Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1073

 

      

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Р.Мягмардорж,

шүүгдэгч __________ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч М.__________г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ___________ дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ________ өдөр Улаанбаатар хотод төрсөн, ______настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа авто засварын ажил эрхэлдэг, ам бүл _____________

урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Сэдбазар овогт Буяннэмэхийн __________ /РД:ШД85072815/.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч __________ нь 2021 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө согтуугаар _________дугаар байрны гадна авто зогсоолд __________ “Тоёота приус 30 маркын __________ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор __________г согтуугаар машин бариулахгүй гэсний улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар гараараа цохиж биед баруун нүдний дээд, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууг хамарсан цус хуралт, дээд эрүүний үүдэн 3 шүдний хугарал гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

Шүүгдэгч __________ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Удаа дараа хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Гэм буруугаа хүлээж, гэмшиж байна. Улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн __________ дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч __________: “2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ...“Кензо” бааранд орчихоод явж байгаад __________, Адъяа гэх хоёр залуутай танилцаад пивоор дайлна гээд бид ___________дугаар байрны зогсоолд миний “Тоёота приус 30” маркын хар өнгийн тээврийн хэрэгсэл дотор 3 том пиво уусан. 04 цагийн орчим би машинаа барих гэхэд __________ “Намайг машин бариулахгүй” гээд бид хоорондоо маргалдсан. Би “машинаас буу, зайл” гэсэн санагдаж байна. __________ машины арын суудал дээр сууж байгаад жолоочийн суудал дээр сууж байсан миний нүүр лүү гарынхаа ар хэсгээр нэг удаа цохиод миний амнаас цус гараад үүдэн шүднүүд унасан. Намайг __________ эмнэлгээр дагуулж яваад шүд янзлуулахаар болж 5,000,000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хх-6-7),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021.09.22-ны өдрийн 8854 дугаартай шинжилгээний дүгнэлтэд: “1. __________ биед баруун нүдний дээд, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууг хамарсан цус хуралт, дээд эрүүний үүдэн 3 шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хх-19),

Гэрч __________: “...Бид дөрөв пиво уугаад нилээн суусан. Оюунаа гэх эмэгтэй согтуу машин барьж явах гээд байсан. Хуурай ах __________ “согтуу машин бариулахгүй” гэхэд Оюунаа “чам шиг гуйлгачин мэддэг юм уу” гээд уурлаад “зайл” гэсэн __________ ах уурлаад машины арын суудал дээр сууж байгаад жолоочийн суудал дээр сууж байсан Оюунаа гэх эмэгтэйн нүүр лүү гарын ар хэсгээрээ нэг удаа цохисон. Амнаас цус гараад шүд уначихлаа гэхээр нь би гайхаад хартал үүдэн дээд талын 4 шүд уначихсан байсан...” гэх мэдүүлэг (хх-13),

Гэрч С.Золжаргалын: “...Оюуны машинд пиво уугаад... нөхрөө явуулчихаад Оюуны машин дээр иртэл Оюуны хамар амнаас цус гарчихсан уйлаад нөгөө 2 залуутай сууж байхаар нь юу болсон талаар асуухад “энэ 2 намайг цохичихлоо, шүд маань байхгүй болчихлоо” гэсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Оюуныг __________ гэх залуу цохисон гэсэн...” гэх мэдүүлэг (хх-11),

Шүүгдэгч __________гийн яллагдагчаар өгсөн: “...110 дугаар байрны гадна авто зогсоолд Оюун гэх эмэгтэйн тээврийн хэрэгсэл дотор пиво ууж байгаад ...Оюун “машинаа согтуу унаж явна” гэхээр нь би “согтуу машин унуулахгүй” гэхэд намайг хэл амаар доромжлоод “гуйлгачин минь чи мэддэг юмуу” гэхээр нь уур хүрээд машины арын суудал дээр сууж байгаад нүүр рүү гарынхаа ар хэсгээр цохисон. Амнаас нь цус гараад шүд уначихлаа гээд байсан. ...Би Д.Оюун гэх эмэгтэйгээс уучлалт гуйгаад ...эмчилгээ, хохирлын мөнгө гэж нийт 5,000,000 төгрөг данс руу нь шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-28-29),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-56), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-32), шийтгэх тогтолын хуулбарууд (хх-35-42), оршин суух хаягийн тодорхойлолт (хх-57), дансны хуулга (хх-59-64), хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт (хх-73), хохирогчийн “Эмчилгээний зардалд 5,000,000 төгрөг өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт (хх-74), прокурорын “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-76-77), прокурорын “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-78) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч __________ согтуурсан үедээ 2021 оны 9 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө ____________гадна авто зогсоолд байрласан тээврийн хэрэгсэл дотор хохирогч __________г согтуугаар машин бариулахгүй гэх шалтгааны улмаас маргалдаж нүүрэнд нь гараараа нэг удаа цохиж баруун нүдний дээд, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууг хамарсан цус хуралт, дээд эрүүний үүдэн 3 шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч __________ “...Бид дөрөв пиво уусан. __________ машины арын суудал дээр сууж байгаад жолоочийн суудал дээр сууж байсан миний нүүр лүү гарынхаа ар хэсгээр нэг удаа цохиод үүдэн шүднүүд унасан...” гэх мэдүүлэг (хх-6-7), шүүх эмнэлгийн 8854 дугаар “1. __________ биед баруун нүдний дээд, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууг хамарсан цус хуралт, дээд эрүүний үүдэн 3 шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-19), гэрч __________ “...Бид нар пиво уусан. __________ ах уурлаад машины арын суудал дээр сууж байгаад жолоочийн суудал дээр сууж байсан Оюунаа гэх эмэгтэйн нүүр лүү гарын ар хэсгээрээ нэг удаа цохисон. Тэгээд шүд уначихлаа гэхээр нь хартал үүдэн дээд талын 4 шүд уначихсан байсан...” гэх мэдүүлэг (хх-13), шүүгдэгч __________гийн яллагдагчаар өгсөн “…Д.Оюун гэх эмэгтэйн нүүр рүү гарынхаа ар хэсгээр цохисон. Амнаас нь цус гараад миний шүд уначихлаа гээд байсан...” гэх мэдүүлэг (хх-28-29) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч __________гийн хохирогч Д.Оюунтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж нүүр лүү нь гараараа цохиж эрх, эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч __________ эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 5,000,000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн “Эмчилгээний зардалд 5,000,000 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт (хх-74)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч __________ согтуугаар машин бариулахгүй гэх шалтгаанаар хохирогч __________г нүүрэн тус газарт нь цохиж биед баруун нүдний дээд, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууг хамарсан цус хуралт, дээд эрүүний үүдэн 3 шүдний хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “Улсын яллагчийн сонсгосон саналыг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч __________ “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хохирогчийн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн хууль бус үйлдлийг таслан зогсоохдоо хүч хэрэглэн эрх, эрх чөлөөнд 1 удаагийн цохих үйлдлээр халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй ч хохиролд 5,000,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа авто завсар ажиллуулж тодорхой орлого олдог)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч __________г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч __________ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ________овогт ийн __________г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч __________г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч __________г 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч __________ торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч __________ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч __________д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР