Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2016/0187

 

Увс аймгийн Тариалан сумын Толь багын

иргэдийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбадралт, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Гансүх нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Увс аймгийн Тариалан сумын Толь багийн нэр бүхий 23 иргэний нэхэмжлэлтэй, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Тариалан сумын Толь баг нь Увс, Ховд аймгийг нүүрсээр хангадаг Хар тарвагатай ХК, алт олборлолтын Дацан трейд зэрэг компаниуд байрладаг томоохон баг юм. Гэтэл тус багийг татан буулгах тогтоол гаргасан ба энэхүү асуудлыг шийдвэрлэхдээ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 4.2-т заасныг зөрчсөн. Учир нь баг татан буулгах асуудлыг шийдвэрлэхдээ тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг үндэслэнэ гэснийг зөрчсөн байна. Мөн манай багийг татан буулгах асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийн санал асуухгүйгээр Толь багийн иргэдийг шууд Тарвагатай багт шилжүүлж шийдвэрлэсэн явдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.18-д заасан “Монгол Улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зөрчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох” эрхтэй гэсэн хуулиар хамгаалагдсан үндсэн эрхийг зөрчиж байна. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10/04 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хууль бус гэж үзэж, Толь багийн иргэд 2015 оны 11-р сарын 29-нд багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит бус 4-р хуралдаан зарлаж, Барилгын хороо буюу 5-р багийн Ритм клубт хурал хийхэд 32 өрхийн 80 хүн хуралд оролцож, 100 хувийн саналаар эсэргүүцэж шүүхэд хандсан. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хурлын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10/04 тоот тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү. ” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “..."Багаас иргэдэд хүргэж байгаа төрийн үйлчилгээний өнөөгийн байдал"-ын тухай мэдээллийг хэлэлцээд 2013 онд "Багийн талаар авах арга хэмжээний тухай" аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн А/124 дүгээр тогтоол гарч хэрэгжилтийг зохион байгуулан судалгаа хийхэд 2013 оны жил эцсийн байдлаар Улаангом суманд харьяалалгүй 538 өрхийн 2077 иргэн байнга оршин сууж тэдгээр өрх, иргэд болон төрийн байгууллагын үйлчилгээнд учирч буй хүндрэл, бэрхшээлийг арилгах, оршин суугаа газар нутгийн засаг захиргааны нэгжид харьяалалтай байхын ач холбогдлыг сурталчлах ажлуудыг хийсэн. Тариалан сумын Толь багт 41 өрхийн 154 иргэн харьяалагдаж байв. Хар тарвагатайн уурхайн тосгон нь 1992 онд Тариалан сумын Толь баг болж зохион байгуулагдсан бөгөөд 1998 онд уурхай хувьчлагдаж, суурьшил задарсан, улмаар техник, технологи шинэчлэгдсэнээр ажиллах хүчний хэрэгцээ буурсан, тэнд ажилгүй болсон иргэд төв суурин газарт суурьшин ажиллаж амьдрах шалтгаанаар жил бүр өрх, хүн амын тоо буурч, одоо Хар тарвагатай ХК компанид Толь багийн харьяалалтай 4 иргэн, улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг Дацантрейд компанид 1 өрх сахиулаар ажиллаж байна. Иймд дээрх судалгаа тооцоо, үр дүнг үндэслэн багаас иргэдэд хүргэж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор Улаангом суманд шинээр баг байгуулах, зарим багийг өөрчлөн зохион байгуулах, Тариалан сумын Толь багийг татан буулгаж газар нутгийн байршлаар Тарвагатай багийн харьяалалд шилжүүлэх асуудлаар санал боловсруулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралд танилцуулсан.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэнтэй холбоотой асуудал учир хүндэтгэлтэй хандаж Тариалан сумын Толь багт оршин сууж байгаа өрх иргэдийн саналыг сонсох, хурлын шийдвэрийн үндэслэл, шалтгааныг тайлбарлах ажлын хэсгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Төртогтох, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Баяраа, Толь багийн засаг дарга Ж.Мөнгөншагай нарын бүрэлдэхүүнтэй томилж ажиллуулсан. Ажлын хэсэг Толь баг дээрээ оршин сууж байгаа 5 өрхөөр орж 12 өрхийн төлөөлөлтэй уулзан баг татан буулгаж байгаа үндэслэл шалтгааныг тайлбарлаж ярилцсан. Нэхэмжлэлд "14 өрх нь өвлийн 3 сард Улаангомд түр нүүж ирээд буцаж багтаа очдог" гэжээ. Үүнийг нэхэмжлэл гаргасан 23 өрхийн хүрээнд судлахад дээр нэр дурдсан 6 өрх Улаангомд шилжиж Тариалан сумын Толь багт харьяалалгүй болсон, мөн Ж.Мөнгөншагай Улаангомд, Ү.Шунхай Тариалан сумын төвд 180 хоногоос дээш буюу байнга оршин сууж байна. Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэхдээ Тариалан сумын Толь багийн засгийн дарга Ж.Мөнгөншагайг уг хуралд оролцуулж саналыг нь Тэргүүлэгчдэд сонсгосон Мөн Тариалан сумын Толь багийн иргэдийн Нийтийн Хурлын 2014 оны 11 сарын 24 ны 1 дугаартай тогтоол, Улаангомд оршин суугаа Толь багийн нэр бүхий 16 өрхөөс 2015 оны 11 сарын 20-ны өдөр авсан асуулга, баг татан буулгахыг эсэргүүцсэн 43 иргэний гарын үсэгтэй саналыг Тариалан сумаас сонгогдсон аймгийн иргэдийн Хурлын төлөөлөгч С.Цолмон хуралд оруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хуралд танилцуулснаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь тус багийн иргэд болон иргэдийн Нийтийн Хурлын саналыг авч гаргасан шийдвэр болохыг нотолж байгаа юм...” гэжээ.

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, 34.2 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн Х.Эрдэнэбаатар, Ч.Баянбат нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-д заасныг баримтлан Ж.Мөнгөншагай нарын нэр бүхий иргэдийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Баг шинээр байгуулах, татан буулгах, өөрчлөлт оруулах тухай” 10/04 дугаартай тогтоолын 3 дахь заалтыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгожээ.

          Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн дагуу судалж шийдвэрлэсэн.

Түүнчлэн "Баг шинээр байгуулах. татан буулгах. багт өөрчлөлт оруулах тухай" асуудлыг шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцэх үедээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 40 төлөөлөгчөөс 37 төлөөлөгч оролцож олонхийн саналаар шийдвэрлэсэн байхад цөөнхийн саналыг хуралдааны тэмдэглэлээс түүвэрлэн авч үндэслэл болгосон, мөн нутгийн өөрөө удирдах байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд аймгийн өрх, хүн амын байршлын одоогийн байгаа бодит байдалд үндэслэн багийн зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж төсөв орон тоог баталсныг шүүхийн зүгээс авч үзээгүйгээс цаашид тухайн багийн олонхи иргэдэд учирч болох сөрөг үр дагаврыг үнэлж дүгнэж үзээгүй. Тухайлбал: Увс аймаг 92 багтай бөгөөд Багийн төсөв орон тоо энэ тоогоор хэлэлцэж батлагдсаныг судалж дүгнээгүй.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 10/01 дүгээр хуралдаанаар баталсан аймгийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 5 дугаар бүлгийн 10-т "Багийн иргэдэд төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгоор багийн бүтцийг оновчтой болгох судалгаа хийн шийдвэрлэж, багийн иргэдийн Нийтийн Хурлын чадавхийг сайжруулна" гэсэн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны А/124 дүгээр тогтоол гарч хэрэгжилтийг зохион байгуулан судалгаа хийхэд 2013 оны жилийн эцсийн байдлаар Улаангом суманд харъяалалгүй 538 өрхийн 2077 иргэн байнга оршин сууж тэдгээр өрх, иргэд болон төрийн байгууллагын үйлчилгээнд учирч буй хүндрэл, бэрхшээлийг арилгах, оршин суугаа газар нутгийн засаг захиргааны нэгжид харъяалалтай байхын ач холбогдлыг сурталчлах ажлуудыг уулзалт, хэлэлцүүлэг, ярилцлага хийн сумдын иргэдийн хурал, Засаг даргын тамгын газар баг бүртээ зохион байгуулж дүнгээ ирүүлж байсан. Тариалан сум дээрх ажлуудыг аймгийн Засаг даргын Тамгын газраас өгсөн удирдамж, чиглэлийн дагуу зохион байгуулж дүнгээ ирүүлж байсан боловч багийн зохион байгуулалтын хувьд асуудал нь яригдаж байгаа Толь багийг татан буулгах талаарх санал албан бичгээр ирүүлдэггүй байсан. Энэ нь тухайн сум уг асуудлыг аль болох тойрч булзааруулж байгаа нь удаа дараагийн эс үйлдлийн нэг юм.

Толь багийн өрхийн байршлын зураглалыг Тариалан сумын удирдлагуудын саналаар Тарвагатай, Хөхөө баг болон Улаангом сумын багуудтай хамтатган хийж судалгаанд хамруулсан байдаг юм. Энэ нь тухайн багийн бие даасан бус байдлыг харуулж байгаа сумын саналын нэг юм. Тариалан сумын засаг даргын 2015 оны А/93 дугаар захирамжаар Сумын засаг даргын орлогч З.Тэгшжаргалаар ахлуулан ажлын хэсэг томилж аян зохион байгуулсан. Энэ ажлын хэсэг аян зохион байгуулсан ажлын тайландаа 53 иргэний зөрчлийг арилгаж, Тариалан сумаас Улаангомд байнга оршин суудаг 26 өрхийг шилжүүлж, Нуурын хөвөө, Шатат, Тээлийн чиглэлд байгаа Улаангом сумын 14 өрхийг бүртгэж хамруулсан тухай бичсэн бөгөөд Толь багийн тухай тодорхой санал гаргаагүй байна. Толь багийн бодит байдлыг сумын удирдлагууд бүгд зөвшөөрч байгаа ч баг татан буулгах асуудал нь тухайн сумын хувьд эмзэг асуудал учир хоорондоо ярилцах түвшинд өнгөрүүлж энэ талаар санал ирүүлдэггүй тухайгаа сумын удирдлагууд одоо ч ярьцгааж, бодит байдлаа эс үйлдэхүйгээр илэрхийлдэг болсон.

Харин тус хуулийн 4.1-д заасан "тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд, иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санал авах" гэсэн үндэслэлийг тухайн аймаг, сум. хороог татан буулгахад баримтлах үндэслэл болно гэж тодорхой заасан байгааг шүүх бүрэлдэхүүн үзэхдээ заавал сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын санал авах ёстой байсан гэж шийдвэр гаргаж байгааг зөвшөөрөхгүй байна.

Мөн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар хүн амын байршил, эдийн засгийн чадавхи, газар зүйн байршил, зам харилцааны нөхцлийг авч үзсэн.

Улаангомд оршин суугаа Тариалан сумын Толь багийн нэр бүхий 16 өрхөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр авсан асуулга, баг татан буулгахыг эсэргүүцсэн 43 иргэний гарын үсэгтэй саналыг Тариалан сумаас сонгогдсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Цолмон бүрэн эрхийн хүрээнд хуралд оруулж, хурлын дарга хуралд танилцуулснаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь тус багийн иргэд болон иргэдийн Нийтийн Хурлын саналыг авч гаргасан шийдвэр болохыг нотлох нотолгоо юм.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны 04 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 10/04 дүгээр тогтоолоор Тариалан сумын Толь багийг татан буулгаж, тэнд оршин сууж байгаа өрх, иргэдийг мөн сумын Тарвагатай багийн харьяалалд шилжүүлэхдээ Толь багийн иргэд болон Тариалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэлгүй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Аймаг, сум, дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг үндэслэн хүн амын  байршил, эдийн засгийн чадавхи, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэж, 4.2-т “Баг, хороо байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг энэ хуулийн 4.1-д заасан үндэслэлийг баримтлан тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Дээрх хуулийн заалтад хариуцагч нь багийг татан буулгах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхээ хэрэгжүүлэх эхний нөхцлийг /гипотез/ тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналд үндэслэхээр заажээ.

 Хэрэгт авагдсан Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын тодорхойлолт[1], аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 10 дугаар хуралдааны тэмдэглэл[2], хариуцагчийн тайлбар болон гомдолд “... Багийн иргэдэд төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор багийн бүтцийг оновчтой болгох судалгаа хийн шийдвэрлэж, багийн иргэдийн Нийтийн Хурлын чадавхийг сайжруулна гэсэн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор олон ажил зохион байгуулсан. ...багийн зохион байгуулалтын хувьд асуудал нь яригдаж байгаа Толь багийг татан буулгах талаарх санал албан бичгээр ирүүлдэггүй байсан. Энэ нь тухайн сум уг асуудлыг аль болох тойрч булзааруулж байгаа нь удаа дараагийн эс үйлдэл...” гэж дурдсан тайлбар зэрэг баримтуудаар Толь багийн иргэд болон Тариалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Толь багийг татан буулгах” санал гаргаагүй, харин иргэдээс Улаангом суманд шилжин суурьших талаар санал авахад татгалзаж байсан нь тогтоогдож байна.

Хариуцагч давж заалдах гомдолдоо “...асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэсэн. Шүүх цөөнхийн саналыг түүвэрлэн авч дүгнэсэн...” гэжээ. Дээрх хуулийн заалтад тухайн орон нутгийн иргэд болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч хэлэлцэн олонхийн саналаар шийдвэрлэх тухай заагаагүй, харин гаргасан саналд нь үндэслэж багийг татан буулгах асуудлыг шийдвэрлэхээр заасан байх тул уг гомдлыг хүлээн авах боломжгүй.

Мөн гомдолд “... шүүх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авах ёстой гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэх боловч Монгол Улсын Үндсэн Хуулийн Тавин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.”, Тавин наймдугаар зүйлийн 1-д “ Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн.” гэж,  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Нутгийн өөрөө удирдах ёс нь ... тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн” гэж тус тус заажээ.

Үүнээс үзвэл багуудаас бүрддэг сум нь өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг нийгмийн цогцолбор байдгийн хувьд багийг татан буулгах асуудлаар тухайн багийг харьяалах сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь санал гаргах бүрэн эрхтэй гэж ойлгохоор байна.

Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4.1, 4.2 дахь заалтыг дээрх байдлаар ойлгож хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй юм.

Түүнчлэн хариуцагч нь багийг татан буулгах асуудлыг шийдвэрлэхдээ дээрх хуульд зааснаар харгалзах ёстой хүн амын байршил, эдийн засгийн чадавхи, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлийн талаар тайлбарласан боловч энэ нь хуульд заасан эхний нөхцөл /гипотез/ болох иргэдийн болон иргэдийн төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслээгүйг зөвтгөх үндэслэл болохгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ч.Чимэдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР.

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 


[1] Хавтаст хэргийн 3 дахь тал

[2] Хавтаст хэргийн 74-77 дахь тал