Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/106

 

Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: Г.Б,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Ө аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Г.Б-д холбогдох 212800000 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Б-г яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бүтэн сайн өдөр байсан юм. Манайх Бүтэн сайн өдөр амардаг учраас амраад байж байхад миний үйлчлүүлэгчээс дуудлага ирсэн. Би дуудлагын дагуу охин Мгийн хамтаар нөгөө үйлчлүүлэгч дээрээ очиж эмчилгээгээ хийсэн. Би хаягийг нь мэдэхгүй байна. Би тухайн хүнд эмчилгээгээ хийчхээд охины хамтаар эмийн сан орох гээд Баруунсайханы Өнөр бүл дэлгүүрийн баруун талаар явдаг засмал замаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэн явж байхад зүүн талын туслах замаас хурдтай машин ирж байгаа харагдсан. Би машин гээд хашхирсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд би машин дотроо ухаан алдсан байсан. Би ухаан ороод харахад манай охин жолоочийн суудал дээрээ ухаан алдсан байсан. Би ухаан ороод нөхөр рүүгээ залгасан. Мөн хуурай дүү О нар руу залгасан. Тэр үед миний амь тэмцээд байсан учраас би үхэлтэй тэмцээд уушгиа сийрэгжүүлсэн. Тэгж байгаад эргээд ухаан алдсан байсан. Нэг мэдэхэд цагдаа ирчихсэн намайг машинаас гаргасан. Тэр үед эмнэлэг ирсэн байсан. Охин бид хоёрыг эмнэлэг аваад явсан. Эмнэлэгт очоод хаван хөөх дусал залгуулсан. Эмнэлгээс рентген зураг аваад гэртээ харьж болно гэж хэлсэн. Бид хоёр гэртээ хариад гэртээ 3 хоног хэвтээд Улаанбаатар хот руу явж гэмтлийн эмнэлэгт очиж зургаа авхуулчхаад гэмтэлд хэвтэж эмчлүүлэх гэсэн чинь гэмтлийн эмнэлэгт корона вирус гарсан байсан учраас Мөнгөнчагнуур гэх хувийн эмнэлэгт охины хамтаар хэвтэж эмчлүүлсэн. Уг эмнэлэг миний биеийг үзээд зүүн талын далнаас доош 5 хавирга, суган доогуур 2 хавирга хугарсан байна гэж оношлоод би тухайн эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлээд гарсан. Би эмчилгээнд явахдаа машины жолооч Бгээс 2.000.000 төгрөг авч явсан. Тэр мөнгөөрөө эмчилгээ хийлгэсэн учраас нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-ийн 14-15-р хуудас/  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би өөрийн ээж Б.Нгийн хамтаар Ө аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багт “Тод буян” төвийн байранд хувиараа бариа засал хийдэг. 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ээж Нгийн хамтаар ээжийнд очиж эмчилдэг хүн дээр дуудлагаар очиж бариа хийчхээд би өөрийн эзэмшлийн 92-09 ӨМЭ улсын дугаартай автомашинаа бариад хажууд ээжийг суулгаад эмийн сан орох гээд Баруунсайханы “Өнөр бүл” дэлгүүрийн баруун талаар явдаг засмал замаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэн явж байхад зүүн талын туслах замаас хурдтай машин ирж мөргөсөн. Миний жолоодож явсан машин баруун тийшээ шидэгдээд айлын хашаа мөргөөд зогссон. Би машин дотроо ухаан алдсан байсан бөгөөд нэг мэдэхэд эмнэлэгт ирчихсэн байсан. Ээж бид хоёрын эмчилгээний зардал гэж 2.000.000 төгрөг, машины хохиролд 10.000.000 төгрөг өгсөн. Мөн Улаанбаатар явах, ирэх зардалд 300.000 төгрөг өгсөн учраас одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй”. /хх-ийн 21-22-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ө.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 08 дугаар сарын 01-ний орой би дэлгүүртээ суугаад байж байхад гэнэт манай хашааны ард тас гэсэн дуу гарахаар нь гараад очсон чинь манай хашааг улаан өнгийн Приус маркийн машин ирж мөргөөд зогсож байсан. Хүмүүс орилолдоод байхаар нь би эргээд дэлгүүр рүүгээ ороод эмнэлэгт дуудлага өгсөн. Удаагүй эмнэлэг, цагдаа хоёр ирсэн. Би дэлгүүр рүүгээ орчихсон. Энэ үйл явдал болсны маргааш нь Б гэдэг залуу ирж хашааг чинь янзалж өгнө гэж хэлсэн. Тэгээд 5-6 хоногийн дараагаар манай хашааг янзалж өгсөн.” /хх-ийн 24-25-р хуудас/

Гэрч О.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай ээж Б.Н, миний төрсөн эгч О.М нар нь Ө аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутагт 92-09 ӨМЭ улсын дугаартай машинтай явж байхад нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн автомашин жолоодож яваад мөргөж зам тээврийн осол гаргасан талаар Оргил гэдэг ахаас сонссон. Би ээж, эгч нар руугаа залгаж мэдээлэл авсан. Би тухайн үед Улаанбаатар хотод байсан. Тухайн машиныг манай эгч М нь зарын дагуу Даланзадгад суманд байх хүнээс худалдаж авсан. Ямар хүнээс авсан талаар мэдэхгүй байна. О.М эгч Улаанбаатарын харьяалалтай учраас автомашиныг шилжүүлэх боломжгүй гэсэн учраас миний нэр дээр уг машиныг шилжүүлж авч байсан. Уг машинд 5 сая орчим төгрөгийн хохирол учирсан байх. М эгч мөргөсөн залуутай тохиролцоод машинаа тэр хүнд 10 сая төгрөгөөр зарсан учраас би машиныг нь нөгөө залуугийн нэр дээр шилжүүлж өгсөн.” /хх-ийн 30-р хуудас/

Гэрч Т.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би энэ машиныг Г.Б дүүдээ 2021 оны 06 дугаар сард худалдаж байсан. Би машины тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэх гэсэн боловч ажлын шаардлагаас болоод нэрийг нь шилжүүлж амжаагүй байсан.  Мөнгийг нь төлөөд барагдуулсан. Энэ машин Г.Бгийн машин учраас миний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх асуудал байхгүй.” /хх-ийн 32-р хуудас/

Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн магадлагаанд: “Жолооч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний 3.7-а дахь хэсэгт заасан “согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлын хангаж чадахааргүй өвчтэй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн 15-9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь ослын газрын үзлэг, фото зураг, схем зураг, оролцогч нарын мэдүүлэг, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг баримтжуулсан фото зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Жолооч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний 3.7-а, 15.9 дахь хэсгийг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол хэрэг болох шалтгаан болсон гэж үзэж байна.” /хх-ийн 70-р хуудас/

Ө аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 384 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: О.Мгийн биед тархины доргилт, цээж, аюулхай, баруун цавь, зүүн гуя, өвдөгний цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 55-56-р хуудас/

Ө аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 385 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: О Б.Нгийн биед тархины доргилт, зүүн талын 3, 4, 5, 8, 9, 10, 11-р хавирганы хугарал, зүүн хацрын зулгаралт, зүүн дал, цээжний өмнө хэсэг, аюулхай орчмын II зэргийн түлэгдэл, баруун гуя, шилбэ, зүүн өгзөг, гуя, өвдөг, шилбэ, шагайн цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 59-60-р хуудас/

“*******” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 535 дугаартай автомашин техникийн үнэлгээний дүгнэлтэд: “92-09 ӨМЭ улсын дугаартай Toyota prius XW20 маркийн тээврийн хэрэгсэл үнэлгээгээр тогтоосон дүн: 4.422.000 төгрөг гэжээ.” /хх-ийн 63-69-р хуудас/

“*******” ХХК-ийн 2021 оны 10 сарын 04-ний өдрийн 953 дугаартай автомашин техникийн үнэлгээний дүгнэлтэд: “00-29 ӨМҮ улсын дугаартай Toyota crown 200 маркийн тээврийн хэрэгсэл үнэлгээгээр тогтоосон дүн: 5.270.000 төгрөг гэжээ.” /хх-ийн 78-80-р хуудас/

“*******” ХХК-ийн 2021 оны 10 сарын 04-ний өдрийн 621/2041 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “5 метрийн хар банз нийт үнэ өртөг 208.000 төгрөг гэжээ.” /хх-ийн 85-87-р хуудас/

Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 1994 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ө аймгийн Даланзадгад суманд төрсөн. 2001-2011 онд Ө аймгийн Даланзадгад сумын 3 дугаар бүрэн дунд сургуульд сурч бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2011-2015 онд Батлан хамгаалахын Их сургуулийг төрийн захиргааны менежмент мэргэжлээр төгссөн. 2015-2017 хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2017 онд ӨБЦТСТӨК-д тусгай тоноглолын оператороор ажиллаж байгаад 2018 оноос тус байгууллагад засварын монтёроор 2019 оноос өнөөг хүртэл тус байгууллагад Диспетчер, техникчээр ажиллаж байна. 2012 онд Байгальмаа гэдэг бүсгүйтэй хамтран амьдарч нэг хүүхэдтэй болоод 2017 оноос тусдаа амьдрах болсон юм. Би эцэг эхээсээ хоёул, 1 дүүтэй. Аав Г.Ганболд, ээж Т.Байгальмаа нар Даланзадгад сумын 1 дүгээр баг Нисэх 22-20 тоотод оршин суудаг юм. Би ганцаараа Даланзадгад сумын 2 дугаар баг Хан-Уулын 10-3 тоотод оршин суудаг юм. Би болсон асуудлын талаар гэрчээр мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй бүгдийг нь ярьсан байгаа учраас өөр нэмж ярих зүйл байхгүй. /хх-ийн 93-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 34-р хуудас/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-39-р хуудас/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-47-р хуудас/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 96-р хуудас/

Ө аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн засаг даргын 596 дугаартай тодорхойлолт /хх-ийн 97-р хуудас/

Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 01/501 дугаартай тодорхойлолт /хх-ийн 98-р хуудас/

201509588 дугаартай бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 99-р хуудас/

Жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 100-р хуудас/

Хохирол төлбөрийн төлсөн баримтууд /хх-ийн 101-102-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103-р хуудас/

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 117-123-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ө аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Арвижих” хүнсний дэлгүүрийн зүүн талын засмал зам дээр Тоуоta crown 200 маркийн 00-29 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон авахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ заалт, мөн дүрмийн 15.9 дэх заалтуудыг зөрчсөний улмаас О.Мгийн жолоодож явсан Тoyota prius xw20 маркийн 9000 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Нгийн эрүүл мэндэд тархины доргилт, зүүн талын 3,4,5,8,9,10,11-р хавирганы хугарал, зүүн хацрын зулгаралт, зүүн дал, цээжний өмнө хэсэг, аюулхай орчмын II зэргийн түлэгдэл, баруун гуя, шилбэ, зүүн өгзөг, гуя, өвдөг, шилбэ, шагайн цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, О.Мгийн эрүүл мэндэд тархины доргилт, цээж, аюулхай, баруун цавь, зүүн гуя, өвдөгний цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулж, О.Мгийн жолоодож явсан Тoyota prius xw20 маркийн 92-09 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.422.000 төгрөгийн эвдрэл, хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Нгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь: Ө аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 385 дугаартай “Б.Нгийн биед тархины доргилт, зүүн талын 3, 4, 5, 8, 9, 10, 11-р хавирганы хугарал, зүүн хацрын зулгаралт, зүүн дал, цээжний өмнө хэсэг, аюулхай орчмын II зэргийн түлэгдэл, баруун гуя, шилбэ, зүүн өгзөг, гуя, өвдөг, шилбэ, шагайн цус хуралт гэмтэл үүссэн. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... /хх-ийн 59-60-р хуудас/ гэснээр,

Мөн хохирогч О.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Ө аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 384 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “О.Мгийн биед тархины доргилт, цээж, аюулхай, баруун цавь, зүүн гуя, өвдөгний цус хуралт гэмтэл үүссэн. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 55-56-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.

Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн магадлагаагаар “Жолооч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний 3.7-а дахь хэсэгт заасан “согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлын хангаж чадахааргүй өвчтэй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн 15-9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч Г.Бг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “...Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промил (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан ба шүүгдэгч З.Солонго нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: Г.Б нь 2,94 хувийн согтолттой байсан. /хх-ийн 46-47-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Б нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Нгийн эрүүл мэндэд хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч О.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөрт нийт 2.300.000 төгрөг төлсөн,

Мөн зам тээврийн осолд орж эвдэрсэн иргэний нэхэмжлэгч О.Мгийн Тоёота Приус 20 маркийн 46-78 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.422.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: “*******” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 535 дугаартай автомашин техникийн үнэлгээний дүгнэлтэд: “92-09 ӨМЭ улсын дугаартай Toyota prius XW20 маркийн тээврийн хэрэгсэл үнэлгээгээр тогтоосон дүн: 4.422.000 төгрөг гэжээ.” /хх-ийн 63-69-р хуудас/ гэснээр тогтоогдож байх бөгөөд хохирол төлбөрт 10.000.000 төгрөг төлсөн,

Мөн иргэний нэхэмжлэгч Ө.Уын хашаанд 208.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: “*******” ХХК-ийн 2021 оны 10 сарын 04-ний өдрийн 621/2041 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “5 метрийн хар банз нийт үнэ өртөг 208.000 төгрөг гэжээ.” /хх-ийн 85-87-р хуудас/ гэснээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь засварлаж өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөр төлсөн талаарх баримтаар тогтоогдож байх бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн зам тээврийн осолд орж эвдэрсэн 00-29 ӨМҮ улсын дугаартай Toyota crown 200 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Т.Ж-н гэсэн бүртгэлтэй байх боловч шүүгдэгч Г.Б нь уг тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах эрхтэй болох нь гэрч Т.Жаргалсайханы “...Би энэ машиныг Г.Б дүүдээ 2021 оны 06 дугаар сард худалдаж байсан. Би машины тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэх гэсэн боловч ажлын шаардлагаас болоод нэрийг нь шилжүүлж амжаагүй байсан...” /хх-32-р хуудас/ гэх мэдүүлгээр уг тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Г.Бгийн эзэмшлийн өмч болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Б-гийн хувийн байдал нь Ө аймгийн Д сумын 2 дугаар багийн засаг даргын 596 дугаартай тодорхойлолтод: “Ө аймаг Д сум /хот/-ын Хан-Уул 2 дугаар баг Хан-Уул 10-3 тоот хаягт Г овогтой Б /КЮ94041816/ нь ам бүл 6-уул оршин суудаг нь үнэн болохыг Хүн ам өрхийн мэдээллийн санг үндэслэн тодорхойлов.” /хх-ийн 97-р хуудас/ гэснээр, Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 01/501 дугаартай тодорхойлолтод: “Г.Б /КЮ94041816/ нь компанийн диспетчер текникчээр ажилладаг нь үнэн болно.” /хх-ийн 98-р хуудас/ гэснээр, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас “Бүртгэгдээгүй” /хх-ийн 103-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэх үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ. “ гэж заасан байх ба шүүгдэгч Г.Бгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь дээрх гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Г.Бгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Прокурор гэм буруугийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 5 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух хаяг, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах дүгнэлт гаргасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно гэж хуульчилсан байна.

Иймд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг давхар журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь хуульд нийцнэ гэж үзэв.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор заасан байх тул шүүх шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Б нь тэнссэн 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №9000 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ө аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Цд даалгаж, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 2.010.235 төгрөг, хохирогчийн тээврийн хэрэгслийг 10.000.000 төгрөгөөр үнэлж тээврийн хэрэгслийг авч хохиролгүй болгосон, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Ш овогт Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Б нь тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын дүрс бчилэг бүхий DVD-2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

6. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА