Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 423

 

2017 оны 07 сарын 06 өдөр      Дугаар 156/ШШ2017/00423                 Хэнтий аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00360/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би

           Нэхэмжлэгч: “Хадгаламж банк ХХК”-дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Т-164-02  тоотод оршин суух, Боржигон овогт Пүрэвдуламын Эрдэнэсаруул (РД:СТ88120304)-д холбогдох

“зээл, зээлийн хүүгийн 7 175 730 /долоон сая нэг зуун далан таван мянга долоон зуун гуч/ төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гантөмөр, хариуцагч П.Эрдэнэсаруул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Нэхэмжлэгч “Хадгаламж банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн П.Эрдэнэсаруул нь Хадгаламж банктай 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 36 дугаартай “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 5 700 000 төгрөгийг жилийн 30.0 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар, 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 36 дугаартай “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 2 055 000 төгрөгийг жилийн 28.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар тус тус зээлэн авсан. Зээлийн гэрээний 2.1.2-д зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн Хадгаламж банк дахь 25000013417 тоот төгрөгийн дансанд олгохоор тохиролцсон ба Хадгаламж банкнаас 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус дансанд 5500 000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 22-ний өдөр тус дансанд 2 055 000 төгрөгийг тус тус шилжүүлж мемориалын баримтад П.Эрдэнэсаруул гарын үсэг зурсан. Тухайн үед П.Эрдэнэсаруул нь Хадгаламж банкинд зээл олгох хүсэлт гаргахдаа буюу цалингийн зээлийн өргөдлийн маягтад өөрийгөө Мах-Экспорт ХХК-д ангилагчийн ажил эрхэлдэг гэж бичин уг мэдээллийн үнэн зөв болохыг баталж гарын үсэг зурж байсан. Мөн тус байгууллагын дарга Б.Чулуунтогтох, ерөнхий нягтлан бодогч Д.Эрдэнэнавч нарын П.Эрдэнэсаруул нь тус компанид 717 000 төгрөгийн үндсэн цалинтай ангилагч ажилтай зээлийг цалинтай адилтгах орлогоороо төлж барагдуулах чадвартайг тодорхойлсон гарын үсэг компанийн тэмдэг бүхий тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг ирүүлсэн. Зээлдэгч нь зээл авсан өдрөөс хойш 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 4 356 322  төгрөг, зээлийн хүүнд 2 432 178  төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 17 507 төгрөг, нийт 6 806 008 төгрөг төлсөн. Иймд зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 3 398 677 төгрөг, зээлийн хүү 3 168 440 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 608 611 төгрөг, нийт 7 175 730 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-4х/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хадгаламж банк ХХК”-дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, П.Эрдэнэсаруулд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа 3 777 052 төгрөгөөр багасгаж байна. П.Эрдэнэсаруулаас үндсэн зээлийн үлдэгдэл 3 398 677 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. 

Хариуцагч П.Эрдэнэсаруул нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хадгаламж банк ХХК”-дахь эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн 3 398 677 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ. /хх-ийн 44х/ 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Хадгаламж банк ХХК”-дахь эрх хүлээн авагч нь хариуцагч П.Эрдэнэсаруулд холбогдуулан “зээл, зээлийн хүүгийн 7 175 730 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.      

Хариуцагч П.Эрдэнэсаруул нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 5 700 000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2 055 000 төгрөгийн цалингийн зээлийг тус тус авсан болох нь 36 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 15-25х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 44х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Хадгаламж банк ХХК”-дахь эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн хүү 3 168 440 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 608 611 төгрөг ,нийт 3 777 052 төгрөгөөр багасгаж, үндсэн зээлийн үлдэгдэл 3 398 677 төгрөгийг нэхэмжилж байх ба хариуцагч П.Эрдэнэсаруул нь 3 398 677 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

      

            Ийнхүү нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.

     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Хадгаламж банк ХХК”-дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Эрдэнэсаруулд холбогдох “зээл, зээлийн хүүгийн                7 175 730 /долоон сая нэг зуун далан таван мянга долоон зуун гуч / төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч П.Эрдэнэсаруулаас 69 329 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР