Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2016/0030/З/ |
Дугаар | 423 |
Огноо | 2016-12-05 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 423
“Техник форум” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 496 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 626 дугаар магадлалтай, “Техник форум” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 496 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийслэлийн Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн А/110 дугаар захирамжийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийг баримтлан нэхэмжлэгч нь “нийслэлийн Өмчийн харилцааны газарт тухайн газарт орсон хамгаалалтын бүсэд хамаарах 10000 м.кв газрыг хасаж үлдсэн 70000 м.кв газрыг “Техник форум” ХХК-д цаашид эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 626 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 496 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...32 дугаар зүйлийн 32.1” гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхижээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болорчулуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 626 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. 1. Давж заалдах шатны шүүх нь уг маргааныг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 496 дугаар шийдвэрийг хянан хэлэлцэж, хэвээр нь үлдээхдээ зөвхөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг баримталснаас өөр хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хууль зүйн үндэслэл бүхий магадлал гаргаагүй гэж үзэж байна. 2. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 729 дүгээр захирамжаар “Техник форум” ХХК нь 5 жилийн хугацаатай хүнд даацын машин механизмын зогсоолын зориулалтаар 8 га газрыг эзэмшүүлсэн байсныг Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг зөрчсөн тул нийслэлийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3-т заасан өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг шүүх дүгнэхдээ “хариуцагч нь хуулийн энэхүү заалтыг зөрчиж анхнаасаа нэхэмжлэгчид эзэмшүүлсэн байх тул нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа гэж үзэхгүй” гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзсэнд гомдолтой байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 496 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 626 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хянавал:
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн А/110 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3-т заасныг үндэслэн “...гэрэл 35/10 кВ-ын дэд станцын хамгаалалтын бүс болон цэвэрлэх 110/35/10 дэд станцаас Рашаант 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын трассын хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлж Эрчим хүчний тухай хуулийн 33.1-д заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр нийслэлийн Засаг даргын 2011 оны 729 дүгээр захирамжийн “Техник форум” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.
Нэхэмжлэгч “Техник форум” ХХК нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан дээрх захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн хамгаалалтын бүсэд хамаарах 10000 м.кв газрыг хасаж, үлдэх 70000 м.кв газрыг эзэмшүүлэх эрх олгохыг нийслэлийн Өмчийн харилцааны газар даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, 2011 онд бусдаас шилжүүлэн “Техник форум” ХХК-д хүнд даацын машин механизмын зогсоолын зориулалтаар эзэмшүүлсэн 80000 м.кв газарт Сонгинохайрхан дүүргийн 20 болон 32 дугаар хорооны аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн цахилгаан эрчим хүчний үндсэн тэжээл болох 35/10 кВ-ын дэд станц болон Рашаант 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам бүхий газрын хэсэг хамаарч байгаа нь тогтоогдсон, үүнтэй нэхэмжлэгч маргаагүй ба “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/1826 дугаартай албан бичгээр “...“Техник форум” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах, шугам сүлжээний хамгаалалтын зурвасын дэглэм сахиулах” талаар нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүлжээ.
Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,…”, 7.3-т “тухайн нутаг дэвсгэр дэх эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга, байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, мод, бут, сөөгийг зайлуулах, дээрх зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээ авна” гэж нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлсон байна.
Түүнчлэн мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т “эрчим хүч хэрэглэх болон эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм, дамжуулах сүлжээний хамрах хүрээг тогтоох” гэж заасан, Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ээр эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоож, түүний хүрээнд хориглох үйл ажиллагаа, ажил, үйлчилгээний дэглэмийг тогтоожээ.
Уг дүрэмд зааснаар, цахилгаан дамжуулах 35 кВ-ын дэд станц, шугам сүлжээний орчинд хамгаалалтын зурвас тогтоогдсон байна. Нэхэмжлэгч “Техник форум” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт хууль бусаар өөрчлөлт оруулсан гэх асуудлаар Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан, үүнтэй холбоотойгоор компанийн нэр дээрх маргаан бүхий газрын захиран зарцуулах эрхийг хязгаарласан байсан гэх үндэслэлээр тус компани нь уг газраа газар эзэмших гэрээ, гэрчилгээнд заасан зориулалтаар ашиглаж байгаагүй хэдий ч “дэд станц бүхий шугам сүлжээний хамгаалалтын зурвас”-т давхцуулан газар эзэмшүүлсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасантай нийцэхгүй юм.
Гэтэл, шүүхүүд “эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст газар олгосон болох”-ыг тогтоосон атлаа анхан шатны шүүх “шүүх хэдэн м.кв газар нь хамгаалалтын зурваст орсон эсэхийг хэмжин тогтоох боломжгүй тул хариуцагч энэ талаарх ажиллагааг хийж шинээр актыг гаргахыг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй” гэж, давж заалдах шатны шүүх “хариуцагчаас... дэд станцын хамгаалалтын бүс газрыг тогтоож, түүнтэй давхцуулан олгосон нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газрын хэмжээг багасган шийдвэрлэхэд Эрчим хүчний тухай хуулийн 33.1 дэх хэсэг зөрчигдсөн гэж шууд үзэхээргүй” гэсэн зөрчилтэй, үндэслэлгүй дүгнэлтээр нэхэмжлэлийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/110 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна.
Хариуцагч нийслэлийн Засаг дарга нь Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгчийн эзэмшиж буй 80000 м.кв газрыг бүхэлд нь хүчингүй болгож эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс анх нэхэмжлэлийн үндэслэлээ “хамгаалалтын зурвас газарт давхацсан 10000 м.кв газраа хасуулах” гэж тодорхойлсон, дараа нь өөрчилж “давхацлаа хэмжүүлж, үүнийг хасуулах” саналаа илэрхийлсэнтэй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй зэргээс үзвэл “цахилгаан дамжуулах 35 кВ-ын дэд станц, шугам сүлжээний орчны газрын хамгаалалтын зурвас”-т давхцалтай хэсгээс бусад газрын хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байжээ.
Дээрх байдалд үндэслэн, хариуцагч нийслэлийн Газрын албаны хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, цахилгаан дамжуулах 35 кВ-ын дэд станц, шугам сүлжээний орчны газрын хамгаалалтын зурваст давхцалтай газрын хэсгийг хүчингүй болгох өөрчлөлтийг магадлалд оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 626 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний 7 дугаар зүйлийн 7.1, 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Техник форум” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн А/110 дугаар захирамжийн “Техник форум” ХХК-д холбогдох 80000 м.кв газрын “эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст” давхацсан газрын хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ