| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2021/0005/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/07 |
| Огноо | 2021-12-28 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа улсын яллагч З.Алтансолонго шүүгдэгч Ч.******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******д холбогдох 2136000000237 дугаартай 178/2022/ 0005/Э/ индекстэй эрүүгийн хэргийг 2021 оны 12 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1960 оны 08 сарын 10- ны өдөр төрсөн, эрэгтэй, 61 настай, тусгай дунд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл-1, ганцаараа амьдрах, Ховд аймгийн ******* сумын ******* багийн 1-58 тоотод оршин суух, сарын өрхийн орлого 350000 төгрөг, онц хилчин шагналтай, ял шийтгэлгүй, дугаарын регистртэй, ******* ******* овогт *******ийн *******
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ч.******* нь Ховд аймгийн ******* сумын багийн нутаг нутаг дэвсгэрээс 2021 оны 05 сарын эхээр хохирогч Т.*******ын гээгдүүлсэн Самсунг А10S маркийн гар утсыг олж авч, М.т 100000 төгрөгөөр худалдсан, бусдын гээгдэл эд хөрөнгө завшиж хохирогчид 367200 төгрөгийн буюу бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Эд зүйлд үзлэг хийсэн...Прокурорын зөвшөөрлөөр иргэн Ч.оос түр хураан авсан Samsung Galaxy A10S маркийн гар утсыг...үзэхэд дэлгэцэндээ 1,2,3,4 гэсэн кодтой байх бөгөөд ажиллагаанд ямар нэгэн гэмтэл байхгүй. Уг утасны нүүрний наалтны шил цуурсан байдалтай байлаа. Уг утасны ар хэсэг нь хөх хар өнгийн төмөр мэт кейстэй байлаа. Гар утсанд ямар нэгэн сим карт мемори карт байхгүй байв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7-рт/
Эд зүйлийг хүлээлгэн өгсөн...прокурорын 102 дугаартай зөвшөөрлөөр түр хураан авсан Samsung Galaxy A10S маркийн гар утыг 2021 оны 11 сарын 02-ны өдөр 19 цаг 40 минутад хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 08-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /1988 оны 04 сарын 18-ны өдөр төрсөн 33 настай, эрэгтэй ,дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй/ ******* овогт *******ийн *******ын өгсөн...Миний бие 2021 оны 05 сарын 01-ний өдөр байхаа шөнийн 22 цаг өнгөрч байх үед Ховд аймгийн ******* сумын багийн Прокурорын 2 айлын орон сууцны 01 тоотод байх өөрийн гэрээсээ Ховд аймгийн ******* сумын багийн 10000-тад хүргэн ахындаа очиж хоносон юм. Ахынхруугаа явах гээд гэрээсээ гарахдаа өөрийнхөө өмчлөлийн Самсунг А10S загварын гар утсаа өмсөж явсан куртикнийхээ халаасанд хийгээд хаалгаа цоожлоод явсан юм. Тэгээд хүргэн ахындаа очиж байж байгаад гэнэт гар утсаа үгүйлээд өмсөж явсан бүх хувцасныхаа халаасанд хайсан боловч алга байсан. Тэгээд гар утсаа гээснээ мэдээд өөрийнхөө 99200484 дугаарын утас руу эгчийнхээ дугаараас залгахад дуудаад байсан боловч авахгүй байхаар нь ахынхаасаа гараад гэрлүүгээ ирсэн. Замаасаа 500 метр орчим газар явж хайгаад олдохгүй болохоор нь хүн олоод авчихсан байх гэж бодоод буцаад хүргэн ахындаа очиж унтаж амарсан. Тэгээд маргааш өглөө нь босоод өөрийнхөө 99200484 дугаарын утас руу эгчийнхээ дугаараас залгахад холбогдохгүй байсан. Би 2021 оны 05 сарны 04-ний өдөр өөрийнхөө пейсбүүк хаягнаас өөрийнхөө пейсбүүк хаягт мөн Ховд аймгийн нэгдсэн групп Ховд аймгийн зарын нэгдсэн групп гэсэн пейсбүүк хаягуудад зарлал байршуулсан. Тэгээд олдоогүй тул гар утсаныхаа хэрэглэгчийн IMEI кодыг ашиглан хэн нэгэн олж ашигласан эсэхийг шалгуулахаар Ховд аймаг дахь Цагдаагийн газарт хандсан юм. Би “Samsung Galaxy A10S” маркийн гар утсаа мобикомын салбараас 2021 оны 01 сард байхаа хугацааг нь сайн санахгүй байна. 459000 төгрөгөөр билүү 499000 төгрөгөөр ч билүү худалдан авч байсан.
Өглөө эрт цэнэглээд өдрөө барьдаг юм. Тэгэхээр бага цэнэгтэй унтрах дөхсөн байж магадгүй. Миний “Samsung Galaxy A10S” маркийн гар утас нь шаргал өнгийн гэртэй, уг гэрэнд жолооны үнэмлэх, Голомт банкны виза карт, гар утасны сим картны үүр зэргийг хийсэн байсан ба уг зүйлүүд гар утастай хамт гээгдсэн.
Би шинэ утас аваад 99200484 дугаараа сэргээлгэж авсан. Намайг гар утсаа гээгдүүлснээс хойш 10-15 хоногийн дараа байхаа /хугацааг нь яг сайн санахгүй байна/ ажилдаа явах гээд өглөө гэрээсээ гарах гэж байхад миний гар утсанд /99200484 дугаартай/ дугаар луу өглөө эрт танихгүй дугаар залгахаар би утсаа авсан чинь “... би таны бичиг баримтыг олж авлаа та хаана байна вэ? би таны баримтыг өгөх гэсэн юм...”гээд нэг танихгүй эрэгтэй хүн ярихаар нь “...би ажил руу.. явж байна. Та аймгийн прокурорын газар дээр хүрээд ир...” гэж хэлсэн. Тэгсэн нэг ах манай ажил дээр миний гар утастайгаа хамт гээгдүүлсэн жолооны үнэмлэх, Голомт банкны виза карт, гар утасны сим картны үүр зэрэг бичиг баримтуудыг авч ирж өгсөн. Тэгээд би 5000 төгрөг өгөөд авсан ба би “...та хэзээ, хаанаас олж авсан бэ? гэж асуухад тэр ах “...өчигдөр өглөө арван мянгат явах замаас олж авсан...” гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь би тэр ахад хандаад“...би энэ бичиг баримтуудтай хамт гар утсаа гээгдүүлсэн та гар утас олж авсан юм биш биз хэрэв тийм бол та өгчих харин би шагналыг нь өгөөд авъя, та надад өгөхгүй өөрөө ашиглах, эсхүл хэн нэгэн хүнд худалдан борлуулсан тохиолдолд гэмт хэрэг болдог юм шүү... хэлэхэд тэр ах “...би гар утас олж аваагүй чамд өгсөн бичиг баримтуудыг л олж авсан гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би"хүн миний бичиг баримтуудыг олж аваад сайхан сэтгэл гаргаж авч ирж өгч байхад олон юм ярьж, хардаад яахав гэж бодоод тэр ахад хандаад за тийм бол яахав дээ ахаа бичиг баримтыг олоод авч ирж өгсөн танд маш их баярлалаа шагналд нь би танд хэдэн төгрөг өгөх вэ? Гэж асуухад тэр ах 5000 төгрөг өгчихөд болно гэж хэлсэн. Тэгээд би 5000 төгрөг өгөөд бичиг баримтаа авсан.Би гар утсаа аваад удаагүй шинээрээ байсан болохоор анх худалдаж авсан үнээр нь үнэлж байна. Гэхдээ үнэлгээний байгууллага буюу шинжээч бодит үнэлгээг гаргах байлгүйдээ. Би гар утсаа хүлээгээд авчихвал гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй шүүх хуралд оролцохгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 11-13-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.ын өгсөн...2021 оны 05 дугаар сарын эхээр байсан шиг санагдаж байна. Ч.******* /Пүүжээ/ гэдэг хүн манай гэрийн гадаа тааралдаад надад ийм утас байна гээд цэнхэрдүү ягаан туяатай, мэдрэгчтэй утас харуулахаар нь би өөрийнхөө барьж байсан гар утсаа харуулан солих уу гээд асуухад үгүй гээд яваад өгсөн. Түүний дараа хэд хонож байгаад өөрийн гар утсаа мод хагалж байгаад эвдсэн болохоор Ч.*******тэй таараад нөгөө гар утас чинь байна уу гэж асуухад “би архи ууж байгаад хаана тавьсанаа санахгүй байна, олоод авч ирж өгье” гэж хэлээд хэд хоногийн дараа надад авч ирж өгсөн юм. Тэр утсыг би 200000 төгрөгөөр худалдан авахаар тохироод тэтгэвэрийн мөнгөө аваад 100000 төгрөгийг бэлнээр өгсөн, үлдэгдэл мөнгийг нь одоо хүртэл өгөөгүй байгаа. Тэр гар утсыг Улаанбаатар хотод авч очоод өөрийн хүү Н.Цэрэнбадамд өгсөн. Одоо манай хүү тухайн гар утсыг барьж байх ёстой. Пүүжээ бид 2 бол хааяа нэг архи хамт уудаг найзууд юм. Ямар нэгэн байдлаар төрөл садан, дотно найз нөхдийн харилцаатай биш. Ч.*******гийн гэр манай гэрийн ард талд байдаг. Надад гар утсыг зарахдаа надад ийм утас байна гэж л хэлсэн, өөр ямар нэгэн зүйл яриагүй. Би Ч.*******гээс /Пүүжээгээс/ цэнхэр /ягаан/ гэмээр өнгөтэй, мэдрэгчтэй утас байсан, нэр, загварыг мэдэхгүй байна. 2021 оны 05 дугаар сарын эхээр байсан байхаа Захын дээд талын ХААН банкны АТМ-аас 100000 төгрөг аваад Ч.*******гийн гэрийн гадаа аваачиж өгсөн.Мөнгө өгөхөд бид 2-ын хажууд хүн байгаагүй. Би Ч.*******тэй л нийлж ууна, зах дээр гарч архи уудаггүй. Найз нөхдийн гэрээр очиж л уудаг юм. Ч.******* гэртээ ганцаараа байдаг. Архи уугаад яваад байдаг...гэх мэдүүлэг/ хэргийн 20-22-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.оос дахин авсан...Би гар утас авсан 100000 төгрөгөө эргүүлэн авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг/ хэргийн 24-рт/
Гар утас үнэлсэн тухай шинжээчийн...Samsung Galaxy A10S маркийн гар утас 2021 оны 05 сарын зах зээлийн үнэлгээгээр 367200 төгрөгөөр үнэлэгдлээ...гэх дүгнэлт / хэргийн 36 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн...2021 оны 05 дугаар сарын 02-ны өглөө байх 06 цагийн үед эмнэлэгт тариа хийлгэхээр явж байгаад Петровис-4 шатахуун түгээх станцын хажууд гар утас газарт хэвтэж байхаар нь олж аваад үзсэн чинь тухайн гар утас унтраатай байхаар нь аваад эмнэлэг орчихоод буцаж гэртээ очоод гэрийнхээ гадаа дугуй блокон дээр сууж байсан чинь манай 10 жилийн найз М. явж байгаад над дээр ирээд надтай уулзсан. Тэгэхээр нь би ийм гар утас олж авлаа гэж хэлээд М.т үзүүлсэн чинь надад зарчих гэхээр нь би М.т 100000 төгрөгөнд зарсан. М. надаас гар утас авч явчихаад маргааш нь 100000 төгрөг бэлнээр авч ирж өгсөн. Би М.тай таарсан чинь цагдаа чиний надад зарсан гар утас хураагаад авсан гэж хэлсэн. Би архи авч уухаар зарсан юм...гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг үнэлж үзэхэд:
Шүүгдэгч Ч.******* нь Ховд аймгийн ******* сумын багийн нутаг нутаг дэвсгэрт 2021 оны 05 сарын эхээр хохирогч Т.*******ын гээгдүүлсэн Самсунг А10S маркийн гар утсыг олж авч, өөрийн найз М.т 100000 төгрөгөөр худалдаалж бусдын гээгдэл эд хөрөнгө завшиж хохирогчид 367200 төгрөгийн хохирол учруулсан, гэх хэргийн үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.******* нь эмнэлэг явах замдаа өглөө эрт гудамжнаас гар утсыг олж авсан, түүнийгээ өөрийн найз М.Ням- Очирт 100000 төгрөгөөр зарсан гэх үйлдлээ хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Шүүгдэгч Ч.******* нь бусдын хайхрамж болгоомжгүй байдлаасаа гээгдүүлсэн Самсунг А10S маркийн, 367200 төгрөгний гар утсыг олж авсан хэдий ч хохирогч буцаан өгөхгүйгээр бусдад 100000 төгрөгөөр зарж тухайн мөнгийг өөртөө ашигласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан ... гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш 367200 төгрөгний хохирол учруулсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Өөрөө хэлбэл шүүгдэгч Ч.*******гийн олж авсан Самсунг А10S маркийн гар утас нь 367200 төгрөгний үнэтэй болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч Т.*******ын...би тухайн утсыг 2021 оны 01 дүгээр сард Мобикомоос 499000 төгрөгөөр худалдаж авч байсан...гэх мэдүүлэгээр тогтоогдож байгаа ба мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хохирлын хэмжээг тодорхойлсон...2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгийн 4.3-т заасан...бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ...нэг нэгж нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцэнэ...гэж заасан ба шүүгдэгч Ч.*******гийн олж авсан гэх Самсунг А10S маркийн гар утас 367200 төгрөгний үнэтэй ба хохирогчид 367200 төгрөгний хохирол учруулсан байх тул түүнийг хохирогчид бага хэмжээнээс дээш 367200 төгрөгний хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бага хэмжээнээс дээш буюу гурван зуун мянган төгрөгнөөс дээш хохирол учруулсан гэх гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Ч.*******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогчийн өөрийн эд хөрөнгөдөө хайхрамжгүй хандсан байдал, шүүгдэгч нь гэнэт олдсон эд зүйлийг өөрийн мэт зарцуулах гэсэн шунахай байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалгаан болжээ.
Хохирол хор уршгийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.******* нь...гээгдүүлсэн гар утсаа буцаан авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг , иргэний нэхэмжлэгч М. нь гар утас худалдаж авсан 100000 төгрөгөөр буцааж авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг тус тус өгсөн байх тул шүүгдэгч Ч.******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ч.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 49 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” – аар тогтоогдож байгаа ба шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Ж.Цэнджавын өгсөн...манай найз Ч.******* 1960 онд төрсөн, 61 настай, айлын 4 дэх хүүхэд дээрээ гурван эгчтэй, доороо 6 дүүтэй, Улаанбаатар хотод цэргийн алба хаасан, өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Хааяа архи согтууруулах ундаа хэрэглэдэг...гэх мэдүүлэг, гэрч Д.Ганбатын өгсөн... Ч.******* нь Улаанбаатар хотод 1960 онд төрсөн 61 настай, ам бүл ганцаараа, өндөр насны тэтгэвэрт байдаг, Улаанбаатар хотод цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан, эрх зүйч мэргэжилтэй, өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Шүүгдэгч Ч.******* нь хохирогчид учирсан хохирлыг бодит байдлаар төлсөн, иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирол 100000 төгрөгийг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас: Самсунг А10S маркийн гар утас буюу гээгдэл эд хөрөнгийг завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүлйийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******гээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 100000 / нэг зуун мянга/ төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах, шүүгдэгч Ч.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх саналтай байна гэв.
Гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Гэм буруугийн асуудал дээр маргахгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******гээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 100000 /нэг зуун мянга/ төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлэхэд татгалзах зүйлгүй. Харин шүүгдэгч нь 60 настай өндөр насны тэтгэвэрт байдаг сарын 350000 төгрөгийн орлоготой байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээ болох 450000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 75000 төгрөг төлөхөөр шийдвэрлүүлэх саналтай байна.
Шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Ч.*******гийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаархи шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.*******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг 6 сарын хугацаанд, сар бүр хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д заасан журмыг шүүгдэгч Ч.*******д тайлбарлан өгч, шүүгдэгчийн торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч Ч.******* нь бусдыг гээгдүүлсэн гар утсыг гэрч М.т 100000 төгрөгөөр зарж, тухайн мөнгийг өөртөө хэрэглэсэн нь шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг болон гэрч М.ын...Ч.Пүрэвсүрэн нь утас олж авлаа гэж надад үзүүлсэн. Би утсаа эвдэлсэн тул тухайн утсыг 200000 төгрөгөөр худалдаж авахаар болоод 100000 төгрөгийг өгөөд утсыг нь авсан. Манай хүүхэд тэр гар утсыг хэрэглэж байгаа. Би 100000 төгрөгөө буцаан авсан. Үлдсэн 100000 төгрөгийг өгч амжаагүй байсан...гэх мэдүүлэгээр тогтоогдож байгаа ба түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлого 100000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасан...гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна...гэх заалтыг үндэслэн хурааж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн 2136000000237 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төглөдөр болтол шүүгдэгч Ч.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36,1, 36,2 дугаар зүйлийн 1.2.4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.*******д оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар бүр хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн 2136000000237 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******гээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 100000 / нэг зуун мянга/ төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 –д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.*******д тайлбарлаж, шүүгдэгчийн торгох ял, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА