Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 181/2018/01986/И |
Дугаар | 001/ХТ2019/00312 |
Огноо | 2019-03-07 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2019/00312
О.Р, Д.Г нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2018/01741 дүгээр шийдвэр
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2148 дугаар магадлалтай
О.Р, Д.Г нарын нэхэмжлэлтэй,
Р.Ст холбогдох
2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг
Хариуцагч Р.Сийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өөрсдийн дундаа хамтран өмчилдөг Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23-1 тоот хаягт орших Г-2203006444 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий 700 м.кв, 3 тал хашаа бүхий газрыг 45 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамт охин Р.Ст бэлэглэлийн гэрээ байгуулж шилжүүлэн өгсөн.
Бидний зүгээс тус газрыг 1998 оноос хойш эзэмшиж байгаад 2004 оноос өмчлөгч болж, 2009 онд өмчлөгчөөр бүртгэгдсэн бөгөөд хашаанд буй 45 мкв байшинг О.Р нь Р.Сийн том хүүтэй хамт өөрийн гараар барьсан байдаг ба охин Р.Сийг хашаа байшинг худалдахгүй, зээ хүүхдүүдэд нь өвлүүлэн үлдээнэ хэмээн итгэн найдаж бэлэглэлийн гэрээ байгуулсан байдаг.
Гэтэл 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2018/001150 дугаар тогтоол гарч, тус тогтоолоор Р.Сийг А.Аод Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23-1 тоот хаягт орших Г-2203006444 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий 700 мкв, 3 тал газрыг 45 мкв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамт худалдсан хэлцэл хийсэн болохыг тогтоож шийдвэрлэснийг бид тус оны 5 дугаар сард олж мэдсэн.
Бид өөрсдийн өв хөрөнгөө үр ачдаа өвлүүлэх, тэднийг аятай тухтай амьдрах орчноор хангах, цаашдын ирээдүйд нь зориулж охин Р.Ст хашаа, байшингаа бэлэглэсэн. Гэтэл охин Р.С нь өөрөө дур мэдэн хар элгийн хүн болох А.А гэх хүнд худалдсан талаар Дээд шүүх тогтоосон байна. Иймээс бэлэг хүлээн авагч Р.С биднийг ноцтой гомдоосон гэж үзэж байна.
Иргэний хуулийн 280.1.1-т “Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй” хэмээн заажээ. Бэлэглэлийн гэрээг байгуулснаас хойш 6 жил өнгөрсөн байх боловч Иргэний хуулийн 76.2-т шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ гэж заасан байх тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардах эрх үүссэнийг мэдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байна.
Иймд нэхэмжлэгч нарын 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Р.Стэй байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү.
2012 онд бэлэглэлийн гэрээ байгуулагдах үед 45 мкв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан ба 2012 онд анх Р.Сийн өмчлөлд Улсын бүртгэлд бүртгэсэн байдаг болно гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, шилжүүлэн авсан газар болон хувийн сууцыг эцэг, эхийнхээ нэр дээр буцааж өгөхийг хүсч байна.
Манай аав болон миний хүү болох Тэмүүлэн нар нь хувийн сууцыг барьсан бөгөөд аав маань гал дээр гарсан зээдээ өгнө гэж барьсан юм. Ингээд хашаа, байшингаа бэлэглэлийн гэрээгээр надад 2012 онд шилжүүлэн өгсөн юм. Тухайн үед байшингийн гэрчилгээ гараагүй байсан учир гэрээн дээр газар л бичигдсэн.
Хүн амьдардаггүй байх үед тогны мөнгө нь их гараад байсан учир би ажлынхаа хүнийг хашаандаа буулгасан. Тухайн үед А.Аын ээжийнх нь бие тааруу байсан болоод зуны халуунд гэрт халуудаад байна гэхээр нь хойд байшингийнхаа түлхүүрийг өгөөд хэд хоног ч гэсэн аятай тухтай байг гэж бодоод байшиндаа оруулсан. Түүнээс хойш хашаа, байшинг маань түрээслэн амьдарч байхдаа хашаанд маань хүн буулгаад байсан учир би А.Аоос айлын тоогоор барьцааны мөнгө авсан юм. Гэтэл манай ажилчин, хашаа байшинг түрээслэн суудаг байсан А.А нь нөхрийг маань нас барснаас хойш зарга үүсгэж, хашаа байшинг худалдан авсан мэт аашилж, шүүхэд нэхэмжлэл гаргахад Улсын Дээд шүүх А.Аын талд шийдвэр гаргасан. Яаж ч бодсон тухайн үеийн зах зээлийн ханшаас доогуур үнээр хашаа, байшингаа худалдахгүй нь тодорхой байхад шүүх түүний талд шийдвэр гаргасанд гайхаж байна.
Энэ явдлаас болоод ээжийн маань бие эрс муудаж, намайг амьд байгаа дээр хашаа, байшинг буцааж нэр дээр болгож өг гэсэн. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийг хангаж, хашаа, байшинг эцэг, эхийн нэр дээр буцаан шилжүүлж өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2018/01741 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1-т заасныг баримтлан Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23-1 тоот хаягт орших Г-2203006444 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий 700 м.кв, 3 тал 9 240 000 төгрөгийн үнэ бүхий газрыг үл хөдлөх хөрөнгийн хамт Р.Ст үнэ төлбөргүй бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай О.Р, Д.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2148 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2018/01741 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 162 790 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Р.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2148 дугаар магадлалыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Миний Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2018/01741 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан байна гэж үзэж миний гомдлыг хангахгүй орхисон байдаг.
Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Учир нь 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болсон шүүх хуралдаанд Р.С миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасны дагуу хууль зүйн туслалцаа авч, шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг гаргасан боловч шүүгч Ө.Уянга “Өмнө нь яагаад өмгөөлөгч аваагүй юм, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа юм бол өмгөөлөгч авч яах гэж байгаа юм, хурал хойшлуулах гэж байгааг чинь ойлгохгүй байна” гэх мэтээр надтай ширүүн харьцаж, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн. /2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна./
Миний бие шүүгчийн туслах шүүх хуралдаан хийхгүй, шүүгч хэргийг хянан шийдвэрлэнэ гэж хэлсэн учраас өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа аваагүй юм. Тэгээд би шүүх хуралдаан товлогдсны дагуу шүүх дээр очиж, нэгэнт шүүх хуралдаан хийх болсон учир өмгөөлөгч авч, шүүх хуралдаанд оролцохыг хүссэн юм.
Иймд шүүгч Ө.Уянгын миний өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн үйлдлийг тогтоож анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, иргэний хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч О.Р, Д.Г нар нь Р.Ст холбогдуулан 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрч, маргаагүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.
Хэрэгт авагдсан баримтаар О.Р, Д.Г нар нь өөрсдийн өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23-1 тоот хаягт байрлах 700 м.кв талбай бүхий 3 тал, 9 240 000 төгрөгийн үнэ бүхий газрыг өөрийн охин Р.Ст бэлэглэж, 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Бэлэглэлийн гэрээ” байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлсэн байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1.-д заасан бэлэглэлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
Бэлэглэгч О.Р, Д.Г нар нь бэлэглэж буй хөрөнгөө өөрийн зээ хүүхдүүдэд өвлүүлэн үлдээнэ гэдэгт итгэж өөрсдийн өмчлөлийн газрыг охин Р.Ст бэлэглэсэн байтал Р.С нь бэлгийг бусдад худалдаж, бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1.-д “бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тохиолдолд бэлэглэгч бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй” гэж зохицуулсан байна.
Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1.-д зааснаар Р.С нь бэлгийг хүлээн авснаар өөрийн өмчлөлд шилжүүлсэн тул тэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-д зааснаар хөрөнгөө өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхтэй.
Талуудын хооронд байгуулсан “Бэлэглэлийн гэрээ”-гээр бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй тул тэрээр өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлж, хөрөнгөө бусдад худалдсныг бэлэглэгчийг гомдоосон гэж үзэх боломжгүй юм.
Харин нэхэмжлэлд дурдсан 45 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө Бэлэглэлийн гэрээнд тусгагдаагүй тул дээрх хөрөнгө бэлэглэлийн гэрээнд хамааралгүй байна.
Иймд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
Хариуцагч Р.С нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23-1 тоот хаягт байршилтай 700 м.кв талбай бүхий газар, тус газар дээр баригдсан 45 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг иргэн А.Аод худалдсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн боловч түүний зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн үндэслэлээр анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар бус ердийн журмаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6., 106 дугаар зүйлийн 106.5. дахь заалтад нийцсэн байна.
Түүнчлэн Р.Ст 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны товыг 2018 оны 08 дугаар сарын 22-нд буюу 7 хоногийн өмнө мэдэгдсэн байх тул тэрээр шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй бөгөөд шүүх хуралдаанд энэхүү хүсэлтийг гаргасан хүндэтгэн үзэх үндэслэлээ нотлоогүй тул хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзаж, шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1., 105.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2018/01741 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2148 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Р.Сийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162 790 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД