Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2017/01812

 

 

 

 

 

 

    2017 оны 06 сарын 20 өдөр    Дугаар 181/ШШ2017/01812     Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч:  “Ч ” ХХК-д холбогдох

Гэм хорын хохиролд 200.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Э, иргэдийн төлөөлөгч Э.Б, нарийн бичгийн даргад Б.Жаргалсүрэн нар оролцов.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.А миний хүүхдүүд болох талийгаач Б /12 настай/, Б /11 настай/ нар нь 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Ч ”  ХХК-ийн ашиглалтын талбайд газар ухаж нөөцөлсөн усанд живж зуурдаар нас барсан. Уг хэрэг гарснаас хойш хүүхдүүдийнхээ амь насны хохирлыг хэнээс нэхэмжлэхээ мэдэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн.

Энэ хэргийг анх Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ц 2007 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор хэрэгсэхгүй болгож, 2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Улсын ерөнхий прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан Улсын ерөнхий прокурорын туслах Болдын 5/97 дугаартай албан бичгийг Б.А д ирүүлсэн.

 Энэхүү албан бичигт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэсэн нь хууль зөрчсөн байх бөгөөд 2 хүүхдийн амь нас хохирсон нь Усны тухай хууль, Газрын хэвлийг ашиглах тухай хууль тогтоомжуудыг зөрчсөн эсэх тухай түүнчлэн орон нутгийн засаг захиргаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэж байсан.

Дараа нь Улсын мөрдөн байцаах газраас болон Нийслэлийн прокурорын газраас намайг нэг ч удаа дуудаж уулзалгүйгээр  2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож 100 дугаартай тогтоолыг нийслэлийн прокурор Ж.Г гаргасан. Би энэ тогтоолд өөрөө болон өмгөөлөгчөөрөө дамжуулан шат шатанд нь олон гомдол гаргасаар байсан. Би хүний эрхийн үндэсний комисс, Улсын Ерөнхий прокурор, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарт гомдол гаргаж байсан.

Хамгийн сүүлд Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Э 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 1/1275 дугаартай мэдэгдэх хуудас ирүүлсэн.

Тус мэдэгдэх хуудсанд 2 хүүхдийн амь нас хохирсон байхад хэрэгт цугларсан нотлох баримтад бодитой дүгнэлт хийгээгүй гэм хорын хохирлын асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул тогтоолыг дараах байдлаар өөрчилсөн.

Уг тогтоолд “Ч ” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших 1816Х тусгай зөвшөөрөлтэй талбайд 20х18 метрийн хэмжээтэй 3 м гүн нүх ухаж булгийн ус хуримтлуулж ашиглахдаа Монгол Улсын Усны тухай хуулийн 22.1, 23.1, 24, 26.1, 27.1 дэх заалтуудыг зөрчиж сумын засаг даргатай гэрээ байгуулж зөвшөөрөл аваагүй, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 25.1.2 дахь заалтуудыг зөрчиж ухсан нүхээ булж бөглөж нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас 2 хүүхдийн амь нас хохирч гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдсон байна. Энэхүү гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэрэг байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, гэм буруутай албан тушаалтнуудыг эрүүгийн хариуцлагад татах боломжгүй байна. “Ч ” ХХК-иас гэм хорын хохирлоо арилгуулах талаар иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн байсан.

Иймээс бид иргэний шүүхэд хандсан. Монгол Улсын Үндсэн хуульд хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл  Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Хятад хүмүүсийн хүнсэнд хэрэглэх ногоо тарих зорилгоор хятад хүний ухсан нүхэнд хоёр хүүхэд унаж нас барсан. Тусгай зөвшөөрлөө хуульд заасан журмаар авсан л  байх. Гэхдээ хоёр хүүхдийн амь нас хохирсноос хойш тэдний ээж Б.А ын бие маш их доройтсон. Ганц энэ хүн биш ар гэрийн бүх л хүмүүс нь сэтгэлийн зовлонтой байгаа.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Бямбадорж орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компанид хүний эрх хэрхэн хэрэгжиж байгаатай танилцаж ТВ-9 телевизээр “Эзэнгүй төрийн эмгэнэл” нэртэй нэвтрүүлэг гарч тухайн өдөр болсон эмгэнэлт явдлын тухай ярьж ярилцлага өгсөн. Энэ үеэс эхлэн миний амьдралд тохиолдсон уй гашууг бүх хүмүүс мэддэг болж иргэд хоорондоо ярьж, олон нийтийг хамарсан цуглаан, найр наадамд явах боломжгүй болсон. Энэ бүхнээс болоод Б.А ын нэр хүнд нь гутаагдсан.

Б.А урагшаа Хятад ойрхон тул явж эмчилгээнд орсон Улаанбаатар хотод ирж сэтгэл заслын эмчилгээнд орсон, цаашид гэр бүлийн хүн Л.Б ыг хамт орох шаардлагатай гэсэн.

Иймд Эрүүгийн хэргийн төв архиваас баримт хуулбарлахад төлсөн 56.000 төгрөг, сэтгэшгүй ухаан эмнэлэгт үзүүлсэн төлбөрт 30.000 төгрөг, шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахад үзүүлсэн төлбөр 30.000 төгрөг, нотариатын хөлс 46.800 төгрөг, Монгол шуудан ХХК-д тушаасан 28380 төгрөг, замын зардалд 44300 төгрөг, зуун наст эмнэлэгт шинжилгээний төлбөрт 60.000 төгрөг, хэвтэн эмчлүүлсэн төлбөрт 245000 төгрөг, И ХХК-ийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн төлбөрт 450.000 төгрөг, өмгөөллийн хөлс 20.000.000 төгрөг, шатахууны зардалд 302.000, буудлын зардалд 275.000, малчин авч ажиллуулсны зардалд 8.400.000, эм авч уусан 90.000, БНХАУ-ын Өвөр монголын эзэнт хошууны эмнэлгийн эмчилгээ хийлгэсэн зардалд 357.450, 2017 онд хагалгаанд орсон 1.218.550 төгрөгийг тус тус төлж нийт 31.997.780 төгрөгийг зарцуулаад байгаа бөгөөд  цаашид гарах зардал болох /Б.А , Л.Б нарт сэтгэл заслын эмчилгээ хийлгэхэд  2.400.000 төгрөг, хотод байр түрээслэхэд 24.000.000 төгрөг, малчны ажлын хөлс төлөхөд 4.200.000 төгрөг/ нийт 30.600.000 төгрөг,  Б.А д учирсан нэр төр, сэтгэл санааны хохиролд 137.402.220 төгрөг нийт 200.000.000 төгрөгийг “Ч ” ХХК-иас гаргуулан өгнө үү гэв

Хариуцагч “Ч ” ХХК-ийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ хэрэг нь манай ашиглалтын талбайд гарсан. Манай компани нь Монгол Хятадын хамтарсан компани бөгөөд 2005 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тогтвортой байдлын гэрээгээ байгуулан үйл ажиллаагаагаа явуулж байна. Тухайн үед ашиглалтын 4 лицензтэй байсан. Уг хэрэг гарсан газар нь Баярсайханы эзэмшлийн газар, малын бэлчээр байсан бол өөр  хэрэг, гэтэл энэ нь ашиглалтын хайгуулын талбай бөгөөд хэн дуртай нь ордог газар биш юмаа.

Баярсайхан гэдэг айлыг ашиглалтын талбайгаас нүүлгэн хороо, хашаа, худаг усыг нь гаргаж өгсөөр байхад хуучин газраа очиж буусан байсан.  Нэхэмжлэгч тэр  нүхийг ногоо тарих зориулалтаар ус хуримтлуулах гэж ухсан нүх гээд байгаа нь худлаа юмаа, технологийн зориулалттай ашиглах усны нүх байсан. Эцэг, эхийн хараа хяналтгүй байдлаас болж харамсалтай зүйл болсон. Бид ажил явдалд зориулж 17000 юань буюу 2.550.000 төгрөгийг өгсөн.

Энэ үйл явдлаас өмнө манай компани Б.А ын том хүүг Эрдэнэт хотод сургаж компанидаа экскаваторчин хийлгэж байсан, ажилдаа сайн хүү байсан. Тэр хүүг ажлаас гарснаас хойш сүүлд өмгөөлөгч аваад ийм зүйл яриад байгаа юмаа. Энэ золгүй явдал Гурвантэс сумын засаг даргын захирамжийг зөрчиж захирамжаар эзэмшүүлсэн “Бударгана ус" гэх өөрийн эзэмшлийн газарт нутаглаагүй, эцэг эх нь хүүхдээ хараа хяналтгүй орхисон, асран хамгаалах үүргээ биелүүлээгүй, хайхрамжгүй үйлдлээс болж дээрхи зол бус явдал үүссэн.

 Иймд өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон үйлдлээ манай компанид хамааруулан нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн болоод шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Талийгаач нарын эцэг эх нь дан ганц энэ үйл явдлаас болж сэтгэл гутралд орсон гэж үзэхэд хэцүү, Амаржаргалын том хүү Аварзэд хил давж гараад, буцаж ирээд нас барсан, бэр нь амиа хорлосон, удаах хүү Чулуунбаатар нь эрүүгийн хэрэгт холбогдсон, энэ бүхэн нөлөөлж байгаа байхаа.

Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч ирээдүйд гарах зардал нэхэмжилж байна, үүнийгээ хэрхэн нотолж байгаа юм Нэхэмжилж байгаа мөнгөнөөс 20 сая төгрөг нь өмгөөлөгч Жаргалд төлсөн гэх мөнгө байгаа. Жаргал эхэндээ Б.А ын өмгөөлөгч гэж явж байсан, сүүлдээ төлөөлөгч болсон байгаа. Өнөөдөр нэхэмжлэгч Б.А гуайд өмгөөлөгчид бэлнээр тоолоод өгөх 20 сая төгрөг байна гэхэд бодох л асуудлын нэг юм. Цаашид гарах зардал нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Б.А ын нэр төр гутаагдсан гэж ярьж байна яг юунаас болоод нэр төр нь яаж гутаагдаад байгаа нь тодорхойгүй байна.  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч “Ч ” ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол 200.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч нь гэм хорын хохирол нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

“Ч ” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Нарийн сухайт нэртэй газарт 131 гектар, мөн аймгийн Гурван тэс сумын Хүрэн толгой нэртэй газарт 70 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмал ашиглах лицензийн гэрчилгээг  60 жилийн хугацаатайгаар  авсан байна. /хх-ийн 232-238–р хуудас/

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэн Л.Б-ы өвөлжөө болох Нарийн сухайтын шанд гэдэг газар нь “Ч ” ХХК-ийн ашиглалтын газарт орсон тул тус сумын засаг даргын 2006 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаартай захирамжаар Л.Б д тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Бударгана ус” нэртэй газрыг  эзэмшүүлэхээр шийдвэр гаргаж түүнд хашаа, хороо, худаг, уст цэгийг байгуулан  хүлээлгэж өгөхийг нь “Ч ХХК-д үүрэг болгожээ./хх-ийн 75-р хуудас/

Дээрх захирамжийн дагуу Л.Б ы өвөлжөө болон малын саравчтай чулуун хороо, орон сууцны барилга, энгийн худгийг 68.000.000 төгрөгөөр барьж бий болгон Л.Б , Б.А нарт хүлээлгэн өгчээ./хх-ийн 66-74,77-79-р хуудас/

2007 оны 6 дугаар сарын 05-ны өдөр  Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Хөөвөр гэх газарт ухсан нүхэнд тогтсон усанд 12-13 насны 2 хүүхэд нас барсны улмаас 2007 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 20711184 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. /хх-ийн 204 –р хуудас/

Монгол Улсын Ерөнхий прокурорын 2014 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 1/02 дугаартай тогтоолоор “Ч ” ХХК нь Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших 1816х тусгай зөвшөөрөлтэй талбайд 20х18 метрийн хэмжээтэй 3 метр гүн нүх ухаж булгийн ус хуримтлуулж ашиглахдаа Монгол Улсын Усны тухай хуулийн 22.1, 23.1й, 24, 26.1., 27.1.дэх заалтуудыг зөрчиж сумын засаг даргатай гэрээ байгуулж зөвшөөрөл аваагүй, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дах заалтыг зөрчиж ус тогтоох зорилгоор ухсан нүхээ булж нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас 2 хүүхдийн амь нас хохирсон гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлд заасан Аюулгүй ажиллагааны журам зөрчих гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба уг гэмт хэрэг гарснаас 7 жилийн хугацаа өнгөрсөн хүндэвтэр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэм буруутай албан тушаалтнуудыг эрүүгийн хариуцлагад татах боломжгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх-ийн 250–р хуудас/ 

Дээрх үйл баримтуудын талаар талууд маргаагүй болно. 

Харин нэхэмжлэгч Б.А нь 1995 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү А.Б , 1996 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.Б нарыг нас барсанаас үүссэн эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төрд учирсан хохиролд 200.000.000 төгрөгийг /эмчилээний зардалд 31.997.780 төгрөг, цаашид шаардлагатай байгаа зардалд  30.600.000 төгрөг, Б.А ын нэр төр сэтгэл санааны хохиролд 137.402.220 төгрөг/  нэхэмжилжээ.

Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүрэгт гэм хор учирсан этгээдээс өөр этгээд хохирол шаардах эрхтэйг Иргэний хуулийн 506 дугаар зүйлийн 506.2., 508 дугаар зүйлийн 508.1.-д” өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгч Б.А уг шаардах эрхүүдийг хэрэгжүүлээгүй байна.

Харин  “Ч ” ХХК болон түүний ажилтнууд газар ухаж ус хуримтлуулсан гэм буруутай үйлдэлээс 2 хүүхэд нас барсан. Энэ үйл баримтаас эх Б.А ын нэр төр гутаагдаж, сэтгэл санааны шаналалын улмаас сэтгэцийн эмгэгтэй болж эмчлүүлэн, эрүүл мэндэд гэм хор, хохирол учирсан гэж тайлбарлаж байна.

            Нэхэмжлэлийн шаардлагын тухайн үндэслэлээр нэхэмжлэлд шаардах эрх үүссэн эсэх, зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүссэн эсэх, хариуцагч хохирлыг арилгах үүрэгтэй эсэхийг тогтоох ёстой.

           

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан агуулгаар эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэх үндэслэл нь Зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа юм.

            Өөрөөр хэлбэл хэн нэгний гаргасан зөрчилтэй холбоотойгоор үүссэн гэм хорын үр дагаврыг арилгуулах үүргийн харилцаа юм.

            Хариуцагч байгууллагын гаргасан зөрчлөөс бий болсон гэм хор нь хүүхдүүд нас барсан үр дагавар тул  хариуцагч байгууллагын зөрчлөөс /нүх ухсан, ус тогтоосныг хамгаалалтгүй байлгасан зэрэг/ нэхэмжлэгч Б.А ын эрүүл мэнд хохирч, эд хөрөнгийн хувьд алдагдалд орсон гэм хорын хохирол учирсан  гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд хариуцагч байгууллагын гэм буруутай үйлдэл, эс үйлдэл буюу тогтоогдсон зөрчлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаанд шууд гэм хор учруулсан гэх үндэслэл, шалтгаант холбоо тогтоогдохгүй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулсан үүргийн харилцааг үүсээгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-т заасны дагуу эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй ч мөн хуулийн 230.2-т зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр төлнө.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд зааснаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэгтэй.

1995 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Б , 1996 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.Б нар нас барсан тухай ТВ-9 телевизээр гарсан, телевизэд Б.А ярилцлага өгсөн, энэ тухай иргэд хоорондоо ярилцдагийн улмаас Б.А ын нэр төр нь гутаагдсан гэж байгаа байдал нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоогүй учраас Б.А ын нэр төрийг гутаагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Сэтгэл санааны хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг хуульд тусгайлан зохицуулаагүй учраас нэхэмжлэгч Б.А болон хүүхдүүдийн эцэг Л.Б ыг сэтгэл санааны  хохирлын улмаас эмчлүүлсэн ба цаашид эмчлүүлэхэд гарах зардлыг мөнгөөр нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Ч ХХК-иас гэм хорын хохоролд 200.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн  үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1., 230 дугаар зүйлийн 230.2. дах хэсэгт заасныг баримтлан  Ч ХХК-иас 200.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.3. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                              Ч.ИЧИНХОРЛОО

 

                            ШҮҮГЧИД                               Д.НЯМБАЗАР

 

                                                                                Н.ОЮУНТУЯА