| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2017/01525/и |
| Дугаар | 181/ШШ2017/01824 |
| Огноо | 2017-06-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2017/01824
| 2017 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 181/ШШ2017/01824 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, бага тойруу, Амарын гудамж-2, Соёлын төв өргөө УТҮГ-ын хүсэлттэй,
Гоё аялал ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Сэрсмаа, нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Соёлын төв өргөөний барилгын “Г” хэсгийн 15м2 талбай бүхий 423 тоот өрөөг 2015 онд Гоё аялал ХХК түрээсэлж байсан хугацааны 3 165 500 төгрөгийн төлбөрийг төлөлгүйгээр гэрээний үүргээ зөрчин орхиж гарсан юм.
Иймд одоо оршин байгаа хаяг тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа Гоё аялал ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэх зорилгоор Гоё аялал ХХК-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх бөгөөд хүсэлтийг хангах үндэстэй байна.
Гоё аялал ХХК нь Соёлын төв өргөөний “Г” хэсгийн 15м2 талбай бүхий 1 өрөө байрыг конторын зориулалтаар түрээслэхээр 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Г-594327 тоот түрээсийн гэрээ байгуулжээ.
Гоё аялал ХХК нь Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, үйлдвэр хд 68 байр, 3 тоотод бүртгэлтэй боловч үйл ажиллагаа явуулдаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, тус хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон
тогтоох нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Гоё аялал /РД:5943272/ ХХК-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Гоё аялал ХХК-ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа явуулахыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО