Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/112

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч Н.Ч,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,              

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Н-ийн Ч-т холбогдох 2128000000110 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

  Биеийн байцаалт: 

  Монгол Улсын иргэн, ...................  

  Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

  Шүүгдэгч Н.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн орчимд Өмнөговь аймаг, Цогт-Овоо сум, 2 дугаар баг, Дэнжийн 203 тоотод эхнэр Т.Э-ийг хардсан гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хуванцар сандал, галын ховил, шанага зэрэг зүйлсээр цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Чийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Ч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 10 дугаар сарын 04-ний орой бага зэрэг архи уусан. Тухайн өдөр нэг хүнтэй утсаар ярьж Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан хаданд барилгын ажил хийхээр болсон. Явуулын жолооч намайг Цагаан хад руу явах уу гэхээр нь би явах гэж байхад эхнэр намайг хардаад явуулахгүй гэж муудалцсан. Тэгээд би эхнэрээ зодож эхэлсэн. Уурласан уурандаа хэдэн удаа цохиж зодсоноо санахгүй байгаа гэв.

Хохирогч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн орой сургууль дээр хуралд сууж байсан. Тэгсэн хүү над руу мессежээр ээж битгий ирээрэй. Аав согтуу архи ууж байна гэж хэлсэн. Би хурал тараад 18 цаг болж байхад гэрт очсон. Тэгсэн гэрт нөхөр Ч архи уугаад сууж байсан. Тэгсэн над руу архи уу гээд өгсөн. Тэгэхээр нь би уухгүй гэсэн чинь Ч намайг уу гэж хэлсэн. Би нэг татсан. Тэгээд байж байтал нөхрийн утас нь дуугарсан. Нөхөр хувцастай цүнхээ аваад гарах гэхээр нь би явуулахгүй гэж хэлсэн. Тэгсэн нөхөр чамд хамаагүй гэж хэлсэн. Би нөхрийг чи намайг алчхаад гараарай гээд үүдэнд зогссон. Тэгсэн Ч хуванцар сандал аваад намайг цохисон. Үргэлжлүүлэн галын ховол, хөнгөн цагаан шанага зэрэг зүйлээр намайг олон удаа цохисон. Би айсан байсан. Зарим юмыг сайн санахгүй байна. Гэрээс гараад ээжийн гэрт очсон. Тэгсэн цагдаа ирээд нөхөр Ч-ийг аваад явсан. Би тэгээд эмнэлэгт очиж үзүүлсэн... Яг хэдэн удаа цохисныг хэлж мэдэхгүй байна. Галын ховол, хуванцар сандал, хөнгөн цагаан шанага, өөрийнхөө өмсөж байсан ботинк зэрэг эд зүйлээр нэлээн олон удаа цохисон. Одоо миний 2 гарын мөр, шуу, 2 хөл, гуя, шилбэ тэр чигээрээ хөндүүр хавдартай байгаа. Одоо бүр зүүн гар хөдөлж болохгүй байгаа. Яг яаж хэд цохисныг анзаараагүй. Ямар ч байсан нэлээн олон удаа цохисон... Нөхөр бид хоёр гэрлэлтийн гэрчилгээтэй. Би нөхөртэйгөө 2008 оноос хамт амьдарч байна. Бид хоёр дундаасаа 12, 7, 2 насны 3 хүүхэдтэй болсон. Надад санал гомдол байхгүй... Би өөрт учирсан хохиролтой холбогдуулж Н.Ч-ээс нэхэмжлэх зүйл байхгүй. Гэрт байсан өвчин намдаах эмээс 1 удаа уусан. Гэхдээ одоо биеийн байдал гайгүй байгаа. Би хэрэг гарах үед эмнэлэгт очиж тариа хийлгүүлсэн. Өөр эмчилгээ хийгээгүй... Миний зүүн гарын шуу хэсгээр хавдартай хөндүүр өвчтэй байгаа. Толгой жаахан манараад байгаа. Өөрөө биеийн байдал гайгүй байгаа... Ч намайг 2 гарны мөр, шуу, 2 гуя, шилбэ, цээжний дээд хэсэг, нурууны дал мөр хэсгээр Ч өөрийн өмсөж байсан ботинк, хөнгөн цагаан шанага зэрэг зүйлээр нэлээн олон удаа ээлжлээд цохисон... ” /хавтаст хэргийн 9, 12, 14 дүгээр хуудас/

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 10 дугаар сарын 04-ний орой 20 цагийн үед гэртээ байсан. Тэгсэн удалгүй Э-ийн 3 хүүхэд нь манайд гүйгээд ирсэн. Тэгсэн аав архи уусан, ээжийг зодоод байна гэж ирсэн. Би санаа зовоод сумын цагдаад утсаар мэдэгдсэн. Цагдаа дуудчихаад байж байтал охин Э гэрт ирсэн. Ер нь бол манай охиных манай гэрээс баруун тийш ойрхон байдаг. Тэгсэн цагдаа ирээд Ч-ийг аваад явсан. Гэрт охин Э ирсний дараа эмнэлэг дуудаж үзүүлсэн. Э манайд ирэхэд 2 гар, мөр, шуу, 2 хөл, гуя, нуруу хэсгээрээ нэлээн олон газар хөхрөлттэй, 2 мөр нь нэлээн хавдартай ирсэн. Биеийн аль нэг хэсгээс цус гараагүй байсан... Охин манайд ирээд нөхөр намайг галын ховол, хуванцар сандлаар гар, хөл, нуруу зэрэг газарт олон удаа цохисон гэж хэлж байсан. 2009 оноос хойш Э Ч нар айл гэр болсон. Тэр 2 дундаасаа 3 хүүхэдтэй болсон.” /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/

Шүүгдэгч Н.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 10 дугаар сарын 04-ний орой 20 цагийн үед гэртээ байсан. Би гэртээ ганцаараа Ерөөлийн 0,5 граммын архинаас бага зэрэг уучхаад хоол идээд байж байсан. Би урьд өдөр нь Цагаан хадны ойролцоо байх газарт ажлын байр байна гэхээр нь утсаар яриад очиж уулзаж үзэж болохоор бол ажиллая гэж бодоод Улаанбаатар хотоос Цагаан хад явах нэг эмэгтэй хүнтэй холбогдоод хамт явахаар өдөр ярьсан байсан. Тэгсэн тэр орой 20 цагийн үед тухайн эмэгтэй над руу залгаад би Цогт-Овоо суманд ирсэн байна та хаана байна явах юм уу гэж хэлсэн. Тэгсэн манай эхнэр Э хардаад явуулахгүй гээд хаалган дээр очоод алдалж зогсоод явуулахгүй гээд маргалдсан. Би Э-ийг хажуу тийш нь түлхээд явах гэхэд явуулахгүй гээд маргалдаж, хөл гараас зуураад тавихгүй байсан. Эхнэр намайг чи угаасаа хямдхан хөгшин хөсрийн авгай руугаа явах гэж байгаа биз дээ чиний урагшаа явж ажил хийнэ гэж юу байдаг юм гээд хардаад хэрүүл үүсгээд бид хоёр хэрэлдсэн. Тэгээд миний уур маш их хүрээд уураа барьж дийлээгүй амьдралын төлөө явж ажил хийх гэж байхад хий хоосон хардаж байна гээд эхнэр Э-ийг баруун гараараа зүүн мөр рүү нь алгадаж 2-3 удаа цохисон. Би эхнэрийг яах гэж хэрэлдээд яах гэж хардаад байдаг юм гээд би гутлаа тайлаад эхнэрийн 2 мөрний доод булчин хэсэгт, 2 гуя, хөл рүү нь хэд хэд цохисон. Бас би уурандаа эхнэрийг 2 гуя руу нь ээлжилж өшиглөсөн, мөн галын ховлоор мөр болон гар, гуя руу нь хэд хэдэн удаа цохисон. Харин эхнэрийн толгой хэсэгт нь бол хүрээгүй. Гар, мөр, хөл, цээжин хэсэгт нь хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед би толгойд нь хүрэхгүй гэж бодсон. Намайг эхнэр байнга хардаж байдаг. Урьд өмнө нь ажилладаг байсан газрын эмэгтэй хүмүүс болон эмэгтэй найз нөхөдтэй байнга хардаж миний найз нөхдийг надаас хөндийрүүлж байдаг. Тухайн өдөр бол Со-д Монгол шатахуун түгээх газрын эрхлэгчтэй хардаж уурлаад байсан. Намайг байнга хардаж тэсэж тэвчих байж суух газаргүй болтол элдэв янзаар хэлдэг. Би тухайн үед тэсэлгүй уурлаж Э-ийн биед халдсан... Би эхнэр Э-тэй хамт амьдраад 14 жил болж байгаа. Бид дундаасаа 2, 9 настай охин, 13 настай хүү байгаа. 3 хүүхэдтэй. Эхнэр бид 2 гэрлэлтийн гэрчилгээтэй...” /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 515 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Т.Э-ийн биед дух, нүүр, баруун, зүүн шуу, бугалга, цээж, баруун, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Т.Э-ийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Т.Э-ийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/

Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/

Шүүгдэгч Н.Ч-ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/

Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой зэрэг нотлох баримтууд /хавтаст хэргийн 40-48 дугаар хуудас/ байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Ч-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Н.Ч өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв. 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Н.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн орчимд Өмнөговь аймаг, Цогт-Овоо сум, 2 дугаар баг, Дэнжийн 203 тоотод эхнэр Т.Э-ийг хардсан гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хуванцар сандал, галын ховил, шанага зэрэг зүйлсээр цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Т.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би нөхрийг чи намайг алчхаад гараарай гээд үүдэнд зогссон. Тэгсэн Ч хуванцар сандал аваад намайг цохисон. Үргэлжлүүлэн галын ховол, хөнгөн цагаан шанага зэрэг зүйлээр намайг олон удаа цохисон... Яг хэдэн удаа цохисныг хэлж мэдэхгүй байна. Галын ховол, хуванцар сандал, хөнгөн цагаан шанага, өөрийнхөө өмсөж байсан ботинк зэрэг эд зүйлээр нэлээн олон удаа цохисон. Одоо миний 2 гарын мөр, шуу, 2 хөл, гуя, шилбэ тэр чигээрээ хөндүүр хавдартай байгаа. Одоо бүр зүүн гар хөдөлж болохгүй байгаа. Яг яаж хэд цохисныг анзаараагүй...  ” /хавтаст хэргийн 9, 12, 14 дүгээр хуудас/,

Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 04-ний орой 20 цагийн үед гэртээ байсан. Тэгсэн удалгүй Э-ийн 3 хүүхэд нь манайд гүйгээд ирсэн. Тэгсэн аав архи уусан, ээжийг зодоод байна гэж ирсэн. Би санаа зовоод сумын цагдаад утсаар мэдэгдсэн. Цагдаа дуудчихаад байж байтал охин Э гэрт ирсэн. ...Э манайд ирэхэд 2 гар, мөр, шуу, 2 хөл, гуя, нуруу хэсгээрээ нэлээн олон газар хөхрөлттэй, 2 мөр нь нэлээн хавдартай ирсэн. Биеийн аль нэг хэсгээс цус гараагүй байсан... Охин манайд ирээд нөхөр намайг галын ховол, хуванцар сандлаар гар, хөл, нуруу зэрэг газарт олон удаа цохисон гэж хэлж байсан.” /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 515 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Ч нь хохирогч Т.Э-ийн биед халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

Мөн шүүгдэгч Н.Ч нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсч үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Ч-ийн үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заасан байна.

Шүүгдэгч Н.Ч, хохирогч Т.Э нар нь 2008 оноос хойш хамт амьдарч гэрлэлтээ батлуулсан бөгөөд дундаасаа 3 хүүхэдтэй болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх ба, дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж дүгнэлээ.  

Иймд шүүгдэгч Н.Ч-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.    

Шүүгдэгч Н.Ч нь хохирогч Т.Э-ийн эрүүл мэндэд нь дух, нүүр, баруун, зүүн шуу, бугалга, цээж, баруун, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байх ба хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол саналгүй тухай мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.    

Шүүгдэгч Н.Ч-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ. 

Шүүх шүүгдэгч Н.Чийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.         

Шүүгдэгч Н.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Т.Э хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Н-ийн Ч-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.Ч нь шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч Н.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Т.Э хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                           

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ