А.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгч нарын “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн хэргийг шууд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно”, 3 дахь хэсэгт “шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна” гэж тус тус заасан бөгөөд хэдийгээр хохирогч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй боловч шүүхийн зүгээс хурлын товыг мэдэгдсэний үндсэн дээр шүүх хуралдааныг явуулсан болохыг дурдах нь зүйтэй.              

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн О-ы Д, Б овгийн А-ийн Б нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д, А.Б нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Шүүгдэгч О.Д, А.Б нар нь шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д, А.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч О.Д, А.Б нар нь хохирогч Н.Б-т эмчилгээний зардалд 5,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.    

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д, А.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Д, А.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ