Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 50

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

2016 оны 08 дугаар сарын 15           Дугаар 50                        Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон 

Улсын яллагч хяналтын прокурор Ц.Роза

Шинжээч эмч С.Эрдэнэцэцэг

Иргэний нэхэмжлэгч Г.Алтанжигүүр, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг

Хохирогч А.Нандинцэцэг, түүний өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн, 

Шүүгдэгч Ц.Цагаанхүү нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Цагаанхүүд холбогдох эрүүгийн 201617000035 тоот хавтаст хэргийг 2016 оны 07 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар баг, Баянцагааны 9-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ЛН86022711,  Банди овгийн Цагаан-Өвгөний Цагаанхүү 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Цагаанхүү нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс  баруун зүгт 20 киломерт 45-67 УБП улсын дугаартай “верна аксент” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.б-д зааснаар “Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Б.Ширмэнбаатар, Ш.Ананд, Ш.Анар, Г.Алтанжигүүр нарын бие махбодид хөнгөн гэмтэл, Х.Нямсүрэн, Ц.Цагаанхүү нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл, А.Нандинцэцэгийн бие махбодид хүнд гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн  хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Үүнд: 1.Шүүгдэгч Ц.Цагаанхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Юуны өмнө Нандинцэцэг, Алтанжигүүр, Ширмэнбаатар нараас уучлалт гуйж байна. Хийсэн хэрэгтээ маш их  гэмшиж байна. 2016 оны 02 сарын 03-ны шөнө Баруун-Урт сумаас 20 км-ийн зайтай ойртож ирээд осол гарсан. Явж байтал зам дээр  хар юм байсан. Машинаа зогсоох арга хэмжээ авсан боловч оройтсон. Машинаа зогсоож чадаагүй. Би эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Би энэ хүмүүсийн хохирлыг төлж барагдуулсан. А.Нандинцэцэгийн эмчилгээний зардалд 6 сая гаруй, Алтанжигүүрийн эмчилгээний зардалд 1 сая гаруй төгрөг төлсөн. Миний хувьд хохирогч нарт учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн.  Өөр хэлэх зүйл байхгүй миний эрүүл мэндийн байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг.  

2. Хохирогч А.Нандинцэцэгийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 02 сарын  03-нд 19 цагийн үед Түмэнцогт сумаас Баруун-Урт сум руу нөхөр хүүхдийнхээ хамт  замын унаанд сууж явсан. Тэгээд осолд ороод би 5 сар хүний асаргаанд хэвтрийн дэглэмд байсан. Сүхбаатар аймгийн эмнэлэгт хэвтэж байгаад Улаанбаатар хот руу явж эмчлүүлэх шаардлагатай гээд Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтсэн. Хэвтэж байхад 2 сарын дараа өвдөгний үений хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Тэгээд 2 сарын дараа өвдөгний дурангийн хагалгаанд орсон. Одоо гэмтлийн улмаас ажлаасаа халагдсан байгаа. Ажиллаж байх хугацаандаа цалингийн зээл аваад хадмынх руугаа цагаан сар гаргах гэж явж байгаад осолд орсон. Цалингийн зээлээ өөрөө төлөөд явж байгаа. Ажилгүй болсон болохоор нийгмийн даатгалаа өөрөө төлж байгаа. Одоо ажилгүй болсон учраас 8 сараас 12 сар хүртэл цалингийн зээлээ төлүүлэх, мөн нийгмийн даатгалаа 8 сараас 12 сар хүртэл төлүүлэх саналтай байна. Бодит хохирол 7.973.573 төгрөг учирсан. Үүнээс 5.000.000 төгрөг гар дээр өгсөн. Анх гэмтлийн зураг авахуулах мөнгийг Цагаанхүү төлсөн гэсэн. Хэдэн төгрөг төлснийг нь мэдэхгүй байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна гэх мэдүүлэг, 

           3. Иргэний нэхэмжлэгч Г.Алтанжигүүрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2016 оны 02 сарын 03-ны орой 19 цаг 30 минутын үед Түмэнцогт сумаас Аксент маркийн 45-67 УБП улсын дугаартай автомашин Баруун-Урт сум руу явна гэхээр нь  банкны зузаатгал авах ажилтай байсан учир уг машинд суусан. Бид машиндаа 5 том хүн, 2 хүүхэд явсан. Би яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Би жолоочийн ар талд цонхон талд сууж явсан.  Машин нэг мэдэхэд онхолдсон би гадаа хэвтэж байснаа санаж байна. Цээжин дотуур хөндүүр оройдоо толгой бага зэрэг өвдөж байсан.  Тухайн үед миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. 2-р сарын 3-наас аймгийн эмнэлэгт 8 хоног хэвтэж эмчлүүлээд эмнэлгээс гарсан. Ингээд хот руу очиж нарийн шинжилгээ хийлгэсэн. Улаанбаатар хот руу явсан нийт зардал 1.290.220 төгрөг гарсан. Зардлаа бүрэн авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй гэх мэдүүлэг, 

 

4. Хохирогч Х.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2016 оны 02 сарын 03-ны орой 19 цаг 30 минутын үед Түмэнцогт сумаас Аксент маркийн 45-67 УБП улсын дугаартай автомашин Баруун-Урт сум руу явна гэхээр нь уг машинд суусан. Тэгээд явсаар байгаад Баруун-Урт суманд ойртож байрад гэнэт машинд сууж явсан хүмүүс  бахиралдаад ирэхээр нь би сэрсэн. Бидний сууж явсан машин шарваад тогтворгүй болж ирсэн. Тэгээд юу болсон эсэхийг мэдэхгүй байна. Машин замын урд талын далан руу унасан байсан. Тэгээд замын машинаар эмнэлэгт хүргэгдсэн. Одоо миний нуруугаар хөшиж өвдөнө. Бас зүүн талын мөр өвдөж, шүдний араа хагарсан байгаа. Би түүнийг нэхэмжлэхгүй. Би жолоочийн ар талд буюу жолоочийн эсрэг талын цонхон талд сууж байсан. Би ажлаа хийж чадахгүй, цалин мөнгөгүй боллоо. Зээлтэй, өрхийн орлого зогсож байна. Намайг эмч Улаанбаатар хотод эмчлүүл гэсэн учир нилээд мөнгө хэрэгтэй болж байна.  Үүнийг Ц.Цагаанхүүгээс нэхэмжилж байна. Эмчилгээний төлбөрийг одоогоор хэлж мэдэхгүй байна, сард 1.000.000 төгрөгийн цалин авдаг байсан. Ц.Цагаанхүү нь миний эмчилгээний төлбөрийг барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд суухгүй гэх мэдүүлэг /хх-ийн 26-29 х/

 

5. Гэрч Б.Ширмэнбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: Би Түмэнцогт суманд эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Ингээд 2016 оны 02 сарын 03-ны орой 19 цаг 30 минутын үед Түмэнцогт сумаас Аксент маркийн 45-67 УБН улсын дугаартай автомашин Баруун-Урт сум руу явна гэхээр нь эхнэр хүүхдүүдийн хамт уг машинд суусан. Ц.Цагаанхүү машин жолоодоод түүний хажууд буюу урд талын суудалд манай эхнэр А.Нандинцэцэг бага хүүтэйгээ, арын голд би том хүүтэйгээ, миний баруун зүүн талд нэг залуу, нэг эмэгтэй хоёр суусан байсан. Тэгээд засмал замаар явсаар байгаад 23 цагийн үед Баруун-Урт суманд нилээд ойртоод явж байсан. Гэтэл зам дээр үхчихсэн үхэр байсан бөгөөд шөнө харанхуй байсан учир холоос харагдаагүй байх тэгээд тулж ирээд тойрох санаатай дарсан байх, үхэр дээгүүр нэг дугуй нь гараад машин тогтворгүй болж ирээд замын далан руу  ойчиж 4 дугуй дээрээ  тогтсон байсан.  Тэгээд машин  унасны дараа харсан чинь манай эхнэр болон 2 хүүхэд машинд байгаагүй. Тэгэхээр нь машины цонхоор гараад  эхнэр хүүхдээ хайсан чинь том хүү эхнэр 2 машины ойролцоо байсан, бага хүүгээ хайгаад сандраад машин доогуур малтаж байтал нилээд хол шидэгдсэн бололтой уйлах чимээнээр нь  багаа хүүгээ олж авсан.  Тэгээд би замын машинаар эмнэлэгт хүргэгдсэн.  Манай том хүү 2012 оны 07 сарын 17-ны өдөр, бага хүү 2014 оны 05 сарын 02-ны өдөр төрсөн. 2 хүүтэйгээ өөрөө шинжээч эмчид үзүүлсэн байгаа. Анарын толгой, хацар, дух, нүүр хэсэгт хавантай байгаа одоогоор мэдэгдсэн зүйлгүй. Хүүхэд маань бага насны хүүхэд учир мэдүүлэг өгөх боломжгүй. Суудлын бүс зүүсэн хүн байхгүй, хэн нэгэн суудлын бүс хэрэглэсэн байхыг би хараагүй. Эхнэр Нандинцэцэг маань нилээд хүнд гэмтсэн. Сайн эмчлүүлэх шаардлагатай байгаа, манай 2 хүүхэд болон надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 х/

 

6. Гэрч Г.Лхагважавын мөрдөн байцаалтанд өгсөн: Манайх Баруун-Урт сумаас баруун тийш Хөөвөр гэх газар нутагладаг. 2016 оны 02 сарын эхээр баруун талаасаа шуурганд уруудаад ирсэн хэдэн үхэр байсан. Түүнийг Л.Очирбат гэдэг хүн ирээд аваад явсан.  Тэгсэн чинь мухар хар тугалан бяруу /буруу чих урдаасаа цуулбар имтэй/ үлдчихсэн байсан. Яагаад үлдсэнийг нь мэдэхгүй манай гадаа байж байгаад 1,2 хоногийн дараа алга болсон байсан. Сүүлд харсан чинь засмал замын урт үхсэн байхыг нь олж харсан. Ямар машин дайрсан, яагаад үхснийг нь мэдэхгүй. Л.Очирбатынх Уулбаян сумын нутаг Долоон хашаат гэх газар байдаг. Тэдний бяруу гэж бодож байна гэх мэдүүлэг, /хх-ийн 42-43 х/

 

7. Гэрч Л.Нармандахын мөрдөн байцаалтанд өгсөн: Цагаанхүү нь миний төрсөн дүү юм. Би ээжээрээ овоглодог, эмээтэйгээ хамт байдаг. Манай дүү Цагаанхүү ээж, аав дээрээ өссөн, багаасаа л мал маллаж явсан, төлөв даруу зантай, хүнтэй эвсэг найрсаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, сайн дүү байгаа юм. Баруун-Урт суманд ирэхээрээ манайд ирдэг. 2015 оны өвөл машин аваад Түмэнцогт сумаас хүн зөөгөөд цөөхөн явсан гэх мэдүүлэг, / хх-н 41  х /

 

8. Гэрч Л.Очирбатын мөрдөн байцаалтанд өгсөн: Би Лхагва гэдэг айлд ямар нэгэн бяруу үлдээгээгүй. Харин манайх буруу чих урдаасаа цуулбар имтэй мухар хар бяруугаа алдаад эрээд олохгүй байгаа юм. Засмал зам дээр хэдэн үхэр дайрагдсан сурагтай байсан. Миний мухар хар бяруу уг засмал замын ойролцоо алга болсон. Иймд манай мухар хар бяруу дайрагдсан байж магадгүй. Би өөрөө явж үзээгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг, / хх-н 44  х/

 

9.Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 96 дугаартай дүгнэлтэнд:

1. А.Нандинцэцэгийн биед тархи доргилт, баруун уушигны уналт, шингэн хуралт, баруун 5,6-р хавирганы хугарал, баруун далны хөндлөн зөрүүтэй хугарал, сүүжний ясны суудал хэсгээр ташуу зөрүүтэй, хэлтэрсэн хугарал, баруун дунд чөмөгт ясны ташуу цууралт, зүүн хацарт зулгарсан шарх, эрүүн дор зүсэгдсэн шарх, баруун өвдөгний орчим зулгаралт, баруун шилбэний дотор цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр унах цохигдох үед үүсгэгдэх боломжтой.

3. Баруун уушигны уналт, шингэн хуралт гэмтлүүд нь ШЭГЗТЖ-ын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт, баруун 5,6-р хавирганы хугарал, баруун далны хөндлөн зөрүүтэй хугарал, сүүжний ясны суудал хэсгээр ташуу зөрүүтэй, хэлтэрсэн хугарал, баруун дунд чөмөгт ясны ташуу цууралт гэмтлүүд нь хүндэвтэр зэрэгт, зүүн хацарт зулгарсан шарх, эрүүн дор зүсэгдсэн шарх, баруун өвдөгний орчим зулгаралт, баруун шилбэний дотор цус хуралт гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. 

4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. / хх-н 85-86 х /

 

10. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 92 дугаартай дүгнэлтэнд:

1. Х.Нямсүрэнгийн биед тархи доргилт, сээрний Th3, Th4 нугаламын их биеийн өмнөд хэсгийн шахагдсан хугарал, Th3 нугаламын их биеийн өмнөд хэсэг хижиг хэлтрэл, зүүн 1-р хавирганы хугарал, духны баруун тал, баруун чамархайн хэсэгт зүсэгдсэн шарх, зүүн гарны алганы ар талд зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх зүсэгдсэн шархнууд нь  ир, ирмэгтэй, бусад гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр унах цохигдох үед үүсгэгдэх боломжтой.

3. Уг гэмтлүүд нь ШЭГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй. / хх-н 112-113 х /

 

11. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 77 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Ширмэнбаатарын биед тархи доргилт, зүүн чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтлүүд нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй.

 

12. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 79 дугаартай дүгнэлтэнд:

1.Ш.Анандын биед тархи доргилт, баруун чихний дор, зүүн өгзөг орчим цус хуралт, баруун гарын 1,2 хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтлүүд нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй. / хх-н 95 х /

 

 

13. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 78 дугаартай дүгнэлтэнд:

1.Ш.Анарын биед тархи доргилт, толгойн оройн хуйханд язарч урагдсан шарх, духны баруун хэсэг, баруун нүдний дотор булан, баруун шанаанд цус хуралт, баруун эрүүний буланд, зүүн гарын сарвууны ар талд зулгаралт, баруун хацар шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтлүүд нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй. / хх-н 99 х /

 

14. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 91 дугаартай дүгнэлт 

1.Г.Алтанжигүүрийн биед тархи доргилт, духны урд талын зулгаралт, зүүн талын нүдний орчимд цус хуралт, хамар, толгойн дагзны зөөлөн эдийн няцрал, нүүрэнд, зүүн гарын ар талд зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтлүүд нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй. / хх-н 126-127 х /

 

15. Техникийн шинжээчийн 09 дугаартай дүгнэлтэнд:  Жолооч Ц.Цагаанхүү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3.б-д зааснаар “Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Замын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. / хх-н 46 х /

 

16. Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл / хх-н 8-10 х/,  фото зураг /хх-н 10-17 х/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 18-19 х/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.Цагаанхүү нь өөрийн эзэмшлийн 45-67 УБП улсын дугаартай “верна аксент” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон  2016 оны 2-р сарын 03-ны өдөр Түмэнцогт сумаас Баруун-Урт сум руу явж байх замдаа Баруун-Урт сумаас баруун зүгт 20 километрт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.б-д зааснаар “Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Б.Ширмэнбаатар, Ш.Ананд, Ш.Анар, Г.Алтанжигүүр нарын бие махбодид хөнгөн гэмтэл, Х.Нямсүрэнгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл, А.Нандинцэцэгийн бие махбодид хүнд гэмтэл тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. 

 

Иймд Ц.Цагаанхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасан “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчсний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Цагаанхүүд ял шийтгэл оногдуулахад түүний анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал  байхгүй болно.

Шүүгдэгч Ц.Цагаанхүүг нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эмчилгээний зардлыг сайн дураараа нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн болон эрүүл мэндийн байдлыг харгалзан  түүнд оногдуулсан хорих ялыг заавал  биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

 

          Хохирогч А.Нандинцэцэгийн эмчилгээний зардалд 7.973.573 төгрөг  нэхэмжилснээс үндэслэлгүй нэхэмжилсэн 4.788.391 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогчоос гарсан  эмчилгээний бодит зардал 2.185.182 төгрөг, Улаанбаатар хот болон аймагт ирж очсон унааны зардал 1.000.000 төгрөг нийт 3.185.182 төгрөгийг шүүгдэгч Ц.Цагаанхүүгээс гаргуулах үндэслэлтэй байна. Гэвч  шүүгдэгч Ц.Цагаанхүү нь хохирогч А.Нандинцэцэгт 6.115.200 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Алтанжигүүрт 1.594.400 төгрөг, хохирогч Х.Нямсүрэнд 1.194.400 төгрөг, Ш.Анандад 42.200 төгрөг, Ш.Анарт 42.200 төг, Б.Ширмэнбаатарт  42.200 төгрөг төлж барагдуулсан бөгөөд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна. 

             Харин хохирогч А.Нандинцэцэг нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлынхаа зөрүүг / тухайлбал 6.115.200-3.185.182= 2.930.018 төгрөг цаашид гарсан зардал 2.930.018 төгрөгөөс хэтэрсэн тохиолдолд / материалаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно. 

 

          Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй тул түүний эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 857071 дугаартай жолооны үнэмлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч А.Нандинцэцэг, Х.Нямсүрэн, иргэний нэхэмжлэгч Г.Алтанжигүүр нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.   

 

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Банди овогт Цагаан-Өвгөний Цагаанхүүг  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид  хүнд гэмтэл учруулах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар шүүгдэгч Ц.Цагаанхүүгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан Ц.Цагаанхүүд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг журамлан  ялтан Ц.Цагаанхүүд  оногдуулсан 2 жилийн  хорих ялыг тэнсэж  1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Ц.Цагаанхүүд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ялтан  Ц.Цагаанхүүгийн  857071 дугаартай жолооны үнэмлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй. 

 

            7. Ялтан  Ц.Цагаанхүүгийн  эзэмшлийн 45-67 УБП улсын дугаартай верна аксент маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

            8. Шүүгдэгч Ц.Цагаанхүү нь хохирогч А.Нандинцэцэгт 6.115.200 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Алтанжигүүрт 1.594.400 төгрөг, хохирогч Х.Нямсүрэнд 1.194.400 төгрөг, Ш.Анандад 42.200 төгрөг, Ш.Анарт 42.200 төгрөг, Б.Ширмэнбаатарт 42.200 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

 

 9. Шүүгдэгч Ц.Цагаанхүү нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.Нямсүрэн, иргэний нэхэмжлэгч Г.Алтанжигүүр нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

            10.Хохирогч А.Нандинцэцэгийн 7.973.573 төгрөгийн  нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүй нэхэмжилсэн 4.788.391 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

 

             11. Хохирогч А.Нандинцэцэг гэмтлийн улмаас цаашид гарсан зардал 2.930.018 төгрөгөөс хэтэрсэн тохиолдолд иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдсугай.

 

  12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар уг тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ц.Цагаанхүүд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

   14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Д.СУГАР