Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 426

 

2017 оны 07 сарын 06 өдөр      Дугаар 156/ШШ2017/00426                 Хэнтий аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00387/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би

           Нэхэмжлэгч: “Хадгаламж банк ХХК”-дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн 17-05 тоотод оршин суух, Боржигон овогт Цэцгээгийн Ганбаяр (РД:СТ81032634)-т холбогдох

“зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 9 882 480 /есөн сая найман зуун наян хоёр мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гантөмөр, хариуцагч Ц.Ганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Нэхэмжлэгч “Хадгаламж банк ХХК”-дахь эрх хүлээн авагч Ч.Аварзэд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Ганбаяр нь Хадгаламж банктай 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ц-1-55 дугаартай “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 7 400 000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлэн авсан. Зээлийн гэрээний 2.1.2-д зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн Хадгаламж банк дахь 25000015434 тоот төгрөгийн дансанд олгохоор тохиролцсон ба Хадгаламж банкнаас 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдөр тус дансанд 7 400 000 төгрөгийг шилжүүлж мемориалын баримтанд Ц.Ганбаяр гарын үсэг зурсан. Тухайн үед Ц.Ганбаяр нь Хадгаламж банкнаас 7 400 000 төгрөгийн зээл олгох хүсэлт гаргахдаа буюу цалингийн зээлийн өргөдлийн маягтад өөрийгөө Мах-Экспорт ХХК-д борви гаргах гинжинд хөл бэхлэгч ажил эрхэлдэг гэж бичин уг мэдээллийн үнэн зөв болохыг баталж гарын үсэг зурж байсан. Мөн тус байгууллагын дарга Б.Чулуунтогтох, ерөнхий нягтлан бодогч Д.Эрдэнэнавч нарын Ц.Ганбаяр нь тус компанид 738 000 төгрөгийн үндсэн цалинтай борви гаргах гинжинд хөл бэхлэгч ажилтай бөгөөд 7 400 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай олгоход түүнийг цалинтай адилтгах орлогоороо төлж барагдуулах чадвартайг тодорхойлсон гарын үсэг компанийн тэмдэг бүхий тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг ирүүлсэн. Зээлдэгч нь зээл авсан өдрөөс хойш 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 2 939 825 төгрөг, зээлийн хүүнд               1 449 543 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 21 221 төгрөг, нийт 4 410 590 төгрөг төлсөн. Иймд Ц.Ганбаяраас үндсэн зээлийн үлдэгдэл 4 460 174 төгрөг, зээлийн хүү 4 551 050 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 871 254 төгрөг, нийт 9 882 480 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-3х/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хадгаламж банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Ц.Ганбаярт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн хүү болох 4 551 050  төгрөг, нэмэгдүүлсэн хүү 871 254 төгрөг, нийт 5 422 305  төгрөгөөр багасгаж байна. Ц.Ганбаяраас үндсэн зээлийн үлдэгдэл 4 460 174 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. 

Хариуцагч Ц.Ганбаяр нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хадгаламж банк ХХК”-дахь эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 4 460 174 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ. /хх-ийн 38х/ 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Хадгаламж банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Ц.Ганбаярт холбогдуулан “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 9 882 480 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.      

Хариуцагч Ц.Ганбаяр нь Хадгаламж банкны Хэнтий аймаг дахь салбараас          7 400 000 төгрөгийн цалингийн зээл авсан болох нь 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Ц-1-55 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбарууд /хх-ийн 14-21х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 38х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Хадгаламж банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн хүү болох                     4 551 050  төгрөг, нэмэгдүүлсэн хүү 871 254 төгрөг, нийт 5 422 305  төгрөгөөр багасгаж, хариуцагч Ц.Ганбаяр нь үндсэн зээлийн үлдэгдэл 4 460 174 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна

            Ийнхүү нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.

     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Хадгаламж банк ХХК”-дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ганбаярт холбогдох “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 9 882 480 /есөн сая найман зуун наян хоёр мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР