Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2019/00654

 

“ТБ” ХХК-ийн. нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/02166 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2466 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “ТБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “АС” ХХК, “ДӨ” ХХК холбогдох,

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Их тойруу-27, Гоулд плаза худалдааны төвийн 1 давхрын 144 мкв талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, 51 840 000 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг

Хариуцагч “АС” ХХК-ийн төлөөлөгч МБ-гийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, хариуцагчийн төлөөлөгч МБ-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, хариуцагчийн өмгөөлөгч Г.У, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“ХБ” ХХК, Г.Алтан нар нь 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 1/1154 тоот байр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Их тойруу-27, Гоулд плаза худалдааны төвийн 1 давхарт байршилтай, 144 м.кв талбайг 1 368 000 ам.доллараар худалдах-худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан байдаг. Гэрээний дагуу “ХБ” ХХК-иас 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нийт 1 778 695 488 төгрөгийг Г.Алтанд төлсөн боловч Г.Алтан болон Гоулд плаза худалдааны төвийн өмчлөгч “ДӨ” ХХК нь өмчлөх эрхийн гэрчилгээг “ТБ” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөөгүй байсан тул “ТБ” ХХК-ийн зүгээс 2017 оны 5 дугаар сард дээрх талбайн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/0236 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “ТБ” ХХК-ийг хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “АС” ХХК нь дээрх талбайг ашиглалтын гэрээ байгуулан бусдад ашиглуулж орлого олж байгаа нь тогтоогдсон учраас хамтран хариуцагчаар татан оролцуулсан учраас “ДӨ” ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч “АС” ХХК нь өмчлөгч “ТБ” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр дээрх талбайг 2017 оны 5 дугаар сараас бусдад түрээслүүлэн ашиг олж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа учраас банкны зүгээс өөрийн өмчлөлийн эд хөрөнгө буюу Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Их Тойруу-27 Гоулд плаза худалдааны төвийн 1 давхарт байршилтай 144 м.кв талбайг хууль бус эзэмшлээс нь чөлөөлүүлж, дээрх талбайг банкны зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулснаас олсон орлого болох 51 840 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “АС” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“ТБ” ХХК нь Гоулд плаза худалдааны төвийн 1 дүгээр давхарт 144 м.кв талбайгаа хүлээж авах үүргээ биелүүлэхгүй, манай компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч буюу үүсгэн байгуулагч Г.Алтантай байгуулсан №1/1154 тоот байр худалдах-худалдан авах гэрээний худалдан авагчийн үүрэг хэсгийн 6.2.4-д зааснаар худалдан авагч нь ашиглалтын гэрээг талбай өмчлөгчдийн холбоотой байгуулах, 6.2.6, 6.2.7-д зааснаар бусад өмчлөгчдийн ашиг сонирхол, эрхийг зөрчихгүй ажиллах, хэрэглэсэн цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, цэвэрлэгээ, харуул хамгаалалт, засвар үйлчилгээ болон бусад ашиглалт, хэрэглээний төлбөрийг цаг тухайд нь төлөх гэж худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхгүй тус компани болон тус худалдаа үйлчилгээний төвийн талбайд ажиллаж байгаа бусад талбай өмчлөгчдийн эрх ашгийг хохироож байна. Манай компани Гоулд плаза худалдааны төвийн ашиглалтыг хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр хариуцан ажилладаг бөгөөд компанийн зүгээс маргаан бүхий талбайн ашиглалтын зардлыг “ТБ” ХХК-иас болоод бүрэн авч чадахгүй байгаа нь цааш хийх төлбөр тооцоонд нөлөөлж байнга асуудал үүсгэж бусад талбай өмчлөгч нарт сөргөөр нөлөөлөх болсон.

“ТБ” ХХК-ийн 144 м.кв талбайн ашиглалтын зардал нь сарын тогтмол 3 600 000 төгрөг болдог бөгөөд нэхэмжлэгч нь талбайгаа хүлээн авч ашиглалтын гэрээ байгуулахгүй байгаа учир манай компани алдагдалд орохгүйн тулд иргэн Ц.Мөнхгалтай ашиглалтын гэрээ байгуулан сард 3 600 000 төгрөгийн төлбөрийг авч тухайн талбайн ашиглалтын зардлыг хангагч байгууллагуудад төлж байгаа болно. Гэтэл “ТБ” ХХК нь 144 м.кв талбайгаа хүлээн авч ашиглалтын гэрээ байгуулах үүргээ биелүүлэхгүй байж манай компаниас ашиглалтын орлого гэж 51 840 000 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймээс “ТБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “ДӨ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/02369 дугаартай зохигч талууд эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. “ДӨ” ХХК Гоулд плаза худалдааны төвийн 1 дүгээр давхарт 144 м.кв талбайн үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гарган өгөх, “ТБ” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталсан. Манай компанийн зүгээс захирамжийг биелүүлэхэд татгалзах зүйлгүй. Гэвч “ТБ” ХХК нь дээрх шүүгчийн захирамжийн заалт буюу манай сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 113 000 000 төгрөгийг хариуцагчийн тодорхойлсон дансанд шилжүүлэн өгөх, мөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан өдрөөс 144 м.кв талбайн ашиглалтын гэрээ хангагч байгууллагатай тогтоосон тарифын дагуу байгуулах үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. “ТБ” ХХК-ийн холбогдох ажилтантай холбогдож төлбөрийг захирамжийн дагуу төлж ашиглалтын гэрээгээ байгуулан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтаа авахыг удаа дараа сануулж хэлсэн. “ТБ” ХХК нь нэгэнт манай компанид холбогдох шаардлагаасаа татгалзсан учраас өөр нэмж хэлэх тайлбар байхгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/02166 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар АС ХХК-д холбогдох Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Их тойруу-27, Гоулд плаза худалдааны төвийн 1 давхрын 144 м.кв талбайг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн ТБ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д заасны дагуу хариуцагч АС ХХК-иас талбайг бусдад ашиглуулсны төлбөрт 51 480 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТБ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ТБ ХХК нь хариуцагч ДӨ ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч АС ХХК-иас 415 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2466 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/02166 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Их тойруу-27, Гоулд плаза худалдааны төвийн 1 давхрын 144 м.кв талбайг хариуцагч АС ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй гэж, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар хариуцагч АС ХХК-иас 28 800 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТБ ХХК-д олгосугай гэж, 4 дэх заалтын ... 415 350 төгрөг ... гэснийг 301 950 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч АС ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Гоулд плаза худалдааны төвийн нийт ашигтай талбай нь 5437 м.кв бөгөөд тус худалдааны төвд үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн болон байгууллагуудад 1 м.кв талбайд ногдох ашиглалтын зардал нь 25 000 төгрөг ба ашиглалтын зардлыг хангагч байгууллагуудтай тогтоосон тарифын дагуу манай компани нь дамжуулан төлдөг юм. ... Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх заалтыг үндэслэн “АС” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 28 800 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ТБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч ТБ нь талбайгаа хүлээн авч ашиглалтын гэрээ байгуулахгүй мөн ашиглалтын зардлаа нөхөн төлөхгүй байсан тул хариуцагч “АС” ХХК нь 144 м.кв талбайн сарын тогтмол зардал болох 3 600 000 төгрөгийн ашиглалтын зардлыг иргэн Н.Мөнхгалтай ашиглалтын гэрээ байгуулан төлүүлж, холбогдох байгууллагуудад цааш дамжуулан төлсөн бөгөөд талбайг бусдад ашиглуулснаар “АС” ХХК нь ямар нэгэн ашиг орлого олоогүй болно.

Давж заалдах шатны шүүх дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд ТБны 144 м.кв талбайн зайлшгүй төлөх ёстой сарын тогтмол ашиглалтын зардлыг хариуцагчийг орлого олсон мэтээр тайлбарлаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Эдгээр тайлбар үндэслэлийг харгалзан үзэж Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 8466 тоот магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалт “Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар хариуцагч “АС” ХХК-иас 28 800 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ТБ” ХХК-д олгосугай гэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсэг хууль зүйн үндэслэлгүй болсон байх тул магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “ТБ” ХХК нь хариуцагч “ДӨ” ХХК болон “АС” ХХК-д холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дараах хоёр шаардлагыг  гаргасан байна: худалдах-худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхтэй болсон Гоулд плаза худалдааны төвийн 1 давхарт байршилтай, 144 м.кв талбайг чөлөөлүүлэх, дээрх талбайг бусдад түрээслүүлэн олсон ашгийн 51 840 000 төгрөгийг гаргуулах. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шаардлагаа зөвхөн хариуцагч “АС” ХХК-д холбогдуулж, хариуцагч “ДӨ” ХХК-д холбогдох шаардлагаас татгалзжээ.

Хариуцагч “АС” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, “ТБ” ХХК нь Гоулд плаза худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлалтай 144 м.кв талбайгаа хүлээж авахгүй, ашиглалтын гэрээг талбай өмчлөгчдийн холбоотой байгуулах, бусад өмчлөгчдийн ашиг сонирхол, эрхийг зөрчихгүй ажиллах, засвар үйлчилгээ болон бусад ашиглалт, хэрэглээний төлбөрийг цаг тухайд нь төлөх зэрэг худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхгүй тус компани болон худалдаа үйлчилгээний төвийн талбайд ажиллаж байгаа бусад талбай өмчлөгчдийн эрх ашгийг хохироож байсан учир худалдааны төвийн ашиглалтыг хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр хариуцан ажилладаг компанийн хувьд маргаан бүхий талбайн ашиглалтын зардлыг “ТБ” ХХК-иас болоод бүрэн авч чадаагүйгээс алдагдалд орохгүйн тулд иргэн Ц.Мөнхгалтай ашиглалтын гэрээ байгуулан тухайн талбайн ашиглалтын зардлыг авч хангагч байгууллагуудад төлж байгаа гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хариуцагч “ДӨ” ХХК шаардлагыг эс зөвшөөрч, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/02369 дугаартай зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжаар хүлээсэн үүргээ “ТБ” ХХК биелүүлээгүй буюу 113 000 000 төгрөгийг хариуцагчийн тодорхойлсон дансанд шилжүүлэн өгөөгүй, 144 м.кв талбайн ашиглалтын гэрээг хангагч байгууллагатай тогтоосон тарифын дагуу байгуулаагүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “ХБ” ХХК 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “байр худалдан авах” нэртэй гэрээг иргэн Г.Алтантай байгуулж, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын 1 дүгээр давхарт байршилтай 144 мкв ашигтай талбайг 1 368 000 ам.доллараар худалдан авсан байна.

Нэхэмжлэгч “ТБ” ХХК нь “ХБ” ХХК-ийн актив, пассив хөрөнгө, зээл, өр төлбөрийг шилжүүлэн авах талаар банкны эрх хүлээн авагчтай 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэрээгээр маргааны зүйл болох үйлчилгээний талбайд холбогдох эрх, үүргийг шилжүүлэн авчээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/02369 дугаартай захирамжид зааснаар нэхэмжлэгч “ТБ” ХХК нь маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, харин хариуцагч “ДӨ” ХХК болон иргэн Г.Алтан нь 2012 оны 02 дугаар сараас 2017 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны ашиглалтын төлбөрт 216 362 880 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “ТБ” ХХК болон хариуцагч “ДӨ” ХХК, иргэн Г.Алтан нар нь эвлэрлийн гэрээ байгуулж, шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Талууд энэхүү эвлэрлийн гэрээгээр дараах тохиролцоог хийжээ:

1.Сөрөг нэхэмжлэлийн үнийн дүн 216 362 880 төгрөгөөс хариуцагч 103 363 880 төгрөгийн сөрөг шаардлагаас татгалзаж, 113 000 000 төгрөгийг ашиглалтын зардалд нэхэмжлэгчээс авахаар хэлэлцэж, “ТБ” ХХК 113 000 000 төгрөгийг Г.Алтан буюу “ДӨ” ХХК-ийн дансанд \Голомт банк Э.Сүрэн 2005101046\ шижүүлснээр Г.Алтан, “ДӨ” ХХК нь өмчлөх эрх авахад шаардлагатай бүх бичиг баримт гаргаж өгөх,

2.”ТБ” ХХК нь өмчлөх эрхийн гэрчилгээг авсан өдөр “ДӨ” ХХК-тай 144 мкв талбайн ашиглалтын гэрээг хангагч байгууллагаас тогтоосон тарифын дагуу хийх

3.Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Их тойруу 27, Голд плаза худалдааны төвийн 1 давхарт байрлалтай 144 мкв талбайн өмчлөгч нь “ТБ” ХХК болох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрөхөөр эвлэрсэн байна.

Эвлэрлийн гэрээг талууд сайн дурын үндсэн дээр, харилцан тохиролцож байгуулсан, эрх, үүргээ болон захирамжийн үр дагаврыг ойлгосон талаар гэрээндээ заажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх эвлэрлийн гэрээний агуулгыг тухайн нэхэмжлэлийн үндэслэл, маргааны нөхцөлд хамааруулан эрх зүйн үүднээс дүгнээгүй нь алдаатай болсноос гадна зохигчийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг “ТБ” ХХК-ийг өмчлөгчөөр тогтоосон шийдвэр гэж шийдвэр, магадлалдаа заасан нь учир дутагдалтай болжээ.

Дээрх эвлэрлийн гэрээнд зааснаар хариуцагч тал нэхэмжлэгч “ТБ” ХХК-ийн өмчлөх эрхийг хүлээн зөвшөөрсөн, одоогийн хэлэлцэгдэж буй хэрэгт ч нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн талаар маргаагүй байна.

Харин эвлэрлийн гэрээний тохиролцоогоор эхлээд “ТБ” ХХК 113 000 000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлэх, үүний дараа хариуцагч нар нэхэмжлэгчид өмчлөх эрхээ бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг өгөх, өмчлөх эрхээ бүртгүүлсний дараа “ТБ” ХХК талбайн ашиглалтын зардлын талаар зохих этгээдтэй гэрээ хийх учиртай байна. Талуудын тайлбараас үзэхэд “ТБ” ХХК эвлэрлийн гэрээгээр тохиролцсон 113 000 000 төгрөгийг хариуцагчид төлөөгүйгээс талуудын эвлэрлийн гэрээний нөхцөл бүрэн хэрэгжээгүй байна.

Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1.-д зааснаар хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж заажээ. Зохигчийн эвлэрлийн гэрээнд “ТБ” ХХК эхэлж төлбөр төлөх, ийнхүү төлсний дараа “ДӨ” ХХК, Г.Алтан өмчлөх эрх шилжүүлэх бичиг баримтыг бэлэн болгох, “ТБ” ХХК нь өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлсний дараа талбай ашиглалтын гэрээ байгуулах талаар тодорхой тусгасан байх тул “ТБ” ХХК гэрээгээр тохиролцсон төлбөрөө төлөөгүй тохиолдолд маргааны зүйл болж буй талбайг хариуцагч тал эзэмшилдээ байлгаж, ашиглалтыг нь хариуцаж, зардлыг нь нөхөн төлүүлэхээр бусдад түрээслүүлсэн явдлыг буруутгах боломжгүй юм.

Хариуцагч “ДӨ” ХХК болон “АС” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар  худалдах-худалдан авах гэрээний дагуу маргааны зүйлийг нэхэмжлэгч талд худалдсаны хувьд шинэ өмчлөгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй, “ТБ” ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгчийн хувьд тухайн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Эд хөрөнгийн эзэмшлийг хууль ёсны бөгөөд хууль бус гэж ангилдгаас гадна хууль бус эзэмшил нь дотроо шударга болон шударга бус гэж хуваагддаг.

Хариуцагч “ДӨ” ХХК, “АС” ХХК-ийг тухайн талбайн хууль бус, шударга эзэмшигч гэж үзнэ.

Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1., 94.2.т зааснаар эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй бөгөөд эрх бүхий этгээд эд хөрөнгийг буцааж авах хүртэл эд хөрөнгө болон эрхийн үр шим нь өмнөх эзэмшигчийнх байна.

Шударга эзэмшигч өөрийн буруугаар эд хөрөнгийн үр шимийг олж авч чадаагүй бол олж авах байсан үр шимийн үнийн дүнгийн хэмжээгээр төлбөл зохих төлбөрийг хасч тооцох зохицуулалт мөн зүйлийн 94.4.-т байна.

Маргааны зүйл болж буй эд хөрөнгө болох үйлчилгээний талбайг түрээслүүлэх нь тухайн эд хөрөнгийг ашиглах хэлбэр бөгөөд түрээсийн төлбөрийг эд хөрөнгийн үр шим гэж үзнэ. Хариуцагч тал нэхэмжлэгчийн төлбөр төлөөгүй эс үйлдэхүйгээс шалтгаалан түүнд шилжүүлэх эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгасан хугацаанд эд хөрөнгийн үр шимийг авсан нь хууль зөрчөөгүй, уг үр шим түүнд үлдэх ёстой байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн эд хөрөнгө гаргуулах буюу талбайг чөлөөлүүлэх тухай шаардлагад Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь зөв боловч олсон ашгийг гаргуулах шаардлагын эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн зохих хэм хэмжээгээр тодорхойлж чадаагүйг хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг хэрэглээгүй алдаа гэж үзнэ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.-т заасан эд хөрөнгийн шууд бус эзэмшигчийн тодорхойлолтыг талбай чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон нь алдаатай болжээ.

Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байдаг.

Анхан шатны шүүх “ТБ” ХХК-ийн шаардлагыг шууд эзэмшигчид буюу талбайг түрээсэлж буй иргэнд холбогдуулан гаргаагүй гэж нэхэмжлэлийн тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь алдаатай болжээ. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан өмчлөгчийн шаардах эрх зөвхөн эд хөрөнгийг хууль бусаар шууд эзэмшиж байгаа этгээдэд хамааралтай, харин шууд бус эзэмшигч буюу түрээслүүлэгчид хамааралгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. 

Давж заалдах шатны шүүх  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, талбай чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1.-д заасныг баримтлан хариуцагчаас олсон ашгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь алдаатай болжээ.

Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1.-д зааснаар хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй.

Хуулийн дээрх зохицуулалт хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг захиран зарцуулсан буюу өмчлөх эрхийг сэргээх боломжгүйгээр эрх зүйн үр дагавар үүсгэснээс учирсан хохирлыг нөхөн төлөх тохиолдолд хамааралтай байгаагаас гадна хууль бус шудрага эзэмшигч нь эд хөрөнгийн үр шимийг авах хуулиар тогтоосон эрхээ хэрэгжүүлэхэд өмчлөгчийн зөвшөөрөл авах шаардлагагүй болохыг шүүх анхаараагүйгээр хуулийн хэрэглэх ёсгүй зохицуулалтыг хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх олсон ашгийг гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангахдаа Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1.-д заасан хэм хэмжээг эрх зүйн үндэслэл болгосон нь мөн учир дутагдалтай болжээ.

   Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1.-д заасан буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарах тухай зохицуулалт нь хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан “өөр этгээдэд шилжүүлсэн”, “буцаан гаргуулах” хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шимд хамааралтай тул хариуцагч “АС” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “ТБ” ХХК-ийн 51 840 000 төгрөгийн шаардлагад хамааралгүй байна. “ТБ” ХХК нь хариуцагчаас олсон орлогыг шаардсан боловч тэрээр өөрийн шилжүүлсэн хөрөнгийг буцаан гаргуулахаар шаардаагүй болно.

Нөгөө талаар, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг тухайн шаардлагыг  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/02369 дугаартай захирамж гарснаас хойшх хугацаанд хамааралтай гэж үзэж, шаардлагын зарим хэсгийг хангасан нь эрх зүйн үндэслэлгүй болжээ. “ТБ” ХХК нь өөрийгөө “ХБ” ХХК-ийн эрх залгамжлагчийн хувьд хариуцагч талтай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан 2011 оноос өмчлөх эрх үүсэх эрх зүйн үндэслэл бий болсон гэж үзсэн ба дээрх шүүгчийн захирамж нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоогоогүй, харин шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл бүхий эвлэрлийн гэрээг баталсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй зохицуулалтыг хэрэглэсэн, улмаар нэхэмжлэгч “ТБ” ХХК-ний нэхэмжлэлийн хоёр шаардлагыг өөр өөрөөр, хууль зүйн үндэслэлийг зөв тодорхойлж чадалгүй хянан шийдвэрлэсэн байх тул хоёр шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах журмаар залруулах үндэслэлтэй. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2466 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2 дахь заалтыг “Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1.-д зааснаар хариуцагч “АС” ХХК-иас 28 800 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ТБ” ХХК-д олгосугай” гэж” гэснийг “2 дахь заалтыг “Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2.-т зааснаар хариуцагч “АС” ХХК-иас 51 840 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ТБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, “З01 950 төгрөг” гэснийг “70 200 төгрөг” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 301 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.    

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                                     Ц.АМАРСАЙХАН