Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2020/0007

 

Ч. Б нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг    шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Ч.Б, Ц.Э, знэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Э.Ж нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0605 дугаар шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор Ч.Б нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0605 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.4, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Б, Г.Э, Ц.Х нараас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын XV-020880 тоот тусгай зөвшөөрөл олгосон 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 441, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр шийдвэрийг тус тус Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн  байна.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс ямар үндэслэлээр “Э э” ХХК-ийн 11594.16 га талбайг буцаан авч ямар үндэслэлээр 3946.91 га талбайг үлдээсэн эсэх нь тодорхойгүй байна” гэжээ.

Иргэн Ч.Б, Ц.Э нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хариуцагчийн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, гуравдагч этгээдийн хариу тайлбараар тодорхой хууль зүйн үндэслэл бүхий тайлбарлагдаж нотлогдсон үйл баримтыг үгүйсгэсэн дүгнэлт хийжээ.

Шүүхээс гаргасан дээрх дүгнэлтээс харахад уг хэргийг хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүн хэргийн материалтай бүрэн танилцаагүй, хэргийн оролцогч нарын хариу тайлбарыг ойлгоогүй учир хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй болох нь харагдаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг энэ зүйлд заасан журмын дагуу өөрийн хүсэлтээр буцаан өгч болно” гэж хуульчилсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Э э” ХХК дээр дурдсан хуулийн зохицуулалтыг үндэслэн өөрийн эзэмшиж байгаа ашигт малтмалын хайгуулын 20880Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас 11594.16 га талбайг буцаан өгсөн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогч нарын тайлбараар тов тодорхой нотлогддог.

Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 “Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгсний дараа үлдэх талбай энэ хуулийн 17.2, 24.4-т заасан шаардлагыг хангасан байна”, мөн 55.5 Энэ хуулийн 55.2-55.4-т заасан шаардлага хангасан бол төрийн захиргааны байгууллага өргөдлийг бүртгэж, тухайн тусгай зөвшөөрөлд зохих өөрчлөлтийг тусгах бөгөөд ингэснээр талбайн тодорхой хэсгийг буцаан өгсөнд тооцно” гэж хуульчилсан.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “ Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/2223 дугаар бүхий албан бичгээр “...Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан  “Тусгай Зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын хэрэгжилтийг түр хугацаагаар хойшлуулж тухай бүр авсан арга хэмжээний талаар сайдын зөвлөлд танилцуулахыг  үүрэг болгосон
байхад Кадастрын хэлтэс нь ямар үндэслэлээр уг албан бичгийг хэрэгжүүлээгүйгээр
талбай хасч олгосон нь ойлгомжгүй байна” гэж анхан шатны шүүх уг хэргийг хянан
шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүй хэтэрхий ойлгомжгүй дүгнэлт хийсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол
төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү
Улсын Их Хуралд хадгална” гэж заасан бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлээр хууль
батлах, нэмэлт өөрчлөлт оруулах эрх гагцхүү Монгол Улсын Их Хуралд
хадгалагдахаар хуульчилсан

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг
буцаан өгөх журмыг Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлээр хуульчилсан. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: "... “Эрдэнэсийн эрэг" ХХК-ний хайгуулын үйл ажиллагаа эрхлэх чиглэл байхгүй байна. Өөрөөр хэлбэл ашигт
малтмалын хайгуул хийх эрхгүй компани уг сонгон шалгаруулалтад орж хайгуулын
тусгай зөвшөөрөл бүхий талбайг эзэмшихээр болсон гэж үзэх үндэслэлтэй” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсныг харуулж байна. “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 15 дугаар зүйлээр тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрлийг хуульчилсан. Энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.5-т “ашигт малтмалын хайгуул хийх” гэж хуульчилсан.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: “Дүгнэвэл нэхэмжлэгч нарын маргаж буй газар нь хууль бус олборлолтод өртсөн нь тогтоогдохгүй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/28 дугаар тушаалаар хүчингүй болсон ...” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Төрийн захиргааны байгууллага маргаан бүхий талбайд сонгон шалгаруулалт явуулан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” нь хүчин төгөлдөр байсан.

Уг журмын 1.6-т “Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтод өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно” гэж заасан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож,нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд  гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж. шийдвэр гаргаж болохгүй" гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Гуравдагч этгээдийн хувьд Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Компанийн үүсгэн байгуулагчаар оролцох тухай 09 дүгээр тогтоолыг баталж, “Төв эрдэнэс” ОНӨААТҮГ- ын оролцоотой “Э э” ХХК-ийг байгуулсан байдаг.

“Э э” ХХК-ийг Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаас байгуулах болсон үндэслэл, шалтгаан нь “Заамар сумын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явагдаж, түүнийг таслах зогсоох үй ажиллагаа хангалттай үр дүнд хүрээгүйгээс байгаль орчинд хохирол учруулсаар байгаа тул орон нутгийн тусгай хэрэгцээнд байгаа алтны илэрц бүхий газарт ашигт малтмалын нөөцийг зохих. журмын дагуу тогтоож, ашиглах, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх...” зорилгоор байгуулсан.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн." мөн зүйлийн 5.2-т Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй ”, 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх. хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх," мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн, санал болон геологи. уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны тов байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газар өөрийн эрх хэмжээний дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг баталсан.

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийн 37 дугаар тогтоолоор Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах “Ө н а” нэртэй 15541,08 га талбайг сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолд хамруулан нийтэд зарласныг Ашигт малтмал газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг Уг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам’"-ыг /Эрх зүйн хэм хэмжээний нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн/ баримтлан хуулийн дагуу зохион байгуулж, “Э э” ХХК нь сонгон шалгаруулалтаар шалгарч, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 441 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй болсон.

Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №326 тоог "Заамар сумын иргэдийн хүсэлтийн тухай” албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад нутгийн иргэдийн саналыг харгалзан үзэж. "Э э” ХХК-д олгосон ХУ-020НХ0 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг талбайг багасгаж зөвхөн хууль бусаар алт олборлож хөндөгдөж эвдэрсэн газрыг хамруулан тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн " агуулга бүхий хүсэлтийг хүргүүлсэн байна.

Дээрх хүсэлттэй холбоотойгоор “Э э” ХХК-иас Төв аймгийн иргэдийн хүсэл сонирхол, аймгийн удирдлагуудын шийдвэрийг хүндэтгэж. 2018 оны 02 сарын 28-ний өдрийн 01/26 дугаар албан бичгээр Ашигт малтмал. газрын тосны газарт хандан өөрийн эзэмшлийн ХУ-020880 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 11594.16 га талбайг орон нутагт буцаан хүлээн өгч, талбайн үлдэх 3946.91 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг шинэчлэж өгөх тухай хүсэлтийг гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 сарын 05-ны өдрийн 111 дүгээр шийдвэрээр “Э э” ХХК-д Төв аймгийн Заамар сумын Өвөр наймганы ам нэртэй газарт 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр олгосон ХУ-020880 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ 3946,91 га болгон багасгаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхээс “...ямар үндэслэлээр талбайн холбогдох хэсгийг буцаан авч, 3946,91 га талбайг үлдээсэн нь тодорхойгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх үйл баримттай холбоотойгоор хэрэгт Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2/503 дугаар албан бичгээр "...нэхэмжлэгч 3 иргэний эзэмшлийн газар нь "Э э” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй" болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэн.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...Кадастрын хэлтэс нь ямар үндэслэлээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/2233 дугаар албан бичгийг хэрэгжүүлээгүйгээр талбай хасч олгосон нь ойлгомжгүй, ...“Э э” ХХК-д хайгуулын үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааны чиглэл байхгүй байна” гэж тус тус дүгнэсэн байна.

Гэтэл нэхэмжлэгчээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаагүй болно.

Иймээс дээрх дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс эрэг” ХХК-г уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалттай холбогдуулан маргаагүй ч...” гэж тусган хүлээн зөвшөөрсөн байдаг.

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл, анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн шаардлагыг хангаагүй байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0605 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү “гэжээ.

ХЯНАВАЛ :

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0605 дугаар шийдвэртэй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Энэ хэргийн тухайд гуравдагч этгээд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасан байх тул Захиргааны хэрэн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг ... хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан ... тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасны дагуу бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай” гэж үзэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын XV-020880 тоот тусгай зөвшөөрөл олгосон 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 441, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр шийдвэрийг тус тус Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргах нөхцөл нь  ... “нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” байх ёстой.

Гэтэл анхан шатны шүүх  1/ нэхэмжлэгч нарын маргаж буй газар нь хууль бус олборлолтод өртсөн нь тогтоогдохгүй, 2/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/28 дугаар тушаалаар хүчингүй болсон, 3/ мөн сонгон шалгаруулалтын үр дүнд шалгарсан компани болох “Э э” ХХК нь ашигт малтмалын хайгуул хийх үйл ажиллагаа явуулах эрхгүй байгаа  гэсэн нөхцөл байдлыг дурдаад энэ нөхцөл байдлаа “шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн, хууль хэрэглээний зарчмыг баримтлан, тодорхой хууль зүйн фактуудад дүгнэлт хийх замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Тайлбарлавал: 1/ нэхэмжлэгч нарын маргаж буй газар нь хууль бус олборлолтод өртсөн нь тогтоогдохгүй гэсэн үндэслэлийн тухайд шүүх тухайн газарт үзлэг хийж баримтжуулсан байна.

Нэхэмжлэгчээс зөвхөн 40 га газар нь хууль бус олборлолтод өртсөн гэсэн бол гуравдагч этгээдээс 4 амны 3 ам нь хууль бус олборлолтод өртсөн гэж тайлбарлаж байна. Хэдийгээр талууд хэмжээний тухайд өөр өөрөөр тайлбарлаж байгаа боловч хууль бус олборлолтод тухайн газар ямар нэгэн хэмжээгээр өртсөн тухайд маргаагүй байна.

Гэхдээ энэхүү нөхцөл байдлаас гадна  өөр нөхцөл байгааг шүүх анхаараагүй, тэр талаар дүгнэлт өгөөгүй байна. Тодруулбал : Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам-ын 1.6-д “Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтод өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтын хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно” гэж заажээ.

Нэхэмжлэгч талаас Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Заамар сумын газар нутгийг бүхэлд нь аймгийн тусгай хэрэгцээнд хуучин хэвээр нь байлгаж давхцаж байгаа хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулж, шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэж, Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон газраас бусад нийт 244672,4 га газар нутгийг 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан үйл баримтыг дурдаад, энэхүү тогтоолын дагуу тухайн нутагт ямар ч тохиолдолд шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэсэн гэж ойлгож, энэ агуулгаар тайлбараа гаргаж байгаа ч давж заалдах шатны шүүх өөрөөр дүгнэв.

Тодруулбал Төв аймгийн нутагт ялангуяа Заамар сумын нутаг олон арван тусгай зөвшөөрлийг гадна дотны компаниуд эзэмшиж, ашиглаж байгаа боловч аймаг, орон нутагт ямар ч үр өгөөжгүй, өгөөж муутай байгаа тул дээрх байдлыг засахаар энэхүү аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг баталсан гэж үзэх боломжтой байна.

Энэхүү тогтоол гарснаар тухайн сумын нутаг “тусгай хэрэгцээнд авсан” тул гадны компанийн тухайд хаалттай болж, харин орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн тухайд тухайн газар тусгай зөвшөөрөл эзэмших давуу эрхтэй болжээ. Өөрөөр хэлбэл аймгийнхаа аж ахуйн нэгж, иргэд, бизнес эрхлэгчдийг дэмжсэн шийдвэр байна.

Ингэж дүгнэх болсон үндэслэл нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам-ын 1.6-д “Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтод өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтын хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно” гэсэн заалт батлагдмагц Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Компанийг үүсгэн байгуулагчаар тогтоох тухай" 09 дүгээр тогтоолын дагуу "Төв Эрдэнэс” ОНӨААТҮГ-ийн оролцоотойгоор 2017 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр үүсгэн байгуулсан орон нутгийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийг үүсгэн байгуулснаар харагдаж байна

Иймд анхан шатны шүүхийн дүгнэж байгаачлан хууль бус олборлолтод өртсөн гэдгээс гадна тухайн компанийн хувьцааг хэн өмчилж буйгаас шалтгаалан орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай газарт тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй эсэх нь шийдэгдэнэ гэж ойлгогдохоор байна.

Гэтэл анхан шатны шүүх зөвхөн 1 үндэслэлд дүгнэлт хийгээд нөгөө үндэслэлийг нь орхигдуулжээ.

Түүнээс гадна зайлшгүй хууль бус олборлолтод өртсөн талбайн хэмжээг тогтоох шаардлагатай гэж үзвэл нотлох баримт цуглуулах, нотлох үүргийнхээ хүрээнд шүүх шийдвэрлэх боломжтой гэж үзнэ.

2/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/28 дугаар тушаалаар хүчингүй болсон “ гэсэн үндэслэлийг дурдаж үүнийгээ “шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэсэн дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүхээс сайдын тушаал хүчингүй болон гэсэн үйл баримтын талаар хэн ч маргаагүй, гагцхүү тухайн харилцаг зохицуулж байсан захиргааны хэм хэмжээний акт хүчингүй болсон үед уг актыг хүчин төгөлдөр байхад үүссэн харилцааг хэрхэн дүгнэх вэ гэдэгт анхан шатны шүүх хариулт өгөх, эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэв. Энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, эсхүл хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэсэн ойлголтод хамаарахгүй юм.

Иймд хууль хэрэглээний зарчмыг баримтлан энэ талаар дүгнэлт хийгээд хэргээ шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

3/ Сонгон шалгаруулалтын үр дүнд шалгарсан компани болох “Э э” ХХК нь ашигт малтмалын хайгуул хийх үйл ажиллагаа явуулах эрхгүй байгаа  гэсэн үндэслэлийг анхан шатны шүүх мөн дурдсан.

Нэхэмжлэгч “тухайн компани тусгай зөвшөөрөл авахаасаа өмнө улсын бүртгэлийн байгууллагад ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааныхаа чиглэлийг бүртгүүлсэн байх ёстой гэсэн агуулгаар, харин гуравдагч этгээд болон хариуцагчаас “АМГТГ-аас тусгай зөвшөөрлөө авсны дараа Улсын бүртгэлийн байгууллагад очиж тухайн үйл ажиллагааныхаа чиглэлийг бүртгүүлдэг дараалалтай” гэсэн агуулгаар тус тус тайлбарлаж байна.

Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Компанийн тухай хууль зэргийг хэрэглэх замаар талуудын маргаж байгаа нөхцөл байдалд тодорхой эрх зүйн дүгнэлт хийгээд хэргээ шийдвэрлэх шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, маргаж буй асуудлуудыг дүгнээгүй байхад давж заалдах шатны шүүх дээрх байдлыг нөхөн гүйцээж дүгнэх нь тус шүүхийн хяналтын хэмжээ хязгаараас хэтрэх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцэн шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.5-д тус тус заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0605 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                         ШҮҮГЧ                                                         Д.БААТАРХҮҮ

                         ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

                         ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР