Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/108

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Л.С,

Шүүгдэгч З.С,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                                         

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн З-ын С-д холбогдох 2128001920107 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

   Биеийн байцаалт: 

   Монгол Улсын иргэн, .....................   

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч З.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар баг Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээврийн 26 дахь километрт 59-65 УНР улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.7 а дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас 32 настай, эмэгтэй Д.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч З.С-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Гурвантэс сумын 5 дугаар багийн Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээврийн 26 дахь километрт машинтай явж байтал гэнэт машин савлаад жолооч баруун тийш дарахад замын ирмэг дөхсөн учраас өөрийнхөө тал руу дарсан чинь савлаж яваад замын хажуу тал руу унасан. Уг жолооч үрүүлээ хоёр гараараа чанга барьчихсан сандарч хашхирч байсан. Тэгээд замын хажуу руу унасан. Замын хажуу руу унахад машин хөөрөөд газар эхлээд дөрвөн дугуйн дээрээ унаад бүтэн эргээд буцаад дөрвөн дугуйн дээрээ буусан. Нэг мэдэхэд хүмүүс ирчихсэн бид нарыг машин дотроос гаргахад миний гар хугарчихсан хөдөлж болохгүй байсан. Нөгөө хоёр ямархуу байдалтай байсныг сайн мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар жолооч С миний дээр гарчихсан байсан. Жолооч өөрөө 73 километр цагийн хурдтай явсан гэж байсан, миний бодлоор тэр хавьцаа байх, би тухайн машины километр заалтыг анзаараагүй... Баруун гарын чөмөг хугарсан, зүүн талын хавиргандаа зөөлөн эдийн гэмтэлтэй, зүүн чанаа бага зэрэг шалбарсан. Баруун гар, үе үе толгой өвдөнө, нуруу бага зэрэг өвдөж байна. Надад одоогоор нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Цаашдаа үзүүлж байж болно. Надад гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 ооны 08 дугаар сарын 12-ны өдөр гэртээ ганцаараа сууж байтал найз Со утсаар залгаад урагшаа нөхрийгөө машин дээр хүргэж өгөх гэсэн юм гээд манай гэрт хүрээд ирсэн. Удалгүй М, С манай гэрийн гадаа ирээд тэр хоёр манай гэрт орж ирсэн. Манай гэрт бид гурав 2,5 литрийн Нийслэл пивийг хувааж уусан. Тухайн пиво ууж дуусгаад М хүргэж өгөх гээд засмал замаар боомтын чиглэлтэй явж байгаад М-ын машин байсан. 31 дэх километрт бид гурав очоод нүүрсний машинаа засчхаад эргээд гэр рүүгээ буцах гээд явж байтал Со руу нэг хүн залгаад машин шахаад өг гэхээр нь чадахгүй М архи уучихсан байна гэсэн чинь тэгвэл нэг жолоочийг замаасаа аваад машин дээр хүргээд өг гэхээр нь тэрийг нь авах гээд эргээд боомтын зүг явж байгаад замын хажуу руу унасан. Замын хажуу руу унахад зам өндөр мөргөцөгтэй учраас машин агаарт хөөрөөд газар унахдаа 2 удаа эргэсэн, би урд сууж явсан учраас зүүн талынхаа дух хэсгээр цонхны шил мөргөсөн, жолооч /С/ хажуу талаас шидэгдээд миний талын машины цонх хаалгыг мөргөхдөө миний баруун гаран дээр унаад гарыг минь гэмтээсэн. Хойно сууж явсан М-ыг ямар байдалтай осолдсоныг мэдэхгүй байна. Миний сууж явсан автомашины улсын дугаар нь ...., Приус загварын улаан өнгийн тээврийн хэрэгсэл байсан. Би Гурвантэс сумын 5 дугаар багийн Шивээхүрэн хилийн боомтын суурьшлын бүсэд өөрийн гэрийнхээ хажууд машины сүүдэрт, М, С нарын хамт 2,5 литрийн том пиво уусан. Бид нар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа, суурьшлын бүсээс боомт руу явж байгаад осолдсон. Тухайн тээврийн хэрэгслийг С барьж байсан... Ослын улмаас миний баруун гар, шугаараа хугарсан. Зүүн талын хавирганы зөөлөн эд гэмтсэн. Зүүн талын шанаа шалбарсан.” /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/

Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Гурвантэс сумын 5 дугаар багийн Шивээхүрэн хилийн боомтын 26 дахь километрт машин онхолдож осол гарч, улаан өнгийн Приус-20 загварын автомашин замын хажуу тал руу осолдсон байсан. Тухайн үед хажуугаар нь гарч яваад эмнэлэг, цагдаа дуудсан. Би зам дээгүүр машинтай өнгөрч байсан учраас тусламж үзүүлэх гээд дуудлага өгчхөөд осолдсон машинтай хүмүүс рүү харсан чинь дотроос нь хүмүүс нь гарч ирж харагдсан. Машин дотроо 2-3 хүнтэй харагдсан. Би хилийн харуул руу 26 дахь километрт машин осолдсон байна ирээд түргэн тусламж иртэл тусламж үзүүлээд хараад байж бай гэж хэлээд өөрөө явсан. Манай алба хаагч нар түргэн тусламж тэнд үүрэг гүйцэтгэсэн. Дараа нь утсаар эмнэлэг, цагдаа ирсэн гэж мэдээлсэн. Тэрнээс цааш юу болсон талаар мэдэхгүй. Осолдсон хүмүүсийг холоос харчхаад эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Хүнд бэртсэн гэмтсэн бол очиж тусламж үзүүлэх байсан. Ковидтой учраас хүн дээр давхиж очоод өвчин халдааж магадгүй гэж болгоомжилсон. Осолдсон машин руу жолооч нар гүйж ирж харагдсан. Гайгүй болохоор бас холоос юм асуугаад ажаад байх шиг байсан.” /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

Шүүгдэгч З.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Гурвантэс сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, машин дотор нөхөр М, найз Б нарын хамт нүүрс тээврийн 26 дахь километрт машинтай осолдсон. Уг осол нь бага зэрэг хурдтай явснаас үүдэн жолооныхоо үрүүлийг хальт дарснаас машин хоёр тийш дайвалзаж, засмал замын хажуу руу осолдож, машин дотор зорчиж явсан Б, М нарын биед гэмтэл учирсан. Би машин жолоодож явахдаа архи согтууруулах ундаа хэрэглэж, энэ байдлаас болж жолоодох самбаачлах хугацаа алдаж осол гарсан гэж үзэж байгаа. Иймээс өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, шийтгэлийг хөнгөн оногдуулж өгнө үү... Би 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Гурвантэс сумын 5 дугаар багийн Морин заг нэртэй суурьшлын бүсийн Баруун поошиг нэртэй газарт оршин суух найз Б-гийн гэрийн гадаа том машины сүүдэрт 2,5 литрийн том пиво хоёрыг уусан. Надаас гадна найз Б, нөхөр М, Базаг ах хамт уусан... Зам тээврийн осол миний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж үзэж байна. ...Миний жолоодож явсан машин нь Приус-20 загварын ............ улсын дугаартай, 2018 онд Монгол Улсын хилээр орж ирсэн. 2018 оны 06 дугаар сард банк бус санхүүгийн байгууллагаар зээлдэж авч байсан. 2021 оны 06 дугаар сард зээлийн төлбөр хаагдаж чөлөөлөгдсөн. Чөлөөлөгдсөн талаараа банк санхүүгийн байгууллагад тоот хийж өгсөн. Би уг тээврийн хэрэгслээ өөрийн өмчлөлдөө авч, бусдад зарсан шилжүүлсэн. 2021 оны 09 дүгээр сард Ганболд овогтой Цогт гэдэг хүнд зарсан... Би өмнө энэ замаар олон удаа явж байсан. Тэгэхэд замын зөвшөөрөгдсөн тэмдэг тэмдэглэгээ байхгүй байсан. Би тэр зам дээр дээд зөвшөөрөгдсөн хурд 80 километр цаг гэж бодож байсан. Миний жолоодож явсан ................. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3 зорчигч явсан. Тухайн зорчигч нар суудлын бүс зүүгээгүй. Би өөрөө суудлын хамгаалах бүс хэрэглээгүй. Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй талаар жолооны курс, хэвлэл мэдээлэл, ном сэтгүүл зэргээр сонсож байсан. Тухайн үед өөрийгөө тээврийн хэрэгсэл жолоодож чадна гэж найдаад жолоодож яваад осолдсон. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон үйлдэл маань санаатай, гэвч осол гаргана гэж огт бодоогүй. Осол гаргасандаа гэмшиж байна. Осол гарах шалтгаан нөхцөл нь архи уугаад тээврийн хэрэгсэл жолоодож явснаас болсон. Өөр нөлөөлөх зүйл байгаагүй. Замын хувьд эвдрэл гэмтэл байхгүй, тээврийн хэрэгслийн хувьд ямар нэгэн гэмтэл, асуудал байхгүй байсан. Би архи уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваагүй бол осол гарахаас сэргийлж чадах байсан. ...Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Цаашид хууль зөрчих үйлдэл гаргахгүй.” /хавтаст хэргийн 74-76 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 416 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Д.Б-гийн биед баруун шуу ясанд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Д.Б-гийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Д.Б-гийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/

2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дугаартай мөрдөгчийн магадлагаанд: “Prius-20 загварын ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч З.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох... гэсэн заалтыг зөрчсөн. Prius-20 загварын .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч З.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэж заасан заалтыг зөрчсөн байна. Prius-20 загварын .................. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч З.С нь “ВС” ангиллын үнэмлэхтэй, 605850 гэсэн үнэмлэхний дугаартай. Жолоодох эрхийн үнэмлэх нь хүчинтэй байна.” /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/

“*******” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1936 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд: “Эвдэрсэн эд анги, зардлын нэр дан кузов, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 2,500,000 төгрөг /солих, элэгдэл тооцов/, баруун хойд хаалганы шил, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 40,000 төгрөг /солих/, зүүн урд хаалганы шил, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 40,000 төгрөг /солих/, зүүн хойд хаалганы шил, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 40,000 төгрөг /солих/, урд салхины шил, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 160,000 төгрөг /солих/, жолооч ослын дэр, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 60,000 төгрөг /солих/, зүүн хойд гэрэл, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 150,000 төгрөг /солих/, баруун хойд гурвалжин шил, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 30,000 төгрөг /солих/, багажны хаалга /ком/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 280,000 төгрөг /солих/, баруун хойд гэрэл, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 150,000 төгрөг /солих/, баруун урд хаалга, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 150,000 төгрөг /солих/, урд буфер, эвдрэлийн зэрэг дунд, үнэлгээ 55,000 төгрөг /засах/, будах зардал, эвдрэлийн зэрэг бага, үнэлгээ 700,000 төгрөг /ажлын хөлс/, шууд зардлын дүн: 4,355,000 төгрөг, 1000 грамм будаг, туслах материал, лак, эвдрэлийн зэрэг өнгө гаргах, үнэлгээ 200,000 төгрөг /материалын үнэ/, эд анги солих, үнэлгээ 500,000 төгрөг /ажлын хөлс/, тэнхлэг тохируулах /ажлын хөлс/, шууд бус зардлын дүн: 700,000 төгрөг, нийт дүн: 5,055,000 төгрөг.” /хавтаст хэргийн 66-68 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 80-83 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/   

Хохирогч болон шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 158-159 дүгээр хуудас/

Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 38 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 160-161 дүгээр хуудас/

Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай прокурорын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 38 дугаартай прокурорын санал /хавтаст хэргийн 162 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 94-101 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд З.С-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч З.С өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв. 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: 

Шүүгдэгч З.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар баг Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээврийн 26 дахь километрт .............. улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.7 а дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Д.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Гурвантэс сумын 5 дугаар багийн Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээврийн 26 дахь километрт машинтай явж байтал гэнэт машин савлаад жолооч баруун тийш дарахад замын ирмэг дөхсөн учраас өөрийнхөө тал руу дарсан чинь савлаж яваад замын хажуу тал руу унасан. Уг жолооч үрүүлээ хоёр гараараа чанга барьчихсан сандарч хашхирч байсан. Тэгээд замын хажуу руу унасан. Замын хажуу руу унахад машин хөөрөөд газар эхлээд дөрвөн дугуйн дээрээ унаад бүтэн эргээд буцаад дөрвөн дугуйн дээрээ буусан.” /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/

Гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М, С манай гэрийн гадаа ирээд тэр хоёр манай гэрт орж ирсэн. Манай гэрт бид гурав 2,5 литрийн Нийслэл пивийг хувааж уусан. Тухайн пиво ууж дуусгаад М хүргэж өгөх гээд засмал замаар боомтын чиглэлтэй явж байгаад М-ын машин байсан. 31 дэх километрт бид гурав очоод нүүрсний машинаа засчхаад эргээд гэр рүүгээ буцах гээд явж байтал С руу нэг хүн залгаад машин шахаад өг гэхээр нь чадахгүй М архи уучихсан байна гэсэн чинь тэгвэл нэг жолоочийг замаасаа аваад машин дээр хүргээд өг гэхээр нь тэрийг нь авах гээд эргээд боомтын зүг явж байгаад замын хажуу руу унасан. Замын хажуу руу унахад зам өндөр мөргөцөгтэй учраас машин агаарт хөөрөөд газар унахдаа 2 удаа эргэсэн, би урд сууж явсан учраас зүүн талынхаа дух хэсгээр цонхны шил мөргөсөн, жолооч /Со/ хажуу талаас шидэгдээд миний талын машины цонх хаалгыг мөргөхдөө миний баруун гаран дээр унаад гарыг минь гэмтээсэн.” /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/

Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Гурвантэс сумын 5 дугаар багийн Шивээхүрэн хилийн боомтын 26 дахь километрт машин онхолдож осол гарч, улаан өнгийн Приус-20 загварын автомашин замын хажуу тал руу осолдсон байсан. Тухайн үед хажуугаар нь гарч яваад эмнэлэг, цагдаа дуудсан.” /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 416 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дугаартай мөрдөгчийн магадлагаа, “*******” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1936 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дугаартай мөрдөгчийн магадлагаагаар “Prius-20 загварын ........................ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч З.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох... гэсэн заалтыг, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч З.С-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “...Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промил (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан ба шүүгдэгч З.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: З.С нь 0,57 хувийн согтолттой байсан. /хавтаст хэргийн 80-83 дугаар хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шүүгдэгч З.С нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.    

Шүүгдэгч З.С-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Б-гийн эрүүл мэндэд баруун шуу ясанд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан ба хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” талаар хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.    

Шүүгдэгч З.С-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.   

Шүүх шүүгдэгч З.С-ыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч З.С нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.С нь тэнсэгдсэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.  

Шүүгдэгч З.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, “ВС” ангиллын ............. дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Отгон-Эрдэнэд даалгаж, шүүгдэгч З.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Б хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Т овгийн З-ын С-ыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч З.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч З.С нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.С нь тэнсэгдсэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.      

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

6. Шүүгдэгч З.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, “ВС” ангиллын ......... дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Отгон-Эрдэнэд даалгасугай.

7. Шүүгдэгч З.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Б хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч З.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ