Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/17

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Э-ын Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2103003290384 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Их-уул суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, одоо ... ХХК-нд нярав ажилтай, ам бүл гурав, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр гудамж, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Э-ын Д /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.Д нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 07 цаг 58 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоот хашааны хойд талын замд “Тоёота приус" маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний  акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн  хэрэгслийн  хурдыг хасаж,  зайлшгүй  тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу талын боржур давж, зогсоох арга хэмжээ авч чадалгүй явган зорчигч Л.Г-ийг  мөргөж,  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11х/, хохирогч Л.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 21-22х/, иргэний нэхэмжлэгч Б.Г-гийн мэдүүлэг /хх-ийн 71х/, гэрч Н.А-ын мэдүүлэг /хх-ийн 76х/, гэрч Э.Р-ын мэдүүлэг /хх-ийн 81х/, гэрч Г.С-ын мэдүүлэг /хх-ийн 84х/,  Ашид билгүүн ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 140-145х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 843 дугаартай дүгнэлт /хх-ийн 106-110х/, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн 312 дугаартай магадлагаа /хх-ийн 160х/, шүүгдэгч Э.Д-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 174х/, ... ХХК-ны тодорхойлолт /хх-ийн 176х,  хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 179-180х/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 181х/, жолоодох эрхийн лавлагааны хуулбар /хх-ийн 182х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 183х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 184х/, шүүгдэгч  Э.Д-ийн мэдүүлэг /хх-ийн 172-173х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Д нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 07 цаг 58 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоот хашааны хойд талын замд “Тоёота приус" маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн  хэрэгслийн  хурдыг хасаж,  зайлшгүй  тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу талын боржур давж, явган хүний замаар явж байсан явган зорчигч Л.Г-ийг  мөргөж,  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6х, 7х, 8х, 9-11х/,

Хохирогч Л.Г-ийн: “...2021 оны 10 дугаар сарын 06-ны өглөө Тахилтад түрээсийн байрнаас гараад ажил руугаа явах гээд А-ын хамтаар  хамт явдаг хүнийхээ машинд суух гээд замын урд талын явган хүний замаар явж байснаа санаж байна. Тэрнээс өөр зүйл огт санахгүй байна. Нэг сэрэхэд эмнэлэг дээр сэрсэн. Миний зүүн  хөлийн өвдөгний  үеийн  холбоос урагдсан,  баруун хөлний өвдөгт зөөлөн эдийн гэмтэлтэй, толгойдоо оёдол тавиулсан. Толгойд цус хуралттай байна гэсэн. Би машин ирж байхыг хараагүй, миний араас мөргөсөн юм. Миний толгой өвддөг болсон, юмыг 3,4 болгож харж байна. Баруун гар мөрнөөсөө дээшээ явахгүй болсон, 2 хөлний хөдөлгөөн хориотой, зүүн хөлний өвдөгний шингэн алдагдсан,  хавдартай, баруун хөл оёдлоороо татаж өвдөж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х, 68х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 843 дугаартай нэмэлт шинжилгээ:

“1.Л.Г-ийн  биед баруун өвдөгний холбоосын урагдал, тархины  эдийн хөнгөн  зэргийн няцрал, дагз, хоёр өвдөгт шарх, зүүн бугалга, баруун шуу, алга, баруун гуя, хоёр шилбэнд цус хуралд гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн  үйлдлээр буюу зам  тээврийн ослын үед үүсэх боломжтой.

3.дээрх гэмтлүүд нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх-ийн 106-109х/,

Иргэний нэхэмжлэгч Б.Г-гийн: “...Би осол аваарыг бол мэдэхгүй. Намайг гэртээ унтаж  байхад түс хийх чимээ гарахаар нь гэрээс гарч харахад машинтай хүн  ирээд манай  хашааг мөргөсөн байсан.  Бас хажуу талд нь хүн мөргөсөн байсан. Тэгээд жолоо нь гэх эмэгтэй хүн машинаас бууж ирээд цагдаад дуудлага өгөөд бас эмнэлэгт дуудлага өгсөн. Удалгүй түргэн ирээд нөгөө мөргүүлсэн  гэх эмэгтэйг авч явсан. Манай хашааны нэг нүүр хэсэг нураад унасан байсан, үнэлгээ хийлгээгүй байгаа, хийлгэх шаардлага байхгүй гэж бодож байна. Уг машины жолооч нь манай хашааг бүрэн янзалж өгсөн буюу хохиролгүй болгосон байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 71х/,

Гэрч Н.А-ын “...Осол гардаг  өглөө буюу 10 дугаар сарын 06-ны өдрийн 08 цаг өнгөрч байхад  Г-ийн хамт гэрээс гараад ажил руугаа явах гээд  ...  Н нэртэй  автобусны буудал руу явган хүний замаар алхаад явж  байтал  бид хоёрын хойд  талаас машин  ирээд Г-ийг мөргөсөн. Тухайн үед Г-ийн миний гараас  алдуурахаар нь  би юу билээ гээд хажуу тийшээ хартал Г машинд мөргүүлээд унаж байгаа нь харагдсан. Г-ийг мөргөсөн машин цаашаа яваад айлын хашаа  мөргөөд зогссон. Би Г дээр очиход нэг нүд нь аниатай,  амнаас нь хөөс гарч  байсан. Тэр машинаас үл таних эмэгтэй бууж ирсэн ба би тэр хүүхнийг  утсаараа түргэн дууд гэсэн, түргэн ч удалгүй ирээд аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 76х/,

Гэрч Э.Р-ын “...тухайн өдөр 07 цаг өнгөрч байхад  манай дүү Э.Д Т.Приус-20 машинтай явж байгаад замаас гарч хүн  мөргөөд цаашаа айлын хашаа мөргөсөн гээд над руу утсаар ярихаар нь би осол  болсон газарт очсон.  Намайг очиход  мөргүүлсэн хүн нь  эмэгтэй хүн байсан ба унасан газраа хөдлөхгүй хэвтэж байсан.  Хөдөлгөж болохгүй гээд доогуур нь суудлын бүрээс дэвсэж өгсөн. Дүүгийн машин айлын хашаа  мөргөөд блокон хашаа нь нураад унасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 81х/,

Ашид билгүүн ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан: “...нурсан хашааны эвдрэл гэмтлийн дүн 955.800 төгрөг” /хх-ийн 140-145х/,

2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн 312 дугаартай магадлагаа:

“1. ... улсын дугаартай Toyota Prius-20 маркийн автомашиныг жолоодож явсан жолооч Э.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн  хэрэгслийн  хурдыг хасаж,  зайлшгүй  тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Л.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” /хх-ийн 160х/, 

Шүүгдэгч Э.Д-ийн: “...замын хагархай таарахаар нь явж байсан эгнээнээсээ гараад тойроод явсан ба тэр үед өөдөөс машин ирэхээр нь  би буцаад эгнээндээ орох үедээ андуураад хаазан дээрээ гишгээд  тэр чигээрээ замын зорчих хэсгээс гарч явган хүний замаар явж байсан явган зорчигчийг мөргөөд сандарсандаа цаашаа яваад айлын блокон хашаа мөргөөд зогссон” гэх мэдүүлэг /хх-ийн 172-173х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч Э.Д нь автомашиныг жолоодож явахдаа замын нөхцөл, хөдөлгөөний эрчим, үзэгдэх орчин ямар байгаагаас шалтгаалан хурдаа дүрэмд заасан суурин газарт баримталбал зохих хурдны хязгаарт тохируулан явах ёстой атал тэрбээр өөрийн явж байсан эгнээнээс “нүх тааралдлаа” гэх шалтгаанаар тойрон гарах нэрийдлээр эсрэг урсгал руугаа явж орсон төдийгүй өөдөөс ирж буй машинаас өмнө амжиж өөрийн явж байсан эгнээ зам руугаа орохдоо хаазаа тохируулан гишгэлгүй хурдаа нэмснээс үүдэн замын боржур давж гаран явган хүний замаар явж байсан иргэн Л.Г-ийг мөргөж унагасан, улмаар цааш явж айлын блокон хашаа мөргөж зогссон үйлдэл нь түүний ямар хурдтай явсныг илэрхийлснээс гадна зогсоох арга хэмжээг аваагүй болохыг илтгэх ажээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Д-ийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Г-ийг мөргөж хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэслэл бүрдсэн болно.

Иймд шүүгдэгч Э.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд:

Тус хэргийн улмаас хохирогч Л.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байх бөгөөд хохирогчийн эмчилгээ болон бусад зардалд баримтаар 2,411,640 төгрөг гарсныг шүүгдэгч Э.Д нь төлж барагдуулсан, хохирогчоос одоогоор нэмж нэхэмжилсэн хохиролгүй байна.

Мөн шүүгдэгч Э.Д нь зам тээврийн осол гаргах явцдаа иргэн Б.Г-гийн өмчлөлийн хашааг мөргөж гэмтэл учруулсан, уг хашааг засаж янзлах зардалд 250,000 төгрөгийг шүүгдэгчээс зарцуулсан, иргэний нэхэмжлэгч нь  өөр нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Харин хохирогч Л.Г нь цаашид уг ослоос үүдэлтэйгээр эмчилгээ хийлгэх тохиолдолд зардлаа шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор нь Э.Д-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч /шүүгдэгч/ Э.Д-т танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн байдал, шүүгдэгч Э.Д нь ... ХХК-нд нярав хийдэг буюу ажил хөдөлмөр эрхэлдэг, бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг нь тус тус харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Э.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Э.Д нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                          

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Э-ын Д-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-т 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч Э.Д нь хохирогч Л.Г-т 2,411,640 (хоёр сая, дөрвөн зуун арван нэгэн мянга, зургаан зуун дөч) төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Г-д 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, хохирогч Л.Г нь цаашид эмчилгээтэй холбогдуулан зардал гарвал нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Д-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.           

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Г.АЛТАНЦЭЦЭГ