Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/113

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч Ж.П,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                                         

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ж-ы П-д холбогдох 2128002210112 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

   Биеийн байцаалт: 

   Монгол Улсын иргэн, ..........................     

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

   Шүүгдэгч Ж.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн орчимд Өмнөговь аймаг, Гурвантэс сумын Бага-Овоо 5 дугаар багт байх нүүрс тээврийн замд П.А-тай үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа хутгаар хохирогч А.С-ын баруун бугалганд хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ж.П-г яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.П шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: А.С-ын гарт хутгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. 2021 оны 08 дугаар сарын 17-ны орой А.С ах, Баяраа ах бид 3 нэг цуваанд ороод явж байгаад түр зогсоод сууж байхад А хүрч ирээд үл ойлголцон муудалцаж байхад А.С ах дундуур орж ирж гарыг нь хутгалсан гэв.

Хохирогч А.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нүүрс тээврийн машины оочирт зогсож байхад П нь намайг дуудаж өөрийнхөө машинд оруулж айраг уусан. Орой нь 17 цаг өнгөрч байхад А гэдэг жолооч ирээд П-д май энэ утсаа ав би ямар хулгай ч     юм уу гэж хэлээд П-гийн хөл рүү нэг өшиглөөд утсыг нь өгсөн. П машин руугаа гүйж ороод хутга аваад эргээд А дээр ирсэн. Би чамайг одоо алчихъя гэхэд А хараад зугтчихсан. Тэгэхэд нь би машиныхаа хажууд зогсож байгаад юун хутга вэ боль чи хутгаа надад өг гэж хэлсэн. Би нэг мөсөн дуусгачихъя гээд хутгаа баруун гараараа толгойныхоо хажууд барьчихсан байхаар нь би хутгыг нь авах санаатай 2 гараа өргөхөд миний баруун гарын 2 толгойт булчингийн доод хэсэгт нэг удаа хутгалаад сэт татаад хаячихсан. Тэгэхэд миний баруун гараас ихээр цус гарч эхэлсэн. П нь хутгаа бариад А-ийн араас хөөгөөд явсан. Миний машины ойролцоо зогсож байсан Б, Б гээд 2 хүн ирж миний цусыг боосон. Тухайн үед миний булчин зүсэгдээд мах нь зүсэгдээд доошоо унжсан байсныг Ба, Ба нар буцааж дараад даавуугаар боосон. Удаагүй байхад эмч ирээд намайг Гурвантэс сумын төв рүү авч явсан. Тухайн үед цус их алдсанаас болоод би шоконд ороод ухаан санаа орж гараад байсан. Гурвантэс сумын эмнэлэгт очиж 16 ширхэг оёдол тавиулсан. Миний баруун гарын эрхий, долоовор, дунд хуруунуудын шөрмөс нь тасарчихсан байна гэж хэлсэн... Би баруун гарынхаа 2 толгойт булчингаа хутгалуулсан, өөрөөр гэмтэл бэртэл шарх байхгүй. Хутгалуулснаас болж баруун гарын эрхий, долоовор, дунд хуруунууд хөдлөхгүй байгаа. Би Пгээс эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Хурдан хугацаанд эмчилгээ хийлгэмээр байна. П нь цагаан төмөр иштэй хятадын 20-30 орчим см урттай хутгаар намайг хутгалсан... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэрэг гарах үед би өөрөө урдуур нь орж санамсаргүйгээр хутгалуулчихсан. Ж.П надад эмчилгээний зардалд нийт 2,700,000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Би уг мөнгийг эмчилгээний зардалдаа зарцуулж байна... Би одоогийн байдлаар эмчилгээний зардалд ойролцоогоор 1,700,000 төгрөг зарцуулаад байна. Төлбөрийн баримтууд нь надад байгаа ба одоогоор нийт 961,323 төгрөгийн баримт байгааг би хэрэгт хавсаргаж өгүүлнэ. Гэхдээ миний эмчилгээ дуусах болоогүй байна.” /хавтаст хэргийн 19-20, 24, 31 дүгээр хуудас/  

Гэрч С.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нүүрс тээврийн замын уурхайн эхлэл хэсгээс 22 км зайд орших “Морин заг” суурьшлын бүсийн ойролцоо замын хяналт шалгалт хийж байсан. 19 цаг 40 минутын үед миний машины хажуугаар хоёр эрэгтэй гүйж өнгөрсөн ба араас нь гүйж байсан хүн гартаа хутга барьсан байсан. Би тэр даруйд нь Гурвантэс сумын цагдаагийн тасагт дуудлага өгсөн. Удалгүй А гэх нүүрс тээврийн жолооч миний машинд орж ирээд “Араас хутгатай хүн хөөгөөд байна” гэж хэлэхээр нь би машинаа хөдөлгөж журмын хашаа руу явсан. Журмын хашаан дээр очоод А-г буулгачхаад эргэн “Морин заг” суурьшлын бүс рүү явсан. Намайг “Морин заг”-т очих үед хутга бариад гүйж байсан залуу сайжруулсан шороон замын хажууд сууж байсан. Би тэр залуу дээр очих үед баруун гартаа хутгаа барьчихсан байхаар нь “Хутгаа тавь” гэж хэлэхэд хутгаа газар хаяад босоод ирэхээр нь машиндаа суулгаад хутгыг нь авсан. Тэр залуу хэлэхдээ “Би Эко глобал ложистик ХХК-ийн нүүрс тээврийн жолооч ажилтай, сая А гэдэг хүнийг айлгах гэж байгаад С гэдэг жолоочийг хутгалчихлаа” гэж байсан. Би П-г машинаасаа буулгалгүй байлгаж байгаад цагдаа ирэхэд хутганы хамт хүлээлгэж өгч А-тай уулзуулсан. Би өөр зүйл мэдэхгүй. А эрүүл хүн шиг харагдаж байсан. Тэрнээс ямар нэгэн архи согтууруулах ундаа үнэртээгүй. П бол согтуу байсан ба илт архи үнэртэж байсан. Мөн хэл яриа нь тултирч согтуу гэдэг нь илт байсан.” /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/

Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би өнөөдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Шивээхүрэн хилийн боомтод Covid-19 вирусийн шинжилгээний оношлуур хүлээж авч байхад С эмчид “хүн их хэмжээний цус алдаад байна” гэсэн дуудлага ирсэн. Тус дуудлагын дагуу Сарантуяа эмч бид хоёр хэргийн газарт очсон. Тус газар нь нүүрс тээврийн замын 24 дэх километрт байсан. Бид хоёр ойролцоогоор 5-10 минутын дараа хэргийн газарт очиж хутгалуулсан хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвд хүргэж ирсэн. Биднийг анх очиход хутгалуулсан хүн машиныхаа хажууд зогсож байсан ба баруун гараас нь их хэмжээний цус алдсан байдалтай байсан. С эмч бид хоёр тэр хүний баруун гарын хоёр толгойт булчинг харахад гүн зүсэлттэй шарх байсныг боож хутгалуулсан хүнд цус тогтоох, өвчин намдаах үйлчилгээтэй “Дицино”, “Анилгин”, “Димидрол” гэх нэртэй тариа тарьж бас “Валидол” зүрхний эм уулгасан. Сарантуяа эмч бид хоёр хэргийн газарт очих үед хутгалуулсан хүнээс гадна өөр хоёр жолооч байсан. Тэр хоёр хүний нэг нь дуудлага өгсөн байсан. Тэр хоёр хэлэхдээ энэ хүнийг зүгээр байж байхад хутга дүрчхээд яваад өгсөн гэж ярьж байсан. Би тэр хоёр жолоочийг танихгүй.” /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/

Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Шивээхүрэн хилийн боомтод байж байхад 21 цагийн үед үл таних дугаараас “Нүүрс тээврийн 24 дэх километрийн шонгийн ойролцоо хүн цус алдаад байна яаралтай ирээрэй” гэсэн дуудлага өгсөн. Би тус дуудлагын хүлээж авмагцаа хамт ажилладаг Тунгалагсайхантай хамт дуудлагын газар руу явсан. Бид хоёр ойролцоогоор 10 минут явж өвчтөн дээрээ очсон. Бид хоёр цус алдсан гэх хүн дээр очиход тэр хүн машиныхаа хажууд зогсож байсан ба баруун гараас нь их хэмжээний цус алдсан байдалтай харагдаж байсан. Тэр хүний биед баруун гарын хоёр толгойт булчингийн доод хэсэгт том хэмжээний зүсэлтийн шархтай байсан ба цус их хэмжээгээр алдсан байсан. Мөн тэр хүнээс архи үнэртэж байсан. Би өвчтөнд өвчин намдаах эм өгсөн, мөн цус тогтоох тариа тариад зүсэгдсэн хэсэгт боолт хийж эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлж дараагийн шатлалтын эмнэлэг буюу Гурвантэс сум дахь Эрүүл мэндийн төвд хүргэж ирсэн. Одоогийн байдлаар өвчтөний биеийн байдал хэвийн байна. Сүүлд эмнэлэгт хүргэгдсэний дараа амин үзүүлэлтүүдийг шалгахад хэвийн байсан. Намайг хэргийн газарт очих үед тэнд хохирогчоос гадна хоёр хүн байсан. Тэр хоёр хүн “Энэ хүнийг хутгалсан хоёр хүн зугтаагаад явсан” гэж байсан. Би тэр хоёр жолоочийг танихгүй. Би эмнэлгийн тусламж үзүүлж байсан тул тэр хоёр руу анхаараагүй.” /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/

Гэрч П.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн орой 19-20 цагийн үед манай компанийн жолооч нар болох Т, П нар миний машинд байж байгаад явсан. Хэсэг хугацааны дараа би “Морин заг” суурьшлын бүсэд очиж хүнсээ авч байхад П над дээр ирээд “Чи миний гар утсыг хулгайлсан байна” гэж уурлаад давшлаад байсан. Удалгүй бид хоёр салаад явсан. Өчигдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн үдээс хойш 17-18 цагийн үед машиныхаа ойролцоо явж байхад миний машинаас 5-6 метрийн зайд газар П-гийн гар утас хэвтэж байсан. Би тэр утсыг аваад орой 20 цагийн үед “Морин заг” суурьшлын бүс рүү явж байхад замд С ах харагдахаар нь би хүрээд очсон. Тэгтэл С ахтай хамт П, өөр нэг танихгүй жолооч байсан. Тэр гурав халамцуу харагдаж байсан. Би П-д хандаж “Чи хүнийг хулгайч гэж хардаад байсан, өөрөө утсаа хаячихсан байсан байна, утсаа ав” гэж хэлтэл тэр утас нь С ахаас түр авсан утас нь байсан тул би С ахад өгсөн. Тэгтэл П “Чи хулгай хийчхээд бантсандаа авчирч өгсөн байна уу” гэж хэлсэн. Энэ үед миний уур хүрээд хажуугаар нь гарахдаа бакал руу нь өшиглөсөн. П босож ирээд “Сайхан зодолдъё” гэж хашхираад цамцаа тайлаад шидсэн. Энэ үед С ах болон хамт байсан нэг ах П-г боль гэж хэлж хорьсон. Тэгсэн чинь П “Би та нарыг одоохон ална” гэж хэлээд гүйгээд явсан. Энэ үед би “П нэг юм машинаасаа аваад ирэх вий” гэж бодоод хойноос нь харж байхад П машиныхаа кабинаас хутга авч гарч ирээд бид нар руу чиглээд гүйсэн. Гүйж байхдаа хутганыхаа ишийг юмаар ороож байсан. Би тэр үед нь зугтаах гээд С ахад “Зугтацгаая наадах чинь хутгатай байна, наадах чинь согтуу байна” гэж хэлсэн. Тэгтэл С ах “Наадах чинь юугаараа хүн хутгалдаг юм, худлаа жүжиглэж байгаа биз” гэж хэлсэн. С ах бид хоёр ярилцаад зогсож байхад П хүрч ирээд “За наад цээжнүүдээ аваад ир” гэж хашхираад хутгаа далайж дайрсан. Энэ үед С ах “Хүүе чи боль юундаа жүжиглээд байгаа юм” гэж хэлээд гараа алдалж зогстол П С ахын баруун гарыг нь дээрээс нь доош чиглэлд хутгалсан. Хутга нь зоогдоогүй хэгз татсан. Би тэр даруйд зугтаасан. Тэгтэл П миний араас хөөсөн. Би “Морин заг” суурьшлын бүс рүү зугтааж очсон ба тухайн үед гүйж бахардаад хашхирч чадахгүй байсан. Тэгээд зогсоолд байсан нүүрс тээврийн шалаанзыг тойроод эргэж гүйхдээ өмнө нь хажуугаар нь гүйж өнгөрсөн нүүрс тээврийн замын хяналтын машинд сууж жолоочид нь “Яваарай миний араас хутгатай хүн хөөгөөд байна” гэж хэлсэн. Тэр залуу шууд машинаа хөдөлгөөд яваад өгсөн. Бид хоёр “Морин заг” суурьшлын бүсийн захад байх журмын хашааны ойролцоо очоод цагдаа дуудсан. Би журмын хашаанд зам хяналтын залуу яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа цагдаа ирэхэд би гарч уулзсан.” /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн үдээс хойш нүүрс тээврийн 21 дэх километр тээврийн машинтайгаа цуваанд зогсож байсан. Тухайн үед С нь ажлаасаа бууж Улаанбаатар хот руу буцна гэж байсан ба 24 дэх километрт зогсож байгаа талаар нь мэдээд очиж уулзахаар явсан. Орой 16 цагийн үед С-ын машин дээр ирэхэд П, С, Б, Г нар байж байсан. Би С-ын машины кабинд орж хоол хийж идчихээд гараад ирэхэд Ганбаа Баатартай хамт машинд нь орчихсон байсан. С, П бид гурав гадаа С-ын машины хажууд сууж байхад манай компанийн А хүрээд ирсэн. Тэгээд А “Чи намайг утасны хулгайд хардлаа” гэж П-д хэлээд өшиглөсөн. Хаашаа өшиглөсөн талаар нь сайн санахгүй байна. П босоод А-тай зууралдсан. С бид хоёр тэр хоёрт хандан боль гэхэд салцгаасан. А дахин П-д хандаж “Чи намайг утсанд хардсан, мангар бацаан, чиний утас машины хажууд байсан байна” гэж хэлж хэрүүл хийгээд байсан. П Ад хандаж “Чамаас айхгүй шүү чи муу юу юм” гэж хэлээд машин руугаа гүйчихсэн. Тэгээд машиныхаа зүүн талын хаалгаар ороод баруун гар талын хаалгаар нь буугаад эргэж гүйсэн. Тэр замд нь би зогсож байсан П-д баруун гартаа хутга барьчихсан байхаар нь “Хүүш ээ, дүү минь юун хутга вэ? болиоч ээ” гэж хэлэхэд П “Хойшоо бай ах” гэж хэлээд намайг тойроод гүйчихсэн. Тэгээд П А-д хандан “Наад цээжээ аваад ир” гэж хэлээд хутгаа далайж дайрсан. Энэ үед нь С ах “Болио” гэж П-гийн урдуур орж гараа алдалж зогссон. Тэгтэл П далайсан чигтээ С ахын баруун гарын булчин хэсгийг огтолчихсон. Үүнийг харсан А зугтаагаад явсан араас нь П хөөгөөд явсан. Би С-ын машинаас эмнэлгийн хэрэгсэл авч гарыг нь боож цусыг нь тогтоох гэсэн боловч олигтой болохгүй байсан тул Баатарыг дуудаж хашхирсан. Удалгүй Баатар, Ганбаа хоёр буугаад ирсэн ба надад тусалж мөн тээврийн эмч дуудсан... Би сүүлийн 7-8 жил С-тай найзалж байна. Бид хоёр Шивээхүрэн хилийн боомтод хамт тээвэрт явдаг найзууд юм. С элдэв авир араншин байдаггүй, архи уухаараа унтаад өгдөг, бусадтай хэрүүл маргаан хийдэггүй эвээр учраа олдог. Би П-тэй 2021 оны 06 дугаар сард танилцсан. Энэ үеэс хойш цуваанд ойрхон явж байсан. П энгийн үедээ даруухан элдэв аашгүй байдаг. Хэрэг гарсан өдөр П согтуудаа хутга барьж хүн рүү дайрсанд би их гайхаж байгаа. Би Агийн талаар мэдэхгүй. Манай компанид ажилладаг гэж хэлсэн.” /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/

Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Ж.П-г 2019 оноос хойш мэднэ. Ж.П манай “Шивээхүрэн” хилийн боомтод 2019 онд анх манай нүүрс тээврийн компанид жолооч болж ирсэн. Би Ж.П-тэй сар хамт тээвэр хийсэн. Би компаниас гарч өөр тээврийн компанийн жолооч болсон. Ж.П бид хоёр нэг нутгаас ирсэн жолооч нар тул байнга холбоотой байж бусдаасаа илүү дотно найз нөхдийн холбоотой байсан. Ж.П нь  их дайчин ажилсаг, хүнд худлаа хэлдэггүй, хүнийг хуурч мэхэлдэггүй. Мөнгө төгрөг зээлэхээрээ цаг тухайд нь өгчихдөг их найдвартай шударга залуу. Ар гэрийн хувьд эхнэр нь Солонгос улс руу яваад өөрийг нь хаясан буюу салсан мөн багад нь аав, ээж нас барсан ба ганц дүү нь айлд өргөгдөж гэж хэлж байсан. Багаасаа их зовлон үзсэн залуу. Ж.П нь нүүрс тээврийн жолооч болсноосоо хойш элдэв хэрэг төвөг хэл аманд орж байгаагүй. Ажлаа чанартай сайн хийдэг залуу.” /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/

Гэрч В.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Ж.П-г 2019 оноос хойш мэднэ. Би 2019 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цэхэ боомтын бүсэд Хятад компанийн тогооч хийдэг байхад Ж.П над дээр ирж хоол унд иддэг байсан. 2019 оны сүүл үед Covid-19 цар тахлын улмаас би ажлаасаа халагдаж Шивээхүрэн хилийн боомтод очиж хувиараа хоол хийж зарах болсон. Ж.П нь намайг Шивээхүрэн хилийн боомтод очиж хувиараа хоол хийж зарах болсон. Ж.П нь намайг Шивээхүрэн хилийн боомтод ирсэн цагаас хойш хэрэг гарах хүртэл надаас өдрийн хоолоо худалдаж авдаг байсан. Миний мэдэхээр Ж.П нь архи уудаггүй. Надтай нэг ч удаа согтуу таарч байгаагүй. Бас ажлаа хаяж янз бүр болоод байдаггүй машин дээрээ тогтмол байж байдаг. Ж.П нь элдэв муухай аашгүй хүнд тусархаг сайхан сэтгэлтэй. Заримдаа Ж.П-г гуйж ажил хийлгэхэд ядрах, залхахыг мэдэхгүй. Ажлаа чанартай сайн хийдэг хичээнгүй залуу. Би Ж.П-гийн ар гэр ахуй амьдралыг сайн мэдэхгүй. Миний мэдэж байгаагаар бүтэн өнчин ганцаараа гэсэн бас эхнэр түүнийг хаяад Солонгос улс руу явсан гэж дуулж байсан.” /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/

Шүүгдэгч Ж.П мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би уг тогтоолын хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм бурууг ойлгож ухаарч байна. Би А.С-тай эвлэрсэн ба бид хоёрт уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа. Би 1988 онд Төв аймгийн Угтаал суманд ээж Ж-ы ууган хүү болж төрсөн. Бага насаа Төв аймгийн Батсүмбэр суманд өнгөрөөсөн. Эхээс хоёулаа дүү Нямсүрэн маань 1991 онд төрсөн ба багад нь айлд өргүүлсэн. Би 1998 онд Төв аймгийн Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуульд элсэн орж 2006 онд “Бүрэн бус дунд” боловсрол эзэмшиж төгссөн. Тэр үеэс хойш Улаанбаатар хотод очиж “Арилды” гэх арьс ширний үйлдвэрт туслах ажилтан хийж байгаад 2011 оноос Дархан-Уул аймагт байх Дархан төмөрлөгийн үйлдвэрийн Төмөртийн уурхайд хүнд даацын автомашины операторын ажил хийсэн. 2019 оноос хойш Шивээхүрэн хилийн боомтод нүүрс тээврийн жолооч хийж байна. 2010 онд Д гэх эмэгтэйтэй гэрлэж 2011 онд П.Энхжаргал охин маань мэндэлсэн. 2017 онд би эхнэр Д-сээ салсан ба охин маань ээжтэйгээ хамт амьдардаг. Гэхдээ Д бид хоёр хууль ёсоор гэрлэлтээ салгуулаагүй байгаа. Надад улсаас авсан гавьяа шагнал байхгүй. 2013 онд Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс танхайрсан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр 1 жил тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан. Би 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Шивээхүрэн” хилийн боомтын нүүрс тээврийн замын 23 дахь километрт ачаатай талын цуваанд зогсож байсан. Миний машины ар талд А.С ахын тээврийн машин байсан. Ер нь А.С ах бид хоёр хамтдаа нүүрс тээвэрт явдаг байсан. Тус өдөр би зам дагуу худалдаа хийдэг хүмүүсээс 5 литр айраг худалдаж авчхаад миний машины урд талд зогсож байсан манай компанийн жолооч Г ах дээр очсон. Удалгүй араас А.С ах ирсэн. Бид айргаа хувааж ууж байгаад А.С ахын машин дээр очсон. Тэгэхэд манай компанийн жолооч Б ах ирсэн. Тухайн үед Г ба ах бид хоёрт “Та хоёр Морин заг руу яваад нэг шил архи олоод над руу дансыг нь явуулчих” гэж хэлсэн. Түүний дагуу Б ах бид хоёр архи хайж яваад ололгүй эргээд машин руугаа алхаж байхад өөдөөс А.С ах, Га ах, Б ах гурав өөдөөс ирж байсан. Бид нар тавуулаа болоод буцаад А.С ахын машин руу явсан. Бид нар А.С ахын машины хажууд очоод сандал дэлгэж сууцгаахад Г ах өврөөсөө архи гаргаж ирсэн. Тус 1 шил 0,75 литрийн савлагаатай “Соёрхол” архиа бид нар хувааж ууцгаасан. Гэхдээ Баатар ах архинаас огт амсаагүй. Бид нар архиа ууж дуусаж байхад Батаа ах яваад өгсөн дараа нь манай компанийн жолооч Б ах хүрээд ирсэн. Тэгтэл А.С ах дахиад 1 шил 0,75 литрийн савлагаатай “Соёрхол” архи гаргаж ирсэн. Бид нар тэр архийг ууцгаасан. Б ах огт архи уугаагүй. Архиа ууж дуусахад би их согтсон байхад А ирсэн. А надад хандаж “Чиний ямбий утас утсыг хэн авдаг юм” гэж хэлээд миний зүүн хөлийн шилбэ хэсэг рүү өшиглөсөн. Би уурлаад А-тай зууралдаж авсан. Энэ үед хамт байсан жолооч нар маань биднийг салгасан. Би А-г айлгах гэж машин руугаа очиж хоолны хутгаа аваад эргэж А руу алхаж очсон. Хутгаа далайж савах үед А.С ах гэнэт урдуур орж ирээд миний хутганд өртчихсөн. А зугтаагаад гүйхээр нь би араас нь гүйсэн. А Морин заг руу ороод алга болчихсон. Би А-г гүйцээгүй. Тэгээд амьсгаагаа дараад сууж байтал нүүрс тээврийн замын хяналтын ажилтан ирээд намайг машиндаа суулгаад цагдаа нарыг ирэхэд хүлээлгэж өгсөн... Би сайн дураараа А.С ахад хоёр удаа нийтдээ 2,700,000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. А.С тус мөнгийг эмчилгээний зардалдаа зарцуулна гэж хэлсэн.” /хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 418 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “А.С-ын биед баруун бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. А.С-ын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Н.Алтанбаганын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 115 дугаар хуудас/

Шүүгдэгч Ж.П-гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 145 дугаар хуудас/

Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хавтаст хэргийн 148 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 76 дугаар хуудас/   

Хохирол төлбөр төлсөн баримт /хавтаст хэргийн 132, 135 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 72-75, 78-79, 138-139 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ж.П-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Ж.П өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв. 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: 

Шүүгдэгч Ж.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн орчимд Өмнөговь аймаг, Гурвантэс сумын Бага-Овоо 5 дугаар багт байх нүүрс тээврийн замд П.А-тай үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа хутгаар хохирогч А.С-ын баруун бугалганд хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч А.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нүүрс тээврийн машины оочирт зогсож байхад П нь намайг дуудаж өөрийнхөө машинд оруулж айраг уусан. Орой нь 17 цаг өнгөрч байхад А гэдэг жолооч ирээд П-д май энэ утсаа ав би ямар хулгай ч юм уу гэж хэлээд П-гийн хөл рүү нэг өшиглөөд утсыг нь өгсөн. П машин руугаа гүйж ороод хутга аваад эргээд А дээр ирсэн. Би чамайг одоо алчихъя гэхэд А хараад зугтчихсан. Тэгэхэд нь би машиныхаа хажууд зогсож байгаад юун хутга вэ боль чи хутгаа надад өг гэж хэлсэн. Би нэг мөсөн дуусгачихъя гээд хутгаа баруун гараараа толгойныхоо хажууд барьчихсан байхаар нь би хутгыг нь авах санаатай 2 гараа өргөхөд миний баруун гарын 2 толгойт булчингийн доод хэсэгт нэг удаа хутгалаад сэт татаад хаячихсан. Тэгэхэд миний баруун гараас ихээр цус гарч эхэлсэн...” /хавтаст хэргийн 19-20, 24, 31 дүгээр хуудас/,

Гэрч С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Намайг “Морин заг”-т очих үед хутга бариад гүйж байсан залуу сайжруулсан шороон замын хажууд сууж байсан. Би тэр залуу дээр очих үед баруун гартаа хутгаа барьчихсан байхаар нь “Хутгаа тавь” гэж хэлэхэд хутгаа газар хаяад босоод ирэхээр нь машиндаа суулгаад хутгыг нь авсан. Тэр залуу хэлэхдээ “Би Эко глобал ложистик ХХК-ийн нүүрс тээврийн жолооч ажилтай, сая А гэдэг хүнийг айлгах гэж байгаад С гэдэг жолоочийг хутгалчихлаа” гэж байсан. Би П-г машинаасаа буулгалгүй байлгаж байгаад цагдаа ирэхэд хутганы хамт хүлээлгэж өгч А-тай уулзуулсан.” /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

Гэрч Д.Т-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Шивээхүрэн хилийн боомтод Covid-19 вирусийн шинжилгээний оношлуур хүлээж авч байхад С эмчид “хүн их хэмжээний цус алдаад байна” гэсэн дуудлага ирсэн. Тус дуудлагын дагуу С эмч бид хоёр хэргийн газарт очсон. Тус газар нь нүүрс тээврийн замын 24 дэх километрт байсан. Бид хоёр ойролцоогоор 5-10 минутын дараа хэргийн газарт очиж хутгалуулсан хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвд хүргэж ирсэн. Биднийг анх очиход хутгалуулсан хүн машиныхаа хажууд зогсож байсан ба баруун гараас нь их хэмжээний цус алдсан байдалтай байсан. ...С эмч бид хоёр хэргийн газарт очих үед хутгалуулсан хүнээс гадна өөр хоёр жолооч байсан. Тэр хоёр хүний нэг нь дуудлага өгсөн байсан. Тэр хоёр хэлэхдээ энэ хүнийг зүгээр байж байхад хутга дүрчхээд яваад өгсөн гэж ярьж байсан. Би тэр хоёр жолоочийг танихгүй.” /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

Гэрч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Шивээхүрэн хилийн боомтод байж байхад 21 цагийн үед үл таних дугаараас “Нүүрс тээврийн 24 дэх километрийн шонгийн ойролцоо хүн цус алдаад байна яаралтай ирээрэй” гэсэн дуудлага өгсөн. Би тус дуудлагын хүлээж авмагцаа хамт ажилладаг Тунгалагсайхантай хамт дуудлагын газар руу явсан. Бид хоёр ойролцоогоор 10 минут явж өвчтөн дээрээ очсон. Бид хоёр цус алдсан гэх хүн дээр очиход тэр хүн машиныхаа хажууд зогсож байсан ба баруун гараас нь их хэмжээний цус алдсан байдалтай харагдаж байсан. Тэр хүний биед баруун гарын хоёр толгойт булчингийн доод хэсэгт том хэмжээний зүсэлтийн шархтай байсан ба цус их хэмжээгээр алдсан байсан. ... Намайг хэргийн газарт очих үед тэнд хохирогчоос гадна хоёр хүн байсан. Тэр хоёр хүн “Энэ хүнийг хутгалсан хоёр хүн зугтаагаад явсан” гэж байсан.” /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

Гэрч П.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...П машиныхаа кабинаас хутга авч гарч ирээд бид нар руу чиглээд гүйсэн. Гүйж байхдаа хутганыхаа ишийг юмаар ороож байсан. Би тэр үед нь зугтаах гээд С ахад “Зугтацгаая наадах чинь хутгатай байна, наадах чинь согтуу байна” гэж хэлсэн. Тэгтэл С ах “Наадах чинь юугаараа хүн хутгалдаг юм, худлаа жүжиглэж байгаа биз” гэж хэлсэн. С ах бид хоёр ярилцаад зогсож байхад П хүрч ирээд “За наад цээжнүүдээ аваад ир” гэж хашхираад хутгаа далайж дайрсан. Энэ үед С ах “Хүүе чи боль юундаа жүжиглээд байгаа юм” гэж хэлээд гараа алдалж зогстол П С ахын баруун гарыг нь дээрээс нь доош чиглэлд хутгалсан. Хутга нь зоогдоогүй хэгз татсан. Би тэр даруйд зугтаасан.” /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/

Гэрч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...П А-д хандаж “Чамаас айхгүй шүү чи муу юу юм” гэж хэлээд машин руугаа гүйчихсэн. Тэгээд машиныхаа зүүн талын хаалгаар ороод баруун гар талын хаалгаар нь буугаад эргэж гүйсэн. Тэр замд нь би зогсож байсан П баруун гартаа хутга барьчихсан байхаар нь “Хүүш ээ, дүү минь юун хутга вэ? болиоч ээ” гэж хэлэхэд П “Хойшоо бай ах” гэж хэлээд намайг тойроод гүйчихсэн. Тэгээд П А-д хандан “Наад цээжээ аваад ир” гэж хэлээд хутгаа далайж дайрсан. Энэ үед нь С ах “Болио” гэж Пгийн урдуур орж гараа алдалж зогссон. Тэгтэл П далайсан чигтээ С ахын баруун гарын булчин хэсгийг огтолчихсон. Үүнийг харсан А зугтаагаад явсан араас нь П хөөгөөд явсан.” /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 418 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Ж.П-гийн хохирогч А.С-ын баруун бугалганд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.П-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.     

Шүүгдэгч Ж.П нь хохирогч А.С-ын эрүүл мэндэд нь баруун бугалганд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байх ба хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “Ж.П надад эмчилгээний зардалд нийт 2,700,000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.     

Шүүгдэгч Ж.П-гийн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.   

Шүүх шүүгдэгч Ж.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч Ж.П нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Сад хохирол төлбөрт 2,700,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Ж-ы П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П-д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ж.П нь шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.        

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Шүүгдэгч Ж.П нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Са-д хохирол төлбөрт 2,700,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ