Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 00039

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

 2018        09             12                                          2018/ДШМ/39

 

Б.Вд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Б.Амартүвшин,

Шүүгдэгч: Б.В,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батдорж, Б.Түмэндэмбэрэл,

Нарийн бичгийн дарга: Б.Манлайбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолтой Б.Вд холбогдох 1838003150159 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б овогт Б-ийн В, …. оны 1 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, … настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: РД................../.

Шүүгдэгч Б.В нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Тын хэвлийн тус газарт хутгалж, зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б овогт Б.Вг хүний эрүүл мэндэл хүнд хохирол зэвсэг хэрэглэж санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Б.Вг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Вд оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 14 см урттай, 2.5 см өргөнтэй, шар өнгийн иштэй хутга 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Вд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл давж заалдах гомдолдоо: ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасаны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй мөрдөгч, прокурор нар нь дан ганц хохирогчийн мэдүүлэгт хөтлөгдөж, Вг гартаа хутга барьсан байсан эсэхийг гэрчүүдийн мэдүүлгээр нотлоогүй байхад хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж ял сонсгож, яллагдагчаар татсан тогтоол болон 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 141 дугаартай яллах дүгнэлт нь үндэслэл муутай болсон. В нь энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэдэг нь нотлогдоогүй байх ба түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын зүйл анги тохироогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу Вг өмгөөлөгчөө сонгох боломжийг мөрдөгч Ганзориг олгоогүй бөгөөд өмгөөлөгч Цогтбаярыг ав гэж шахалт үзүүлж мэдүүлэг авахуулсан. Вг гэрчээр байцаахдаа бичиг үсэг мэдэх эсэх талаар асууж лавлаагүй, эрх үүргийг нь тайлбарлаж өгөөгүй, мэдүүлгийг нь өөрт нь уншуулаагүй, танилцах боломж олгоогүй зэргээр хууль зөрчсөн байна.

Хэргийг мөрдөн шалгах явцад хохирогч нь хэд хэдэн удаа зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлэг өгсөн нь тогтоогдож байна. Мөн худал мэдүүлэг өгч байсныгаа шүүх хуралдаан дээр мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгааг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авна уу. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байхад хохирогчийн танхайрсан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгаагүй орхисон байна.

Гэрч Банзадмаа, хохирогч Т нарыг нүүрэлдүүлэн байцаах, хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх шаардлагатай байгаа тул мөрдөн шалгах туршилт хийх, эд мөрийн баримтаар сүүлд нь хураагдаж ирсэн хутганд шинжилгээ хийлгэх зэрэг хуулиар тогтоосон журмын дагуу хийгдэх ёстой байсан ажиллагааг хийгээгүй, дан ганц хохирогчийн мэдүүлэгт хөтлөгдөж нэг талыг барьж хэргийг мөрдөн шалгасан байгааг анхаарах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн хувьд санаатай биш болгоомжгүй үйлдлийн улмаас иргэн Тын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх үндэслэлтэй байна. Мөрдөгч Ганзориг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1, 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн заалтуудыг ноцтой зөрчсөн, хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хууль зөрчсөн ажиллагаа нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нөлөөлсөн байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.В давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс Н.Тын хэвлийн тус газар хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргээр надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдууллаа. Т ах бид хоёр базууд бөгөөд бидний хооронд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Би түүнийг Нямренчин ахынд оруулж унТах гэсэн боловч оронгуутаа баганыг нь сугалж намайг нүдэх гэж дайраад ширээн дээрээс тавагтай идээг нь цацаж танхайрсан. Баганыг буцааж хийх хооронд хутга авч ална гэж дайрахад нь хутгыг нь булааж авахаар ноцолдож байх үедээ Т ах хаалганы цаад тал руу гарах гэж байхад би араас нь түлхэхэд хутгандаа шорлогдсон байсан. Би энэ үйлдлийг зогсоох гэж ийм том алдаанд орсондоо маш их харамсаж байна.

Мөрдөгч Ганзориг намайг гэрчээр болон ял сонсгож байцаахдаа өмгөөлөгч Цогтбаярыг ав гэж нэг хүн рүү ярьсан. Удалгүй үл таних хүн орж ирэхээр нь энэ нөхөртэй уулз гээд байцаалт авсан. Мэдүүлэг аваад уншуулаагүй, хэргийн хугацаа дуусч байна, гарын үсгээ зур гэсэн.

Мэдүүлэгт юу бичсэнийг нь ойлгоогүй, юу ч хэлж чадахгүй гарын үсгээ зурсан. Хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 141 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч Б.Вг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Тын хэвлийн тус газарт хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол зэвсэг хэрэглэж учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Вд хүний эрүүл мэндэд хүнд хохирол зэвсэг хэрэглэж санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалбал хохирогч Н.Таас 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлэг авахад тэрээр “...Хангай гээд нутгийн дүүгийн орсон санагдаж байна. Тухайн үед би их согтуу муудсан байсан ямар ч байсан Хангайгийнд нөгөө дэлгүүрээс авсан архийг задалсан байсан санагдаж байна. Би тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн дээшээ харчихсан айлын үүдэнд хэвтэж байсан. Миний гэдэсрүү өвдөөд байхаар нь гэдэсрүүгээ хартал цус гарсан харагдаж байсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Тэгээд би нэг сэрэхэд эмнэлэгт байх шиг байсан. Нэг бор эмч таныг эмчлэх гэж байна гэж байсан. Тэгээд дахиад ухаан алдсан байсан. Тэгээд маргааш өдөр нь эмнэлэгт сэрсэн. Маргаашнаас нь сэрээд хүнд хутгалуулснаа мэдсэн. ...Тэгээд эмнэлэгт маргааш нь сэрээд байж байхад хүмүүс намайг Вандайд хутгалуулсан гэж ярихаар нь хутгалуулснаа мэдсэн...” гэж мэдүүлсэн,

2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр дахин мэдүүлэг авахад “...Тэдний гэрт байхдаа Втэй маргалдсан шиг санагдаж байна. Гэхдээ яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Тэгж маргалдаад түүнтэй барилцаж аваад гэрээс гарсан. Гэрээс гарахад В хутгаар миний хэвлий рүү нэг удаа дүрчихсэн. Тэр үед би гэдэргээ хараад унасан. Унасан байхдаа дээлээ татаад үзсэн чинь хутга орсон хэсгээс цус гарч байсан. ...Яг ямар шалтгааны улмаас маргалдаж муудалцсанаа сайн санахгүй байна. Маргалдах явцдаа зодолдоогүй шиг санагдаж байна. Втэй маргалдах явцдаа барилцаад Нямаа ахын гэрээс гарч явахад намайг нэг удаа хутгалсан. ...Би бол огт хутга аваагүй. Намайг хутга аваад бараг өөрийгөө хутгалчихсан юм шиг В мэдүүлэг өгсөн байна. Би эрүүл ухаантай хүн байж, юу гэж өөрийгөө хутгалах вэ дээ. Угаасаа Вгийн эгч нар нь намайг өөрөө хутган дээр унасан гэсэн яриаг сумаар гаргасан байна лээ. Яагаад ийм яриа гаргаад байгааг нь ч ойлгохгүй байна. Би тухайн үед нилээн согтолттой байсан. Тухайн үед болсон зүйлүүдийг орон гаран санаж байгаа. Ямар ч байсан санаж байгаа зүйлсээ танд үнэн зөвөөр нь хэлж бичүүлсэн...” гэж мэдүүлсэн,

2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дахин мэдүүлэг авахад “...В нь миний эмчилгээнд гарсан зардлыг надад төлж барагдуулсан. Надад нийтдээ 1 500 000 төгрөгийг өгсөн учраас түүнтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. Одоо тийм учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн гомдол санал алга байна. Вд холбогдох хэргийг аль болох хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү....” гэж мэдүүлсэн,

Шүүгдэгч Б.В 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Ороод би гар нүүрээ угаах гэж байхад Т ах гэрийн багана мултлаад намайг цохих гээд дайрахаар нь би Т ахыг барьж аваад гэрийн хоймор өөд нь түлхээд унагаасан. Тэгээд нөгөө салсан баганыг хийх гэж байхад Т ах гэрийн гал тогооны дээр тавьсан байсан хутгыг шүүрч авахаар  нь баганы тэндээс тойрч очоод хутгатай гарнаас  нь барьж аваад цааш нь түлхцэн юм. Тэгсэн Т ах гэрийн хаалганы босгон дээгүүр даваад хаалганы гадаа унасан. Тэгээд Т ахыг түлхэж унагаахад хутгыг нь гаран дээрээс нь татсан чинь хутга нь надад үлдсэн би тухайн үед тэр хутгыг эргэнэгэн дээр нь буцааж тавиад гэрээс гарахад Т ах дээшээ хараад хэвтсэн байсан. Тэгсэн Т ах над руу хараад чи намайг шоролчихлоо ш дээ гэхээр нь би сандраад айгаад юм хэлэлгүй шууд гэрлүүгээ явсан. ...Нямрэнчин ахынд орох гээд явж байхад намайг Т ах араас цохиод авахаар нь маргалдаж хэрэлдсэн юм. Тэрнээс өмнө маргалдаж хэрэлдсэн зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн,

Б.В 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Т ах Нямрэнчин ахын гэрт байхдаа Нямрэнчин ахын гэрийн баганыг салгаж аваад намайг цохих гэж дайрахаар нь би барьж аваад түүнийг цааш нь хоймор өөд түлхээд унагаасан. Тэгээд би Тын ахын сугалж авсан баганыг хийж байхад Т ах босож ирээд гал тогооны эргэнэгийн тийшээ очсоноо эргэнэг дээр байсан хутгыг аваад чамайг ална гээд барьчихсан зогсож байсан. Тэр үед би тэвдэж айж сандраад Т ахруу явж очоод хутгатай гарнаас нь барьж авсан. Тэгээд Т ахаас хутгыг нь булааж аваад түүнтэй ноцолдож байхдаа санамсаргүй түүнийг хутгалчихсан. Намайг санамсаргүй хутгаар Т ахыг дүрэх үед Т ах гэрийн босгонд тээглээд гэрийн гадаа гараад гэдэргээ хараад уначихсан. Тухайн үед би айж сандарсандаа хутгыг нь тэр хавьд нь шидчихээд гэрлүүгээ харьсан. ...Т ах босоод эргэнэгний дээр байсан хутгыг авсан. Тэр үед би бас намайг дүрчих юм болов уу гэж бодоод хутгыг нь булааж авсан. Намайг хутгыг нь булааж авсан байхад  Т ах гарнаас маань барьж аваад надтай ноцолдоод байсан. Тэр үед би түүнээс хутгатай гараа татаж авахдаа санамсаргүй гэдэсний баруун талынх нь хэсэг рүү нэг удаа дүрчихсэн. Тэр үед би цустай хутгаа хараад ухаан алдах шахам байдалтай байсан” гэж тус тус мэдүүлсэн байна.

Дээрх мэдүүлгүүдээс дүгнэж үзвэл шүүгдэгч Б.В нь хохирогч Н.Тын эрүүл мэндэд хүнд хохирол зэвсэг хэрэглэж санаатай учруулсан гэж үзэх үндэслэл хангалттай тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэг гарах үед байсан гэрч Д.Банзадмаа нь “Б.В нь Н.Тын биед зэвсэг хэрэглэж гэмтэл учруулсныг хараагүй, шүүгдэгч хохирогчийн хэн нь хутгатай байсныг гэрчлээгүй” бөгөөд гэрч Т.Нямрэнчин, П.МөнхТ, Р.Анхжаргал нар нь хэрэг үйлдэгдсэнээс хойш бусдын ярьсан зүйлийг сонссоноо мэдүүлсэн байна. Нөгөөтэйгүүр энэхүү гэмт хэрэг нь шүүгдэгч болон хохирогч хамт архи ууж өөрсдийн хийсэн үйлдлийн учир холбогдлыг бүрэн дүүрэн ойлгож чадахааргүй согтуурсан үед үйлдэгдсэн болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдлоо.

Мөн хохирогч Н.Тын давж заалдах шатны шүүхэд гаргасан “...Нямрэнчингийнд бид хоёр хоорондоо маргалдсан гэрээс гарах үедээ ширээн дээрх хутгыг хураах гэж гартаа барьсан байсан юм. Энэ үедээ бид хоёр ноцолдоод газарт унах үедээ би хутгандаа шорлогдсон юм. Энэ үйлдэлд би ч өөрөө буруутай. Бидний хооронд өс хонзон өр авлагын ямар ч зүйл байхгүй. Одоо миний биеийн байдал сайжирсан. В нь надад санаатай гэмтэл учруулаагүй. Хэн хэнийх нь болгоомжгүй үйлдлээс болсон болохоор Вд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөлж өгөх хүсэлт гаргаж байна...” гэх хүсэлтэд дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Вг хүний эрүүл мэндэд хүнд хохирол зэвсэг хэрэглэж санаатай учруулсан гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн гэж заасныг баримтлан Б.Вд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 17 дугаартай шүүх хуралдааныг хойшлуулах тухай тогтоолоор Б.Вд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 07 дугаар сарын 5-ны хийхээр хойшлуулсан байна. Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэл нь 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдөр бичигдсэн мэтээр буруу бичиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2-т заасныг зөрчсөн алдаа гаргажээ. Иймд шүүх цаашид энэ төрлийн алдаа зөрчил гаргахгүй байхад анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...зэвсэг хэрэглэж санаатай” гэснийг “болгоомжгүйгээр” гэж,

б/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Вг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

в/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын” гэснийг “1 /нэг/ жилийн” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                                                  Т.ГАНБАТ

                                                                                            Н.БАЯРХҮҮ