Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 84

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн,

Улсын яллагч С.Болорчулуун,

Шүүгдэгч Д.Мөнхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хайрханчууд овогт Дашцэрэнгийн Мөнхжаргалд холбогдох эрүүгийн 201610010141 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум Сүлд багийн 135-84 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Хайрханчууд овгийн Дашцэрэнгийн Мөнхжаргал /ЧМ68091579/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Мөнхжаргал нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн үед Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төв талбай дээр Ч.Бумсантай таксины мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний цээж рүү нь өшиглөж цээжний зүүн талд 4-8-р хавиргыг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд авагдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт: 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн үед Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төв талбай дээр Ч.Бумсан нь бусдад зодуулсны улмаас түүний цээжний зүүн талд 4-8-р хавирга хугарч биедээ хүндэвтэр гэмтэл авчээ.

Дээрх үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

   -    Шүүгдэгч Д.Мөнхжаргал мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 06 дугаар сарын 21-ний 18 цагийн үед Монголын хил дээр хүн буулгачихаад явах замд 3-ын хаалтын орчимд 3-н залуу гар өргөж байхаар нь зогсож уг гурван залууг өөрийн эзэмшлийн 47-43 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суулган вокзал буюу автомашины төв зогсоол руу явсан. Тухайн үед уг гурван залууг машинд суухад архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ба миний ард сууж байсан цагаан өнгийн жилетик өмссөн залуу машин дотор шүлс нyсаа хаяад байхаар нь би боль гэж хэлээд жаахан маргасан. Тэгээд вокзал дээр ирээд уг гурван залуу машинаас буугаад нэг залуу нь би тусдаа яваа гээд 1,000 төгрөг өгчихөөд явсан, нөгөө хоёр залуу хаашаа ч юм явсан байсан. Би гэр хороолол руу таксинд явах гээд зогсоол дээр зогсож байхад 3-ын хаалтнаас сууж ирсэн гэх 2 залуу Булган дэлгүүрээс гарч ирэхээр нь би дуудаж таксиныхаа мөнгийг өг гэж хэлэхэд цагаан өнгийн жилетиктэй залуу “чи наадаас мөнгө авдаг хэн юм бэ” гэхээр нь би чи сая 3-ын хаалтаас миний машинд сууж ирсэн биз дээ гэсэн чинь цагаан өнгийн жилетик өмссөн залуу мөнгө өгөхгүй чаддаг юм бол цохиж унагаад мөнгө ав гэхээр нь уг залуугийн энгэр хэсгээс нь хоёр гараараа барьж заамдахад хажууд байсан зүс харж байсан хүмүүс болиулсан. Тэгээд намайг машиндаа суухад уг цагаан өнгийн жилетиктэй залуу нь “чиний наад машин чинь юу юм бэ” гээд жолоочийн хойд талд суучихаад намайг машинаа асаа хол яваад үзье гээд байхаар нь би нэг залуутай нийлж байгаад уг залууг машинаасаа буулгасан чинь цагаан жилетиктэй залуу миний зүүн талын гарны ханцуйнаас татаад ертөнцийн зүгээр зүүн зүгт буюу талбайн 00 хажууд байдаг дэлгүүрийн гадаа очоод миний баруун талын шанаа хэсэг рүү хальт цохихоор нь би зөрүүлж уг залуугийн нүүрэн тус газар нэг удаа цохиход газар унасан дахиад цохих гэтэл хүмүүс намайг хориод байхаар нь цээжин хэсэг рүү нь нэг л удаа өшиглөчихөөд явсан. Би Ч.Бумсангийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/,

        - Хохирогч Ч.Бумсангийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн үед 3-ын хаалтнаас вокзал руу үл таних хоёр залуутай алхаж явахад саарал өнгийн кpола маркийн /улсын дугаарыг нь мэдэхгүй байна/ машин зогсохоор нь суугаад төв вокзал буюу авто зогсоол дээр ирсэн. Тэгээд уг таксины жолооч надаас таксины мөнгө өг гэхээр нь би надад мөнгө байхгүй гээд уг таксины жолоочтой маргалдсан тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор хэл амаар доромжилсон. Таксины жолооч миний нүүрэн тус газарт ганц удаа гараараа цохиход би таксины жолоочийн нүүрэн тус газар руу нэг удаа цохисон чинь таксины жолооч миний цээж хэсэг рүү нилээн хэдэн удаа өшиглөчихөөд машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд би танидаг таксинд суугаад гэртээ очиход цээжин хэсэг хөндүүрлээд байхаар нь би утсаар нэгдсэн эмнэлэгийн утас руу залгаж түргэн тусламж дуудаж үзүүлэхэд эмч хавирга чинь хугарсан юм шиг байна нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад очиж боолт хийлгэх шаардлагатай гээд эмнэлэг рүү аваад явсан. ... Доронговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт талбайн 00-ын газар буюу баригдаж байгаа 5-н давхар барилга хоёрын дунд байдаг хатуу хучилттай зам дээр болсон. Таксины жолооч бид 2-ыг маргалдаж байхад хажууд хүмүүс зогсож байсан ба яг хэн хэн байсныг би анзаараагүй. ... надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэx зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/,

         - Гэрч Л.Ариунжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нөхөр Ч.Бумсан түрүүлээд гэр рүүгээ явсан байсан. Тэгээд гэртээ очтол манай гэр цоожтой байсан. Гэрийн цоожоо онгойлгох гээд байж байтал миний гар утас дуугарахаар нь утсаа авахад Бумсан хүнд зодуулаад нэгдсэн эмнэлэг дээр байна гэж хэлэхээр нь би очсон. Хүлээн авахын эмч Бумсангийн хавирга хугарсан байна гэж хэлсан. Тухайн үед манай нөхөр Ч.Бумсан нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 3-ын хаалтнаас таксинд сууж яваад төв авто машины зогсоол дээр таксины 1,000 төгрөг өгсөнгүй гээд төв талбайн 00-ын хажуу талын дэлгүүр болон түүний хажуу талын баригдаж байгаа 5 давхар барилга хоёрын хооронд таксины жолооч миний цээжин тус газар яг хэдэн удаа өшиглөснийг бол хэлээгүй өшиглөөд хавирга эвгүй болгочихлоо л гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/,

  • Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №311 тоот дүгнэлтэнд:

       1. Ч.Бумсангийн цээжний зүүн талд 4-8-р хавирганы хугарал, цээжний зүүн доод талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

       3. Учирсан гэмтлийн цээжний зүүн талд 4-8-р хавирганы хугарал нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, цээжний зүүн доод талд зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно.

       4. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана гэсэн дүгнэлт /хх-ийн 20/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32/,

- Д.Мөнхжаргалын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 33/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокуророос Д.Мөнхжаргалын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүнгэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба түүний үйлдэл нь дээрхи гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан бүрэлдэхүүний бүх шинжийг хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай баримтууд байх тул шүүх үнэн зөв гэж үзэж тогтоолдоо үндэслэв. Эдгээр нотлох баримтуудыг шүүх, шүүгдэгч Д.Мөнхжаргалын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Хохирогч Ч.Бумсан нь шүүгдэгч Д.Мөнхжаргалд таксины төлбөр төлөөгүйгээс маргалдаж, улмаар бие биенийхээ эрх чөлөөнд халдах явцад Ч.Бумсангийн биед гэмтэл үүссэн ба шүүгдэгч Д.Мөнхжаргалын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь дээр дурдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдлаар хангалттай бүрэн тогтоогдож байх тул Д.Мөнхжаргалыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, бусдад учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд оногдуулах ялыг хөнгөрүүлэн үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299  дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хайрханчууд овогт Дашцэрэнгийн Мөнхжаргалыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч Дашцэрэнгийн Мөнхжаргалыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Мөнхжаргалд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Д.Мөнхжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Д.Мөнхжаргалд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээрзүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Мөнхжаргалд урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Б.НАРМАНДАХ