| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2021/0100/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/107 |
| Огноо | 2021-10-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/107
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч Ч.Б,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Ч-ийн Б-т холбогдох 2128000000108 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ............................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 14 цагийн орчимд Өмнөговь аймаг, Гурвантэс сум, 5 дугаар баг, Шивээхүрэн боомтын Морин заг суурьшлын бүсийн Баруун поошиг гэх газарт Н.А-тай маргалдан баруун гуянд нь хоёр удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ч.Бийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өөрийн гэм бурууг ухамсарлаж байна. 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр найзтайгаа 1 шил архи хувааж уугаад баруун гуянд нь 2 удаа хутгалсан. Тухайн үед юу болсон талаар сайн санахгүй байгаа гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 09 цагаас архи ууж эхлээд, архи ууж согтоод юу болсноо сайн санахгүй байна. Би Б-тэй нэг шил /Улаан гоом/ нэртэй, 0,75 литрийн цагаан архийг хувааж уусан. Юунаас болоод маргалдсанаа санахгүй байна. Нэг мэдэхэд бид хоёр тэврэлдээд найз нь үхмээргүй байна, эмч дууд гэсэн чинь эмч дуудаад эмч ирсэн. Өөр юу болсноо санахгүй байна. Би Б-тэй юунаас болоод маргалдсанаа санахгүй байна. Маргалдахын хувьд бол маргалдсан, яг юунаас гэдгээ санахгүй байна. Бид хоёр машин дотор архи ууж байсан, нэг мэдэхэд машинаас буугаад ирсэн, заамдалцсан, барилцаад авсан байсан, тэгээд хутга мэс болоод дууссан. Хутга хаанаас аваад намайг хутгалсныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь гуянаас цус гарч байсан, би найз Бийг тэврээд найз нь амьдармаар байна эмч дууд гэж хэлсэн. Би хутгалуулснаа тухайн үед мэдээгүй. Яагаад гэвэл архины халуунд мэдээгүй байх. Биед бол ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Цус гарахаар нь мэдсэн... Бид хоёр баруун поошиг нэртэй газар Бийн машинд архи уусан. Бид хоёр машин дотор архи уусан боловч машинд зодоон хийгээгүй. Машинаас буугаад маргалдаж бие биенээ түлхэж байсан чинь гэнэт надаас цус гараад байсан... Миний гуяыг хутгаар зүссэн байх. Миний баруун гуянд 2 хутганы шарх байсан. Баруун гуянд өнгөцхөн 1 см өргөнтэй, 0,5-1 см гүнтэй, 10-20 см зайтай 2 шарх байсан. Миний бие хэвийн байна. Шарх нь гүн биш учраас асуудал алга. Би өөрөө чөлөөтэй явж байгаа. Хөдлөхөд саадгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би эмчилгээний мөнгө нэхэмжлэхгүй...” /хавтаст хэргийн 19-20, 22-23 дугаар хуудас/
Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Гурвантэс сумын 5 дугаар багийн Шивээхүрэн хилийн боомтын Морин заг суурьшлын бүсийн Баруун поошиг нэртэй газарт буюу кемпийнхээ гадаа машиндаа засвар үйлчилгээ хийгээд гадаа сууж байхад А гэрийн хойноос би хутгалуулчихлаа гээд хувцас хунар нь цус болчихсон гараад ирсэн. А-ын өмд нь цус болчихсон байхаар нь өмдийг тайлаад үзсэн чинь баруун гуяны зузаан маханд хутгалчихсан байхаар нь дэвсгэр даавуугаараа гуяыг нь боож өгсөн. Зузаан гуя хэсэгт нь 10-15 см зайтай 2 газар хутгалсан байсан. Би хутгалсан газрын цусыг нь тогтоогоод цагдаа, эмнэлэг дуудсан. Мөн хариуцсан менежер рүү нь ярьсан. Хэрэг болсон газар надаас өөр манай компани хоёр ажилтан байсан. Тэд нар машин доороо машиныхаа эд ангиудыг задлаад завгүй байсан. Би хэрэг болох үед машиныхаа хропыг засаад сууж байсан. Би А тэр хоёрыг нэгнийгээ хутгалчихна гэж бодоогүй... А согтуу учраас өөрөө өвдөж байгаагаа нээх их мэдэхгүй байх шиг байсан. Цус их гарсан. Өөрөө болохоор цусаа гоожуулаад доголоод алхаад байсан. А дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй байсан. Энэ хувцастайгаа хутгалуулсан байсан. Өмдний баруун гуяны хэсэгт 2 удаа цоорсон байсан. Бодвол хутгалуулсны улмаас үүссэн ул мөр байх.” /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/
Гэрч Ч.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 15 цагийн үед жолооч Мягмардаш утсаар холбогдож жолооч А нь бусдад 2-3 удаа хутгалуулсан, цус их алдаж байна гэсэн. Би уг дуудлага мэдээллийг аваад боомтын хоёр эмчид мэдээлэл өгчхөөд хэргийн газарт очиход хоёр эмч ирчихсэн дусал тариа хийсэн байсан. Би тухайн хохирогчийг маш яаралтай Гурвантэс сумын хүн эмнэлэгт хүргэж эмчийн тусламж авхуулахаар авч явсан. Би хохирогч А-ыг Гурвантэс сумын эрүүл мэндийн төвд хүргэж тусламж үзүүлсэн... Намайг очиход согтуу, хоёр эмчээр эмчилгээ хийлгэж байсан. Баруун гуя нь дээрээ хоёр шархтай, урд болон хажуу талаасаа хутгаар зүсүүлсэн байдалтай, эмч шархыг нь цэвэрлэж байсан. Хохирогч өмдөө тайлчихсан байсан.” /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/
Шүүгдэгч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Гурвантэс сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Шивээхүрэн нүүрс тээврийн 20 дахь километрт буюу Морин заг нэртэй суурьшлын бүсийн Баруун поошиг гэдэг газар хохирогч А-ын гэрийн гадаа архи ууж байгаад хоорондоо ярилцаж байхад А эхнэрээ утгагүй хардаад байхаар нь юун балай юм ярьдаг юм бэ гэхэд намайг заамдаж аваад машинаас татаад буулгасан. Бид хоёр машинаас буугаад бага зэрэг ярилцаж байхдаа үл ойлголцож, А намайг зэвүүн хүргэсэн, үгээр шордоод, би нэг мэдсэн чинь машиндаа байсан хутгыг аваад А-ыг хоёр удаад хутгалсан байсан. А-ыг би баруун талын хөл рүү, баруун талын гуяны хойд талаас зузаан гуя руу нь хутгалсан байсан. Би согтуу байсан учраас А-ыг хутгалчхаад дараа нь их сандарсан. Нэг мэдэхэд А-ын гуянаас цус гарч, хувцас нь цус болсон, эмч, цагдаа дуудаж байсан. Эмч, цагдаа нарыг иртэл тэнд байсан хүмүүс аль болох боломжоороо А-ыг эмчилж цусыг нь тогтоох арга хэмжээ авсан. Би А-ыг санамсаргүй байдлаар хутгалсан, би өөрөө А-ын бие эрч чөлөөнд халдаж гэмтэл учруулах бодол байгаагүй. Би архи согтууруулах ундаа уусан үедээ өөрийгөө удирдан жолоодож чадалгүй А-ын хэлсэн үгнээс өө хайж, түргэн зан гаргаад машиндаа байсан хутгыг авч, А-ыг хоёр удаа хутгалсан. Би тухайн үед маш их уур хүрээд ийм зүйл хийсэн. А-ыг хутгалчихаад дараа нь юунаас болоод ийм зүйл хийснээ санахгүй байсан. ...Би харамсаж байна.” /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 488 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Н.А-ын биед баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Н.А-ын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Н.А-ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/
Согтууруулах ундаа, мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/
Шүүгдэгч Ч.Бийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 97 дугаар хуудас/
Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хавтаст хэргийн 98 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 60-74, дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ч.Б-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Ч.Б өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 14 цагийн орчимд Өмнөговь аймаг, Гурвантэс сум, 5 дугаар баг, Шивээхүрэн боомтын Морин заг суурьшлын бүсийн Баруун поошиг гэх газарт Н.А-тай маргалдан баруун гуянд нь хоёр удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Б-тэй юунаас болоод маргалдсанаа санахгүй байна. Маргалдахын хувьд бол маргалдсан, яг юунаас гэдгээ санахгүй байна. Бид хоёр машин дотор архи ууж байсан, нэг мэдэхэд машинаас буугаад ирсэн, заамдалцсан, барилцаад авсан байсан, тэгээд хутга мэс болоод дууссан. Хутга хаанаас аваад намайг хутгалсныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь гуянаас цус гарч байсан, би найз Бийг тэврээд найз нь амьдармаар байна эмч дууд гэж хэлсэн. Би хутгалуулснаа тухайн үед мэдээгүй. Яагаад гэвэл архины халуунд мэдээгүй байх. Биед бол ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Цус гарахаар нь мэдсэн... Миний баруун гуянд 2 хутганы шарх байсан. Баруун гуянд өнгөцхөн 1 см өргөнтэй, 0,5-1 см гүнтэй, 10-20 см зайтай 2 шарх байсан. Миний бие хэвийн байна. Шарх нь гүн биш учраас асуудал алга. Би өөрөө чөлөөтэй явж байгаа. Хөдлөхөд саадгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй....” /хавтаст хэргийн 19-20, 22-23 дугаар хуудас/,
Гэрч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А гэрийн хойноос би хутгалуулчихлаа гээд хувцас хунар нь цус болчихсон гараад ирсэн. А-ын өмд нь цус болчихсон байхаар нь өмдийг тайлаад үзсэн чинь баруун гуяны зузаан маханд хутгалчихсан байхаар нь дэвсгэр даавуугаараа гуяыг нь боож өгсөн. Зузаан гуя хэсэгт нь 10-15 см зайтай 2 газар хутгалсан байсан. Би хутгалсан газрын цусыг нь тогтоогоод цагдаа, эмнэлэг дуудсан. Мөн хариуцсан менежер рүү нь ярьсан... Би А тэр хоёрыг нэгнийгээ хутгалчихна гэж бодоогүй ажлаа хийж байсан чинь А намайг Б хутгалчихлаа гэж надад хэлсэн.” /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/
Гэрч Ч.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 15 цагийн үед жолооч Мягмардаш утсаар холбогдож жолооч А нь бусдад 2-3 удаа хутгалуулсан, цус их алдаж байна гэсэн. Би уг дуудлага мэдээллийг аваад боомтын хоёр эмчид мэдээлэл өгчхөөд хэргийн газарт очиход хоёр эмч ирчихсэн дусал тариа хийсэн байсан. Би тухайн хохирогчийг маш яаралтай Гурвантэс сумын хүн эмнэлэгт хүргэж эмчийн тусламж авхуулахаар авч явсан. Би хохирогч А-ыг Гурвантэс сумын эрүүл мэндийн төвд хүргэж тусламж үзүүлсэн... Намайг очиход согтуу, хоёр эмчээр эмчилгээ хийлгэж байсан. Баруун гуя нь дээрээ хоёр шархтай, урд болон хажуу талаасаа хутгаар зүсүүлсэн байдалтай, эмч шархыг нь цэвэрлэж байсан. Хохирогч өмдөө тайлчихсан байсан.” /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 488 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Ч.Б-ийн хохирогч Н.А-ын баруун гуянд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ч.Б-ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.Б нь хохирогч Н.А-ын эрүүл мэндэд нь баруун гуянд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байх ба хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” талаар хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ч.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн жинсэн өмд, шар өнгийн иштэй 1 ширхэг хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураалгасан зүйлгүй, хохирогч Н.А хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Ч-ийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ч.Б нь шүүхээс оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн жинсэн өмд, шар өнгийн иштэй 1 ширхэг хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураалгасан зүйлгүй, хохирогч Н.А хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ