| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00294/И |
| Дугаар | 422 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 422
2017 оны 07 сарын 05 өдөр Дугаар 156/ШЗ2017/0422 Хэнтий аймаг
156/2017/00294/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, шүүгч Ж.Болдбаатар, Л.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хурлын “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р багын 44-04 тоотод оршин суух Боржигон овогт Мэндсайхан овогтой Мөнхчимэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн “Насан туршийн боловсрол төв”-ийн нягтлан бодогч Д.Тунгалагт холбогдох,
“хохиролд 1 665 691 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Мөнхчимэг, хариуцагч Д.Тунгалаг, иргэдийн төлөөлөгч Т.Нямхүү, гэрч Н.Нямхатан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Мөнхчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа:
“Миний бие нь Хэнтий аймгийн “Насан туршийн боловсрол”-ын Бор-Өндөр дэхь нэгжийн багшаар ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 17-нд жирэмсний амралтаа авсан. 10 дугаар сарын 18-нд Хэнтий аймгийн “Насан туршийн боловсрол”-ын ня-бо болох Д.Тунгалаг дээр очиж төрөхийн өмнөх буюу листээ бодуулж, 11-р сарын 20-р төрөхийн өмнөх мөнгөө авсан.
Энэ хугацаанд би Хэнтий аймгийн “Насан туршийн боловсрол”-ын нэгжийн багшаас өөрийн хүсэлтээр гарч Бор-Өндөр цогцолбор сургуульд “Монгол хэл-Уран зохиол”-ын багшаар ажилд орсон.
2016 оны 12-р сарын 25-нд Улаанбаатар хотын ЭХЭМҮ төвд төрсөн ба 1-р сарын 10-нд Бор-Өндөр цогцолбор сургуулийн ня-бо болох Б.Билэгнямд лист буюу төрсний дараах мөнгөө бодуулахаар уулзахад би бодохгүй та “Насан туршийн боловсрол”-ын ня-бо-оор бодуул гэсэн. 2017 оны 1-р сарын 18-нд манай нөхөр болох С.Нармандах нь Хэнтий аймаг орж “Насан туршийн боловсрол”-ын ня-бо болох Д.Тунгалагтай очиж
уулзахад би энэ листийг бодохгүй, Бор-Өндөр цогцолбор сургууль бодно гээд буцаагаад явуулсан байсан. Ирээд Бор-Өндөр цогцолбор сургуулийн ня-ботой уулзах гэтэл 2017.01.18-с долоо хоногийн хугацаатай Улаанбаатар хот руу ажлаар явсан байсан. 2017.01.26-нд Бор-Өндөр цогцолбор сургуулийн ня-бо Б.Билэгням нь бодоод Бор-өндөр сумын Нийгмийн даатгалд өгсөн. 2017.02.23-нд Бор-Өндөр цогцолбор сургуулийн ня-бо Б.Билэгням нь над руу утсаар яриад таны листний хугацаа хоцорсон байна та листээ авах боломжгүй болсон гэж хэлсэн. Би Хэнтий аймгийн “Нийгмийн даатгалын хэлтэс” тэтгэмж хариуцсан мэргэжилтэн Нямхатан гэдэг хүнтэй утсаар ярьж зөвөлгөө авсаны дагуу “Насан туршийн боловсрол”-ын ня-бо болох Д.Тунгалаг нь ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас төрсөний дараах мөнгө болох 1,665,691 мөнгөө авч чадаагүй хохирсон гэж үзэж байгаа ба Д.Тунгалаг гэдэг хүнээр хохирлыг минь барагдуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Д.Тунгалаг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
“Нэхэмжлэлийг би зөвшөөрөхгүй байна. 2017 оны 01 сарын 18 өдөр нэхэмжлэгч М.Мөнхчимэгийн листийг бодуулахаар авч ирсэн нөхөрт нь манайхаас халагдсан учраас листийг манайх бодох ёсгүй. Бор-Өндөр цогцолбор сургуулийн ня-богоор бодуул гээд М.Мөнхчимэгийн бүх баримтыг өгч явуулсан, өөрөөс шалтгаалах бүхнийг хийсэн. Үүнээс хойш надруу М.Мөнхчимэг яриагүй.
М.Мөнхчимэг манай байгууллагаас халагдсан болохоор манай дансаар листний мөнгө дамжих боломжгүй гэж үзээд би листийг бодоогүй юм. Би ямар нэг буруу үйлдэл гаргаагүй.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т заасан өөрөөсөө шаардагдах баримт бичгийг саадгүй бүрдүүлж өгөх үүргээ биелүүлсэн, 26 дугаар зүйлийн 6-д зааснаар дараагийн ажил олгогчоор амаржсаны мөнгө нь олгогдох ёстой гэж л үзсэн” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан /хх 6, 7, 13, / бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Мөнхчимэг, хариуцагч Д.Тунгалагаас хохиролд 1 665 691 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч Д.Тунгалаг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх ба татгалзлаа ажил олгогч болох Бор-Өндөр цогцолбор сургуулийн ня-бо амаржсаны тэтгэмжийг бодох байсан, өөрөөс шалтгаалах бүхнийг хийсэн гэж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, 26 дугаар зүйлийн 6-г үндэслэн маргаж байна.
М.Мөнхчимэг 2016 оны 12 сарын 25 өдөр амаржиж, амаржсаны эмнэлгийн хуудсаа 2016 оны 12 сарын 28 өдөр авсан /хх 2, 7/, 2017 оны 01 сарын 18 өдөр Хэнтий аймаг орж “Насан туршийн боловсрол”-ын ня-бо Д.Тунгалаг нь Бор-Өндөр цогцолбор сургуулийн ня-богоор листээ бодуул гэж М.Мөнхчимэгийн бүх баримтыг өгч буцаасан /шүүх хуралдааны тэмдэглэл/, 2017 оны 01 сарын 23 өдөр М.Мөнхчимэг эмнэлгийн хуудсыг Бор-Өндөр цогцолбор сургуулийн нягтлан бодогчид өгч нягтлан бодогч 2017 оны 01 сарын 30 өдөр тэтгэмжийг бодсон /хх 3/, 2017 оны 02 сарын 02 өдөр Нийгмийн даатгалын байгууллага “олгогдох хугацаа хэтэрсэн” гэж үзсэн /хх 3/ зэрэг үйл баримтууд тогтоогдож байх ба зохигчид энэ талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын хамгаалагдсан эрхийг зөрчсөний улмаас бусдад гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4-т “тэтгэмж авах өргөдөл, хуульд заасан холбогдох баримт бичгийг дор дурдсан хугацаанд бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгнө, 1/ ... амаржсаны тэтгэмж авах даатгуулагч эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор” гэж заажээ.
Д.Тунгалаг нь ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас амаржсаны дараах мөнгө 1 665 691 төгрөгөө авч чадаагүй хохирсон гэх шаардлагаа нотолсон баримтуудыг нэхэмжлэгч М.Мөнхчимэг нь шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхэд нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ... түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэж үзнэ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг.
Хариуцагч Д.Тунгалагийн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-н улмаас нэхэмжлэгч М.Мөнхчимэг амаржсаны тэтгэмж авах өргөдөл, хуульд заасан холбогдох баримт бичгийг бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгөх хуульд заасан хугацааг хэтрүүлж, улмаар түүний эд хөрөнгийн эрх зөрчигдөж, нэхэмжлэгчид 1 665 691 төгрөгийн гэм хорыг хариуцагч учруулсан байна гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2017 оны 01 сарын 18 өдөр эмнэлгийн хуудсыг бодуулахаар авч ирсэн нэхэмжлэгч М.Мөнхчимэгийн нөхөрт түүний бүх баримтыг өгч, өөрөөс шалтгаалах бүхнийг хийсэн гэх хариуцагч Д.Тунгалагийн тайлбарыг нэхэмжлэгч эсэргүүцээгүй, няцаагаагүй тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т “Ажил олгогч өөрөөсөө шаардагдах баримт бичгийг саадгүй бүрдүүлж өгөх үүрэгтэй” гэж заасныг Д.Тунгалаг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хариуцагч Д.Тунгалагаас хохиролд 1 665 691 төгрөг гаргуулах тухай М.Мөнхчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид
урьдчилж төлсөн 41 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй зохигчдод мэдэгдэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР
Л.ЦЭРЭНДУЛАМ