Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/111

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Хохирогч З.Ө,

Шүүгдэгч Ц.Б,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                                          

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё овгийн Ц Бт холбогдох 212800 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 22 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сум, Гоёот багийн нутаг, Талын даравгай гэх гэрийнхээ гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр З.Ө-той маргалдан гараараа баруун нүдэн тус газар, толгойн ар дагз хэсэгт нь цохиж, бөгс рүү нь өшиглөх зэргээр цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Б-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч З.Ө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.   

Хохирогч З.Ө-д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний нөхөр Ц.Б 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хөдөөний айлуудаар хэсэж архи ууж байна. 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн орой 21 цагийн үед гэртээ согтуу ирсэн. Миний нөхөр Ц.Баас архи үнэртэж байсан. Намайг хоол хийж байхад Ц.Б “Үхсэнээ айл хэсээд яваад байгаа юм бэ? Хоол ундаа хийгээд гэртээ байж байхгүй яасан юм” гэж хэлсэн. Би хариуд нь “Би айлд орох эрхгүй. Гэрээ сахиад байх ёстой юм уу” гэж хэлсэн. Удалгүй хоол болоход Ц.Б хоолоо идчихээд Б /98598249/ гэдэг айлын гэр рүү яваад өгсөн. Ц.Быг явсны дараа би ороо засаад унахаар хэвтсэн. Ойролцоогоор 30-40 минутын дараа Ц.Б эргэж ирээд миний цүнхийг ухаж түрийвчийг маань авсан. Тухайн үед гэрт харанхуй гэрэлгүй байсан ба би Ц.Бын үйлдлийн чагнаад хэвтэж байсан. Би Ц.Баас “Түрийвч авч яах гэж байгаа юм” гэж асуухад “Би өөрийнхөө юмыг авна” гэж хэлчхээд миний түрийвчийг бариад гараад явчихсан. Ойролцоогоор 10 минутын дараа би гэрээсээ гарч харахад Ц.Б машиныхаа ард асаагуурын гэрэл асаачихсан миний түрийвчийг ухаж байсан. Би Ц.Б дээр ороод “Би түрийвчээ авмаар байна, чи бичиг баримт хэрэгтэй зүйлсийг маань алга болгочихно” гэж хэлэхэд Ц.Б “П... минь би чиний түрийвчнээс өөрийнхөө юмыг авна. Би өөрийнхөөрөө явж өөрийнхөөрөө амьдардаг хүн п... минь” гэж над руу хашхичаад байсан. Би түрийвчээ авах гэж оролдоход Ц.Б түрийвчтэй гараа өргөөд надад өгөхгүй байсан. Би хэсэг хугацаанд түрийвчээ авах гэж оролдож зогссон. Гэнэт миний баруун талын нүд рүү цохисон. Би нүдээ дараад хойш суусан байхад Ц.Б “Алнаа” гэж хашхичаад эхэлсэн. Би шууд “Ал” гэж хариу хашхираад доошоо хараад уйлсан. Намайг уйлж байхад миний толгойны ар дагз хэсэг рүү дахин нэг удаа цохисон. Миний толгой манараад сонин болчихсон. Энэ үед Ц.Б намайг “Ац”, хошного минь” гэж хэлээд миний хувцасны энгэрнээс заамдаж чирээд гэр рүү оруулсан. Энэ үед нь би эсэргүүцэж тэмцэлдэж байгаад гараас нь салсан. Тэгтэл миний толгой дүүрч бүр эвгүй болоод ухаан алдчихсан. Хэр хугацаа өнгөрснийг мэдэхгүй байна. Би их даарч сэрсэн. Сэрээд эргэн тойрноо анзаарахад манай гэрийн гэрэл асаалттай хаалга нь онгорхой харагдсан. Би гэрээс 4-5 метр орчим хажууд Ц.Б байж байсан. Ц.Б намайг өргөөд гэрт оруулаад намайг хөнжлөөр хуччихаад гэрээс гараад явчихсан. Би унтах гэж хичээсэн боловч миний толгой өвдөөд амарч чадахгүй байсан. Хэсэг хугацааны дараа бие засахаар гэрээсээ гарахад цаг 01 цаг 40 минут болж байсан. Намайг гэрээс гарах үед Ц.Б харагдахгүй байсан ба манай мал үргээд явчихсан байсан. Би машинаа унах санаатай хучлагаа татах гэтэл дийлэхгүй байсан. Гэнэт хажуугаас Ц.Б хучлага хуулаад өгсөн. Би машинаа унаад малынхаа хойноос явсан. Гэрт Ц.Б үлдсэн. Манай мал хотноосоо 500-600 метр зайд явж байхаар нь би машинаасаа буугаад явган туух гэтэл мал хөдөлж өгөхгүй байсан. Би 2-3 хэсэг тасалж хөөж байж малаа хотлуулсан. Миний бие муу газар хөл алдаж уначих гээд их хэцүү байсан. Би малаа хотлуулчхаад ойролцоогоор 1 км зайд байдаг Бын гэрт очсон. Бын гэрт Б, Б нар унтаж байсан. Би тэр хоёрт хандаж “Би Ц.Бт зодуулчихлаа, өнөө шөнө энд хономоор байна” гэж хэлсэн. Б надад хөнжил тавьж өгсөн. Миний дотор бачимдаад хэвтэж болохгүй байхаар нь би гарч гадаа хэвтсэн. Араас Б гарч ирэхэд би “Манай гэр рүү очиж миний юмыг аваад эмнэлэг явъя, миний бие муу байна, чи машин жолоод” гэж хэлээд Баар машинаа бариулаад гэр рүүгээ явсан. Замд миний цээж рүү хатгаж өвдөөд бас толгой өвдөж дүүрээд бие дагжиж бачимдаад байсан. Би гэрийнхээ гадаа машинаасаа буух гэтэл алхаж чадахгүй байсан ба газар унаад өвдөлтөөсөө болж ёолж орилсон. Тэгж байгаад нэг мэдэхэд өглөө үүр цайж байсан. Би машиныхаа хажууд хучлага дээр хөнжил нөмөрчихсөн хэвтэж байсан. Би босоод гэр рүүгээ орох гэтэл тамир барагдсан байсан. Ц.Б намайг түшиж гэрт оруулсан. Би унтаж гэтэл миний толгой, цээж өвдөж миний хөл гар салганаж амарч чадахгүй байсан. Ойролцоогоор 2 цагийн дараа Ц.Б сэрээд надад цай чанаж өгсөн. Энэ үед нь би хүү А руугаа залгаж эмнэлэг дуудуулсан. Би орой Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвд ирж биеэ үзүүлэхэд Нансаа эмч намайг рентгенд оруулж үзээд “Ямар ч байсан таны хавирга хэсгийн яс зүгээр харагдаж байна. Гэхдээ аймгийн эмнэлэгт очиж толгойгоо үзүүлж нарийн шинжилгээ өгөөрэй” гэж хэлсэн. Би одоо 5 хоног хэвтэн эмчлүүлж байгаад аймаг руу явна. Би бөөрний архаг өрөвсөлтэй, мөн 2021 оны хавар 3 сар, 5 саруудад мотоциклоос унаж тархиа гэмтээсэн. Одоо эмч нар миний толгойг барьж өгдөггүй ба намайг тархины хаван ихтэй байна цус харвачихна гэж хэлдэг. Миний баруун талын нүдний зовхи, нуух хэсэг улаан судал татаж баруун шанаа хэсэг рүүгээ хавдсан байна. Миний баруун талын чихээр хатгуулж өвдөж байна бас толгой, тархи дүүрч өвдөөд цээжээр хатгуулаад байна. Миний үүдэн хоёр шүдний зүүн талын шүдний булан эмтэрсэн байна. Шингэх юм уухаар халуун хүйтэн харшлаад өвдөөд байна. Бас нөгөө талын үүдэн шүд нь суларч хөдлөөд юм хазаж болохгүй байна. Би босоод алхах үед толгой эргэж ойчих гээд байгаа. Өөр өвчин зовуурь хөхрөлт байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Миний толгой дүүрч өвдөөд болсон асуудлыг нарийн сайн анзаараагүй. Эхлээд миний баруун талын нүд рүү нэг удаа цохисон. Дараа нь миний дагз руу нэг удаа цохисон. Миний толгой өвдөөд манарчихсан байхад намайг нэмж зодсон. Хаашаа хэдэн удаа цохисныг санахгүй байна, ямар ч байсан миний бөгс рүү хөшиглөсөн. Ц.Б бид хоёр анх 1994 онд гэр болж гэрлэлтээ батлуулаад Гурвантэс сумын Гоёот багт нүүж ирж хамтдаа мал маллаж өдийг хүрч байна. Бид хоёрын дундаас гурван хүүхэд гарсан. Миний хүүхдүүд бүгдээрээ насанд хүрсэн. Ц.Б нь надтай гэр бүл болсноосоо хойш архи уух дуртай байсан ба эхний 14 жил согтуудаа элдэв ааш авир гаргаж байгаагүй. Сүүлийн 13 жил бол архи уухаараа агсамнаж хэрүүл маргаан хийж хааяа намайг зоддог болсон. Ер нь сүүлийн жилүүдэд архи уух нь ихэссэн ба ааш авир нь эвдэрч хэлж байгаа үг нь их муухай болж намайг үндэслэлгүй хардаж сэрддэг болсон. Энэ талаар хүмүүс сайн мэдэхгүй. Бас Ц.Б нь намайг олон хоногоор орхиж архи ууж тэнэдэг. Би хөдөө гэртээ ганцаараа мал маллаж байгаа ба надад их хүнд байдаг... Би гомдолтой байна. Ц.Бт хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Би өөрийгөө хамгаалуулмаар байна... Надад төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь Ц.Б бид хоёрын данс нэг ба эмчилгээ зардлаа өрхийнхөө данснаас гаргасан. Би Гурвантэс сумын эмнэлэгт 5 хоног эмчлүүлсэн. Энэ хугацаанд 76,000 төгрөгийн эм тариа авч хэрэглэсэн. Түүний дараа би Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум, Шинэжинст сумуудад байх бариачид үзүүлж бариулсан. Би Гурвантэс сумаас хоёр удаа Баянхонгор аймаг руу явсан. Хоёр бариачид тус тус 100,000 төгрөг бэлнээр өгсөн, мөн нэг удаад явахдаа машиндаа 300,000 төгрөгөөр түлш хийсэн. Нийтдээ 800,000 төгрөгийн зардал гаргасан. Надтай эдгээр зардалтай холбоотой баримт байхгүй... Тус данс нь малчны харилцах данс ба Ц.Бын нэр дээр байдаг. Гэхдээ бид хоёр хамтран эзэмшдэг. Тус дансанд Ц.Б бид хоёр ноолуур тушаасан болон малаа зарсан мөнгөө хийж хадгалдаг. Би тус дансаараа мөнгө авахдаа банканд очиж бичиг шалгуулж авсан. Би тус дансны гүйлгээг хийх эрхтэй.” /хавтаст хэргийн 19-20, 22 дугаар хуудас/

Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн орой ажлаа тараад Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвд очсон. Учир миний ээж З.Ө эмнэлэгт хэвтсэн байсан. Би ээж дээр очиж уулзахад баруун талын нүд нь хөхөрчихсөн, мөн баруун талын шанаа нь бага зэрэг хавдсан байсан. Үүдэн талын нэг шүд нь эмтэлсэн харагдаж байсан. Би ээжээс юу болсон талаар асуухад “Аав чинь орой гэртээ халамцуу ирээд надаас хэрүүл өдөж байгаад миний түрийвчийг аваад явах гэж байхаар нь түрийвчээ авах гэж булаацалдаж байгаад зодуулсан” гэж хэлж байсан бас ээжийн цээж хэсгээр өвдөөд байна гэж байсан, өөр зүйл мэдээгүй. Ц.Б эрүүл байхдаа хэвийн илүү дутуу аашгүй. Гэхдээ архи уухаараа муухай аашлаад байдаг. Хааяа агсам тавьдаг байсан. Гэхдээ бид нар руу муухай ааш гаргаад байдаггүй ба ээжээс хэрүүл өдөөд байдаг. Ер нь ээжээс бусад хүмүүст муухай ааш гаргадаггүй. Би 2016 онд их сургуульд орсноосоо хойш хөдөө гэртээ амралтаараа очиж байсан ба одоо мөн адил ажлын завсар зайгаар хааяа нэг очдог. Сүүлийн жилүүдэд би аав, ээжтэй хамт байгаагүй... Ээж З.Ө маань их даруухан дуу цөөтэй хүн. Аавыг эрүүл байхад нь алдаа дутагдлыг хэлдэг. Тэгэхээр аав уурлаад байдаг. Тэгээд архи уухаар ээжид уураа гаргаж хэрүүл өдөөд байдаг. Өөр айхтар асуудал байхгүй.” /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгчхөөд орой “Талын даравгай” гэх газарт байх мал дээрээ ирсэн. Б ах бид хоёр малаа нийлүүлж маллаж байгаа. Бын ахын гэрт байж байхад нар шингэсний дараа Б ах ирсэн. Б ах хоол идчихээд гараад явсан. Б ахын явсны дараа Б ах бид хоёр унтаж амарсан. Шөнө 02 цагийн үед гаднаас Ө эгч ороод ирсэн ба “Намайг сумын эмнэлэг рүү хүргээд өг, миний цээжээр хатгаад босож чадахгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ө эгчийг өргөж машинд нь суулгаад гэр рүү нь явсан. Учир нь Ө эгч гэртээ очиж юм авна гэж хэлсэн. Ө эгч бид хоёр гэрийнх нь гадаа очиход Б ах гэрийнхээ зүүн хаяанд гадаа хэвтэж байсан. Би Б ах дээр очиж сэрээчхээд эргээд иртэл Ө эгч машины хажууд ухаан алдаад уначихсан байсан. Б ах бид хоёр Ө эгчийн гар хөлийг барьж булчинг нь суллаж сэргээсэн. Түүний дараа Б ах “Өглөө эмнэлэг яв” гэж хэлээд бид гурав амрахаар болоход Ө эгч “Гэртээ орохгүй гадна унтана” гэж хэлэхээр нь Б ах гадаа ор засаж өгөөд бид гурав амарцгаасан. Үүрээр Б ах, Ө эгч хоёр гэр рүүгээ орж унтацгаасан. Би гадаа хоноод өглөө Б ахын гэрт ороход Ө эгчийн баруун гар талын нүдний зовхины дээд хэсэгт бага зэрэг хөхөрсөн байсан ба “Цээжээр өвдөөд байна” гэж хэлж байсан. Би тэднийд үдээс өмнө байх хугацаандаа нэг мал муулж мах бэлдэхэд нь тусалсан. Намайг явсны дараа эмнэлэг ирж Ө эгчийг авч явсан байсан.” /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн орой нар шингэх үед манай гэрт Б ирсэн. Учир нь Б хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхдөө малаа манайд үлдээсэн байсан. Орой 20-21 цагийн үед саахалт айлын Ц.Б ирсэн. Манай гэрт хоол унд идчихээд гараад явчихсан. Ц.Б ахыг явсны дараа Б бид хоёр унтаж амарсан. Тэгтэл шөнө 1-2 цагийн үед Ө машинаа унаад хүрээд ирсэн. “Б намайг зодсон, сумын төв рүү хүргээд өг” гэж хэлсэн. Б босож Өын машиныг жолоодоод яваад өгсөн. Би өөр зүйл мэдэхгүй байна... Ц.Б манай нутгийн малчин. Намайг хүүхэд байхад Ц.Б, З.Ө хоёр гэр бүл болж байсан. Ц.Б ах архинд жаахан дуртай хааяа уучихсан явж байдаг. Ц.Б ах согтуудаа энд тэнд агсам тавьж танхайрсан гэж сонсогдож байгаагүй. Миний мэдэхийн Ц.Б ах дөлгөөн тайван зантай. З.Ө эгчийн талаар сайн мэдэхгүй. Ц.Б, З.Ө нар надад элдэв муухай ааш гаргаж байгаагүй. Энгийн байдаг л гэр бүл.” /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/

Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2003 онд Гурвантэс суманд бэр болж ирсэн. Тэр үеэс хойш Ц.Б, З.Ө нартай найзалж байна. Бид нар ойрхон нутагладаг саахалт айлууд. Одоо манай байгаа “Цагаан чулуут” гэх газар Ц.Бын гэрээс 6-7 км зайд байдаг. Ц.Б ах даруухан, дуу цөөтэй хүн. Гэхдээ архи уух дуртай. Ер нь сумын төв орохоороо авчраад уугаад байдаг. Өөрөөр элдэв асуудал тариад байдаггүй. Согтохоороо элдэв зан гаргаад байдаггүй. З.Ө эгч хүмүүстэй хал палгүй мэнд устай сайн хүн. Би элдэв муу ааш гаргаж байхыг нь хараагүй. Мөрөөрөө гэртээ байж байдаг эмэгтэй. Тэдний гэр бүлд элдэв асуудал болж байсныг би санахгүй байна. Айл гэр болсон хойно аар саар тулга тойрсон хэрүүл гардаг. Бусдаар бол нэгэндээ гар хүрдэг, загнаж дарамталдаг зүйл болж байгаагүй.” /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/

Гэрч Л.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ц.Б нь миний ах Цэдэндамбын хүү. Би Ц.Быг багаас нь мэднэ. Багаасаа төлөв даруу амгалан зантай хүүхэд байсан. Миний мэдэж байгаагаар элдэв асуудал тарьж байгаагүй. 1985-1990 оны үед З.Өтой нэг гэр бүл болсон. Тэр хоёр гурван хүүхэдтэй хүүхдүүд нь насанд хүрсэн. Одоогоор Ц.Б, З.Ө нар мал маллаж амьдарч байгаа. Ц.Б нь архинд дуртай. Яг хэзээнээс архи ууж эхэлсэн талаар нь мэдэхгүй байна. Архи уухаараа элдэв ааш гаргаж байхыг нь дуулаагүй, үзээгүй. Архи уухаараа унтаад өгдөг. Их дуу муутай даруухан хүн. З.Ө нь Ц.Бын эхнэр. Би З.Өыг Гурвантэс суманд бэр болж ирсэн цагаас нь хойш мэднэ. З.Ө элдэв муухай авир зангүй. Би тэдний гэрт ховор очдог болохоор нарийн асуудлыг нь мэдэхгүй. Ц.Б, З.Ө нар ажилсаг хүүхдүүдээ их дээд сургуульд сургаж төгсгөсөн. Хүүхдүүд нь ажил төрөл хийж аж амьдралаа авч явж байгаа. Манай хоёрын амьдрал болж бүтэж байгаа гэж би бодож байна. Яагаад нэгнийгээ цохиж зодсон талаар нь мэдэхгүй.” /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/

Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн үдээс хойш Ц.Б манай гэрт ирж хоносон. Бид хоёр 0,5 литрийн савлагаатай Ерөөл гэх архи хоёр шилийг хувааж уусан. Маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ц.Б манай гэрт унтаж амарч байгаад орой яваад өгсөн. Тэр өдрөөс хойш би Ц.Бтай уулзалдаагүй... Ц.Б, З.Ө хоёр хааяа архинаас болж хэрэлдэж маргалддагаас өөр асуудалгүй.” /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/

Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ц.Б, З.Ө нар нь манай багийн малчид. Би тэр хоёртой садан төрлийн болон өөр ямар нэгэн холбоо байхгүй. 1994-2002 оны хугацаанд Ц.Б бид хоёр нэг нутагт айл саахалт мал малладаг байсан. Би Ц.Быг залуугаас нь мэднэ. Ер нь бол төлөв даруу зантай тусч зантай дуулгавартай хүн. Сум орон нутагтаа морь, тэмээ уяж уралдуулдаг байсан. Архи уух жаахан дуртай. Гэхдээ хүнтэй хэрүүл маргаан хийж агсам согтуу тавьдаггүй. Гэмгүй зантай хүн. З.Ө нь манай нутагт 1995 онд бэр болж ирсэн. Би З.Өыг сайн мэдэхгүй. Жаахан ширүүн дүү зантай санагддаг. Ер нь бол өрх гэрээ авч явж байгаа эмэгтэй. Ц.Б, З.Өын үгээр байдаг. З.Ө нь нийгмийн идэвх сайтай сум орон нутгаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй сайн оролцдог. Ц.Б, З.Ө хоёрын гэр бүлийн дотоод асуудлыг би сайн мэдэхгүй байна. Би тэдний гэрээр олон удаа орж гарч байсан. Миний нүдэн дээр хэрүүл маргаан хийж янз бүр болж байгаагүй. Тэдний гэр бүлийн талаар янз бүрийн яриа хов ирж байгаагүй. Хааяа Ц.Б 1-2 өдрөөр архи ууж явсан талаар сонсогдож байсан.” /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/

Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр миний ээж З.Ө Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвд хүргэгдэж ирсэн байсан тул би очиж уулзсан. Тэгэхэд ээж З.Ө “аав нь өчигдөр орой намайг зодсон” гэж хэлж байсан. Бас ээжийн баруун талын нүд нь хөхөрч, үүдэн шүд нь хөдөлсөн байсан. Ээж хоол унд идэж чадахгүй шүд нь өвдөөд байсан. Миний аав хүүхдүүддээ муухай ааш гаргаж байгаагүй. Бид нарыг том болж гэрээсээ явсны дараа ээжтэй үе үе маргалддаг тухай ээж З.Өоос сонссон. Ер нь аав өөрөө архи уугаад явчихлаар ээж уурлаж хэрүүл маргаан хийдэг. Аав архи уух дуртай. Сумын төвд ирэхээрээ архи авч уучхаад байдаг. Аав архи уухаараа элдэв муухай зан гаргаад байдаггүй байсан. Сүүлийн 4-5 жил архи уухаараа ээжийн хэл амаар доромжилж хараадаг болсон талаар ээж З.Өоос сонссон. Би 2013 онд их сургуульд орж гэрээсээ явснаас хойш аав, ээжтэй хамт байхаа больсон. Миний аав Ц.Б эрүүлдээ янз бүрийн муухай ааш гаргаад байдаггүй төлөв даруухан зантай. Сүүлийн жилүүдэд архи уухаараа эвдэрч муухай ааш гаргаад байгаа талаар ээж З.Ө маань бидэнд гомдоллох болсон.” /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/

Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...З.Ө нь Гурвантэс сумын Засаг даргын тамгын газраас жил бүр зохион байгуулдаг цагаан идээний үзэсгэлэн худалдаанд байнга идэвхтэй оролцдог. Би З.Өын талаар нарийн сайн мэдэхгүй. Хүүхдүүдийг нь сайн мэднэ. Би тэр хоёрын гэр бүлийн харилцааны талаар мэдэхгүй. Намайг ажиллаж байх хугацаанд ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гомдол мэдээлэл ирж байгаагүй.” /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/

Хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд: “З.Өын хариулт: Би 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ байж байхад орой нар шингэх үеэр буюу 21 цагийн үед Гурвантэс сумын Гоёот 1 дүгээр багт байх “Талын дарвай” гэх газарт хөдөө гэртээ ганцаараа байж байхад миний нөхөр Ц.Б архи үнэртүүлчихсэн халамцуу ирсэн. Гэхдээ согтоогүй харагдаж байсан. Ц.Б намайг “Хоол унд хийгээгүй байна, юугаа хийж айл хэсдэг п... вэ” гэж надтай хэрүүл өдөөд байсан. Би цай унд хийж Ц.Бт өгөхөд Ц.Б хоолоо идчихээд Бэнхбатын гэр рүү явсан. Ойролцоогоор 30-40 минутын дараа Ц.Б буцаад ирсэн. Тэр хооронд нь би гэртээ ороо засаад унтахаар хэвтчихсэн байсан. Ц.Б гэрт орж ирээд гэрийн зүүн хананд өлгөөтэй байсан миний цүнхийг ухаад дотроос нь миний түрийвчийг аваад гараад явсан. Би удалгүй 10-20 минут орчим чимээ чагнаж хэвтэж байгаад Ц.Бын араас гарсан. Учир  нь гадаа харанхуй болсон байсан тул Ц.Б миний түрийвчинд байсан бичиг баримтуудыг алга болгочих байх гэж сэрэмжилсэн. Намайг гэрээс гарахад Ц.Б гэрийн зүүн талд машины цаах нь талд асаагуурын гэрэлд миний түрийвчийг ухаж байсан. Би Ц.Б дээр очиж өөрийн түрийвчээ буцааж авах гэтэл Б түрийвчтэй гараа дээш өргөөд надад миний түрийвчийг өгөхгүй байсан ба “би өөрийнхөө юмыг авна п... минь” гэж зууралдсан. Тэгтэл гэнэт миний баруун нүд рүү цохичихсон. Би яаж цохисныг нь анзаараагүй. Миний толгой янгинаж өвдөхөөр нь би нүүрээ дараад доошоо суусан. Удалгүй миний ар дагз руу Ц.Б нэг удаа цохиод “Чамайг алнаа, хошного, ац минь” гэж харааж хашхичаад миний хонго руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Би нарийн тоог нь хэлж мэдэхгүй байна. Ц.Б намайг гэрт оруулж ална гэж хэлээд миний хувцасны энгэрээс зулгаагаад намайг гэр рүү чирч оруулаад гэрийг гаднаас нь хааж хаалга дарсан. Би тэр үед нь хаалганы завсар хөлөө хавчуулж байгаад хаалгаа түлхэж гэрээс гарсан. Нэг мэдэхэд би гэрийнхээ өмнө хэвтэж байсан. Би их даарсан байсан ба миний бие ямар ч тэнхээгүй болсон байсан тул босож алхаж чадахгүй байсан. Тэр хооронд унтах гэж оролдсон боловч миний толгой өвдөөд унтаж чадахгүй байсан. Хэсэг хугацааны дараа би бие засахаар гэрээсээ гарахад манай мал алга болсон байсан. Би гэртээ эргэж ороод цаг харахад 02:40 цаг болж байсан. Би дээлээ өмсөөд эргэж гарч машинаа унахаар хучлагыг нь хуулж байхад Ц.Б гэнэт гарч ирээд машины хучлага хуулалцсан. Би машинаа унаад малдаа явсан. Манай мал гэрээс 500 метр зайд бэлчиж байхаар нь би хот руу нь тууж оруулчхаад Бэнхбатын гэр рүү явсан. Намайг Бын гэрт ирэхэд Б, Б хоёр унтаж байсан. Би Бад хандаж “Би Ц.Бт зодуулчихлаа, танайд хоноё” гэж хэлэхэд Б надад хөнжил гудас өгсөн ба надтай юу ч яриагүй. Би хэвтэх гэтэл толгой, цээж өвдөөд дотор бачимдаад байсан тул Бын гэрээс гарахдаа Быг дуудаж “Гэрт очиж миний цүнхийг аваад намайг Сумын эмнэлэгт хүргээд өг” гэж хэлэх Б араас гарч ирээд миний машиныг жолоодож өгсөн. Б бид хоёр манай гэрт ирэхэд миний бие илүү их өвдөөд машинаасаа бууж чадахгүй байсан. Хэсэг байж байгаад би машинаасаа буугаад газар хэвтсэн. Миний бие өвдөж байсан тул би ёолж байсан. Нэг мэдэхэд миний хөл, гар хүйтэн болчихсон машины хучлага дээр хөнжил нөмөрчихсөн хэвтэж байсан. Би босож гэр рүүгээ орж унтсан. Ц.Б намайг дагаж гэр рүү орсон. Маргааш өглөө нь би хүү А руу утасдаж “Миний бие өвдөөд байна, эмч аваад ир” гэж хэлсэн. Өдөр 13 цагийн үед эмч манай гэрт ирж намайг авч явсан.

Ц.Б-ын хариулт: Би 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн орой нар шингэх үед гэртээ очсон. Тухайн үед би эрүүл байсан ба өмнөх өдөр уусан архины хоноц надаас үнэртэж байсан. Тэгтэл З.Ө хоол ундаа хийгээгүй сууж байхаар нь би “Хоол унд хийгээгүй байна, юугаа хийж айл хэсдэг п... вэ” гэж хэлсэн. З.Ө надад өдөр хийсэн хоолоо өгөхөөр н би би идчихээд Бын гэр рүү явсан. Би Бын гэрт очиж хоолноос нь идчихээд эргээд гэр рүүгээ явсан. Намайг гэртээ ирэхэд З.Ө орондоо орчихсон хэвтэж байсан. Тэгэхээр нь би гэрийнхээ зүүн хананд өлгөөтэй байсан З.Өын цүнхнээс түрийвчийг нь аваад гарсан. Би гадаа гараад асаагуурын гэрэлд З.Өын түрийвчнээс иргэний үнэмлэхээ авах гэж хайж байсан. Удалгүй З.Ө миний араас гарч ирээд “Миний түрийвчнээс юу авах гээд байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хариу “Би өөрийнхөө юмыг авна” гэж хэлсэн. З.Ө “Чиний юм гэж юу байдаг юм” гэж хэлээд над дээр ирж түрийвчээ авах гэж надтай зууралдсан. З.Ө миний хувцаснаас зууралдаад байхаар нь баруун гараараа далайхад миний гарын сарвууны арын хэсэг З.Өын нүүрийг оночихсон. Тэгтэл З.Ө уйлаад доошоо суучихсан. Би З.Өын толгойны ар хэсэг рүү зүүн гараа зангидаж байгаад нэг удаа цохиж хонго хэсэг рүү нь 3-4 удаа өшиглөсөн. З.Ө гадаа уйлаад байхаар нь би “Би чамайг гэрт оруулж ална” гэж хэлээд хувцасных нь энгэрээс заамдаж чирсэн. З.Өыг гэр рүү чирч оруулчхаад гэрээс гарч үүдийг нь гаднаас нь дарсан. Учир нь З.Ө гэрээс гарах гэж зүтгээд байсан болохоор гаргахгүй санаатай хаалгыг нь дарсан. Гэхдээ би хаалгаа дараад дийлээгүй тул З.Ө гэрээс ойролцоогоор 10 метр зайд очоод уйлаад суучихсан. Би араас нь очоод хажууд нь сууж байтал З.Ө ухаан алдаад уначихсан. З.Өын гарын сарвуу нь татаад байхаар нь би булчинг нь суллаж бас цээжин дээр нь дарж зүрхний массаж хийсэн. З.Өын бие нь гайгүй болсон боловч даараад дагжиж чичрээд байхаар нь би гэрээс дээл авчирч З.Өыг хучсан. Удалгүй З.Ө ухаан орсон. З.Ө босож чадахгүй байхаар нь би өргөж гэртээ оруулж хэвтүүлчхээд хөнжил гудсаа аваад гадаа гарч унтсан. Намайг гадаа унтаж байхад машины хучлага хуулах дуу гарч би сэрээд харахад З.Ө машины хажууд байхаар нь босож очоод хучлагыг нь хуулж өгсөн. З.Ө машинаа асааж унаад хойд зүг рүү яваад малаа хурааж хотлуулчхаад Бын гэр үү явсан. Би араас нь харж байгаад гадаа зассан байсан орондоо орж амарсан. 30-40 минутын дараа манай машин эргээд ирсэн ба машиныг маань Б жолоодож байсан. Б бууж ирээд “Ө эгч сум явна гэнээ” гэж хэлж байсан. Би “Шөнө явуулаад яахав дээ, өглөө гэгээ оруулж байгаад явцгаа” гэж хэлсэн. Энэ үед З.Ө машинаасаа бууж чадахгүй байсан ба хэсэг хугацааны дараа машинаасаа буугаад газар сөхрөөд уначихсан. З.Ө гэртээ орохгүй гэхээр нь би машины хучлага газар дэвсэж байгаад ор засаж, Б, Ө бид гурав гадаа унтсан. Унтахаар хэвтсэний дараа З.Өын гар нь татаад ухаан алдчихсан. Б бид хоёр З.Өын гарыг барьж булчинг суллаж сэргээж амраасан. Үүрээр З.Ө сэрээд “Даараад байна, гэртээ оръё” гэхээр нь би гэрт ор засаж өгөөд З.Өтой хамт унтаж амарсан. Маргааш өглөө нь З.Ө эмч дуудуулсан. Өдөр 13 цагийн үед эмч ирээд З.Өыг аваад явсан.” /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/

Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 1974 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын эмнэлгийн төрөх тасагт аав Д.Ц ууган хүү болж мэндэлсэн. Би доороо 3 дүүтэй. Дүү Д.Батжаргал нь Гурвантэс сумын Гоёот 1 дүгээр багт байх “Боодог” гэх газар мал маллаж амьдарч байгаа. Дараагийн дүү Д.Дулмаа нь Гурвантэс сумын Гоёот 1 дүгээр багт байх “Гүн худаг” гэх газар мал маллаж амьдарч байгаа. Отгон дүү Д.Б нь Гурвантэс сумын Гоёот 1 дүгээр багт байх “Шинэ ус” гэх газар мал маллаж амьдарч байгаа. Би бага ээж аавын гар дээр мал маллаж өссөн. 1982 онд Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуульд элсэн орж 1990 онд С.Оюунчимэг багштай 8А ангийг төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Би цэргийн алба хаагаагүй. Сургуулиа төгссөн цагаас хойш хувиараа мал маллаж амьдарч байна. Би 1994 онд З.Өтой танилцаж гэрлэсэн. Бид хоёрын дундаас 2 охин мэндэлсэн бас хүү Ө.А маань дагавар хүүхэд болж ирсэн. Миний хүү Ө.А 1991 онд төрсөн ээж З.Өоор овоглодог. Одоо Гурвантэс сумын төвд амьдарч байгаа. Дараагийн хүүхэд болох охин Б.Д маань 1996 онд мэндэлсэн. Одоо Гурвантэс сумын төвийн Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар ажиллаж байна. Отгон охин Б.Д маань 1999 онд мэндэлсэн. Одоо Гурвантэс сумын төвд байх “Төрийн банк”-д ажиллаж байгаа. Надад улсаас авсан гавьяа шагнал байхгүй. Мөн ял шийтгүүлж байгаагүй. Би 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баярсайхан гэх найзынхаа гэрт очиж архи уусан. Маргааш өдөр нь тэдний гэрт шартсан байдалтай амарч байгаад орой нар шингэх үеэр гэртээ харьсан. Эхнэр З.Өтойгоо хэрэлдэж маргалдсан. Удалгүй би саахалт айл болох Бын гэр оччихоод эргэж гэртээ ирээд З.Өын түрийвчийг сэм авч гэрээсээ гараад тус түрийвчнээс иргэний цахим үнэмлэхээ авахаар хайж байхад З.Ө гэрээс гарч ирээд надтай түрийвчээ булаацалдсан. Тухайн үед би З.Өыг өөрөөсөө салгах гэж байгаад баруун гарынхаа сарвууны ар хэсгээр З.Өын нүүр рүү санамсаргүй цохисон. Дараа нь миний уур хүрээд толгойных нь ар хэсэг рүү зүүн гарынхаа нударгыг зангидаж байгаад нэг удаа цохисон. Үргэлжлүүлээд бөгс хонго хэсэг рүү нь 4 удаа өшиглөсөн. З.Өын энгэрээс заамдаж байгаад чирч гэртээ оруулаад гаднаас нь хаалгаа дарсан. З.Ө гэрээсээ гарах гэж хаалгаа түлхэж байгаад гараад удалгүй ухаан алдсан. Тэр шөнө З.Ө 3 удаа ухаан алдаж бие нь муудсан тул маргааш нь эмнэлэгт дуудлага өгч сумын төв рүү явсан... 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шөнө З.Ө намайг архи ууж гадуур хонолоо гэж уурлаад байснаас болж хэрүүл үүссэн. Би уурандаа цохисон юм. Өөр ямар ч шалтаг шалтгаан байгаагүй. Би З.Өын хохирлыг барагдуулсан зүйл байхгүй. З.Ө надаас ямар нэгэн эмчилгээний зардал бусад зардал нэхсэн зүйл байгаагүй. Би З.Өоос уучлалт гуйж дахин ийм асуудал гаргахгүй талаараа хэлсэн.” /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 478 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “З.Өын биед тархи доргилт, баруун нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. З.Өын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. З.Өын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/

Өмнөговь аймаг, Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаартай албан тоот /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/

Өмнөговь аймаг, Гурвантэс сумын Гоёот багийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 287 дугаартай албан тоот /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 22 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сум, Гоёот багийн нутаг, Талын даравгай гэх гэрийнхээ гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр З.Өтой маргалдан гараараа баруун нүдэн тус газар, толгойн ар дагз хэсэгт нь цохиж, бөгс рүү нь өшиглөх зэргээр цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.  

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Өын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 478 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “З.Өын биед тархи доргилт, баруун нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байна. З.Өын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. З.Өын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч З.Өтой 1994 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулж, дундаасаа 3 хүүхэдтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзэх үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8- д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Ц.Б нь эхнэр З.Өын биед тархи доргилт, баруун нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн шүдний эмтрэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Өын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Эмчилгээний зардал 800,000 төгрөгийг данс нэг учраас нэхэмжлэхгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Ц.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.  

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст бүртгэгдээгүй” /хх-ийн 68-р хуудас/ гэснээр, Өмнөговь аймаг, Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаартай албан тоотод: “Ц овогтой Б нь КГ74081014 регистртэй. Тус сургуульд 1982-1990 онд суралцаж, бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн нь үнэн болно.” /хх-65-р хуудас/ гэснээр, Өмнөговь аймаг, Гурвантэс сумын Гоёот багийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 287 дугаартай албан тоотод: “Тус сумын иргэн Ё овогт Ц Б нь 1974 онд төрсөн, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг. Иргэн Ц.Б нь /кг74081014/ тус сумын Гоёот багийн иргэн мөн бөгөөд 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор Тэмээ-7, Хонь-3, Ямаа-523 Нийт-533 толгой мал тоолуулсан ба тус багийн нутаг “Үүдэн” нэртэй өвөлжөөнд нутагладаг нь үнэн болохыг тодорхойлов” /хх-66-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан хувийн байдлыг нь тогтоосон баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ...шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн төлбөрт хохирогч эмчилгээний зардал 800,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч данс нэг учраас нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.   

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.   

Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ё овгийн Ц Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

5. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.                           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА