Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 447

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: Ч.Б,

Хариуцагч: БТНБД

Нэхэмжлэлийн шаардлага: “БТНБД-ын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Ч.Быг төрийн албанаас халах тухай” Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ТХНУГД-ын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/******* тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл  мэндийн   даатгалын   шимтгэлийг   нөхөн   төлүүлэх   гэсэн   нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

БТНБД-ын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/******* тоот тушаал нь Ч.Б нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, өөрийн эрхлэх асуудлаар Монгол Улсын Өргөдлийн байнгын хороонд хийх тайлбар, хэлэлцүүлэгт удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, орон нутагт ажиллах ажлын хэсэгт орж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажиллаагүй, үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлүүдийг дурдсан байдаг. Ч.Бын хувьд БТНБД-ын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/******* дугаар тушаалд заасан үйлдлүүдийг гаргаж байгаагүй. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн бүтэн жилийн үр дүнгийн гэрээний дүгнэлт авагдсан. Бүтэн жилээр дүгнэхдээ ажил үүргээ хангалттай сайн биелүүлсэн гэж үзэн 88 хувь буюу “В” үнэлгээтэй дүгнэсэн байдаг. Гэтэл яагаад удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, албан үүргээ хангалттай биелүүлээгүй гэдэг үндэслэлээр халж байгаа нь ойлгомжгүй байна.

Өргөдлийн байнгын хорооны хурал 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр болсон. Өөрөөр хэлбэл Ч.Бын албан томилолттой давхацсан. Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өмнө нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр товлогдсон боловч  хойшилж, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр болсон. Хойшилсон хурлын товыг Ч.Бт мэдэгдсэн зүйл байхгүй. Тэгэхээр Өргөдлийн байнгын хорооны хуралд оролцоогүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Ч.Быг томилолттой байх хугацаанд мөн УИХ гишүүн Л.М-н Х аймгийн иргэдтэй уулзах уулзалт, Х-н тусгай хамгаалалттай газар нутгийн хяналт, шалгалтын тайланг хэлэлцүүлэх гэсэн ажлыг давхцуулсан. Ингэж ажил нь давхцаад байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэсэн үндэслэлээр төрийн албанаас халж байгаа нь Төрийн албаны тухай хуулийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл Б/******* дугаар тушаал нь хууль зөрчсөн захиргааны акт юм” гэв.

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий Б/******* дугаар тушаалаар нэхэмжлэгчийг “...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, өөрийн эрхлэх асуудлаар Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд тайлбар, хэлэлцүүлэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, орон нутагт ажиллах ажлын хэсэгт орсон хирнээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажиллаагүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн 4 үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.  

Ч.Б нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн өглөөний 07 цаг 20 минутад Монгол Улсын хилээр орж ирсэн. Өөрөөр хэлбэл Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 11 цагт эхэлсэн. Мөн тухайн хуралдааны товыг нэхэмжлэгч мэдээгүй бөгөөд томилолтын хугацааны үүрэгт ажил дуусгавар болж, Монгол Улсад дөнгөж ирсэн өдөр нь Өргөдлийн байнгын хорооны хуралд оролцоогүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм.

Маргаан бүхий актад удаа дараа гэж тайлбарлаад байдаг. Удаа дараа гэдэг нь 2 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн байхыг ойлгодог. Гэтэл хариуцагчийн тайлбар болоод хавтаст хэрэгт авагдсан тайлбараас харахад 1 удаагийн үйлдлийг тайлбарладаг. Маргаан бүхий актад удаа дараа гэсэн боловч ямар нэгэн удаа дараа зөрчсөн үйлдэл, үйл баримт харагддаггүй. “...Орон нутагт ажиллах ажлын хэсэгт томилогдсон боловч ажиллаагүй” гэдэг. Хариуцагч 2 удаа Х аймагт ажиллах үйл баримтыг 1 болгож тайлбарлаад байх шиг байна. БОАЖС-ын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/275 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Х-ын байгалийн цогцолборт газарт аялал, жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл авсан иргэн, аж ахуй нэгж байгууллагад шалгалт хийх тушаал гарсан. Тушаалын дагуу ажлын хэсгийн гишүүдэд  Ч.Б томилогдсон. 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/366 дугаар удирдамжаар нэхэмжлэгч Х аймагт ажиллах үүргийг хүлээгээгүй бөгөөд удирдамжид нэр нь байдаггүй. БТНБД-ын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тушаалаар мөн Х аймгийн Х сумын иргэдэд өмнөх явсан ажлын хэсгийн тайланг танилцуулахаар 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хооронд томилолтоор ажиллахаар тушаал гарсан. Тус томилолтын ажлын хэсгийн ахлагчаар дэд сайд н.Б, ажлын хэсэгт Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б нар томилогдсон байдаг.

Гэвч тухайн цаг үетэй давхцуулаад БТНБД-ын удирдамж батлагдан гарсан. Тус удирдамжийн дагуу ТХГУД Ч.Б ажлын хэсгийг ахалж, Д, М, Ө, Д гэсэн аймгуудаар 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл томилолтоор ажиллахаар энэхүү удирдамжийг баталсан. Түүнээс маргаан бүхий актад бичээд байгаа шиг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, удирдамжийн дагуу ажлаа гүйцэтгээгүй үйл баримт байхгүй. “...Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн. Ажлын цаг ашиглалт муутай, хурууны хээ дардаггүй” гэж тайлбарладаг. Маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримтлан Ч.Быг үүрэгт ажлаас нь халсан байдаг.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах харилцааг зохицуулсан зохицуулалт юм. Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 8 дугаар тогтоолоор батлагдсан тайлбараар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...хангалтгүй биелүүлсэн” гэдгийг ажлын байрны тодорхойлолтоор заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн байхыг ойлгоно. Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргаж, нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь халж байгаа тохиолдолд дээрх хуулийн 25 дугаар зүйлийг баримталсан нь тухайн албан хаагч ажлын байрны тодорхойлолтод заасан ямар үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг зайлшгүй шалган тогтоосон байх шаардлагатай. Гэтэл маргаан бүхий актад 25 дугаар зүйлд заасан ямар албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг тодорхойлсон зүйл байдаггүй. Ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас халаагүй байдаг. Харин гаргасан зөрчлийг нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т зааснаар тайлбарладаг. Тус заалтыг баримтлан төрийн албанаас халах гэж байгаа бол Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг зайлшгүй хэрэглэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сахилгын шийтгэлтэй төрийн албанаас халж байгаа тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар халдаг. Мөн хуулийн 25 дугаар зүйл, 13 дугаар зүйл нь хоорондоо харилцан хамааралтай хэрэглэгддэг хуулийн зохицуулалт биш. Нэхэмжлэгчийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр халсан гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тодорхой нотлогддог. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс биеийн эрүүл мэндийн байдлын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Гэтэл нэхэмжлэгчид ямар нэгэн байдлаар мэдэгдэх, сонсох ажиллагааг хийлгүйгээр эмнэлэгт хэвтсэн хойгуур нь үүрэгт ажлаас нь халсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Гурав. Хариуцагч БТНБД шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н******* 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанд очоогүй байдаг. Нэхэмжлэгч үүнийгээ албан томилолттой давхацсан гэж тайлбарладаг боловч бусад томилолттой байсан албан хаагчид дээрх хуралдаанд оролцсон. Нэхэмжлэгч Монгол Улсын хилээр 07 цагт орж ирсэн. Гэтэл хурал 11 цагт болсон. Тэгэхээр Ч.Быг хуралд оролцох боломжтой байсан гэж үзэж байна. Ч.Б нь Сайдын 2018 оны А/275 тушаалаар ажлын хэсэгт орсон боловч удирдамжид ороогүй. Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/366 дугаар тушаалд ороогүй. “...Говийн бүсийн хяналт, шалгалттай давхацсан” гээд байгаа. Энэ нь оны дарааллын хувьд өөр байгаа. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр болон 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус тус дотоод хяналт, шалгалт хийхэд хурууны хээ уншуулаагүй байсан. 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар сануулах сахилгын шийтгэлтэй байсан. Дээрх үндэслэлээр Ч.Быг ажлаас халах Б/******* дугаар тушаал гарсан...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “БТНБД-ын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Ч.Быг төрийн албанаас халах тухай” Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ТХНУГД-ын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Анх Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 211 дугаартай тогтоолоор Ч.Быг ТХНУГД-ын албан тушаалд нэр дэвшүүлж, БТНБД-ын тушаалаар томилжээ.

БТНБД Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх заалт, 9.8 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 13.1, 13.1.4, 25.1.1 дэх заалт, “сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр албан даалгавар, “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, БОАЖС-ын 2017 оны А/299 дүгээр тушаал, тус яамны хөдөлмөрийн дотоод журмын 7.1 дэх хэсгийг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Ч.Быг төрийн албанаас халах тухай Б/******* дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ТХНУГД-ын албан тушаалаас халжээ.

 Нэхэмжлэгчээс “...шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, мэдэгдээгүй, өвчтэй байхад ажлаас халсан, ...ямар үндэслэлээр ажлаас халсан нь ойлгомжгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуульд заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн” гэж, хариуцагчаас “...удирдлагаас өгсөн хуульд нийцсэн үүрэг даалгавар, шийдвэрийг удаа дараа биелүүлээгүй, ...цагийн бүртгэлд хурууны хээ уншуулаагүй 6 өдөр ажил тасалсан нь тогтоогдсон, ...албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул...”, үүрэгт ажлаас нь халсан нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Ч.Быг Улсын Их хурлын Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, орон нутагт ажиллах ажлын хэсэгт орсон байтал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажиллаагүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, яамны хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газраас 2018 оны 01 дүгээр сарын 02-22-ны өдрийг дуустал хугацаанд хийсэн шалгалтаар цагийн бүртгэлд хурууны хээ уншуулдаггүй ба 6 өдөр ажил тасалсан нь тогтоогдож сануулах сахилгын шийтгэлийн арга хэмжээ авахуулсан атлаа 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 8 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд дахин хийгдсэн хяналт шинжилгээгээр өмнөх дутагдлаа дахин давтаж хурууны хээ уншуулаагүй болох нь тогтоогдсон, БОАЖС “Ажлын хэсэг байгуулах тухай” 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/275 дугаар тушаалаар Х-ын байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийж нэгдсэн дүгнэлт тайлан гаргах, авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсэгт багтсан боловч ажиллаагүй ТХНУГД Ч.Бт хариуцлага тооцож, төрийн албанаас халж  шийдвэрлэжээ.

БТНБД нь төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх, халах, сахилгын шийтгэл ногдуулах Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5 дахь заалтад заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим, шаардлагыг хангаагүй байна.

Мөн БТНБД-ын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Ч.Быг гадаад улсад албан томилолтоор ажиллуулах тухай” А/578 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт “... Тусгай хамгаалалттай газрын дарга Ч.Быг БНЧУ-ын Прага хотод 2018 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд, Швейцарын холбооны улсын Цюрих хотод 2018 оны 12 дугаар сарын 01-нээс 04-ний өдрүүдэд оролцуулахыг зөвшөөрч гадаад томилолтоор явуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан тус ТНБД 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/578 дугаартай тушаал, ХХЕГ 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2-5а/9258 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар Ч.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Буянт-Ухаа хилийн боомтоор гарч, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр орсон тэмдэглэл, Улсын Их хурлын байнгын хорооны хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр тэмдэглэлийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчаас нэхэмжлэгчийг “...Улсын Их хурлын Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанд тайлбар мэдээлэл өгөх ёстой байсан байтал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр очоогүй...” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл Ч.Бын гадаад албан томилолттой хугацаанд буюу 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд товлогдон хийгдсэн, энэ хурлын товыг түүнд мэдэгдсэн талаарх баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй зэргээс үзвэл нэхэмжлэгчийг Өргөдлийн байнгын хорооны хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан гэж буруутгах боломжгүй байна.

Мөн БС-ын  “Ажлын хэсэг байгуулах тухай” 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/275 дугаар тушаалаар Х-ын байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийж нэгдсэн дүгнэлт тайлан гаргах, авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсэгт багтсан боловч ажиллаагүй гэжээ.

Тусгай хамгаалалттай газар 2018 оны нэгдсэн хяналт шалгалтын төлөвлөгөөг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталж, тус төлөвлөгөөний тухайн жилд хэрэгжүүлэх ажил, үйлчилгээний нэгт “улсын тусгай хамгаалалтын захиргаадын хяналт шалгалт /говийн болон хангайн бүс/ гэж баталж, говийн бүсийн хяналт шалгалтын 2,3 дугаар сард, хангайн бүсийн хяналт шалгалтыг 8,9 сард хийхээр төлөвлөжээ. Энэхүү төлөвлөгөөний дагуу 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 10 хоногийн хугацаагаар орон нутагт томилолтоор ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан тусгай хамгаалалттай газар нутгийн говийн бүсийн хамгаалалтын захиргаадын үйл ажиллагаанд хяналт тавих ажлын удирдамж, БОАЖЯ 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн 10/8019, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Говийн бага ДЦГХЗД Ч.Б-д хүргүүлсэн 10/7801 дугаартай, “Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын ХЗД Р.Б-д хүргүүлсэн 10/7799 дугаартай, “Их богдын байгалийн цогцолборт газрын ХЗД Т.Г-д хүргүүлсэн 10/7800 дугаартай зөвлөмжүүдээр тогтоогдож байна.

Харин БОАЖС-ын 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/275 дугаар тушаалаар батлагдсан Х-ын байгалийн цогцолборт газарт аялал жуучлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглалтын байдалд хяналт шалгалт хийж нэгдсэн дүгнэлт, тайлан гаргах, авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нарийн бичгийн даргаар ТХНУГ Ч.Быг оруулсан боловч, ТНБД-ын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/366 дугаар тушаалын Х аймагт ажиллах ажлын удирдамжийн хавсралтаар Х байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглалтын байдалд хяналт шалгалт хийж нэгдсэн дүгнэлт, тайлан гаргах, авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ч.Быг томилоогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан БОАЖС-ын 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/275 дугаар тушаал, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “Хөрөнгө гаргах тухай” А/366 дугаар тушаал, түүний хавсралт “Х аймагт ажиллах ажлын удирдамж” зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар мэдүүлгээр нотлогдож байна.

БЯ-ны хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газраас 2018 оны 01 дүгээр сарын 02-22-ны өдрийн дуустал хугацаанд хийсэн шалгалтаар нэхэмжлэгчийг “... хурууны хээ уншуулаагүй,... 6 өдөр ажил тасалсан...” гэсэн үндэслэлээр ТНБД-ын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/49 дугаар тушаалаар “сануулах” шийтгэл ногдуулж, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд дахин хяналт шалгалт хийхэд өмнөх алдаа дутагдлаа дахин давтан гаргаж, цагийн бүртгэлд хурууны хээ уншуулаагүй...” гэсэн хэдий ч хавтаст хэрэгт авагдсан баримт болох “Я нийт албан хаагчдын 2018 оны 05 дугаар сарын 23-наас 08 дугаар сарын 22-ны өдрийн цагийн бүртгэл, цаг ашиглалтад хийсэн явцын хяналт-шинжилгээ”-ний 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн танилцуулгад “...цагийн бүртгэлд хуруугаа уншуулдаггүй Ч.Б”, тус яамны нийт алба хаагчдын цаг ашиглалтад 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагаас 16 цаг 03 минутын хооронд хийсэн гэнэтийн үзлэг шалгалтаар “...ажлын өрөөндөө байхгүй, гадуур ажлын дэвтэрт бичилт хийгээгүй 6 алба хаагч...” хүснэгт 2-ын 4 дэх хэсэгт “...ТХНУГ,...Ч.Б...” гэж тэмдэглэсэн. Эндээс үзвэл нэхэмжлэгчид тус ЯТНБД 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулснаас хойш дахин давтан зөрчил гаргасан гэж ажлаас халах нэг үндэслэлийг заажээ.

Төрийн албан тухай хуулийн /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.4-д “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж зааснаас үзвэл захиргааны байгууллага нэхэмжлэгчийг “...2018 оны 8 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цагаас 16 цаг 30 минутын хооронд хийсэн шалгалтаар албан өрөөндөө байгаагүй, гадуур ажлын тэмдэглэлд бичилт хийгээгүй” байсныг мөн “...цагийн бүртгэлд хурууны хээ уншуулахгүй” байгааг хяналт-үнэлгээ шинжилгээний 2018 оны 09 дүгээр сарын 12 танилцуулгаар тогтоосон байна. Дээрх хуулийн заалтаас үзвэл “... сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар өнгөрсөн бол... шийтгэл ногдуулж...” болохооргүй байна.

Хариуцагч нэхэмжлэгчтэй байгуулсан 2018 оны хагас жилийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний биелэлтийг 89/В буюу “сайн”, 2018 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтийг 88/В “сайн” гэж үнэлсэн атлаа удирдлагаас өгсөн шийдвэрийг удаа дараа биелүүлээгүй гэж төрийн албанаас халсан нь Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасныг зөрчжээ.

Дээрх дурдагдсан баримтуудаар хариуцагчийн “... удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын удаа дараа биелүүлээгүй, ...байнгын хороонд хийх тайлбар хэлэлцүүлэгт удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ...орон нутагт ажиллах ажлын хэсэгт орсон атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажиллаагүй, ...албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэсэн 13 дугаар зүйлийн 13.1-т “ төрийн жинхэнэ албан хаагч нь...нийтлэг үүргээ...” биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгасан үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т “... хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолтод болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгох бөгөөд, харин тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “... албан үүргээ биелүүлээгүй...” гэдийг хууль тогтоомжид болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байхыг ойлгохоор байна.

Гэтэл хариуцагч нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасан үүргээ биелүүлээгүй, “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...ирээгүй,... ажиллаагүй...” гэж буруутгасан атлаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т зааснаар төрийн албанаас халсан нь хуульд нийцээгүй буюу хуулийн дээрх заалтыг үндэслэл болгож маргаан бүхий актыг гаргасан нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д төрийн жинхэнэ албан хаагчид мөн хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүний анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар заасан, өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл ногдуулахдаа хүлээлгэх хариуцлага нь түүний гаргасан зөрчлийн шинж байдал, гэм бурууд тохирсон байхаар хуульчилжээ.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах ёстой атал хариуцагч нэхэмжлэгчийг эмнэлгийн чөлөөтэй байх хугацаанд ажлаас халж, түүнчлэн маргаан бүхий тушаалыг гаргахдаа нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй болох нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчид мэдэгдэж, сонсгох ажиллагаа явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтад заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах шаардлагыг хангаагүй байна.

2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2-т “захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс бүрдэнэ”, 57.12-т “Төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэмэгдэл хөлс олгоно.”, 41 дүгээр зүйлийн 41.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.”,  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж тус тус заасны дагуу цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгчийг тухайн албан тушаалыг эрхэлж байхдаа сарын үндсэн цалин 868,218 төгрөг, тогтмол нэмэгдэл 43,410.90 төгрөг, нийт нэг сарын цалин 868,628.9 төгрөгийн цалин авч байсныг тодорхойлсон тул ажилгүй байсан хугацаа буюу 2018 оны 12 дугаар сарын 11-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өнөөдрийг хүртэл нийт долоон сар, ажлын арван дөрөв хоногоор тооцон ажлын 22 өдөрт хуваан нэг өдрийн цалин 39,483 төгрөг, нийт 6,624,504 /зургаан сая зургаан зуун хорин дөрвөн мянга таван зуун дөрөв/, үүнээс /эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг суутгана/ төгрөгийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч Ч.Бын БЯТНБД-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг БЯ ТХНУГД-ын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, БТНБД-ын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгож, тус яамны ТХНУГД-ын албан тушаалд нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай /2017 он/ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 57 дугаар зүйлийн 57.2.2, 57.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Бын ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний 6,624.504 /зургаан сая зургаан зуун хорин дөрвөн мянга таван зуун дөрвөн/ төгрөгийн нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                      Д.ЧАНЦАЛНЯМ