Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/116

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,

Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Н.Нарангарав,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,   

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б-ийн Т-т холбогдох 2128000000123 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

   Биеийн байцаалт: 

   Монгол Улсын иргэн, ........................     

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 09-ний шөнө Өмнөговь аймаг Даланзадгад сум 2 дугаар баг ........................... тоотод иргэн Э.Зын бие, толгой, нүүрэн тус хэсэгт гараараа болон аяга, индүүгээр цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Тыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр З, А 2 манайд тал шил архитай ирсэн. Намайг ятгаж байгаад уулгасан. Дэлгүүрээс дахин нэг шил архи авч ирж уусан. Х, З 2 хоорондоо маргалдаж би Хийг өмөөрч З-ын нүүр рүү цохисон. Толгойных нь зүүн тал руу индүүгээр цохисон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч харамсаж байна. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн үед над руу А ах залгаад машин бариад өгөөч ах нь архи уучихсан байна гэхээр нь би за гэж хэлээд 15 дугаар байрны гадаа алхаж очсон чинь А ах С-ын хамт архи уугаад машиндаа сууж байсан. Би хажууд нь хүлээж байгаад орой 21 цаг өнгөрч байхад С ах гэртээ орсон. Би А ахыг хүргэж өгөх гэсэн чинь А ах ........................... тоотод хүргээд өг гэж хэлсэн. Тэнд хүргэж өгсөн чинь А ах үлдсэн “Экс” нэртэй 0,75 литрийн тал архи байсан чинь тэрийг аваад орно ахыгаа гэрт нь оруулаад өгчих согтуу байна гэхээр нь оруулж өгсөн чинь манай нөгөө ангийн Т, Б гэж залуутай хамт байсан. Т намайг юу байна хөгшөөн гээд нөгөө тал шил архийг аваад аягалж өгөхөөр нь би уусан. А ах тэр архинаас 2-3 удаа уугаад тасраад унтчихсан. Б архинаас уугаагүй. Тэгээд Т бид хоёр нөгөө архийг хувааж уугаад дуусахаар нь А ахын картыг авч яваад хажуу дэлгүүрээс нь “Экс” нэртэй 0,5 литрийн архи аваад гэртээ ирсэн чинь Т, Хтой утсаар яриад байсан. Архиа задлах гээд 23 цагийн үед Х гаднаас орж ирсэн. Х, Т бид 3 нэг шил архиа ууж дуусгаад би гэр рүүгээ явах гэсэн чинь Т байж бай явж яах гээд байгаа юм гээд намайг явуулаагүй. Х 00 цагийн үед ахиад пиво авна гээд машинтайгаа гараад явсан. Удалгүй 2 ширхэг “Нийслэл” нэртэй 2,5 литрийн пиво авч ирээд Х, Т бид гурав ууж байгаад талд нь оруулж байсан чинь Х надад “10-н жилийн хүүхдүүдээрээ аялалд явахад намайг авч явсангүй, надад хэлээгүй” гээд гомдоод байсан. Бас би цэрэгт явсан, одоо эр хүн болсон гээд ярилцаад сууж байхад Т миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Дараа нь ширээн дээр байсан аяга шидсэн чинь миний зүүн нүдний дээд тал буюу духан дээр оноод цус гарсан. Т гэрийнхээ хойд талд байсан тавиураас индүү гаргаж ирээд миний толгойны арын хэсэг рүү цохиод байсан. Хэдэн удаа цохисныг нь санахгүй байна. Эмнэлэгт очоод 5 оёдол хийлгэсэн гэж хэлсэн... Т миний толгой руу аяга болон индүүгээр цохиж гэмтэл учруулсан... Намайг хот руу эмчилгээнд явах гэж байхад надад 2,500,000 төгрөг өгсөн. Би тэр мөнгөөр эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд үлдсэн мөнгийг сорвины лазер эмчилгээ хийлгэхдээ зарцуулсан. Надад одоо санал гомдол байхгүй. Би  эмнэлэгт хэвтсэн баримт болох 1,182,000 төгрөгийн баримтыг хэргийн материалд хавсаргана, баримтыг нь би авч ирсэн. Сорви арилгах тос болон замын зардал бусад зардалд нийт 600,000 төгрөг зарцуулсан. Үлдсэн 700,000 төгрөгийг лазер эмчилгээ хийлгэхэд зарцуулна.” /хавтаст хэргийн 13-14, 17 дугаар хуудас/  

Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн үед С найз руугаа залгаж уулзъя гээд бид 2 коллежийн хажуу талын байрны гадаа С-ын машинд архи уухаар болоод Цогжавхлан дэлгүүрээс 0,75 литрийн “Экс” нэртэй 1 шил архи аваад ууж байхдаа 16 цагийн үед З-ыг машин бариад өг гэж дуудсан чинь З ганцаараа алхаад ирсэн. С-ын машинд хамт сууж байсан. С бид хоёр архиа ууж дуусгаад дахиад 1 шил 0,75 литрийн “Экс” нэртэй архи Цогжавхлан дэлгүүрээс авсан. З машин барих гэж ирсэн болохоор архи уугаагүй. С бид хоёр архиа ууж байгаад орой 21 цагийн үед над руу Т залгахаар нь би хүрээд очъё гэж хэлсэн чинь за гэж хэлсэн. С-ыг гэрт нь буулгаад З-аар С-ын машиныг бариулаад үлдсэн тал шил архиа аваад Т-ын гэрт очоод З-ыг хамт оръё гэж хэлээд хамт орсон. Гэр рүү нь орохдоо тал шил архиа аваад орсон. Т-ын гэрт Т-ын найз гээд танихгүй залуу хамт байсан. З-ыг хараад Т сайн уу манай нэг үеийн хүүхэд гээд тэр хоёр ярилцангаа тал шил архиа уусан. Т-ын гэрт байсан залуу архи уугаагүй, би тал шил архинаас 2-3 удаа аягалж уугаад гэрийн баруун талд байсан буйдан дээр гараад унтсан. Нэг сэрсэн чинь дээрээс 2,5 литрийн пивоор 4-5 удаа миний нуруу руу цохиж байсан. Сэрээд болиоч ээ юу болсон юм бэ гэж хэлсэн. Миний хажууд З-ын толгойноос цус гоожчихсон байгаа харагдсан. ...Удалгүй З, Хийг тамхилъя гээд хамт гараад эргэж орж ирээд З эргээд гэрээс гараад гүйсэн...” /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/

Гэрч З.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ажлаасаа тараад Т руу залгаад юу хийж байна би очлоо хашааныхаа хаалгыг нээж бай гэж хэлсэн. Тэгээд 22 цаг 40 минутын үед гэрийнх нь гадаа ирээд Т руу залгасан чинь З утсаа аваад чи өөрөө үүдээ нээгээд ороод ир гэж хэлсэн. Би Т-ын гэр рүү орсон чинь гэрт нь Т, З, А, Б нар байсан. Т, З хоёр архи ууж байсан. А тасраад гэрийн баруун талын орон дээр унтаж байхаар нь би гэрт ороод орны хажуу талын сандал дээр суусан. Б газар утсаа оролдоод архи уугаагүй бололтой хэвтэж байсан. Надад Т архи аягалж өгөхөөр нь би аягалж өгсөн архийг нь уусан. З, Т бид 3 намайг ороход байсан тал шил нэрийг нь мэдэхгүй байна 0,5 литрийн архийг хувааж уусан. Тэрний дараа З надаас чи нэг юм олж ир гэхээр нь би гэрээс гараад өөрийнхөө гэрт очоод гэртээ байсан “Сэнгүүр” нэртэй 2,5 литрийн 2 ширхэг пиво авч ирээд бид гурав хуваагаад эхний пивог ууж байсан чинь З над руу үг хаяад чи бацаан байсан гээд байсан. Бид хоёр маргалдаад сууж байсан чинь Т, З-ын баруун талаас гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон. Дараа нь пиво ууж байсан аягаа З руу аваад шидсэн чинь З-ын духыг оноод цус гарсан. Дараа нь Т гэрийн хойд талд байсан индүүг аваад З-ын толгой руу цохисон. Хэдэн удаа цохисныг хараагүй.” /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Т бид хоёр хоол хийж идчихээд зурагт хараад байж байсан чинь 20 цагийн үед Т утсаар яриад гараад явсан. Удалгүй гэрт орж ирээд манай найз залгаж байна ганц шил юм уух уу гэж байна гэхээр нь би өмнөх өдөр нь уусан байсан болохоор уухгүй гэж хэлсэн. Удалгүй гаднаас З, А гэж хоёр залуу тал шил “Экс” нэртэй 0,75 литрийн архи барьж орж ирсэн. А согтуу орж ирсэн. З, А-ын машиныг бариад явж байгаа гээд эрүүл орж ирсэн. Тал шил архиа А, З, Т гурав аягалаад ууж байгаа харагдсан. Би нөгөө талд нь гар утсаараа кино үзэж байсан. Архиа дуусгаад А, Т-т картаа өгөөд ахиад нэг шил архи аваад ир гэсэн чинь 21 цаг өнгөрч байхад З, Т хоёр гараад 0,5 литрийн “Экс” нэртэй архи авч ирээд Т уухгүй маргааш ажилтай гэсэн чинь А ямар ажилтай юм гэсэн чинь гэрээ буулгаж барина гэж хэлсэн. Наадах чинь ажил биш байна гээд Т-ыг шахаад Т уусан. Архиа ууж байхад А буйдан дээр унтчихсан архи дуусах гэж байхад Х гаднаас орж ирсэн. ...Эхний пивог ууж дуусгаад Т, З, Х гурав маргалдсан. Т ширээн дээр архи аягалж байсан аягыг аваад З руу шидсэн чинь зүүн талын хөмсгийг оноод цус гарсан. З нүүрээ дараад сууж байхад нь Т цаанаас гэрийн хойд талд байсан индүүг аваад индүүний бөгсөн хэсгээр нь толгойны зүүн ар хэсэг рүү нь 2-3 удаа цохисон.” /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 он хүртэл ээжтэйгээ хамт Төгөлийн 1-16 тоотод амьдарч байгаад 2021 оноос өрх тусгаарлаж ........................... тоотод амьдрах болсон. Би өмнө нь гэрчийн мэдүүлэгтээ бүгдийг хэлсэн, одоо нэмж ярих зүйл байхгүй. Би Зад эмчилгээний төлбөр гэж 2,500,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед мөнгө байхгүй байсан болохоор Х-оос 1,500,000 төгрөг зээлж, үлдэгдэл 1,000,000 төгрөгийг өөрөө шилжүүлсэн.” /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 520 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Э.З-ын биед дух, хамар, зүүн чамархайнд шарх, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Э.З-ын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Э.З-ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Т-ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/

Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/   

Хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хавтаст хэргийн 82 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 72-75 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.-Т-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Б.Т өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв. 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: 

Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 09-ний шөнө Өмнөговь аймаг Даланзадгад сум 2 дугаар баг ........................... тоотод иргэн Э.З-ын бие, толгой, нүүрэн тус хэсэгт гараараа болон аяга, индүүгээр цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Э.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2 ширхэг “Нийслэл” нэртэй 2,5 литрийн пиво авч ирээд Х, Т бид гурав ууж байгаад талд нь оруулж байсан чинь Х надад “10-н жилийн хүүхдүүдээрээ аялалд явахад намайг авч явсангүй, надад хэлээгүй” гээд гомдоод байсан. Бас би цэрэгт явсан, одоо эр хүн болсон гээд ярилцаад сууж байхад Т миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Дараа нь ширээн дээр байсан аяга шидсэн чинь миний зүүн нүдний дээд тал буюу духан дээр оноод цус гараад би духаа дараад доошоо суусан. ...Т гэрийнхээ хойд талд байсан тавиураас индүү гаргаж ирээд миний толгойны арын хэсэг рүү цохиод байсан. Хэдэн удаа цохисныг нь санахгүй байна...” /хавтаст хэргийн 13-14, 17 дугаар хуудас/, 

Гэрч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С-ыг гэрт нь буулгаад Заар С-ын машиныг бариулаад үлдсэн тал шил архиа аваад Т-ын гэрт очоод З-ыг хамт оръё гэж хэлээд хамт орсон. Т-ын гэрт Т-ын найз гээд танихгүй залуу хамт байсан. З-ыг хараад Т сайн уу манай нэг үеийн хүүхэд гээд тэр хоёр ярилцангаа тал шил архиа уусан. Т-ын гэрт байсан залуу архи уугаагүй, би тал шил архинаас 2-3 удаа аягалж уугаад гэрийн баруун талд байсан буйдан дээр гараад унтсан. Нэг сэрсэн чинь дээрээс 2,5 литрийн пивоор 4-5 удаа миний нуруу руу цохиж байсан. Сэрээд болиоч ээ юу болсон юм бэ гэж хэлсэн. Миний хажууд З-ын толгойноос цус гоожчихсон байгаа харагдсан...” /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч З.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...З, Т бид 3 намайг ороход байсан тал шил нэрийг нь мэдэхгүй байна 0,5 литрийн архийг хувааж уусан. Тэрний дараа З надаас чи нэг юм олж ир гэхээр  нь би гэрээс гараад өөрийнхөө гэрт очоод гэртээ байсан “Сэнгүүр” нэртэй 2,5 литрийн 2 ширхэг пиво авч ирээд бид гурав хуваагаад эхний пивог ууж байсан чинь З над руу үг хаяад чи бацаан байсан гээд байсан. Бид хоёр маргалдаад сууж байсан чинь Т, З-ын баруун талаас гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон. Дараа нь пиво ууж байсан аягаа З руу аваад шидсэн чинь З-ын духыг оноод цус гарсан. Т гэрийн хойд талд байсан индүүг аваад З-ын толгой руу цохисон. Хэдэн удаа цохисныг хараагүй.” /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч М.-Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Эхний пивоо ууж дуусгаад Т, З, Х гурав маргалдаад сүүлдээ З, Х хоёр 10-н жилийн явдлаа яриад маргалдсан. Тэгсэн чинь Т ширээн дээр архи аягалж байсан аягыг аваад З руу шидсэн чинь зүүн талын хөмсгийг оноод цус гарсан. З нүүрээ дараад сууж байхад нь Т цаанаас гэрийн хойд талд байсан индүүг аваад индүүний бөгсөн хэсгээр нь толгойны зүүн ар хэсэг рүү нь 2-3 удаа цохисон.” /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 520 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Б.Т-ын хохирогч Э.З-ын дух, хамар, зүүн чамархайнд шарх, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Т-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.    

Шүүгдэгч Б.Т нь хохирогч Э.З-ын дух, хамар, зүүн чамархайнд шарх, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байх ба хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “Намайг хот руу эмчилгээнд явах гэж байхад 2,500,000 төгрөг өгсөн, надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.    

Шүүгдэгч Б.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 2,500,000 төгрөгийг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэв. 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ. 

Шүүх шүүгдэгч Б.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “DU-PLEX” нэртэй индүүг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Зад 2,500,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Б-ийн Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.       

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “DU-PLEX” нэртэй индүүг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Зад 2,500,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ