Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 822

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Т”ХХК

Хариуцагч: “О”ОНӨААТҮГ

Гомдлын шаардлага: “О” ОНӨААТҮ Газраас “Т” ХХК-д хүргүүлсэн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 03/1335 дугаар албан мэдэгдэл, 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах, 

Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х х” буюу ..-ын ., ..-ын . дүгээр байрыг дулааны эрчим хүчээр хангахад саад болохгүй байхыг “О”ОНӨААТҮГ-т даалгах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани Эрчим хүчний газрын дарга Д.Ч-ийн баталсан 24/2012 техникийн нөхцөлийг 2012 онд авч, улмаар Эрчим хүчний яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Т баталсан 12/2015 техникийн нөхцөлөөр сунгалт хийлгэж 2016 онд бүрэн дуусгаж улсын комиссод барилгыг хүлээлгэж өгсөн. Одоо 96 айлаас 70 гаруй айл өрхүүд оршин сууж байна. 2015 онд “А дулааны станц” шинээр ашиглалтад орж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж ашиглалтад орсон /Улсын комисс хүлээж авсан/ ба байруудыг дулаанаар хангаж эхэлснээс “У Д с" ТӨХК -ийн харьяа “УДДТ-22” төвийн ачааллыг 30-аас 40 хувь хүртэл бууруулсан нь тус барилгад өгөх дулааны хангамж сайжрах үндэслэлтэй.

Энэ хугацаанд “О” ОНӨААТҮГ-аас Монголд байхгүй өндөр өртөгтэй, аймгийн төвүүдэд тавьдаг халаалтын насосыг тавихыг удаа дараа шаардсаныг одоогын үүсэн нөхцөл байдлаас шалтгаалан илт хууль бус шаардлага гэж үзэж байна.

Энэхүү шаардлагыг биелүүлээгүйгээс Зүүн түгээх төв нь дулаанаар хангахгүй тасална, салгана гэж дарамтлах, элдэв байдлаар шахалт үзүүлж уг байранд амьдарч буй оршин суугчдын эрх ашгийг хохирооход хүрээд байна. Бидний хувьд Эрчим хүчний яамнаас олгосон техникийн нөхцөлийн дагуу барилгаа барьж ашиглалтад оруулсан. Уг техникийн нөхцөлүүдийг одоогоор хэн ч өөрчлөөгүй хүчинтэй байгаа энэ 2 жилийн хугацаанд дулаанаар хангах явцад дулааны сүлжээнд ямар нэгэн доголдол, зөрчил үүсээгүй хэвийн ажиллаж байгаа. Гэтэл “О”ОНӨААТҮГ-аас тавьсан нэмэлт тоног төхөөрөмжийг суурилуулахгүйгээр ажиллах боломжтой гэж үзэж байгаа ба энэ нь ч батлагдаад байгаа юм.

“А ” дулааны станц Зүүн 4 замаас зүүн тийш албан байгууллага, айл өрхүүдийг дулаанаар хангаж эхэлсэн нь Төв дулааны шугам сүлжээний ачааллыг эрс бууруулсан нь мөн шинээр тавих тоног төхөөрөмж хэрэгцээгүй гэдэг нь нотлогдож байна. Бидний протокол, тэмдэглэлээр зөвшөөрснийг далимдуулан одоогоор тавьж буй шаардлагыг биелүүлэх эрх зүйн үндэслэл байхгүй болно.

Иймд “О”ОНӨААТҮГ-аас 2019 оны 08 дугаар сарын 31, 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд “Т”ХХК-д гаргасан албан шаардлагыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х х” буюу ../., ../. дүгээр байранд халаалт залгах буюу дулааны эрчим хүчээр хангахыг “О”ОНӨААТҮГ-т даалгаж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч “О”ОНӨААТҮГ-ын захирал Ж.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч “Т”ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “У Д с" ТӨХК, “О”ОНӨААТҮГ, “Т”ХХК зэрэг гурван байгууллагын хамтарсан хурлын шийдвэрийн дагуу дөрвөн нэр төрлийн тоног төхөөрөмжүүдийг 2018 онд багтааж бэлтгэн нийлүүлэх тухай 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 07/79 дугаар албан бичиг хариуцагчид илгээсэн юм.

Дээрх нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хариуцагч болох манай байгууллага нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 96 айлын халаалтыг тавьж, дулаанаар хангах ажлыг гүйцэтгэх талаар уулзаж тохиролцож эвлэрсэн учир тус нэхэмжлэлд эвлэрлийн гэрээ байгуулах болно” гэжээ.

Нэхэмжлэгч “Т”ХХК-ийн захирал Г.Д шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “...ОСНААУГ-ын зүүн түгээх төвөөс Дулааны шугам сүлжээний газар, ОСНААУГ-ын удирдлагад буруу ташаа ойлголт өгч, өндөр үнэлгээтэй их үнэтэй тоног төхөөрөмж нийлүүлэхгүй бол УДД-23 төвийн дулаан доголдох эрсдэлтэй гэж тайлбарлаж ирсэн бөгөөд манай барилга нь 2016 онд ашиглалтад орсноос хойш төвлөрсөн дулаанд холбогдоод 3 жил болж байхад жил бүрийн намар дулаанаар хангахгүй гэж дарамт шахалт үзүүлж ирсэн.

2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн мэдэгдэх хуудсыг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Х хы байрлах ../., ../.-р байрны орцуудын үүдэнд нааж оршин суугчдын сэтгэл санааг үймүүлж, албан тушаалаа ашиглаж хясан боогдуулах замаар манай компанид шахалт үзүүлж, 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дулаан тавихгүй гэж оршин суугчдыг хохироох гэж байсан тул бид “О”ОНӨААТҮГ-т, 07/79 дугаартай албан тоотыг явуулснаар 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дулаанаар хангагдаад байгаа болно.

Хариуцагчийн зүгээс 2016, 2017, 2018 онуудад дулаан хангамж авах улирал эхлэх болгонд ийм дарамт шахалт үзүүлж ирсэн бөгөөд цаашид энэ байдал жил болгон давтагдахаар байгаа тул захиргааны хэргийн анхан шатны шүүхэд, хууль бус шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар нэхэмжлэл гаргасан болно.

2016 онд Улсын комиссын актаар ашиглалтад орсон 96 айлын орон сууцыг төвлөрсөн дулаанд холбуулахаар 2014 оноос хойш хөөцөлдөж ирсэн бөгөөд тухайн үед А гийн дулааны станц ашиглалтад ороогүй, ачаалал хүрэлцэхгүй талаар тайлбарлаж байсны дагуу дулаанаар хангахад боломжтой эсэх талаар УДД-23 төвийн гидравлик горимын тооцоо дүгнэлтийг манай компаниас зохих хөрөнгө гарган хүсэлт тавьж ШУТИС-ын Эрчим хүчний сургуулийн доктор, профессор О.П /дулааны горим тооцох аргачлалын автор/, “УБДС” ТӨХК -ийн инженер Л.А нар нь тус тусдаа тооцоолол гаргаж өгсөн ба уг дүгнэлтэд техникийн хүчин чадал нь хүрэлцэх боломжтой гэж дүгнэсэн.

А гийн дулааны станц ашиглалтад орж, дулааны дэд станц дээр ирж байсан ачааллыг эрс бууруулсан. 2014 оноос 2016 онуудад хариуцагчийн зүгээс дулаан хангамжийн доголдол гарч болзошгүй гэсэн тайлбар хийж байсан байдлаас өнөөдөр байдал эрс өөрчлөгдөж Зүүн түгээх төвийн ачаалал буурч, хэвийн доголдолгүй ажиллаж байгаа нь УДД-23 дэд өртөөнд өндөр өртөгтэй насос, тоног төхөөрөмж тавих шаардлагагүй болсон нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд батлагдсан талаар хариуцагчид 02/49 тоот бичгээр хүсэлт гаргахдаа дурдсан болно.

“О”ОНӨААТҮГ-ын УДД-23 төвөөс холбогдсон эцсийн хэрэглэгч болох манай компанид хариуцсан шугамынхаа их засвар, өргөтгөл шинэтгэлд шаардагдах тоног төхөөрөмжүүдийг бэлтгэн нийлүүлэхийг шаардаж байгаа эрх зүйн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байгаа юм. Үүнд Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 2.2, 4.26 дахь заалтууд, Дулаан хангамжийн дүрмийн 3.1, 3.2 дахь заалтуудыг баримталсан гэж тайлбарласан байна.

ОСНААУГ-ын Зүүн түгээх төвийн 2017 оны 10 сарын 25 ны өдрийн 335 тоот албан бичигт дурдсан "Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 2.2 дахь заалт нь хэрэглэгчийг шинээр холбоход хүчин чадлыг нэмэгдүүлэх, 4.26 дахь заалт нь зураг төсөл, техникийн нөхцөлийн шаардлага бүрэн хангагдсан нөхцөлд шинээр барьсан барилга байгууламжийг дулааны шугам сүлжээнд холбоно гэсэн байна. Манай компанийн барьж ашиглалтад оруулсан 96 айлын барилга нь өгөгдсөн техникийн нөхцөлийн дагуу шугам хоолойг барьж ДСШ-ний мэдээллийн санд зураг нь авагдаж, 2016 онд ашиглалтад орж, мөн тус ондоо дулааны шугам сүлжээнд холбогдон өнөөдрийг хүртэл элдэв доголдол, гэмтэлгүй хэвийн дулаанаар хангагдаж байгаа болно.

Одоо мөрдөж байгаа 2014 оны “Төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм”-ийн 2.2 дахь заалт нь “Төв диспетчерийн горим боловсруулах,хэрэгжүүлэх” гэсэн бүлэг заалт байх бөгөөд мэргэжлийн, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагааны горимыг мэргэжлийн хувьд нарийвчилсан заалтууд байна.

Тус дүрмийн нэр томьёоны тайлбарт буюу 1.2.10 дахь хэсэгт Төв диспетчерийн горимд “Диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн цахилгаан, дулаан үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн горимын даалгаврыг” гэж тайлбарласан байна.

Мөн тус дүрмийн 3.1 дэх заалтад “Бүрэлдэхүүн хэсгүүдийн техник тоног төхөөрөмжид тавигдах шаардлага” гэсэн бүлэг заалт байх бөгөөд техник үзүүлэлтүүд, станцаас ирж байгаа дулааны зохицуулалт, дээд, доод даралт гэх мэт мэргэжлийн байгууллагуудын мөрдөж ажиллах заалтууд байна.

Тус дүрмийн нэр томьёоны тайлбарт буюу 1.2. дахь хэсэгт Төвлөрсөн дулаан хангамжийн бүрэлдэхүүн хэсэгт “Төвлөрсөн дулаан хангамжийн хүрээн дэх дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагаанд оролцогч тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг” гэж тайлбарласан байна.

Тус дүрмийн 3.2 дахь заалтад “Төвлөрсөн дулаан хангамжийн системийн хэвийн ажиллагааг хангахад бүрэлдэхүүн хэсгүүдийн гүйцэтгэх үүрэг” гэсэн бүлэг заалт байх бөгөөд Дулаан хангамжийн диспетчерийн хяналт, хэвийн ажиллагааг хангахад баримтлах арга зүй, баримт бичигт тодотгол хийх гэх мэт мэргэжлийн байгууллагууд, бүрэлдэхүүн хэсгүүдийн мэргэжлийн хувьд зааварчилсан, дагаж мөрдөх заалтууд байна.

Дээрх дурдсан заалтууд нь дулаан үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч байгууллагуудын хоорондын харилцааг зохицуулсан хэм хэмжээний актууд байх тул, эдгээрийг баримталж хэрэглэгчээс их болон урсгал засварын хөрөнгө гаргуулах эрх байхгүй гэж үзэж байна.

Иймд хариуцагчаас манай талд тоног төхөөрөмж нийлүүлэх үүрэг хүлээлгэхээс татгалзсан тохиолдолд эвлэрэх боломжтой гэж үзэж тайлбар гаргаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т”ХХК нь “О”ОНӨААТҮГ-т холбогдуулан ““О”ОНӨААТҮГазраас “Т”ХХК-д хүргүүлсэн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 03/1335 дугаар албан мэдэгдэл, 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах, 

Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х х” буюу ../., ../. дүгээр байрыг дулааны эрчим хүчээр хангахад саад болохгүй байхыг “О”ОНӨААТҮГ-т даалгах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

            Нэг. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГазраас “Т”ХХК-д хүргүүлсэн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 03/1335 дугаар албан мэдэгдэл, 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:

            Нэхэмжлэгч “Т”ХХК нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Х хы байрлах ../., ../.-р байруудыг барьж 2016 онд ашиглалтад оруулсан ба уг байруудад Эрчим хүчний газрын дарга Д.Ч-ийн баталсан 24/2012 техникийн нөхцөлийг 2012 онд авч, улмаар Эрчим хүчний яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Т-ийн баталсан 12/2015 техникийн нөхцөлөөр сунгалт хийлгэсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 7-д Хэрэглэгчийг  дулааны сүлжээнд холбох зөвшөөрөл олгохдоо “Шинээр баригдах, өргөтгөл шинэчлэл хийх барилга байгууламжид  дулааны эрчим хүч авах, ачааллыг өөрчлөх  болон  дулааны, тоног төхөөрөмж, шугам сүлжээ, халаалтын  системийн  техникийн шийдлийг өөрчлөх,  технологийн шинэчлэл  хийх  тухай бүрт  хэрэглэгч нь дамжуулагч,  түгээгчээс дулааны техникийн нөхцөл авна” гэж заасан.

            “Т”ХХК нь дээрх барилгуудыг ашиглалтад оруулахдаа 24/2012, 24/2015 тоот техникийн нөхцөлүүдэд “Холболтыг 6д магистраль КТМС-ийн дэргэд шинээр баригдсан ЦТП-гийн 2 дугаар хэлхээний шугамыг авлага хүртэл тооцон өргөтгөж, холбож тусдаа салаа шугам татаж, мөн гэрээний 6-д заасан техникийн даалгавруудыг биелүүлсэн нь Дулааны шугамын улаан шугам татсан акт, компенсаторын таталт хийсэн тухай акт, дулааны шугам хоолойн далд ажлын акт, дулаан болон цэвэр усны шугам хоолойн угсралтын гагнуур, гадна дулаан хангамжийн системийн угсарсан, усан сорилтоор шалгасан акт, дулааны хоолойн бат бэх, нягтын байдлыг туршиж шалгасан тухай акт, зураг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн энэ талаар хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрсөн, тухайн үедээ техникийн нөхцөл хангагдсан эсэх талаар маргаан үүсгээгүй бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2016/297 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар барилгыг ашиглалтад оруулж, улсын комисс хүлээн авсан байна.  

             Харин хариуцагч “О”ОНӨААТҮГазраас 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 03/1335 тоот албан бичгээр “Т”ХХК-д “2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хамтарсан хурлын шийдвэрээр шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг танай байгууллага бэлтгэн нийлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд халаалтын улирал эхлэхээс өмнө үлдсэн тоног төхөөрөмжүүдээ яаралтай нийлүүлэх шаардлагатай болохыг мэдэгдье”, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “65 дугаар байрыг барьсан “Т”ХХК нь техникийн нөхцөлийн шаардлага хангах ажлын дагуу халаалтын тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлаа хийгээгүй тул тус байранд халаалт залгах буюу дулааны эрчим хүчээр хангах боломжгүй болохыг мэдэгдье” гэх мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлжээ.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ДДС-23 /УДД-23 төв/-ын хоёрдугаар хэлхээний гидравлик горимын тооцоог ШУТИС-ийн ЭХС-ийн багш Б.Баяраа гаргасан бөгөөд тэрээр шинжээчийн дүгнэлтдээ: ”Гидравлик горимын тооцооны үр дүнд насосны бүтээмж хүрэлцэж байна. Ялтсан дулаан солилцуурын хүчин чадлыг 0,056 Гкал/ц-аар нэмэгдүүлэх шаардлагатай байна. Гидравлик горимд анхаарах зүйл нь 23/2 хэрэглэгчийн буцах шугамын даралт бага гарч байна. Гэвч “Т”ХХК-ийн барьсан байрыг холбохгүй байсан ч мөн хоосрол үүсэх нөхцөлтэй байгаа нь тооцооноос харагдаж байна. ... Иймээс УДД-23 төвийн ялтсан халаагуурын чадлыг 0,056 Гкал/ц-аар нэмэгдүүлээд “Т”ХХК-ийн барилгыг холбох боломжтой гэж үзэж байна” гэж дүгнэснээр “Т”ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Х хы байрлах ../., ../.-р байруудыг дулаанаар хангах боломжтой болох нь тогтоогддог. Үүнийг Монгол Улсын зөвлөх инженер Ч.Цогтсайхан тайлбарлаж шүүхэд ирүүлсэн байдаг.

Дашрамд дурдахад нэмэлтээр суурилуулах ялтсан халаагуурыг нэхэмжлэгч компани нэмж суурилуулахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд өмнө нь нэлээдгүй /34 ширхэг/ ялтсан халаагуур суурилуулсан талаар хариуцагч үгүйсгэдэггүй.

2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3-аас Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГазарт хүргүүлсэн 216 тоот албан бичигт “...”Т к” ХХК нь манай төвтэй дулааны гэрээгүй, Улаанбаатар дулаан шугам сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанитай гэрээтэй ажилладаг. Ус дулаан дамжуулах 23 дугаар төвөөс хэрэглэсэн халаалтын төлбөрийг хувилж тооцож авдаг болно.”, Зүүн түгээх төвийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 234 тоот албан бичигт “... уг 65 дугаар байр нь манай харъяа ус дамжуулах 23 дугаар төвөөс дулаанаар хангагддаг. 96 өрх, 4 аж ахуйн нэгж байгууллагатай энэ байрны ус дулааны инженерийн шугам сүлжээний ашиглалтыг “Өөдөө байгаль” хувийн компани хариуцан ажилладаг юм байна. ...” гэж тус тус дурдсан ба хэрэгт “У Д с” ТӨХК, Т к” ХХК-ийн хооронд 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан “Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ” авагдсанаар Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д “эрчим хүчээр хангагч” гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг ойлгохоор заасан ба хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГазар нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Х хы байрлах ../., ../.-р байруудыг дулаанаар хангах үүрэг хүлээгээгүй болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж заасны дагуу “У Д с” ТӨХК, “Т”ХХК-ийн хооронд 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр байгуулсан “Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээний дагуу дулаан, эрчим хүчээр хэрэглэгчийг хангах эрх үүрэг тодорхойлогдсон ба энэхүү захиргааны хэргийн хариуцагч “О”ОНӨААТҮГ нь ямар нэг байдлаар дулаан эрчим хүчээр хангахаас татгалзах, нэхэмжлэгч байгууллагад мэдэгдэл хүргүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-д Эрчим хүч, дулааны “хэрэглэгч” гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг ойлгохоор тодорхойлсон ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Барилгын тухай хуулиар барилга байгууламжийг барьж байгаа гүйцэтгэгч байгууллагын үүрэг тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулж, барилга байгууламжийг улсын комисс хүлээж авч, үүний дараа гүйцэтгэлийн баталгаа гаргаж байгаа 3 жилийн хугацаа дууссанаар барилга байгууламжтай холбоотой харилцаа дуусгавар болж байгаа. ... Өнөөдөр 96 айлын өмчлөгч нар улсын бүртгэлийн гэрчилгээг авсан байхад барилга барьсан гүйцэтгэгч компанид хамааруулан тоног төхөөрөмж шаардаж байгаа нь хууль бус гэж үзэж байна” гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлтэй ба мэдэгдэх хуудас хүргүүлэх үндэслэл болсон Хамтран ажиллах гэрээний хууль зүйн үндэслэлийн талаар талууд Иргэний эрх зүйн дагуу маргаан үүсгэх эсэх нь энэхүү шүүхийн шийдвэрээр хязгаарлагдахгүй болно.

Түүнчлэн Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлд Эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлэхээр заасан ба 32 дугаар зүйлийн 32.1-д Эрчим хүчний хяналтын байцаагч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн /“эрчим хүчээр хангагч”/ үйл ажиллагааг бүхэлд нь буюу зарим тоног төхөөрөмжийн ашиглалтын зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх дөрвөн, 32 дугаар зүйлийн 32.2-т Эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх зургаан тохиолдлуудыг тус тус тодорхойлж өгсөн ба хариуцагчаас нэхэмжлэгч “Т”ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгч биш учир түүний эрчим хүчний хэрэглээг хязгаарлах тухай мэдэгдэх хуудас хүргүүлэх субьект биш гэж үзэх боломжтой байна.

Иймд Эрчим хүчний тухай хуульд заасан журмын дагуу Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГазраас “Т”ХХК-д хүргүүлсэн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 03/1335 дугаар албан мэдэгдэл, 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн мэдэгдэх хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хоёр. Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан ../., ../. дүгээр байруудад халаалт залгах буюу дулааны эрчим хүчээр хангахыг “О”ОНӨААТҮГ-т даалгах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х х” буюу ../., ../. дүгээр байруудыг дулааны эрчим хүчээр хангахад саад болохгүй байхыг “О”ОНӨААТҮГ-т даалгах гэж өөрчилсөн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгох бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлага болон хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасан шүүхийн шийдвэрийг аль нэгийг гаргах хууль зүйн үндэслэлтэй.

Харин дээрх нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааг урьдчилан таамаглаж, урьдчилан сэргийлэх журмаар шүүхийн шийдвэр гаргах боломжгүй бөгөөд ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр тухай бүр шүүхэд хандах эрхтэй болно.  

Иймд нэхэмжлэгч “Т”ХХК-ийн Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х х” буюу ../., ../. дүгээр байруудыг дулааны эрчим хүчээр хангахад саад болохгүй байхыг “О”ОНӨААТҮГ-т даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19, 28 дугаар зүйлийн 28.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГазрын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 03/1335 дугаар албан мэдэгдэл, 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х х” буюу ../., ../. дүгээр байруудыг дулааны эрчим хүчээр хангахад саад болохгүй байхыг “О”ОНӨААТҮГ-т даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ОЮУМАА